| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/02243/И |
| Дугаар | 4975 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 4975
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/04975 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * хороо Хайлааст * тоотод оршин суух Б овогт Ө Н /РД:*********/, Б овогт М П /РД:********/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баян зүрх дүүрэг * хороо *хэсэг Сургуулийн гудамж * тоотод оршин суух Б овогт Т С /РД: ***********/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,652,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Н, М.П, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.С надаас 2014 оны 08 дугаар сарын 13-ний өдөр 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг Хас банкаар дамжуулан өгсөн. Надад буцааж 28,250,000 төгрөгийг төлсөн, 30,000,000 төгрөгийг маргааш нь буцааж өгсөн. Надаас авсан мөнгөнөөс 750,000 төгрөг дутуу төлсөн тул гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч М.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.С нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 250,000, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 17,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг нийт 30,250,000 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас Т.Сын ******** дугаартай ХААН банкны данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс эхнэр Ө.Нт өгсөн 2,300,000 төгрөг, ХААН банкны миний данс руу 1,550,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 26,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.С шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Би Ө.Нийн нэхэмжилсэн 27,652,900 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхийг хүсэхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Сын бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж байна. М.Пээс 17,250,000 төгрөг, 1,500,000 төгрөг авсан нь дансны хуулгаар байгаа нийт 18,750,000 төгрөг авсан. Гэхдээ Т.С дээрхи мөнгийг бүгдийг нь төлсөн гэдэг нэхэмжлэгч нар ямар учиртай ойр ойрхон мөнгө өгч авалцаад байдаг байснаа ярихгүй байна. Бусдын зээлийг чөлөөлөх гэж хүүтэйгээр зээлж аваад буцааж төлдөг байсан. Хүүгүй ашиггүй бол энэ их мөнгийг Т.Ст өгөхгүй. Тухайн үед хажууд нь байсан гэрч Мягмарсүрэн гадагшаа явсан учир хүсэлтээсээ татгалзсан. Бидэнд нотлох баримт байхгүй учраас хэцүү байна. Мөнгийг буцааж дор дор нь өгч байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыгшинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ө.Н, М.П нар нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт 3,0027,150,000 төгрөг, БГД-ийн анхан шатны шүүхийн тэмдэгтийн хураамж 432,700 төгрөг, БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 27,652,900 төгрөгийг хариуцагч Т.Саас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны шатанд БГД-ийн анхан шатны шүүхийн тэмдэгтийн хураамж 432,700 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан болно.
Хариуцагч Т.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Нэхэмжлэгч Ө.Н, М.П нар нь хариуцагч Т.С нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ө.Н, М.П хариуцагч Н.Г нар нь зээлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч ХААН болон Хас банкнаас хариуцагч Т.Сын ХААН банкны ******** тоот, Хас банкны ********* тоот данс руу мөнгө шилжүүлсэн болон хариуцагчаас орлого хийж байсан болох нь бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Т.С нь нэхэмжлэгч Ө.Нийн Хас банкны *************** тоот данснаас 2014 оны 08 дугаар сарын 13-ний өдөр 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөгийг хариуцагч Т.Сын ********* тоот данс руу төлбөрийн баримтаар шилжүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч М.Пийн ХААН банкны 5018458750 тоот харилцах данснаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 250,000, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 17,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг нийт 30,250,000 төгрөгийг Т.Сын ******** дугаартай ХААН банкны данс руу шилжүүлжээ.
Нэхэмжлэгч Ө.Н нь Хас банкны хадгаламжийн данснаасаа 4,000,000 төгрөгийг Т.Ст шилжүүлсэн гэх боловч түүнийгээ нотлоогүй болно.
Хариуцагч Т.С нь нэхэмжлэгч Ө.Нийн ХААН банкны 5030432155 тоот харилцах дансанд нийт 28,250,000 төгрөгийг төлсөн, М.Пийн ХААН банкны 5018458750 тоот дансанд 1,550,000 төгрөг, бэлнээр 2,300,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Т.Саас БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Т.Сыг эрэн сурвалжуулах хүсэлт гаргасны тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, зээлийн гэрээний төлбөр 23,150,000 төгрөг нийт 23,220,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Н, М.П нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нар нь 432,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” атал хариуцагч Т.С нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.Саас 23,220,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Н, М.П нарт олгож, 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Саас 274,051 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Н, М.П нарт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 296,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нар нь БГД-ийн анхан шатны шүүхийн тэмдэгтийн хураамж болох 432,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ