| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2024/02829/И |
| Дугаар | 210/МА2024/02071 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02071
|
|
Б.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/03329 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч О ХК-д холбогдох
Автомашины зогсоолын түрээсийн гэрээг хууль бусаар цуцалсныг хүчингүй болгуулах, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Б.Б нь О ХК -тай 2022 оны 03 сарын 02-ны өдөр Автомашины зогсоолын түрээсийн АЗГ2022/1-008 дугаар гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 01 сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1 дүгээр бүсийн **-*** дугаартай 15 ширхэг автомашины зогсоолоос 1 дүгээр бүсийн ***-*** дугаартай 5 ширхэг зогсоолыг хасаж нийт **-*** дугаартай 10 ширхэг зогсоолыг үргэлжлүүлэн түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээнд заагдсан эрх, үүргийн хүрээнд авто зогсоолыг гэрээнд заасны дагуу ашиглаж, зогсоолын төлбөр тооцоог сар бүр бүрэн төлдөг байсан.
1.2. Миний бие нь Япон улсад хувийн ажил хэрэг, эрүүл мэндийн байдлаа үзүүлэхээр 2023 оны 03 сард явсан бөгөөд 2024 оны 04 сарын 13-ны өдөр Монгол улсад буцаж ирэхэд 2024 оны 04 сарын 14-ний өдөр миний түрээсэлж байсан автомашины зогсоолуудыг чөлөөлж гэж хэлсэн.
1.3.Тухайн асуудлаар тус компанийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад автомашины зогсоолын гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцалсан гэж мэдэгдсэн. Надад гэрээний үүрэгтэй холбоотой мэдэгдэл утсаар болон бичгээр ирүүлээгүй, Б.Б нь гадаад улсад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үед гэрээ цуцлах шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээ дуусгавар болгох талаар санал огт ирүүлээгүй. Хэрэв гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө аль нэг тал санал гаргаагүй бол мөн адил хугацаагаар сунгагдана гэж гэрээнд заасан. Хугацаа дуусахаас өмнө аль нэг талаас гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй учир гэрээний хугацаа сунгагдсан байсан.
1.4.Нөгөө талаас манайх гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан бөгөөд үүргийн зөрчил гаргаагүй байхад дангаар цуцалсан нь хууль бус байна.
Иймд автомашины зогсоолын түрээсийн АЗГ2022/1-008 дугаар гэрээнд дурдсан авто зогсоолуудыг цаашид түрээслэх эрхтэй бөгөөд дангаар цуцалсныг хүчингүй болгуулах, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Б.Б , О ХК -ийн хооронд 2022 оны 03 сарын 02-ны өдрийн АЗТГ2022/1-008 дугаартай гэрээ байгуулсан ба талууд харилцан тохиролцож дөрвөн удаа гэрээнд өөрчлөлт оруулсан.
2.2. Манай компанийн зүгээс Авто худалдааны цогцолбор-т авто машины зогсоол түрээслэн бизнес эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүд рүү SpaceHub төлбөрийн программ ашиглан зогсоолын түрээсийн төлбөрийн задаргаа, төлбөрийн дүн, төлбөр төлөх хугацааг цахим шуудангаар сар бүр түрээслэгчийн бүртгэлтэй гар утасны дугаарт илгээхээс гадна түрээслэгчийн бүртгэлтэй утасны дугаарт залгах, цахим шуудан илгээсэн.
2.3. Б.Б нь гэрээ сунгах хүсэлтийг 2023 оны 01 сарын 02-ны өдөр гаргасан ба хүсэлтийн дагуу манай компаниас 2024 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээний хугацаа дуусаж буй талаар Б.Б-ын бүртгэлтэй ******* дугаарт гэрээний хугацаа дуусаж буй талаар мэдэгдлийг цахим шуудангаар хүргүүлсэн.
2.4. Гэвч түрээслэгч Б.Б хариу өгөхгүй гэрээний 3.4, 4.5, 5.1.3 дахь хэсгийг удаа дараа зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцалж, зогсоол суллах талаар мэдэгдлийг цахим шуудангаар хүргүүлж гэрээг цуцалсан. 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 01/245 дугаартай албан бичгийг Б.Б д хүргүүлж цаашид хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дугаар зүйлийн 294.2.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Б , О ХК нарын хооронд 2022 оны 03 сарын 02-ны өдөр байгуулсан АЗГ2022/1-008 Автомашины зогсоолын түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсныг тогтоож, 2022 оны 03 сарын 02-ны өдөр байгуулсан Автомашины зогсоолын түрээсийн АЗГ2022/1-008 дугаар гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХК -аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Б.Б нь О ХК -тай 2022 оны 03 сарын 02-ны өдөр АЗГ2022/1-008 дугаар Автомашины зогсоолын түрээсийн гэрээ-г байгуулж, 2022 оны 04 сарын 28-ны өдөр түрээсийн зогсоолыг нэмж, 2022 оны 04 сарын 30-ны өдөр түрээсийн зогсоолыг нэмж, улмаар 2023 оны 01 сарын 02-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1-р бүсийн **-*** дугаартай 15 ширхэг зогсоолуудаас 1-р бүсийн ***-*** дугаартай 5 ширхэг зогсоолуудыг хасаж нийт **-*** дугаартай 10 ширхэг зогсоолуудыг үргэлжлүүлэн түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний бусад нөхцөлд өөрчлөлт оруулаагүй болно.
4.2. Түрээсийн төлбөрийг 1 сараар урьдчилан төлөх буюу гэрээ байгуулсан 2022 оны 03 сарын 02-ны өдрөөс тооцон cap бүрийн 02-ны өдрөөс өмнө түрээсийн төлбөрийг урьдчилан төлөх үүргийг түрээслэгч хүлээсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэд хэдэн дүгнэлтийг хийж гэрээг нэг талын санаачилгаар цуцлах болсон үндэслэл, тохиролцоо нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болжээ гэж дүгнэсэн.
Гэтэл түрээслэгч Б.Б нь түрээсийн гэрээний төлбөрийг cap бүрийн 02-ны өдрөөс өмнө огт төлдөггүй, байнга хоцроодог бөгөөд энэ нь шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаас тодорхой харагддаг, мөн 525,000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд одоог хүртэл тус төлбөрийг төлөөгүй. Уг нөхцөл байдлаас шалтгаалан гэрээг түрээслүүлэгчийн санаачилгаар цуцалсан.
Мөн Б.Б нь гэрээ цуцлах үед Япон Улсад зорчсон, эмчилгээ хийлгэсэн гэх боловч эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед огт гаргаж өгөөгүй болно.
Түүнчлэн Ж.Батхишиг, О ХК -ийн хооронд 2024 оны 04 сарын 14-ний өдөр 332545 дугаар Автомашины зогсоолын түрээсийн гэрээ байгуулагдаж тус автомашины зогсоолуудыг Ж.Батхишиг түрээслэн ашиглаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг гуравдагч этгээд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О ХК-д холбогдуулан автомашины зогсоолын түрээсийн гэрээг хууль бусаар цуцалсныг тогтоолгох, түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2024 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл сунгагдсан гэрээний хугацаа дуусаж буй талаарх мэдэгдлийг Б.Б-ын бүртгэлтэй гар утасны дугаараар хүргүүлсэн, түрээслэгч нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан ... гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Б.Б , О ХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 03 сарын 02-ны өдөр АЗТГ202/1-008 дугаартай Авто машины зогсоолын түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч О ХК нь ***** дүүрэг, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоолын 1 дүгээр бүсийн **-** дугаартай 18 м.кв талбай бүхий нийт 4 ширхэг автомашины зогсоолыг түрээслүүлэх, түрээслэгч Б.Б нь зогсоолыг зориулалтын дагуу ашиглах, гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-7-8/
Талууд дээрх түрээсийн гэрээнд нийт 3 удаа өөрчлөлт оруулсан, сүүлд буюу 2023 оны 01 сарын 02-ны өдрийн түрээсийн гэрээний өөрчлөлтөөр **-*** дугаартай 15 ширхэг автомашины зогсоолоос ***-*** дугаартай 5 ширхэг зогсоолыг хасч, нийт 10 ширхэг автомашины зогсоолыг үргэлжлүүлэн түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-81-83/
5. Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй, анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
6. Талууд гэрээний хугацаа дууссан эсэх, гэрээ цуцлагдсан хууль зүйн үндэслэлийн талаар маргасан байна.
6.1. Гэрээний 3.4 дэх заалтаар түрээсийн зүйлийг 2022 оны 03 сарын 02-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар ашиглуулах, 3.5 дахь заалтаар аль нэг тал нь гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгасанд тооцохоор талууд харилцан тохиролцжээ. /хх-7/
6.2. Мөн гэрээний 4.2-т Түрээслүүлэгч нь гэрээг нэг сар буюу түүнээс дээш хугацаагаар байгуулсан тохиолдолд хоногийн 2000 төгрөг, нэг сараас бага хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд нэг хоногийн 3000 төгрөгийн түрээсийн төлбөрийг түрээслэгчид төлнө. Сарын хуанлийн хоногоор тооцож сарын түрээсийг тогтооно гэж, 4.3-т Түрээслэгчийн тээврийн хэрэгслийн урт болон өргөний хэмжээ нь гэрээний 2.1.4-т заасан хэмжээнээс илүү гарсан буюу гэрээнд зааснаас өөр, том оврын авто машиныг зогсоолд байршуулсан тохиолдолд нэг хоногийн түрээсийн төлбөрийг нэг дахин нэмэгдүүлж тооцно гэж, 4.5-д Түрээслэгч түрээсийн талбайг түрээслүүлэгчид мэдэгдэхгүйгээр орхиж явах буюу түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд болон түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлахад түрээслэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгох зорилгоор түрээслэгч нь нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийг энэхүү гэрээ байгуулагдах өдөр түрээслүүлэгчийн дансанд байршуулах эсхүл бэлнээр төлнө. Барьцаа хийгээгүй, төлбөр төлөх хугацааг 3 хоног хэтэрсэн тохиолдолд гэрээг цуцална гэж, 6.4-т гэрээний 4.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээ цуцлах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.
6.3. Дээрх гэрээний 3.5-д заасны дагуу талуудын хэн аль нь гэрээ цуцлах санал гаргасантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гэрээг 2023 оны 03 сарын 02-ны өдрөөс 2024 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт нийцнэ.
7. Харин 2024 оны 03 сарын 02-ны өдрөөс гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, хариуцагч тал түрээсийн гэрээг цуцалсан нэг үндэслэлээ ... гэрээ 2023 онд дуусаад гэрээгээ байгуулаач гэхээр түрээслэгч Б.Б утсаа авдаггүй, утас нь холбогдох боломжгүй, түрээсийн талбай дээрээ байдаггүй, ... Б.Г гэх төрсөн дүү нь хариуцаж үйл ажиллагаа эрхэлдэг байсан, түүнээс үүдэлтэй төлбөрийн маргаан үүссэн байсан. 2024 онд гэрээ ... шинэчилж байгуулаагүй учир гэрээ цуцлагдсан. Хамгийн анх 2024 оны 01 сарын 29-ний өдөр манайхаас мессэж явуулсан, түүнээс хойш 3 сарын 02, 23, 12 гэх мэт өдрүүдэд шаардлага тавьсан боловч холбогдохгүй байсаар гэрээ байгуулж чадаагүй ... гэж шүүх хуралдаанд тайлбарласан байна. /хх-90/
7.1. Нэхэмжлэгч Б.Б-ын ... 2023 оны 03 сард Япон улс руу яваад 2024 оны 04 сарын 13-ны өдөр Монголд буцаж ирсэн гэх тайлбар хэрэгт авагдсан гадаад паспортны хуулбар баримтаар тогтоогдсон. /хх10/ Гэхдээ, уг хүндэтгэн үзэх шалтгаанаа тухайн цаг хугацаанд хариуцагч талд мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хариуцагчийн дээрх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.
7.2. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээгээр төлбөрийг төлөх хугацааг харилцан тохиролцоогүй тул сар бүр шилжүүлдэг байсан гэж тайлбарлажээ.
7.3. Талуудын гэрээний 4.2-т тусгасан нөхцөлөөс үзвэл, түрээслэгч нь сар бүр түрээсийн төлбөр төлөх агуулгатай байна.
Хэргийн 11-59 дэх талд авагдсан нэхэмжлэгч Б.Б-ын эзэмшлийн 5003876137 дугаартай, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар тухайлбал, 2023 оны 03 сарын 14-ний өдөр 1,350,000 төгрөгийг 2022/1-008 Б, Г гэсэн гүйлгээний утгаар, 2023 оны 12 сарын 02-ны өдөр 2023/1-008 Б, 2024 оны 01 сарын 13-ны өдөр 2024/1-008/, 2024 оны 03 сарын 08-ны өдөр 2024/1-008, 2024 оны 04 сарын 14-ний өдөр 2023/1-008/ гэсэн гүйлгээний утгаар тус тус 900,000 төгрөг зарлагадсан байна. Эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгчийг түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ гүйцэтгэсэн гэх үйл баримтыг эргэлзээгүйгээр нотлохгүй байна.
8. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн түрээсийн гэрээний төлбөрийн тооцоололтой холбоотой Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан нэртэй баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч О ХК нь гэрээг сунгах хүсэл зоригоо илэрхийлсэн гэх үйл баримтыг нотолсон баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд цуглуулж, бүрдүүлж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул гэрээ цуцлахтай холбоотой саналаа Б.Б-ын гар утас руу мессэж илгээж мэдэгдсэн, ...түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймээс хариуцагч талаас, түрээсийн гэрээний хугацаа дууссан, түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр түрээсийн гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1, 294.2.1-д тус тус заасныг зөрчөөгүй тул хариуцагчид түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг даалгахыг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/03329 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч О ХК-д холбогдуулан гаргасан автомашины зогсоолын түрээсийн гэрээг хууль бусаар цуцалсныг хүчингүй болгуулах, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД