| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2023/01872/И |
| Дугаар | 210/МА2024/02032 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/02032
Д.Агийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/03061 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т ХХК-д холбогдох
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
зээлийн гэрээний үүрэгт 1,400,986 төгрөг, хохирол 4,187,288 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2022 оны 11 сарын 23-ны өдөр Т ХХК-тай ЗГ-******* дугаартай зээлийн гэрээ байгуулан, 28,000,000 төгрөгийн үнэтэй, ********** улсын бүртгэлийн дугаартай *********** маркийн автомашиныг худалдан авах зорилгоор урьдчилгаанд 8,400,000 төгрөг төлж, үлдэгдэл 19,600,000 төгрөг дээр сар бүрийн 3 хувийн хүү төлөхөөр тохиролцож, зээл авсан.
1.2. Миний бие гэрээний дагуу 1,850,000 төгрөг төлсөн. Харин 2023 оны 03 сарын төлбөрийг төлж чадаагүй байтал 1 сар төлөөгүй гэх шалтгаанаар 2023 оны 03 сарын 20-ны өдөр Т ХХК-ийн ажилтан н.С ирж тээврийн хэрэгслийг хүлээлцэх акт бичээд, автомашиныг аваад явсан. Миний бие 28,000,000 төгрөгийн үнэтэй ********* маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахдаа Т ХХК-д 10,250,000 төгрөг төлсөн. Тус компани тээврийн хэрэгслийг буцаан авсан тул миний төлсөн 10,250,000 төгрөгийг Т ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Д.А нь Т ХХК-тай 2022 оны 11 сарын 23-ны өдөр ЗГ-******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 19,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэйгээр, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан авсан ********** улсын дугаартай, *********** маркийн автомашиныг барьцаалан, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан.
Талууд гэрээг хуульд зааснаар агуулгыг нь өөрсдөө чөлөөтэй тодорхойлж Д.А урьдчилгаа 30 хувь болох 8,400,000 төгрөгийг Т ХХК-ийн дансанд байршуулж Т ХХК зээлийн гэрээний дүн буюу 19,600,000 төгрөгийн хамт нийт 28,000,000 төгрөгийг Г.Э-ы ХААН банкин дахь ******** тоот дугаарын данс руу Д.Агийн даалгаснаар шилжүүлсэн. Иймд Д.А нь автомашины урьдчилгаанд төлсөн 8,400,000 төгрөгийг Т ХХК-аас нэхэмжлэх үндэслэлгүй буюу урьдчилгаанд төлсөн төлбөр бүрэн худалдагч талд шилжсэн.
2.2. Д.А нь 2022 оны 11 сарын 23-ны өдөр Т ХХК-ийн ХААН банкин дахь *********** дугаарын данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн байх ба уг мөнгөн гүйлгээ нь ЗГ-******* дугаар гэрээний 6-д ... Зээлдүүлэгчийн гэрээнд заасан автомашины үнэлгээний 2,5 хувь (Монре даатгал ХХК-ийн тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал+эрсдэлийн шимтгэл) болох 700,000 төгрөгийг зээлдүүлэгчийн даалгавар болгосон Т ХХК-ийн ХААН банкны *********** тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу даатгалын төлбөрт төлөгдсөн болно. Иймд Д.А нь дээрх 700,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй.
2.3. 2022 оны 11 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний 3-т ...Зээлдэгч нь авсан зээл болох 19,600,000 төгрөгт сарын 3 хувийн хүү төлнө. Сар бүрийн 25-ны өдөрт багтаан зээл, зээлийн хүү, даатгалын шимтгэлийг график /Хавсралт №1/-ийн дагуу ХААН банкны *********** тоот дансанд төлнө... гэж заасны дагуу төлөх ёстой байсан боловч зээлийн гэрээний үүргээ эхний төлөх хуваарьт өдрөөсөө эхлэн зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэгчийн зээлийн хүүд 1,150,000 төгрөг төлсөн тул уг төлбөрөө Т ХХК-аас нэхэмжлэх эрхгүй байна.
2.4. Д.А нь 2023 оны 02 сарын 11-ний өдрөөс хойш одоог хүртэл огт зээлийн төлөлт хийгдээгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5-д ... Зээлдүүлэгч хураан авсан барьцаа хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эсвэл зах зээлд зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулна..., 2022 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.4.3, 3.2.4, 4.1.2-т заасны дагуу зээлийн барьцаа хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлж авна гэж тохиролцсоны дагуу автомашиныг хурааж авсан ба тухайн тээврийн хэрэгсэлд албан ёсны үнэлгээний байгууллагаар дамжуулан үнэлгээ гаргаж бусдад 21,000,000 төгрөгөөр худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Т ХХК нь Д.Атай 2022 оны 11 сарын 23-ны өдөр ЗГ-******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Д.А нь 2023 оны 02 сарын 11-ний өдөр хүртэл 4 удаагийн гүйлгээгээр 706,355.36 төгрөгийг төлсөн, үүнтэй холбоотойгоор удаа дараа төлбөрөө графикийн дагуу төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул зээлийн гэрээний 5-д заасны дагуу *********** маркийн автомашиныг хураан авсан.
Улмаар тус тээврийн хэрэгслийг 2023 оны 04 сарын 17-ны өдөр А ХХК -аар үнэлгээ хийлгэхэд 21,000,000 төгрөг болсон, 2023 оны 05 сарын 03-ны өдөр худалдан борлуулсан. Ингээд 2023 оны 11 сарын 23-ны өдрөөс 05 сарын 03-ны өдөр хүртэлх тооцоогоор хүү 2,449,244.64 төгрөг, алданги 351,741.03 төгрөг, үндсэн зээлд 19,600,000 төгрөг, нийт 22,400,985.67 төгрөг төлөх байснаас тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан 21,000,000 төгрөгийг хасч 1,400,985.67 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
3.2. Мөн тус тээврийн хэрэгслийг хураахад 2023 оны 02 сарын 08-ны өдөр 50,000 төгрөгөөр, 2022 оны 01 сарын 13-ны өдөр 20,000 төгрөгөөр, 2021 оны 08 сарын 15-ны өдөр 20,000 төгрөгийн торгууль болон татварт 14,633 төгрөг, 64,928 төгрөг нийт 169,561 төгрөгийг манай компаниас төлж барагдуулсан. Зээлийн гэрээний 5-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э ХХК -д төлсөн төлбөр 1,000,000 төгрөг, 2 хүний томилолтын зардалд шатахуун, түлшинд 2023 оны 03 сарын 09,10-ны өдөр 601,642 төгрөг, 2023 оны 05 сарын 04-ний өдөр 30,000 төгрөг, хоол хүнс 39,500 төгрөг, зогсоолын төлбөр 5600 төгрөг, мөн А ХХК -аар тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхэд 150,000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалд 174,999.99 төгрөг төлсөн ба автомашин хураахтай холбоотой зардал нийт 2,001,741.99 төгрөг болсон.
Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,400,985.67 төгрөг, тээврийн хэрэгсэл хураахтай холбоотой гарсан зардал 2,771,302.99 төгрөг, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авсны төлбөр 615,000 төгрөг, нийт 4,187,288.66 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
4.1. Т ХХК-аас Д.Агийн автомашины төлбөртэй холбогдсон сөрөг нэхэмжлэлд дурдсан нэмэгдэл зардлуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 286 дугаар зүйлийн 286.1-т зааснаар хариуцагч Т ХХК-аас 7,912,391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,850,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,699,679 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 141,548 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ад олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Агаас 15,278 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Д.А нь автомашины урьдчилгаанд төлсөн 8,400,000 төгрөгийг Т ХХК-аас нэхэмжлэх үндэслэлгүй буюу урьдчилгаанд төлсөн төлбөр бүрэн худалдагч талд шилжсэн байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Д.А нь зээлийн гэрээний 4, 5 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд нь зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон, гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх хугацааг 105 хоног хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн.
Гэтэл хариуцагчийг гэрээний үүрэг зөрчсөн гэж дүгнэн 2022 оны 11 сарын 23-ны өдөр олгосон зээлийг биш нэхэмжлэгчийн худалдагч талд төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах үед нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа 8,400,000 төгрөгийг хариуцагч огт аваагүй.
Хураан авсан тээврийн хэрэгслийг 21,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул нэхэмжлэгчид буцаан олгох мөнгө үлдээгүй. Гэтэл анхан шатны шүүх борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж дүгнэж 8,400,000 буцаан гаргуулах үндэслэлтэй гэж хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хангасан нь буруу байна.
Учир нь зээлийн гэрээнд тусгасан тээврийн хэрэгслийн үнэ бол тухайн тээврийн хэрэгсэл Монгол улсад шинээр орж ирсэн үеийн буюу худалдагч талын өөрийн худалдан борлуулж буй тээврийн хэрэгслийг үнэлж буй үнэ бөгөөд зээлийн гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч тал 5 сарын хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан ба тухайн хугацааны элэгдэл, эвдрэл гэмтэл зэргийг мэргэжлийн албан ёсны зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллага болох А ХХК -аар үнэлүүлэхэд 21,000,000 төгрөгөөр үнэлсэн тул тухайн зах зээлийн үнээр хариуцагч худалдан борлуулсан.
Анхан шатны шүүхийн үндэслэл хэсэгт бичсэнээр хариуцагчийг үнэлгээ гаргахдаа шинжээчид холбогдох хуулийг сануулаагүй зөрчил гаргасан хэмээн үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа хэлбэр бөгөөд хариуцагч компани шинжээч томилж шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллага биш учир үнэлгээний компанид хууль сануулах боломжгүй.
6.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн гэрээний төлбөр болох 1,400,986 төгрөгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт огт дурдаагүй.
Түүнчлэн шүүх хуралдаан дуусаж шийдвэрийн агуулга танилцуулсаны дараа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, хүү алдангийн төлбөр болох нийт 1,400,986 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдсангүй гэж тодруулахад үүнд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргачих, мартсан байна гэж хариулсан тул тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол хариуцагч нь тухайн зардлыг гаргахгүй бөгөөд хэрэв зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд түүнээс үүдэх зардлыг зээлдэгч төлөхөөр зээлийн гэрээний 5 дахь заалтад тодорхой тусгасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Төрдөө итгэдэггүй, шүүхдээ итгэдэггүй иргэн хүн гэж байхгүй. Тиймээс шүүгч зөв шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 1,400,985.67 төгрөг, үүрэг зөрчснөөс учирсан хохиролд 3,386,303 төгрөг, нийт 4,187,288 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, зохигч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчийн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
4.Т ХХК, Д.А нар 2022 оны 11 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т ХХК нь 19,600,000 төгрөгийг 1067 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, Д.Агийн урьдчилгаанд төлсөн 8,400,000 төгрөг, зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 19,600,000 төгрөгийн хамт нийт 28,000,000 төгрөгийг Г.Э-д шилжүүлэх, зээлдэгч Д.А нь сар бүрийн 25-ны өдөр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-5-6/
Гэрээний дагуу зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 19,600,000 төгрөгийг, Д.Агаас шилжүүлсэн 8,400,000 төгрөгийн хамт нийт 28,000,000 төгрөгийг автомашины худалдагч болох Г.Э- руу шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.
5. Т ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч Д.А нь зээлийн гэрээний хавсралт 1-ээр баталсан хуваарийн дагуу 2022 оны 11 сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл, хүү, даатгалын хураамжид нийт 975,891.30 төгрөг төлж, 2024 оны 11 сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл үндсэн зээл, хүүд 917,557.97 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-6/ Тэрээр 2022 оны 11 сарын 25-наас 2023 оны 03 сар хүртэл зээлийн үүрэгт 2,049,315.63 төгрөг төлөхөөс 1,850,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
7.Т ХХК нь дээрх төлөлтөөс 1,150,000 төгрөгийг зээлийн хүүд, 700,000 төгрөгийг даатгалын хураамжид суутган тооцож, Д.Аг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр 2023 оны 03 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байна. /хх-95-96/
8.Дээрх үйл баримтад маргаангүй, харин зээлийн үүрэгт барьцаалсан тээврийн хэрэгслийг хураан авч, бусдад худалдан борлуулж зээлийн үүрэгт тооцсонтой холбогдон зохигч маргажээ.
9. Хэргийн баримтаас үзвэл, Т ХХК, Д.А нар 2022 оны 11 сарын 23-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, гэрээгээр зээлдэгчийн худалдан авсан 28,000,000 төгрөгийн үнэ бүхий ********** улсын дугаартай, *********** маркийн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-7/ Гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Т ХХК бүртгүүлжээ.
Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Учир нь хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй., 286.4 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Д.Атай Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан нь хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх-7/
Иймд дээрх фидуцийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь автомашины үнэ болох 28,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.3, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсгийг тус тус буруу хэрэглэж, барьцааны зүйлийг худалдан борлуулах журмыг хариуцагч зөрчсөн гэж дүгнэсэн нь алдаатай байх тул шүүх шийдвэртээ хариуцагчийг үнэлгээ гаргахдаа шинжээчид холбогдох хуулийг сануулаагүй зөрчил гаргасан хэмээн үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.
10. Шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийн даатгалд төлсөн 700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.
11. Хариуцагч Т ХХК нь зээлийн гэрээний үлдэх үүрэгт 1,400,986 төгрөг, тээврийн хэрэгсэл хураасантай холбогдох зардалд 2,77,302 төгрөг, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авсны төлбөр 615,000 төгрөг, нийт 4,187,288 төгрөг нэхэмжлэгч Д.Агаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...барьцааны зүйл болох автомашиныг 21,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, уг үнээс зээлийн үүргийг суутган тооцоход зөрүү төлбөр гарсан, ... автомашиныг хураан авахтай холбоотой гарсан зардал зэргийг нэхэмжилсэн гэсэн агуулгаар тайлбарласан байна.
12. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүүгийн хамт хариуцагчид төлөх үүрэгтэй.
Хариуцагч Т ХХК нь 2022 оны 11 сарын 23-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан тул уг гэрээ цуцласан өдрийг хүртэлх хугацааны хүү, үндсэн зээлийн хамт нэхэмжлэгч төлөх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. Иймд зээлийн хүүд төлсөн 1,150,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй.
Нэхэмжлэгч Д.Агийн зээлийн гэрээний гүйцэтгэх үүргийг тооцвол, зээлийн хүүд /3 сар 27 хоног/ 2,293,200 төгрөг, үндсэн зээл 19,600,000 төгрөг, нийт 21,893,200 төгрөг төлөхөөр байна. Үүнээс зээлийн хүүд төлсөн 1,150,000 төгрөгийг хасвал, 20,743,200 /2,293,200+19,600,000-1,150,000/ төгрөгийн үүрэг гүйцэтгэх ёстой байжээ.
13. Хариуцагч тал, барьцааны хөрөнгө болох ********** улсын дугаартай, *********** маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтаас хураан авч, улмаар үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгон, иргэн Д.Ш-т 21,00,000 төгрөгөөр худалдсан, уг үнээс зээлийн үүргийг суутган тооцсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан, 2023 оны 05 сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, А ХХК -ийн автомашины техникийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гарган өгчээ. /хх-54-56/
Уг нотлох баримтуудаас үзвэл, А ХХК нь ********** улсын дугаартай, *********** маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 21,000,000 төгрөгөөр үнэлжээ. Мөн тус тээврийн хэрэгслийг иргэн Д.Ш-т 21,000,000 төгрөгөөр худалдсан, үнэ төлсөн гэх баримт байна. Гэхдээ эдгээр нотлох баримтуудыг үндэслэн, зохигчийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.
Учир нь талууд барьцааны гэрээнд тээврийн хэрэгслийн үнийг 28,000,000 төгрөгөөр тодорхойлсон. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсны улмаас буцааж өгөх боломжгүй болсон тул уг гэрээгээр тогтоосон үнийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
14.Нэхэмжлэгч Д.Агийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл тээврийн хэрэгслийн үнээс зээлийн үүргийг суутган тооцож, зөрүү мөнгийг гаргуулах агуулгатай байна.
Иймд тээврийн хэрэгслийн үнэ болох 28,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний гүйцэтгэх үүрэг 20,743,200 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 7,256,800 төгрөгийн хэмжээнд хариуцагч Т ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцэх тул зээлийн гэрээний үүрэгт 1,400,986 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
15. Харин, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хууль зүйн туслалцаа авсан төлбөр 615,000 төгрөг, тээврийн хэрэгслийг хураан авахдаа автомашиныг тээвэрлүүлсэн зардал 1,000,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 150,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн зардал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай шууд хамааралтай биш ... гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэж байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тул түүнтэй холбоотой гарсан зардал буюу эрсдлийг нэхэмжлэгч хариуцах хуулийн үндэслэлгүй юм.
16. Шүүх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас даатгалын хураамжид төлсөн 700,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэгч Д.Агаас 487,609 төгрөгийн гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн, энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/03061 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 7,256,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,993,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Агаас 487,609 төгрөг гаргуулж хариуцагч Т ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,699,679 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн 2 дахь заалт нэмж,
Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3,4 гэж дугаарлан, 3 дахь заалтын 141,548 гэснийг 131,059 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,744 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД