Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 096

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002230137 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Н,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 02 сарын 25-ны өдөр Х.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэцогт сумын 5 дугаар багт байх гэртээ байхад Х.С мотоцикпоор манай гэрт 15 цаг өнгөрч байхад ирсэн манай гэрт бид хоёр 4 шил 0.5гр Улаанбаатар нэртэй архи уусан С архи ууж согтоод надтай хэрүүл хийсэн намайг чи олон хүүхэн солиод олон хүүхэдтэй, чамайг зодмоор байна гээд манай гэрийн зуухыг аваад шидсэн бид хоёр барилцаж аваад архины хагархай шилээр би Сын зүүн гарны шуу хэсэгт нь архины хагархай шилээр зүсэж гэмтээсэн өөр зүйл болоогүй. Эмчилгээний мөнгө гэж 100.000 мянган төгрөг өгсөн аймаг орж эмчид үзүүлхэд нь би өөрийнхөө машинаар явж өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Н гэж айлд очсон очоод Н гэж хүнтэй бид хоёр Улаанбаатар нэртэй 0,5 гр дөрвөн шил архи уусан архи ууж дуусаад Н бид хоёр маргалдаад Н миний зүүн гарны шуу хэсэгт архины шил хагалаад зоосон би тэндээс М гэж хүнээр гэртээ хүргүүлсэн өөр зүйл бопоогүй.Маргааш өглөө нь Н гэж хүн өөрийнхөө машинтай аймгийн төв хүргэж өгч эмчид үзүүлж оёдол хийлгэсэн. Н гэж хүний эхнэр Мөнхцэцэг гэж хүн боолт хийж өгсөн. М Н гэж айлтай саахалт байдаг тэгээд тухайн үед малдаа яваад байхгүй байж байгаад малнаасаа ирэхэд нь намайг хүргэж өг гээд хүргүүлсэн. Бид хоёр юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байна нэг мэдэхэд миний зүүн гарны шуунаас цус гарч байсан тэгээд би гэр лүүгээ явсан. Архины шил Н гэж айлын тэнд байгаа байх хаячихсан байж магадгүй. Эмчилгээний мөнгө гэж надад 100 000 мянган төгрөг өгсөн нэхэмжилэх эүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 19-21/,

4. Гэрч Н.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                     

…2019 оны 02 сарын 25-ны өдөр манай нөхөр гэрээсээ гарч яваад орой 21 цагийн үед Мөнхөөгөөр хүргүүлж ирэхэдээ гар нь боосон дээл нь цус болсон ирэхээр нь өвчин намдаах эм уулгаад маргааш нь аймаг орж оёо тавиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

5. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                       

…2019 оны 02 сарын 25-нд малаа хариулж байгаад 20 цагийн үед гэртээ иртэл С, Н нэр нь зодолдсон гээд С нь хүргээд өг гэхээр нь би мотоциклоор нь Сийг гэрт нь хүргээд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн:

1. Х.Сийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн аль ч үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ болон хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Нн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 47-52 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Нн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 29-30 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 02 сарын 25-ны өдөр Х.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Х.Сийн мэдүүлэг, гэрч Н.Б, Б.М нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Нн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Нгийн эзэмшлийн Ж-мобайл маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Нд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Нг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Б.Н нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Нн эзэмшлийн Жи мобайл гар утсыг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Нд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ