Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02012

 

 

     

Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/04393 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Бд холбогдох

 

Гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.Б нь 2023 оны 09 сарын 28-ны өдөр ***** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлд байрлах Эрч хүч худалдааны төвийн гадна иргэн Б.Т ы биед халдаж, улмаар нүүрэн тус газар цохиж, тархи доргилт, зүүн шанаа, хүзүү, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болохыг ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоож, шийтгэсэн. Б.Т ы орчуулагчаар мөрдөн байцаах, цагдаа, шүүх, прокурорт шилжих хүртэл ажилласан. Шүүх хурлын үед хохирогч нас барсан, түүний эцэг хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон тул миний бие ажиглагчаар оролцсон.

1.2. Тухайн үед баримт нь гүйцэд бүрдээгүй, шийдвэрлэж чадаагүй зүйл нь орчуулагчийн зардал байсан. Шүүхээс орчуулагчийн зардал 3,000,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

1.3. Хэрэгт баримтаа бүрдүүлж өгсөн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээд төлөхөөр заасан. Иймд орчуулагчийн зардал 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс тухайн үед гарсан шийтгэх тогтоолоор хохирогчид 7,262,500 төгрөгийг миний бие төлж барагдуулсан тул орчуулагчийн зардал хамааралгүй гэж үзэж байна. Нөгөө талаар, М.Б нь монгол хэлээр сайн ярьдаг, бүрэн ойлгодог байсан учраас орчуулагч шаардлагагүй байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд орчуулагчийн зардал хамааралгүй буюу төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал Монгол улсын нутаг дэвсгэр дээр төрсөн Монгол улсын иргэн учир нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 3,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б эд олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг үндэслэж нотлох баримт хуулийн шаардлагыг хангаагүй. ХААН банкны 2024 оны 06 сарын 27-ны өдөр мэдээллийн системийг ашиглан үүсгэж, боловсруулж хүлээн авсан цахим тамга буюу баталгаажуулах QR код хэрэглэсэн мөнгөн шилжүүлгийн цахим нотлох баримтын цаасан хэлбэрийн эх хувийг нотариатаар гэрчлүүлээгүй гэж үзэн уг нотлох баримтыг үнэлээгүй байх тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

ХААН банкны 2024 оны 06 сарын 27-ны өдрийн автомат киоскаас мэдээллийн системийг ашиглан үүсгэж, боловсруулж хүлээн авсан мөнгөн шилжүүлэгч цахим тамга буюу баталгаажих QR код хэрэглэсэн бөгөөд тухайн этгээдийг тодорхойлох зорилгоор Цахим гарын үсгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д заасны дагуу цахим гарын үсгийг нэгтгэсэн цахим өгөгдөл болох ХААН банкны вебсайт руу хандан 16 орон тоо бүхий кодыг оруулах зэргээр мөнгөн шилжүүлэгт хавсаргасан цахим тамга буюу баталгаажуулах QR код хэрэглэсэн ба уг баримт бичиг нь тамгыг орлох чадамжтай тоон гарын үсгээр баталгаажсан болно гэжээ.

5.2. Гэтэл шүүхээс мөнгөн шилжүүлгийн цахим баримт бичгийн цаасан хэлбэрийн эх хувийг баталгаажуулах QR кодыг утсаараа уншуулж цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байгаа эсэхийг шалгах ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 2,000,000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Миний зүгээс тухайн мөнгийг нэхэмжлэгчийн итгэмждлэгдсэн төлөөлөгчид өгсөн тул дахин төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлж байгаа болон орчуулагч хийх эрхийн үнэмлэхтэй эсэх нотлох баримт огт байдаггүй атлаа намайг янз бүрээр дарамталж мөнгө авахыг хүсдэг. Иймд би тухайн мөнгийг төлөх үндэслэлгүй ба боломж ч байхгүй. 7,260,000 төгрөгийг би хүнээс зээлж авч өгсөн бөгөөд одоо түүнийгээ төлөөд явж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... Б.Б нь .... Б.Т ы биед халдаж, ... эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн .... Б.Т ы орчуулагчийн ажлыг мөрдөн байцаах, цагдаа, шүүх, прокурорт шилжих хүртэл хууль болон гарсан тогтоолын дагуу хийсэн ... орчуулагчийн ажлын хөлсний баримт байхгүй тул нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн ... гэж тайлбарласан байна. Хариуцагч эс зөвшөөрч, орчуулагчийн зардал хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тогтоолоор хохирогчид 7,262,500 төгрөгийн хохирол гарсныг төлж барагдуулсан, ... М.Б нь монгол хэлээр сайн ярьдаг, бүрэн ойлгодог байсан ..., Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд орчуулагчийн зардал хамааралгүй гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, зохигч маргажээ.

 

3. ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Б нь 2023 оны 09 сарын 28-ны өдөр ***** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлд байрлах Эрч хүч худалдааны төвийн гадна иргэн Б.Т ы биед халдаж, ...хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарыг хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар үйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 7,292,500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б т олгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 2024/ДШМ/268 дугаартай тогтоолоор тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-3-11/

 

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй тогтоогдсон үйл баримт гэж зөв дүгнэсэн. Харин талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

4.1. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.З нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор бичиг үсэг мэдэхгүй, монгол хэл мэдэхгүй хохирогч Б.Т д хэргийн материал танилцуулах, түүнийг мэдээллээр хангах үүднээс Х.Б г орчуулагчаар томилжээ. /хх-21-22/

4.2. Хэргийн 27 дахь талд авагдсан баримтад хохирогч Б.Т д хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд орчуулагч Х.Б гарын үсэг зурсан байна. /хх-27/

4.3. Дээрх нотлох баримтуудаас үзвэл, Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.Б г орчуулагч /хэлмэрч/-аар оролцуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нь уг зардлыг эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролд тооцон гаргуулах үндэслэл болохгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна. гэж зааснаар орчуулагчийн зардлыг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хамт шийдвэрлэхээр зохицуулжээ. Хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шийдвэрлээгүй нь, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь орчуулагчийн зардал болон бусад хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар Б.Б жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол шаардах эрхийн үндэслэл болохгүй.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор ХААН банкны дотоод шилжүүлгийн баримт, ажлын хөлс нэртэй бичгийн баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

5.1. Хэргийн 16, 17 дахь талд авагдсан ХААН банкны дотоод шилжүүлгийн маягт, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудаас үзвэл, 2024 оны 08 сарын 02-ны өдөр ХААН банк дахь данснаас Б М-аас Х Б-д 1,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 27-ны өдөр Б Е-аас Х-т Б-д 2,000,000 төгрөг тус тус орчуулагчийн хөлс гэсэн утгаар шилжүүлжээ.

 

5.2. Хэргийн 26 дахь талд авагдсан 2023 оны 10 сарын 30-ны өдрөөр огноолсон Ажлын хөлс нэртэй баримтад Орчуулагч, хэлмэрч Х.Б миний бие хохирогч Б.Т бусдад зодуулсан байх тул түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3, 1.15, 1.28, 8.5, 9.4 дүгээр зүйл заалтууд, 2023 оны 09 сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэл болсон бидний харилцан тохиролцоог тус тус үндэслэн тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрчээр, мөн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тус тус оролцож, хууль, эрх зүйн шаардлагыг хангаж ажиллах үүрэг хүлээж байна. Ингэхдээ энэхүү хоёр төрлийн гүйцэтгэх ажлын хөлсөнд 3,000,000 төгрөгөөр тохиролцсон нь үнэн болно. гэж тусган хохирогч Б.Т , орчуулагч бөгөөд иргэний нэхэмжлэгч Х.Б нар гарын үсэг зурсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй учир дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ХААН банкны дотоод шилжүүлгийн маягт, шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг буруу хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг 1,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Гэхдээ хариуцагч Б.Б энэ шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хүрээнд хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/04393 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД