| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0457/Э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 483
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Н.Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургасны өөлд овогтой Нямлхагва Н.Бид холбогдох эрүүгийн 1911015270634 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Урам мандал” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Амгалан хотхоны 15-80 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б. өөлд овогтой Н. Н.Б /РД:............./,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Яллагдагч Н.Н.Б нь Эрүүгийн хуулийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Чикаго” шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогч С.Анхбаатарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч Н. Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед “...Би 2019.05.20-21-нд шилжих шөнө 00 цагийн үед нэг найзтайгаа уулзаад “Чикаго” бааранд орж суугаад тэнд нэг шил виски, хэд хэдэн пиво уусан 01 цаг өнгөрч байхад хамт явсан найз гэрлүүгээ явлаа гээд явчихсан би үлдээд жаал бүжиглэж ганц нэг пиво ууж байгаад 03 цагийн үед байхаа тухайн баарнаас гараад машинруугаа чигтээ явж байхад хоёр цагдаа мөн хэсэг залуучууд зогсчихсон “Хариер” ингэсэн тэгсэн гээд яриад байхаар нь миний машиныг шүргэчихсэн юм бол уу гэж бодоод тэнд байсан залуучуудаас “Хариер” яасан гэнээ арай 50-40 биш биздээ гэсэн чинь тэнд байсан залуучуудын нэг нь намайг “зайл цаашаа гэсэн” тэгэхээр би уурлаад “чи ямар сонин залуу вэ” гэхэд хажуунаас нэг залуу нь ахаа та боль гээд салгасан тэгэхээр би байж бай би энэ залуутай юм яриад байхъя гэж хэлээд нөгөө залууруу дөхөөд очтол “ ал минь биеэ үнэлэгч минь” гэж хэлээд миний нүүрлүү гарынхаа алгаар түлхсэн “ Мангастсан” тэгэхээр миний уур хүрээд биеэ барьж чадахгүй “хэн нь биеэ үнэлэгч байна булан эргэчихье” гэж хэлээд нөгөө залуугийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон чинь тэнд байсан найзууд нь болон цагдаа нар ирээд салгасан удалгүй өөр цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/
Хохирогч С.Анхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гадуур ажилтай байж байхад манай найз Эрдэнэбаатар Төв аймгаас ирчихсэн байна, ойрд уулзаагүй уулзах уу гээд ярьсан, тэгээд ажлаа зохицуулчихаад оройдоо уулзъя гэж ярьчихаад шөнө 00 цагийн орчимд ажлаа дуусгачихаад ...Өргөө кино театрын зогсоол дээр очиход найз Эрдэнэбаатар, Сайнбаяр гэх найзтайгаа Приус 40 маркийн 04... дугаартай автомашинтай ирэхээр нь би машинаасаа бууж Сайнбаярын машинд орж суугаад бааранд оръё гэж ярилцаад тэндээсээ шууд Баянбүрдийн тойргийн хажууд байрлах “Чикаго” баарны гадаа очсон. Тэгээд тэнд хоёр автомашинаа зогсоол дээр нь байрлуулсан. Бааранд ороод Сайнбаяр, Эрдэнэбаатар нар хүний 3, 3 шил пиво уугаад би огт уугаагүй. ...03 цаг өнгөрч байхад, гаднаас өндөр Амараа гэдэг зөөгч орж ирээд манай найз Сайнбаяраас гадаа байгаа цагаан өнгийн “Приус” таных мөн үү машин ирээд мөргөчихлөө гэхэд Сайнаа эхлээд гараад явсан. ...удалгүй замын цагдаа ирээд хэмжилт хийж байхад бааран дотроос ойролцоогоор 30 орчим настай, 185-187 см өндөртэй дунд зэргийн махтай өндөр бараан өнгийн хувцастай залуу 4-5 охидууд гарч ирсэн. Тэр үед баар хааж байсан нөгөө охидууд таксинд суухад тэр өндөр залуу хажууд нь очоод юм ярьж байснаа таксинд суухгүй шууд бид нарын байсан зүгт ирээд яасан гэсэн бэ? “Хариер” мөргөсөн гэсэн үү гээд шахаж орж ирээд зогсчихоор нь “Хариер автомашинтай мөргөөгүй чамд хамаагүй асуудал болохоор цаашаа явчих аа гээд бүсэлхий хэсэг рүү нь холдуулах гээд түлхсэн чинь чи тэгээд юу гээд шалчигнаад байгаа юм бэ биеэ үнэлэх гээд байгаа юм уу гэхээр нь өөрсдөөсөө холдуулах гээд бага зэрэг цааш түлхээд эргэж хараад би чам шиг биеэ үнэлдэг хүн бишээ гэтэл хойшоо ухраад ханцуйгаа хойш нь шамласан. Тэр үед замын цагдаа хэмжилт хийгээд зогсож байсан болохоор цохино гэж бодоогүй байтал шууд гараа атгаж байгаад зүүн шанаа руу цохиод дараад үргэлжлүүлээд эгц өөдөөс ам руу цохисон. Тэгтэл миний амнаас цус гараад үүдэн дээд шүд хөдөлчихөөр нь согтуу юмтай зодолдоод хэрэггүй гээд цагдаад дуудлага өгсөн ....” /ххий-н 09-11х/
Гэрч Ч.Ганбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ... “Чикаго” баарны гадаа нэг машин ухарч байгаад миний машиныг гэрлийг хагалчихлаа гэх дуудлагыг хүлээн аваад Ариунболдын хамт очиж үзлэг болон хэмжилт хийгээд байж байхад хаанаас ч юм нэг биерхүү залуу гарч ирээд осолд холбогдсон жолоочтой хамт явсан нэг залуутай маргалдаад байсан бөгөөд миний зүгээс тухайн хүмүүст хандан “Та нар боль” гэж анхааруулж байсан. Тэгсэн цохиулдаг залуу нь нөгөө залуугаа хэл амаар доромжлоод хараал хэлээд байсан. Тэгээд осолд холбогдсон согтуу жолоочоо машиндаа суулгаж байтал нөгөө биерхүү залуу өөрийг нь хэл амаар доромжлоод байсан залууг баруун гараараа нүүрэн тс газар нь нэг удаа цохиж байгаа харагдсан бөгөөд тэр үед нь дундуур нь орж салгаад нөгөө цохисон залууг өөрийнхөө машинд суулгаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирч өгсөн....” /хх-ийн 14х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6339 дугаартай “...С.Анхбааатарын биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн18х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Н.Бийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б өөлд овогт Н Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД