Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02033

 

 

 

 

 
 

 

Ю-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/03252 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б, Д.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 276,325,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ю нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2021 оны 07 сарын 01-ний өдөр ЗГ/21/03/018 дугаартай зээлийн гэрээг зээлдэгч Б.Б, Д.Э нартай байгуулсан.

1.2. Уг гэрээгээр 150,000,000 төгрөгийг 30 хоногийн 2,5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэй харилцан тохиролцон зээлдүүлсэн ба 150,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 01-ний өдөр олгосон.

1.3. Дээрх зээлийн барьцаанд ** дүүрэг, *** дугаар хороо, *** байрны *** тоот хаягт байршилтай 36.73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б дүүргийн ** дугаар хороо, ****** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан.

1.4. Зээлдэгч нар эхний 4 сарын хүүг зохих ёсоор хуваарийн дагуу сар бүр 3,750,000 төгрөгийг төлж байсан бөгөөд 2022 оны 03 сараас эхлэн зээлийн хүүгээ төлөөгүй ба 2022 оны 09 сарын 13-ны өдөр 2022 оны 09 сарын 16-ны өдөр тус бүр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийг төлснөөс хойш зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

1.5. Иймд зээлдэгч Б.Б, Д.Э нараас 2023 оны 10 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 80,250,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,825,000 төгрөг, нийт 247,075,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох *** дүүрэг, 6 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө гудамж, *** байрны *** тоот хаягт байршилтай 36.73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б дүүргийн ** дугаар хороо, ****** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв 2 өрөө орон сууцуудыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан.

1.6. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 10 сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нарын төлөх ёстой байсан үндсэн хүү 24,375,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,875,000 төгрөг, нийт 29,250,000 төгрөгөөр шаардлагаа ихэсгэсэн.

Иймд хариуцагч Б.Б, Д.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 276,325,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Э гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Д.Э нь Б.Б тэй хамтарч Ю-тай 2021 оны 07 сарын 01-ний өдөр ЗГ/21/03/018 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30 хоногийн 2,5 хувийн хүүтэй, 150,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж авсан.

2.2. Зээлийн барьцаанд ** дүүрэг, *** дугаар хороо, *** байрны *** тоот хаягт байршилтай 36.73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б дүүргийн ** дугаар хороо, ****** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв 2 өрөө орон сууцуудыг тус тус барьцаалсан.

2.3. Энэхүү зээлийг үеэл эгчийн нөхөр Б.Б ийн гэр бүлийн хувийн бизнест зарцуулсан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бизнесийн хүрээнд Булган аймгийн Булган сумын 2-р багийн нутаг дэвсгэрт баригдах орон сууцны төслийг дэмжих зорилгоор уг санхүүжилтэнд зориулж авч байсан.

Зээлдэгч бидний зүгээс эхний 4 сарын хүүг зохих ёсоор төлж нийтдээ 15,000,000 төгрөг төлсөн. 2022 оны 03 сараас эхлэн зээлийн хүү, төлбөр төлөх нөхцөл бололцоо байхгүй болж эхэлсэн. Учир нь 2022 онд барилгын төсөлд хөрөнгө оруулалт оруулах компанитай байгуулсан гэрээний хэрэгжилт удааширч цаашид гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон.

2.4. Улмаар 2022 оны 09 сарын 13, 16-ны өдрүүдэд тус бүр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн.

Мөн 2023 онд уг барилгын төсөлд хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулах байсан боловч удааширч төсөлд хөрөнгө оруулалт зогссон. Ю-аас 2023 оны 05 сарын 26-ны өдөр 1/170 дугаартай албан бичгээр зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү төлөх тухай албан бичгийг хүлээн авсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 247,075,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Б.Б миний бие Д.Э тэй хамтарч Ю-тай 2021 оны 07 сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30 хоногийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 150,000,000 төгрөгийг зээлсэн.

3.2. Зээлийн гэрээний үүрэгт Д.Э гийн өмчлөлийн ** дүүрэг, *** дугаар хороо, *** байрны *** тоот хаягт байршилтай 36.73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б дүүргийн ** дугаар хороо, ****** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв 2 өрөө орон сууцуудыг барьцаалсан.

3.3. Гэрээний дагуу эхний 4 сарын хүүг зохих ёсоор төлсөн ба нийт 15,000,000 төгрөг төлсөн.

Энэхүү зээлийг гэр бүлийн бизнест зарцуулсан ба Булган аймагт 90 айлын 8 давхар, 2 блок бүхий барилгын ажлыг 2021 оны 04 сард эхэлж уг барилгад зарцуулсан. Барилгын ажилд 700,000,000 төгрөг зарцуулсан бөгөөд суурийн ажлыг 2021 оны 12 сард дуусч тухайн оны өвөл ажил зогссон.

2022 оны 09 сарын 13, 16-ны өдрүүдэд тус бүр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн.

2023 онд уг барилгын төсөлд хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулах байсан боловч удааширч төслийн хөрөнгө оруулалт зогссон. Ю-аас 2023 оны 05 сарын 26-ны өдөр бичгээр зээл төлөх мэдэгдэл хүлээн авсан ба санхүүжилт зэрэг тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой зээл төлөлт зогссон бөгөөд зээлийн төлбөрийг төлөхгүй гэж байгаагүй. Ю-тай зээл төлөхтэй холбоотой байнгын харилцаатай байсан.

3.4. Уг зээлийг зориулалтын дагуу зарцуулсан. Д.Э энэ мөнгөнөөс огт ашиглаагүй, тухайн үед барьцаа хөрөнгийн эзэн гэдгээрээ гэрээнд гарын үсэг зурсан. Д.Э гадагшаа сургуульд явах гэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр өртэй байж болохгүй тул Д.Э г хариуцагчаас хасвал тухайн зээлийн төлбөрийг би төлнө.

Санхүүжилт сонгуультай холбоотой хойшилсон бөгөөд бид барилгын ажлаа эхлүүлэн төсөл дуусч ашиг гарах үед уг мөнгийг төлөх бүрэн боломжтой гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б, Д.Э нараас 276,325,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б, Д.Э нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Э гийн өмчлөлийн *** дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 13311, Их Монгол улс гудамж, *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, *** дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** байр, *** тоот хаягт байршилтай, 36.73 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтан нэхэмжлэгч Ю-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,767,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Д.Э нараас 1,609,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гарган өгсөн зээл эргэн төлөлтийн хүү тооцооллын хүснэгтийг үндэслэн 2021 оны 07 сарын 01-нээс 11 cap хүртэлх 4 сарын хүү, 09 сарын 13, 09 сарын 16-нд тус тус төлсөн 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 4,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийн хүү төлсөн гэж тооцсон нь үндэслэлгүй.

Учир нь зээлдэгч нарын зүгээс 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 3 cap хүртэлх хугацааны xүүг захирлын дансанд шилжүүлж байсан талаарх тайлбар, нэхэмжлэлд дурдсан 3 cap хүртэл хүү төлж байсан гэх тайлбаруудаар нотлогддог.

Мөн шүүхээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлсөн 2023 оны 09 сарын 13-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 16-нд төлсөн 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 25-нд төлсөн 4,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасалгүйгээр зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн хүү 24,375,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,875,000 төгрөг, нийт 29,250,000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд үүнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын удаа дараагийн санаатай үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраагүй байхад нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10-д Зээлдүүлэгч нь зээлдэгчид энэхүү гэрээний 4.3-т заасны дагуу зээлийг даруй төлөхийг шаардсан мэдэгдэл өгсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тийнхүү мэдэгдэл өгсөн өдрөөс тооцно... гэж нэмэгдүүлсэн хүүг хэзээнээс яаж тооцох талаар тохиролцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоос өмнө хариуцагч нарт мэдэгдэл хэрхэн яаж хүргүүлж байсан талаар нотлоогүй холбогдох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй атлаа шүүхээс нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.3. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй бөгөөд хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа зэргийг тодорхойлоогүй. Хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхэд ямар нэгэн маргаангүй. Ойлгомжтой байх шаардлагатай.

5.4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд цар тахлын улмаас үүссэн хүндрэл бэрхшээл болон тооцооллын алдаа гаргаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээнд зээлийн төлбөрт хэдэн төрөг төлсөн, хэдэн төгрөгийн зээл олгосон талаар баримтуудыг анхан шатны шүүхэд баримтаар гаргаж өгсөн. Үүнээс гадна захирлын дансанд зээл төлсөн гэж хариуцагч ярьдаг ч эдгээр баримтуудыг өөрөө гаргаж өгөх боломжтой. Анхан шатны шүүх хуралдаанд 23,000,000 төгрөгийг төлсөн гэдгийг он, сар, цаг хугацаатай нь дурдсан ч өөр төлбөр төлсөн талаар дурдаагүй бөгөөд нэмж өөр төлбөр төлсөн зүйл байдаггүй бөгөөд хариуцагч энэ асуудлыг зөвшөөрч байсан.

6.2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийг хугацаандаа төлөөгүй учраас хүлээн зөвшөөрөх, нэг өөр хугацаандаа зээлээ төлөөгүй учраас нэхэмжлэгч эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотой хариуцагч өмнөх шаардлага биелүүлэхгүй гэх байдлаар маргасан. Анхан шатны шүүх хэргийн баримт болон шүүх хуралдаанд оролцож буй байдлаас шалтгаалан өөрөө гаргаж өгөх боломжтой баримтыг гаргуулахаар санал гаргасан учраас хариуцагчийн хүсэлтийг хангаагүй. Энэ талаар захирамж гаргаад дүгнэлт хийсэн байдаг.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч Ю нь хариуцагч Д.Э , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 247,075,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 29,250,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэгт 276,325,000 төгрөг шаардсан байна.

 

3. Хариуцагч Д.Э эс зөвшөөрч Зээлдэгч бидний зүгээс эхний 4 сарын хүүг зохих ёсоор төлж нийтдээ 15,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 247,075,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Б.Б нь санхүүжилт, тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой зээл төлөлт зогссон, Д.Э энэ мөнгөнөөс огт ашиглаагүй, тухайн үед барьцаа хөрөнгийн эзэн гэдгээрээ гэрээнд гарын үсэг зурсан. Д.Э г хариуцагчаас хасвал тухайн зээлийн төлбөрийг би төлнө гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

4. Ю, Д.Э , Б.Б нар 2021 оны 07 сарын 01-ний өдөр ЗГ/21/03/018 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Ю нь 150,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 30 хоногт 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Э , Б.Б нар гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, хүү төлөх, хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-10-11/

4.1.Дээрх гэрээний дагуу зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Д.Э , Б.Б нар хүлээн авсан үйл баримтад талууд маргаангүй.

 

5.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн байна. /хх-18,100/

 

6. Талууд зээл төлөх эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар баталсан байх бөгөөд зээлдэгч нар нь 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 01-ний өдрийн хугацаанд сар бүрийн 01-ний өдөр зээлийн хүүд 3,750,000 төгрөг, 2022 оны 06 сарын 01, мөн оны 07 сарын 01-ний өдөр тус бүр үндсэн зээл болон зээлийн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээжээ. /хх-11/

Хариуцагч Б.Б, Д.Э нар нь гэрээний хугацаанд зээлийн хүүд нийт 15,000,000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 09 сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг тус тус төлсөн үйл баримт хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк дахь ************ тоот дансны хуулга, тэдгээрийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон, зохигч маргаангүй. /хх-19, 83, 100-107/

Иймд хариуцагч нарыг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

7.Талууд гэрээгээр зээлийг хүүтэй, зээлдэгч гэрээнд заасан хавсралт 1-ийн дагуу хугацаанд нь зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцэх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй.

 

8.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2023 оны 10 сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

8.1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй. Анхан шатны шүүх, нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх хариуцагч талын татгалзлыг хуулийн үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн.

8.2.Хариуцагч нар гэрээний үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон. Тэрээр гэрээний үүргээ гүйцэтгэж чадаагүй үндэслэлээ Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарласан байх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж, цуглуулж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдлын улмаас зээлийн үүрэгтэй холбоотой хүсэлт зээлдэгчээс гаргасан, зээлдүүлэгч талаас уг хүсэлтийг харгалзан гэрээнд өөрчлөлт оруулах холбогдох зохицуулалт хийгээгүйгээс зээлдэгчид дарамт үүссэн гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс цар тахлын нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

8.3.Талуудын байгуулсан зээлийн гэрээ болон гэрээний хавсралт 1-д тусгасан нөхцөлөөс үзвэл, хариуцагч Б.Б, Д.Э нарын хэн аль нь зээлдэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн байх тул тэдгээрийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8-д заасан хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй учир Д.Э зээлийн хөрөнгийг ашиглаагүй гэх үндэслэлээр хариуцагчаас чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Б ийн татгалзал хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

 

9. Анхан шатны шүүх, зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

9.1. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ, 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж тус тус заасан.

Талуудын гэрээний хавсралт 1-д зээлдэгч нар нь зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг харилцан тохиролцсон байна./хх11/

9.2. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд 45,000,000 төлөх үүргээс 15,000,000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш 2022 оны 09 сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон, зохигч маргаангүй.

Иймээс гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн 8,000,000 төгрөгийг гэрээний ерөнхий хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү болох 30,000,000 төгрөгөөс хасч тооцох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

9.3. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 2023 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хэтэрсэн хүүд 80,750,000 /150,000,000 х 2.5%=3,750,000 х 21 сар, 16 хоног/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,150,000 /150,000,000 х0.5%=750,000 х21 сар, 16 хоног/ төгрөг хариуцагч нар тус тус төлөхөөр байна.

9.4. Дээрхийг нэгтгэн, хариуцагч нарын гүйцэтгэх үүргийг тооцвол үндсэн зээл 150,000,000 төгрөг, үндсэн хүү 22,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 80,750,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,150,000 төгрөг, нийт 268,900,000 төгрөг болж байх тул уг үүргийг хариуцагч Б.Б, Д.Э нараас гаргуулж нэхэмжлэгч Ю-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

10. Ю, Д.Э нар 2021 оны 07 сарын 01-ний өдөр БГ/21/03/018 дугаартай барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Д.Э гийн өмчлөлийн *** дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 13311, Их Монгол улс гудамж, *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, 84.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, *** дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 31/15 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 36.73 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалахаар харилцан тохиролцон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-12-17/

Энэ үйл баримтад талууд маргаангүй. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр байна.

10.1. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Э нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг хуульд заасан журмын худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

11. Хариуцагч нар нь 2022 оны 12 сараас 2023 оны 03 сар хүртэлх хугацааны хүүг нэхэмжлэгч компанийн захирлын дансанд шилжүүлж байсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нотлох баримтыг үнэлээгүй гэх агуулга бүхий хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/03252 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 276,325,000 гэснийг 268,900,000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,425,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1,609,775 гэснийг 1,502,450 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,539,575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД