| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2024/01244/И |
| Дугаар | 210/МА2024/02013 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02013
Ц.Б ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/03328 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Б ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч А ХХК -д холбогдох
**** дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, А1 блок, **** давхар, *** тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Ц.Б нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А ХХК -ийн борлуулалтын албаны менежер Ж.Э тай 2 өрөө байр авахаар уулзахад Д.Л гэх хүний бартераар авсан байрыг 1 м.кв-ын үнийг 2,800,000 төгрөгөөр аваач гэсэн. Ц.Б уг саналыг зөвшөөрч, А ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Б, ЗТМА-ын дарга Б.А , эрх шилжүүлэгч Д.Л , эрх хүлээн авагч Ц.Б нар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 71/01 дугаартай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 74 тоот гэрээний өөрчлөлт гэх гэрээг байгуулан захиалагч талыг Ц.Б гэж ойлгох, гэрээтэй холбоотой үүсэх аливаа эрх, үүрэг, хариуцлага Ц.Б т шилжинэ гэдгийг баталгаажуулсан.
1.2. Дээрх гэрээг үндэслэн мөн өдөртөө 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 74/01-01 дугаартай **** хороолол барилгын 6 дугаар ээлжийн орон сууц захиалгын гэрээг А ХХК -ийг төлөөлөн ЗТМА-ын дарга Б.А , захиалагч Ц.Б нар байгуулж, захирал Б.Б , МБА-ын менежер Ж.Э , ЗТМА-ын дарга Б.А , захиалагч Ц.Б нар гарын үсэг зурж, А ХХК -ийн ерөнхий захирал Х.Б баталж, компанийн тамга, тэмдэг дарсан.
1.3. Ц.Б гэрээ байгуулсан өдөр 1 м.кв талбайг 2,800,000 төгрөгөөр тооцон *** хороолол, А1 блок, *** тоот гэх гүйлгээний утгатайгаар 90,000,000 төгрөг, 55,768,000 төгрөг, нийт 145,768,000 төгрөгийг Д.Л-ийн эхнэр Э.М-ийн дансанд шилжүүлж байрны үнийг бүрэн төлсөн.
1.4. Орон сууц 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон тул байрныхаа түлхүүрийг авахаар очиход гүйцэтгэх захирал Б.Б нь компани шүүхийн маргаантай байгаа тул танай байрны түлхүүрийг өгөхгүй гэсэн.
1.5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа, Ц.Б байрны үнийг бүрэн төлсөн тул захиалсан байранд оруулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 74/01-01 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу *** хороолол, А1 блок, **** давхар, *** тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг А ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э ХХК -ийн газар болон хувьцааг худалдаж авахаар С.П той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбогдон гэрээ цуцлагдсан.
Үүнтэй холбоотой тухайн гэрээний бартерт шилжүүлж өгсөн 2,650,000,000 төгрөгийн үнэ бүхий А ХХК -ийн хэрэгжүүлж байгаа **** хороолол төслийн 15 байрыг манай компани өмчлөлдөө шилжүүлж авахаар С.П той төлбөр тооцооны гэрээ байгуулсан. Захиалагч нарт гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн.
2.2. С.П нь 3 орон сууцны төлбөрийг авсан учраас уг орон суунуудын захиалгын гэрээг хэвээр үлдээж, бусад орон сууцнуудын төлбөрийг аваагүй тул шүүх дээр ямар нэгэн маргаан гарвал өөрөө хариуцна гэсэн. Гэвч одоог хүртэл манайд ямар нэгэн хөрөнгө, мөнгө өгөөгүй учир цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа.
2.3. Нэхэмжлэгч Ц.Б ын нэхэмжлэлд дурдсан орон сууцны төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манай компанид орон сууцны төлбөр орж ирээгүй учраас гэрээний 6.2-т зааснаар гэрээ захиалагчийн санаачилгаар цуцалсан. Энэ талаар 2023 оны 11 дүгээр сард мэдэгдсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар **** дүүргийн *** дугаар хороо, Олимп хороолол /*** /, Хүннү гудамж, *** дугаар байрны *** тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай, хоёр өрөө сууцыг нэхэмжлэгч Ц.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Ц.Б ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч А ХХК -д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 886,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 886,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ болон Ц.Б , Э.М нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар мэдүүлэг, С******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоол зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.1. Ц.Б нь Э.М-ийн данс руу төлбөр шилжүүлсэн баримтыг үндэслэн төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзсэн байна. Э.М нь А ХХК -тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ байгуулаагүй болно. Энэхүү орон сууцны өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд цэвэр итгэлцэлийн үндсэн энэхүү орон сууцны гэрээг хийсэн. Бидний итгэлийг хуурч мэхлэн энэхүү байрны эрх бусдад шилжсэн.
Хэргийн үйл баримтын хүрээнд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалт огт хэрэгжээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн данс руу огт мөнгө шилжүүлээгүй бөгөөд Ц.Б нь Э.М-ийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдсоор байтал шүүх төлбөр төлөгдсөн гэж үзсэн үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Үүнээс үндэслэвэл энэхүү худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус шинж чанарыг агуулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслээ нотлох шаардлагатай байдаг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй болно. Ц.Б ын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
4.2. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу А ХХК -аас гаргаж өгсөн нотлох баримт болон талуудын хооронд байгуулсан гэрээг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлэхгүй шийдвэр гаргасан.
А ХХК болон Э ХХК -ийн гүйцэтгэх захирал С.П нар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр **** хороолол 6 дугаар ээлжийн захиалгын А1 блок, **** давхар, *** тоот 52.06 м.кв 2 өрөө орон сууцыг худалдахаар гэрээ байгуулсан.
Дээрх орон сууцыг С.П нь иргэн Д.Л д худалдан борлуулж, Д.Л нь Ц.Б т худалдсан.
С.П , Д.Л , Ц.Б нар нь **** хорооллын А1 блок, **** давхар, *** тоот 52.06 м.кв 2 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Хэргийн материалд эдгээр хүмүүсээс А ХХК -д төлбөр шилжүүлсэн баримт байхгүй.
Гэтэл мөнгө шилжүүлсэн данс тодорхой, хангалттай нөхцөл байдлууд нотлогдож байхад шүүх эрх зүйн буруу дүгнэлт хийж, нотолж чадаагүй гэж дүгнэж буй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэдгийг тодорхой харуулж байна.
4.3. Компанийн зүгээс энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэлх хугацаанд явуулж байгаа. Үүнтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухайн мөрдөгчийн тогтоол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид удаа дараа хүсэлтийн гомдлын хариу өгсөн прокурорын хариу мэдэгдэх хуудас байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр бөгөөд хүчин төгөлдөр гэрээний дагуу 2 өрөө орон сууцны мөнгийг нэхэмжлэгч нь бүрэн төлсөн буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн учир 2 өрөө орон сууцаа өөрийн өмчлөлдөө авъя гэсэн шаардлага гаргасан ба уг шаардлагыг анхан шатны шүүх үнэн зөв дүгнэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч А ХХК -д холбогдуулан **** дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, А1 блок, ** давхар, *** тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ А ХХК -ийн эрх бүхий албан тушаалтнуудтай харилцан тохиролцож, Д.Л-ийн захиалсан орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн авч, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 71/01 дугаартай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 74 тоот гэрээний өөрчлөлт гэх гэрээг байгуулж захиалагч талыг Ц.Б гэж ойлгох, гэрээтэй холбоотой аливаа эрх, үүрэг, хариуцлага Ц.Б т шилжинэ гэдгийг баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. ... А ХХК -ийн зөвшөөрлийн дагуу орон сууцны төлбөрийг эрх шилжүүлэгч Д.Л д бүрэн төлсөн, **** дүүргийн *** дугаар хороонд байрлах *** хороолол, А1 блок, **** давхрын *** тоот хаягт байршилтай 52.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан байна.
Хариуцагч тал эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... маргаан бүхий орон сууцыг Э ХХК -тай байгуулсан гэрээг үндэслэн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн боловч Э ХХК -ийн захирал С.П гэрээний үүргээ зөрчиж, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор **** хороолол төслийн 15 байрыг А ХХК өмчлөлдөө шилжүүлэн авахаар С.П той төлбөр тооцооны гэрээ байгуулсан, гэрээ цуцлагдсантай холбоотой хариуцлагыг С.П хариуцахаар тохиролцсон, Ц.Б нь А ХХК -д орон сууцны төлбөр төлөөгүй, гэрээ цуцлагдсан гэх агуулгаар тайлбарлан, зохигч маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, А ХХК , Д.Л нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 74 дугаартай **** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хороолол барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын гэрээний 1 дүгээр хавсралтын төлбөр төлөх нөхцөлд **** хотхон А1 блок **** давхарт *** тоот орон сууцны үнийг 161,386,000 төгрөгөөр тодорхойлж, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Э ХХК -ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож шилжүүлж байгаа болно. гэж, төлөлтийн хувийг 100 хувь гэж тус тус бичиж, гэрээний талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /хх-74-77/
3.1. А ХХК болон С.П нар 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 1.2-т Талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан **** 92, **** 93 тоот бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ-Компанийн хувьцаа, Компаний эрх шилжүүлэх гэрээний дагуу Э ХХК -ийг иргэн С.П -д буцаан шилжүүлсэн болно. гэсэн, 1.3-т С.П нь 4,000,000,000 төгрөгийн төлбөрийг Хавсралт-д заасан үл хөдлөх хөрөнгөөс А ХХК -ийн өмчлөлд төлбөрт тооцуулан шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно. гэсэн нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-87-92/
3.2. Зохигч талууд орон сууцны үнэ төлөх үүргийн гүйцэтгэлийн талаар, мөн А ХХК , С.П нарын хооронд байгуулагдсан гэх 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** 92, **** 93 дугаартай худалдах, худалдан авах гэрээ-Компанийн хувьцаа, Компаний эрх шилжүүлэх гэрээ цуцлагдсантай холбогдон С.П , захиалагч нарын өмнө үүрэг хүлээхээр тохиролцсон гэж тайлбарлан, маргажээ.
3.3. Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй А ХХК , С.П нарын хооронд байгуулагдсан гэх 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн **** 92, **** 93 дугаартай худалдах, худалдан авах гэрээ-Компанийн хувьцаа, Компаний эрх шилжүүлэх гэрээнүүд хэрэгт авагдаагүй байна.
4. Анхан шатны шүүх, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэснээр Д.Л , С.П нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх талаар тодруулах ажиллагаа явуулаагүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн талуудын маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаагийн улмаас зохигчийн маргаж буй үйл баримтыг тогтоож, хэн хэний хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, хэнээс хэнд шаардах эрх шилжсэн, дээрх гэрээний талуудын хооронд өр, авлагын харилцаа дуусгавар болсон эсэх, орон сууц өмчлөх эрх шилжсэн үр дагавар, хууль зүйн үндэслэлийг тодорхойлон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/03328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 886,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД