| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2023/05604/И |
| Дугаар | 210/МА2024/02031 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/02031
М ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
********** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/03474 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.С д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,047,353 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагч М.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. М.С нь 2019 оны 07 сарын 31-ний өдөр орон сууц барьцаалан 07/99 тоот зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн үндсэн хүүтэй, 2,8 урамшуулалт хүүтэй зээлж авсан. Зээлийн хугацаа дууссан боловч М.С нь 992 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна.
1.2. Зээлийн гэрээнд заасны дагуу М.С нь 2023 оны 11 сарын 21-ний өдрийн байдлаар төлөх ёстой үндсэн төлбөр 14,500,000 төгрөг, төлөх ёстой хүү 19,401,821 төгрөг, төлөх ёстой алданги 2,326,576 төгрөг буюу нийт 36,228,397 төгрөг байна. Үүнээс үндсэн зээлээс 2,456,370 төгрөг, хүүд 6,681,174 төгрөг, алданги 43,500 төгрөг тус тус төлсөн.
1.3. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ зохих ёсоор төлөөгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 12,043,630 төгрөг, хүүд 12,720,647 төгрөг, алданги 2,283,076 төгрөг, нийт 27,047,353 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие 2019 онд М ХЗХ-ноос 14,500,000 төгрөг зээлсэн. 2019 оны 08 сараас 2022 оны 09 сар хүртэл нийт 18,000,000 төгрөгийн хүү төлсөн. Урьд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж шийдвэрлэсэн. Гэвч гэрчилгээ өгөхгүй дахин ********** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.С гаас 27,047,353 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч М-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн мөртлөө нэгэнт тогтсон үйл ажиллагаа явуулаад 23 жил үйл ажиллагаа явуулж байгаа Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрөл, гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсаар байтал хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитоор хандах ёстой байсан. Тус шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа 3 удаа хойшилсон. Хэрэгт ач холбогдол бүхий гэж нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамж гарсан. Түүний дагуу М ХЗХ-ноос хариуцагч М.С гийн зээлийн тооцоолол, дансны хуулга зэргийг шүүхэд гаргаж өгч захирамжийн биелэлтийг хангасан. Гэтэл тухайн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа М.С ХЗХ-ны гишүүн мөн болохыг тодорхойлсон баримтыг захирамж /дээрхи нотлох баримт гаргуулах захирамж/-д дурьдаж болох байсан.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг бол тухайн шүүхийн шийдвэр гарах нөхцлийг бүрдүүлсэн үйл баримт, үр дүнгийн талаар дурьдах чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Гэтэл зээлийн барьцаанд М.С, Ц.Б нарын үл хөдлөхийг барьцаалжээ гэж буруу тодорхойлсон. Ө ХЗХ нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 05 сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон гэж буруу тодорхойлсон.
4.3. Шүүх хуралдаан явуулах нийтлэг журам зөрчигдсөн. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ бидний шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжийг харгалзаж үзэлгүй хайнга хандаж, хэт нэг талыг барьсан байдлаар хандсан гэж үзэж байна. М.С г тус хоршооны гишүүн мөн, хоршооны гишүүний дэвтэр өөрт нь байгаа талаар удаа дараа шүүх хуралдаан даргалагчид мэдэгдсэн. Тухайн асуудалд шүүхээс тодорхой хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан. Шүүх хуралдаанд бэлтгэл муутай ирсэн, удаа дараа шүүх хуралдааны дэг зөрчсөөр /хурлын танхимд утсаар 2 удаа ярьсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү зохисгүй үг хэллэгээр дайрсан/ байхад арга хэмжээ аваагүй.
Шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг тал бүрээс, бүрэн дүүрэн, бодитоор хандаагүйд гомдолтой байна. Үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж хэлцэл хийсэн гэдгийг яг ямар үйл баримтад тулгуурлаж хийсэн нь тодорхой бус, хүчин төгөлдөр бусад тооцогдох ямар төрлийн хэлцэл байгаа гэдгийг тодорхойлох үүрэгтэй байсан. Гэтэл шүүхийн ачаалал их байна, 10 цагаас өмнө энэ хурлыг шийдэж дуусах шаардлагатай байна гэх дарамт шахалт нь иргэний эрх зүйн харилцааны тэгш эрхийн зарчим, өөрийгөө эрх зүйн хүрээнд хамгаалахад саад учирсан гэж үзэхээр байна.
Тухайн хэргийг шийдвэрлэхээр шүүгчдийн зөвлөгөөнөөр сонгогдсон шүүгч нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрийн санаачилгаар шаардан гаргуулах, шүүх хуралдааны явцад хэргийн бодит байдлыг тогтооход чиглэгдсэн асуултыг хэргийн оролцогч нараас асууж бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн учраас М ХЗХ шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж хууль зүйн талаас нь бус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоход чиглэгдсэн гэж үзэж байна. Нэгэнт тогтсон үйл ажиллагаа явуулаад 23 жил болсон хадгаламж, зээлийн хоршоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл, 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж тодорхойлсон нь бодит байдалд нийцэхгүй.
Шүүхээс өөрийн санаачилгаар нотлох баримт гаргуулах шийдвэр гаргахдаа хэрэгт шийдвэрлэх нөлөө үзүүлэх нотлох баримт бус, нэхэмжлэл гаргахад бүрдүүлж өгсөн нотлох баримтыг захирамжаар гаргуулсан /анх нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн нотлох баримт/, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх ХЗХ-ны дүрэм, тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол зэргийг гаргуулах захирамж гаргаагүй нь шүүхээс М.С г манай хоршооны гишүүн мөн болохыг тодорхойлохыг огт зориогүй нь тухайн шүүхийн шийдвэр гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт тус тус үндэслэл болгосон мөртлөө тухайлсан /тухайн өдрөө/ шийдвэр гаргадаг уу? ... гэж нэхэмжлэгчээс асуусан нь зохимжгүй. Хоршооноос хуульд нийцүүлж хоршооны дүрмийг батлах учраас гишүүн өргөдөл гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор гишүүнээр элсүүлэх шийдвэрийг Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх Хадгаламж, зээлийн хоршоо гаргана. Мөн гишүүддээ үйлчилдэг байгууллагын гишүүний анкет, гэрээ байгуулах хүсэл сонирхлоо илэрхийлсэн өргөдлийг нотлох баримтад тооцоогүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас 27,047,353 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2019 онд мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө төлөөд, орон гэрээ буцааж авна гэсэн бодолтой байсан. Миний бие тухайн үед настай хүн асарч, сарын 500,000 төгрөгийн цалин авдаг байсан. М ХЗХ-ны зээлийн хүүд сард 350,000 төгрөг төлөөд, 150,000 төгрөгийг амьдарлаа зарцуулдаг. Хэрвээ би өндөр цалинтай ажилд орж чадвал банкнаас мөнгө зээлээд ч хамаагүй М ХЗХ-ноос авсан мөнгөө төлнө гэж бодож байсан.
Миний бие 2022 оны 09 дүгээр сар хүртэл сар бүр 350,000 төгрөг төлж байсан. Гэвч ковид гарснаас үүдэн ямар ч мөнгөгүй болсон. Гэтэл нэхэмжлэгч намайг 3 сар зээлийн төлөлтөө хийгээгүй гээд 1,000,000 төгрөгийн алданги нэмж шаардаж байсан тул би М ХЗХ-той уулзаж ...алданги төлөх боломжгүй байна, алданги хасаад өгөөч гэж гуйхад ...та манайхаас мөнгө зээлээд төлчих гэсэн тул алданги төлөхгүй гэсэн болохоор нь дахин зээлийн гэрээ байгуулж зээл авсан.
Миний зээлийн үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг байсан бөгөөд М ХЗХ надад 13,000,000 төгрөг зээлүүлсэн. М ХЗХ зээлийн сарын төлөлтийг багаар тооцож өгсөн бол би гомдолгүй байх байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч М.С д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,047,353 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... 2019 онд М ХЗХ-ноос 14,500,000 төгрөг зээлсэн, 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл нийт 18,000,000 төгрөгийн хүү төлсөн, ... өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.
3.Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна.
3.1.М ХЗХ, М.С нар 2019 оны 07 сарын 31-ний өдөр 07/99 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч М ХЗХ нь 14,500,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч М.С гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх, хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-9/
3.2. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 07/99 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийнҮ-********** дугаарт бүртгэлтэй, Ц.Б, М.С нарын өмчлөлийн ********** дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-10/
3.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/2515 дугаартай шийдвэрээр М.С гийн нэхэмжлэлтэй, М ХЗХ-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар М.С болон М ХЗХ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 03/39 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө болох ********** дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийнҮ-********** дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч М ХЗХ-нд даалгаж, шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр байна. Уг шийдвэрт нэхэмжлэгч М.С нь М ХЗХ-той 2019 оны 07 сарын 04-ний өдөр 07/14 тоот зээлийн гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийг зээлдэн авсан , улмаар 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 07/99 дугаартай зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөг М.С д нэмж өгч нийт 14,500,000 төгрөгөөр зээлийн болон барьцааны гэрээг шинэчилжээ. гэж дүгнэжээ. /хх-34/
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцэж байна.
4.1. Учир нь, нэхэмжлэгч М ХЗХ нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
4.2. Дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно, 18 дугаар зүйлийн 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах-ыг хориглоно гэж тус тус заасан.
4.3.Мөн хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу хоршооны гишүүнээр элсүүлэх ба тухайн гишүүн хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамжийг төлөх, хоршооны үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцах этгээд байхаар зохицуулжээ.
4.4.Хариуцагч М.С нь зээлийн гэрээний дагуу 14,500,000 төгрөг зээлсэн гэдгээ, мөн зээлийн үүрэгт мөнгөн хөрөнгө төлж байснаа үгүйсгээгүй бөгөөд тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд зээл авах зорилгоор хоршоонд 50,000 төгрөгийн хураамж төлсөн гэсэн тайлбар гаргасан.
4.5. Хэргийн 12-13 дахь тал дахь гишүүний анкет болон М ХЗХ-ны зээлийн хоршооны тогтоол зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч хадгаламж зээлийн хоршоо нь дээрх хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу хариуцагч М.С г гишүүнээр элсүүлж, гишүүдийн бүртгэлд бүртгэсэн, тэрээр хоршооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээсэн этгээд гэж дүгнэх үндэслэлгүй.
4.6. Нэхэмжлэгч нь шаардах эрхийнхээ үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын гишүүн, маргаан бүхий зээлийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд гишүүддээ үйлчлэх буюу ашиг олох зорилгогүйгээр зээл олгосон гэх үйл баримтыг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
5. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 07/99 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй.
5.1. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу хариуцагч нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу авсан 14,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
5.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн дансны тооцоо, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчаас төлсөн мөнгөн төлбөрийн дүнг нэгтгэн, тооцоод нэхэмжлэгч М ХЗХ-нд хэлцлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлсэн буюу хариуцагч нь 15,727,864 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгчид буцаан өгөх өр, төлбөргүй байна гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
5.3. Мөн талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнээд, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Харин шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч М ХЗХ-ны нэрийг Ө ХЗХ гэж, хариуцагч М.С г М.С гэж тус тус бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Уг алдаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.
7.2. Иймд Шүүх хуралдаан явуулах нийтлэг журам зөрчигдсөн, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ бидний шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжийг харгалзаж үзэлгүй хайнга хандаж, хэт нэг талыг барьсан байдлаар хандсан, М.С г тус хоршооны гишүүн мөн, хоршооны гишүүний дэвтэр өөрт нь байгаа талаар удаа дараа шүүх хуралдаан даргалагчид мэдэгдсэн талаар шүүхээс тодорхой хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ********** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/03474 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД