Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/02063

 

 

     

Н -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03784 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г ХХК -д холбогдох

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 85,923,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. О.Н- тай 2022 оны 08 сарын 04-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж **** дүүргийн ** дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

1.2. Уг гэрээгээр 4215,01 м.кв талбайг 543,636,300 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцон үүнээс манай компани суурийн ажлын гүйцэтгэлийг 80 хувьтай, 1 давхрын ажлыг 40 хувьтай тус тус гүйцэтгэж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч манай компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас уг гэрээ хэрэгжих боломжгүй болж ажил зогссон. Гэтэл өнөөдрийг хүртэл суурийн ажлын гүйцэтгэл 78,500,000 төгрөг, 1 давхрын ажлын гүйцэтгэл 57,423,600 төгрөг, нийт 135,923,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс үлдэгдэл 85,923,000 төгрөгийг авч чадалгүй хохирсон. 

1.3. О.Н- гэгч нь манай компанитай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа Г ХХК-ийн нэр дээр байгуулж ажлаа хийлгүүлсэн боловч төслийн ерөнхий гүйцэтгэгч болох БНХАУ-ын Ч ХХК-тай  Г ХХК -аар гэрээ байгуулж Г ХХК -аар бидний хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч төсөл хэрэгжүүлэгчээс 380,000,000 төгрөгийн санхүүжилтийг Г ХХК авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь Барилга хот байгуулалтын яамны хариу хүргүүлэх тухай албан бичгээр тодорхой болсон.

1.4. Г ХХК нь ерөнхий гүйцэтгэгчтэй огт гэрээ хэлцэл хийгээгүй, түүнчлэн манай компанитай дүр үзүүлсэн хэлцэл хийх үедээ О.Н- нь Г ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш, тус компанитай огт хамааралгүй атлаа тамга, тэмдгийг зориуд ашиглан биднийг төөрөгдөлд оруулж хэлцэл хийж ажил гүйцэтгүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн Г ХХК -аас 85,923,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлын гэрээг байгуулан ажилласан. Ингэхдээ уг барилга угсралтын ажлыг Г ХХК -аар туслан гүйцэтгүүлсэн. Н -тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй.

2.2. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгч Ч ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд тодорхой хэмжээний ажлын төлбөр буюу санхүүжилт авсан. Энэ нь нэхэмжлэлд дурдсанчлан үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгө мөнгө биш. Н нь Ч ХХК-аас авах ёстой төлбөрийг манай компани авсан зүйл биш юм.

2.3. О.Н- гэх хүн манай компанийн захирал, хувьцаа эзэмшигч биш бөгөөд манай компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй болно. Манай компанитай ямар ч хамааралгүй этгээдтэй хийсэн хэлцлийнхээ үр дагаврыг манай компаниас шаардаж, түүнийгээ манай компанийн захирал гэж тодорхойлж нэхэмжлэлдээ бичсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэл гаргаж буй компани нь нэхэмжлэлээ эрх зүйн харилцаанд орсон, гэрээ байгуулсан этгээддээ холбогдуулан гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Г ХХК -иас 85,923,000 төгрөгийг гаргуулах Н -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Н -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Н нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Г ХХК -тай гэрээ байгуулсан мэт боловч бодит нөхцөл байдал дээр Г ХХК , түүнийг төлөөлөн О.Н- нь бидэнтэй гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр болох 50,000,000 төгрөгийг өөрийн хувийн данснаас манай компанийн менежер н.Д-гийн дансанд шилжүүлсэн. Өөрийгөө Г ХХК -ийн захирал гэж бидэнд танилцуулж, гэрээ байгуулсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шинжлэн дүгнэж, шүүх хуралдааныг хойшлуулах боломж эрх нь шүүхэд байсаар байтал өөрийн хэр хэмжээг хэрэгжүүлж хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйд гомдолтой байна. Уг асуудал нь хэрэгт О.Н- гэх хүний данснаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа орсон болохыг дүгнэж, яагаад, ямар шалтгаанаар хувь хүний данснаас мөнгө шилжүүлсэн, уг хэрэгт ямар хамааралтай болохыг тогтоож ажиллагаа хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгыг Г ХХК нь БНХАУ-ын Ч ХХК-тай гэрээ байгуулж ажилласан. Мөн туслан гүйцэтгэгчээр Г ХХК -тай гэрээ байгуулж туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Гэтэл нэхэмжлэгч Н нь Г ХХК -тай гэрээ байгуулж ажилласан байдаг. Н -ийг ажилласан талаар Г ХХК -д мэдээлэл байхгүй, Г ХХК-ийн ажилчид гэж ойлгодог. Гэтэл хэрэг шүүхэд ирхэд Г ХХК -тай гэрээ байгуулсан байдаг. Г ХХК манай компанитай ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, мөн нэхэмжлэгч компани мөн ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, мөн хэзээ хэдэн төгрөгийн баримт үйлдсэн талаар баримт байдаггүй.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана шүүх хуралдааныг хойшлуулж болох байсан гэдэг нь ямар баримтыг үндэслэн хурлыг хойшлуулах хүсэлтэй байсан нь тодорхойгүй.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Н нь хариуцагч Г ХХК -д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 85,923,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... манай компани нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлын гэрээг байгуулан ажиллахдаа уг барилга угсралтын ажлыг Г ХХК -аар туслан гүйцэтгүүлсэн, Н -тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, ... О.Н- гэх хүн манай компанийн захирал, хувьцаа эзэмшигч биш бөгөөд манай компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч Н нь Барилга хот байгуулалтын яамны 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 13 дугаартай албан бичгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгожээ.

Уг албан бичигт тус яам нь БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын Ч ХХК болон Б ХХК-ийн консорциумтай барилга угсралтын түлхүүр гардуулах /ЕРС/ нөхцөлтэй 2019/26 тоот гэрээг байгуулсан. Уг төслийн ерөнхий гүйцэтгэгч нь дээрх гэрээт ажлын хүрээнд захиргааны байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгч Г ХХК -тай гэрээ байгуулсан, ажлын гүйцэтгэлд 380,000,000 төгрөгийн санхүүжилтыг туслан гүйцэтгэгч компанид олгосон тухай мэдээлэл тусгасан байна. /хх-12/

 

5. БНХАУ-ын Ч ХХК нь Г ХХК -тай 2021 оны 09 сарын 23-ны өдөр СWWTP-2021-05 дугаартай Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, Захиргааны байрны барилгын угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий хэлэлцээр нэртэй гэрээ байгуулж, гүйцэтгэгч Г ХХК нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн захиргааны байрны барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх, захиалагч талаас ажлын хөлс 4,500,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-59-62/

5.1. Г ХХК нь Г ХХК -тай 21/07 дугаартай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Г ХХК **** дүүргийн ** дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажлыг 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч Г ХХК ажлын хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-43/

5.2. Г ХХК , Н нар 2022 оны 08 сарын 04-ний өдөр 8/4 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Н нь батлагдсан зураг төслийн дагуу шинэ төв цэвэрлэх байгууламжийн захиргааны барилгын угсралтын ажил гүйцэтгэх, захиалагч Г ХХК ажлын хөлсөнд 543,636,300 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд Г ХХК -ийг төлөөлж О.Н- , Н -ийг төлөөлж Л.О нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ. /хх-6-11/

5.3. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Н болон Г нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

5.4. Хариуцагч Г ХХК нь Г ХХК -аас Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжүүлэн авсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

5.5. Иймээс Г ХХК , Н нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 сарын 04-ний өдөр 8/4 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г ХХК -аас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй. Мөн нэхэмжлэгч Н -д хүргүүлсэн Барилга хот байгуулалтын яамны 2023 оны 08 сарын 11-ий өдрийн 13 дугаартай албан бичгийг үндэслэн хариуцагч Г ХХК -ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй байна.

5.6. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг зөв хэрэглэсэн.

 

6. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д туслан гүйцэтгэгч Г ХХК -ийн нэрийг Некко бийлдинг гэж буруу бичиж техник алдаа гаргасан байна. Мөн үндэслэх хэсгийн 8-д Г ХХК болон Г ХХК нарын хооронд байгуулагдсан туслах гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлын талаар зохигч маргаагүй гэсэн шүүхийн дүгнэлт нь талуудын маргаанд хамааралгүй тул уг дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй гэж үзнэ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Уг зохицуулалт нь шинэ нотлох баримт бүрдүүлэх тухай хэргийн оролцогч хүсэлт гаргасантай холбоотой, мөн шүүх хуралдааны явцад зохигч талуудын мэтгэлцээнээс үүдэн шинээр нотлох баримт шаардагдвал, нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохоор шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагаа явуулахад хамааралтай байна. Иймээс хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

8. Энэхүү шийдвэр нь Н , Г ХХК-ийн хооронд бий болсон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, тэдгээрийн эрх, үүргийн дагуу шаардлага гаргах эрхийг аливаа хэлбэрээр хөндөхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03784 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД