| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/05260/И |
| Дугаар | 210/МА2024/02060 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02060
Б.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/03319 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д ХХК-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг Д ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй,
13,837,425 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Б.Э нь 2020 оны 10 сарын 14-ний өдөр Д ХХК -тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан *** дүүргийн *** хороо ** хороолол *** байр 8 давхрын *** тоот хаягтай 0.94 м.кв талбай бүхий орон сууцыг 69,738,760 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн 30 хувь болох 21,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 48,738,760 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар нэг сарын 0,7 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2. Б.Э нь орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт нийт 76,673,649 төгрөгийг төлж дуусгасан боловч Д ХХК нь өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахад шаардлагатай материалыг өгөхгүй байна.
1.3. Иймд Д ХХК -аас 2020 оны 10 сарын 14-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.4-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Б.Э нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.2. Учир нь Б.Э орон сууц зээлээр худалдан авах гэрээний үүргээ биелүүлдэггүй буюу төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж байснаас үүссэн алданги, хүү үндсэн төлбөрийн хамт нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс хасаж тооцоход 13,837,425 төгрөгийг тооцооны үлдэгдэлтэй байна.
2.3. Гэрээнд зааснаар төлбөрийн бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримтыг гаргаж өгөх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Б.Э нь Д ХХК -ийн барьж ашиглалтанд оруулсан *** дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамжинд байрлах Дөл хотхоны *** байр ны *** тоот 30.94 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар 2020 оны 10 сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг Д ХХК -тай байгуулж, урьдчилгаа төлбөрт 21,000,000 төгрөгийг төлсөн ба орон сууцны төлбөрийг бүхэлд нь төлөх боломжгүй байсан тул түүний хүсэлтийг үндэслэн 2020 оны 10 сарын 15-ны өдөр орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан үлдэгдэл төлбөр 48,738,760 төгрөгийг сарын 0.7 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, тэрээр байрандаа ороод амьдарч байна.
3.2. Б.Э нь орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт нийт 76,673,649 төгрөгийг төлсөн гэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримтыг гаргуулах нэхэмжлэлийг Д ХХК хүлээн зөвшөөрөхгүй. Б.Э нь үндсэн зээлийг хүүгийн хамт сар бүрийн тодорхой өдөр төлөх гэрээний үүргээ биелүүлэлгүй, төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан ба хуваарийн дагуу төлөх үүрэг, үүнд холбогдох алдангийг нэгтгэн тооцоход Б.Э-гийн төлбөрийн үлдэгдэл тооцоо 13,837,425 төгрөг болж байна.
Иймд Б.Э ээс орон сууцны төлбөрт 13,837,425 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:
4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д ХХК нь Б.Э тэй алданги тооцох эрхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндсэн төлбөр, алданги тодорхой зүйл байхгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж *** дүүргийн *** хороо , ** хороолол , *** байр ны 8 давхрын *** тоот 30.94 м.кв талбайтай орон сууцын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гаргаж өгөхийг хариуцагч Д ХХК-д даалгаж, хариуцагч Д ХХК -ийн гаргасан 13,837,425 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,318 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,138 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК -аас 541,318 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн. Хэрэгт талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ болон энэ гэрээний хавсралтын хамт авагдсан бөгөөд хавсралтад Б.Э нь байрны үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх зохицуулалт тусгагдсан байсан боловч шүүх зөвхөн Худалдах, худалдан авах гэрээнд тулгуурлан харилцааг буруу тодорхойлж, орон сууцны төлбөрийн дийлэнх хэсгийг хэрхэн төлөхийг зохицуулсан Орон сууц зээлээр хулалдах, худалдан авах тухай гэрээний талаар огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй, энэ харилцааг зохицуулсан Иргзний хуулийн 263 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэлгүй шийдвэр хууль ёсны байх заалтыг зөрчсөн.
Худалдах, худалдан авах гэрээний 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэнд алданги тооцогдох нь ойлгомжтой, тодорхой байхад алдангийн талаарх заалт гэрээнд байхгүй гэсэн нь хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.
6.2. Анхан шатны шүүх ....талуудын хооронд байгуулсан гэрээнд алдангийн талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг үндсэн зээл болон зээлийн хүүд тооцон суутгах нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэх хэсгийн ерөнхий агуулгатай логикийн хувьд зөрчилдсөн.
Учир нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийн зохицуулалт нь гэрээний төлбөрийн хэсэгчилсэн хуваарь, төлбөр төлөх хугацаа, хугацаа зөрчсөн тохиолдолд тооцох алдангийн заалтын хамт Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнд тусгагдсан бөгөөд зөвхөн хүүгийн төлбөрийн заалтыг эдгээр заалтуудаас тусад нь салган авч хэрэглэх боломжгүй юм.
Түүнчлэн шүүх нь Д ХХК -ийг нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй болно гэжээ. Д ХХК нь нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй нь тодорхой байхад ийнхүү дүгнээд үүнийгээ алдангийн заалтад нялзааж буй нь илтэд үндэслэлгүй байна.
Шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлон, хэрэг маргаанд хамааралгүй хуулийн зүйл заалт хэрэглэхээс гадна нэг гэрээний хүүгийн төлбөрийн заалтыг нэхэмжлэгчид төлсөн төлбөрт нийцүүлэн тайлбарлан хэрэглэсэн бол өөр заалт болох алдангийн заалтыг нь байхгүй хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэж үүнийгээ үндсэн нэхэмжлэлийг хангах, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгон шийдвэр гаргаж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. 2020 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 76,673,649 төгрөгийг төлсөн. Үүнийг Худалдах, худалдан авах гэрээ, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зааснаар тооцож үзэхэд гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн.
7.2. Бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд алданги болон зээлийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэх тооцооллыг үгүйсгэж мэтгэлцсэн. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хуваарийн дагуу төлөөгүйтэй холбоотой алданги тооцдог нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгүүлэх дараалалд нийцүүлэн төлсөн төлбөрийг орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийцүүлэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг гарган өгөхийг Д ХХК-д даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,837,425 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, зохигч маргажээ.
3. Б.Э , Д ХХК нар 2020 оны 10 сарын 14-ний өдөр 101 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулж, Д ХХК нь *** дүүргийн *** хороо , ** хороолол , *** байр ны 8 давхрын *** тоот 30,94 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн дотор хүлээлгэх өгөх, Б.Э нь орон сууцны үнэ 69,738,760 төгрөгийн урьдчилгаа 30 хувь буюу 21,000,000 төгрөгийг Д ХХК -ийн Голомт банкны 2405008228 тоот дансанд шилжүүлсэн байх, үлдэх 70 хувь 48,738,760 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө багтаан төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх-4-5/
Талууд 2020 оны 10 сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээгээр Б.Э нь байрны үлдэгдэл төлбөр 48,738,760 төгрөгийг 2 жил буюу 24 сарын хугацаанд төлөх, үлдэгдэл төлбөрийн үндсэн хүү нэг сарын 0.7 хувь буюу жилийн 8.4 хувь, хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-6-8/ Энэ үйл баримтад маргаангүй.
4. Дээрх гэрээнд гэрээний үнийг хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг нөхцөлийг талууд тусгасан нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.2, 263.2.3-т заасантай нийцсэн байна. Иймд Б.Э , Д ХХК нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.
5. Дээрх гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Э нь худалдан авсан орон сууцны урьдчилгаа төлбөрт 21,000,000 төгрөг /2020.10.13-ны өдөр 7,000,000 төгрөг, мөн сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг/ төлсөн үйл баримтад зохигч маргаангүй /хх-12-14/, харин өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой шаардах эрх үүссэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
6. Анхан шатны шүүх, талуудын байгуулсан 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 101 дугаартай гэрээний 3.4-т заасныг үндэслэн *** дүүргийн ** дугаар хороо, 19 дүгээр хороолол, *** байр ны 8 давхрын *** тоот 30,94 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах материалыг нэхэмжлэгч Б.Э т гаргаж өгөхийг хариуцагч Д ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
7. Хариуцагч Д ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,837,425 төгрөг нэхэмжлэгч Б.Э ээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, үүргээ гүйцэтгэсэн гэж маргажээ. Тодруулбал, талууд гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн эсэх, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбогдон алданги тооцох хууль зүйн үндэслэлийн талаар маргасан байна.
8. Шүүх, зохигчийн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүргийг 76,673,649 төгрөгөөр тооцсон нь алдаатай болжээ.
8.1. Талууд 2020 оны 10 сарын 15-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.1-д А болон Б талууд байрны үлдэгдэл төлбөрийг 48,738,760 төгрөгийг дараах нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцов гэж, 2.2-т үлдэгдэл төлбөрийн үндсэн хүү нэг сарын 0.7 хувь буюу жилийн 8.4 хувь, 2.3-т хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлнө гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцэх тул Д ХХК нь Б.Э ээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
8.2.Тус гэрээний 3.1-т үлдэгдэл төлбөрийн ерөнхий хугацаа 2 жил буюу 24 сар байх бөгөөд сар бүрийн төлбөрийн хугацааг гэрээний хавсралт 1-д зааснаар тодорхойлно. Энэхүү хугацаа нь орон сууцны урьдчилгаа төлсөн өдрөөс эхлэн тооцогдохоор талууд харилцан тохиролцож, төлбөрийн хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-6-8/ Үүнээс үзвэл, Б.Э нь гэрээний үнэд 48,738,760 төгрөг, хүүд 4,324,112 төгрөг, нийт 53,062,872 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
8.3. Хэрэгт авагдсан Голомт банкны мемориалын баримт болон дансны хуулга баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд буюу 2020 оны 11 сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 35,685,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 11,198,700 төгрөг тус тус төлжээ. /хх-15-85, 104-152/
8.4. 2020 оны 10 сарын 15-ны өдрийн гэрээний хавсралтаар нэхэмжлэгч нь сар бүрийн 14-ний өдөр үндсэн төлбөр болон хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Иймээс гэрээний хугацаанд төлсөн 35,685,000 төгрөг, хүүд төлөх 4,324,112 төгрөгийг суутган, үлдэх 31,360,888 төгрөгийг үндсэн төлбөр 48,738,760 төгрөгөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
8.5.Нэхэмжлэгч Б.Э-гийн гүйцэтгээгүй үүрэг болох 17,377,872 /48,738,760-31,360,888/ төгрөгөөс гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 11,198,700 төгрөгийг хасвал, 6,179,172 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Талуудын гэрээний хугацаа 2022 оны 10 сарын 14-ний өдөр дууссан тул 2020 оны 10 сарын 15-ны өдрийн гэрээний 2.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт тус тус хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 6,179,172 төгрөгөөс алданги тооцвол 3,089,586 төгрөг байна.
Иймд нэхэмжлэгч Б.Э ээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,268,758 төгрөг гаргуулан хариуцагч Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,568,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/03319 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж, хариуцагч Д ХХК -ийн гаргасан 13,837,425 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй гэснийг нэхэмжлэгч Б.Э ээс 9,268,758 төгрөг гаргуулж хариуцагч Д ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,568,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэгч Б.Э ээс 163,250 төгрөг гаргуулж хариуцагч Д ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,138 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД