Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 477

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

2019          06        12                                  2019/ШЦТ/477

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч А.А.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Алзахгүйн А.Хид холбогдох эрүүгийн 1911012790539 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бэсүд овгийн Алзахгүйн А.Х,1983 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Тракторчин мэргэжилтэй, “Ноён трейд” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1073 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД: ............1

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч А.А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч А.А.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хохирогч Т.Үүрцайхтай маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А.Х мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А. А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг 2019 оны 04-р сарын 24-ны өглөө ажилдаа явах гэж байтал эхнэр Т.Үүрцайх утсаар яриад хүүхдээ цэцэрлэгт оруулахад мөнгө хэрэгтэй болчихлоо чамд 200.000 төгрөг байна уу гэхээр нь яг одоо бол 100.000 төгрөг байна. Ажил дээр очоод хүнээс асуугаад 200.000 төгрөг болгох гээд үзье гэж хэлсэн. Ингээд өдөр эхнэр Т.Үүрцайх залгахаар нь ажлаасаа гарч чадахгүй байна. Ажлаа тараад очиж уулзья гэж хэлээд орой 20 цагийн үед ажил тараад ганцаараа тал шил архи уугаад өөрийнхөө 99944379 дугаараас эхнэр Т.Үүрцайхын 94006851 дугаар луу залгаж хаана байна гэтэл гэртээ байна гэсэн тул би хүний машинтай явж байна 32-н тойрог дээр уулзья гээд 32-н тойрог хүрээд утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байхаар нь шууд Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 20-1026-Е тоотод байрлах гэрийнхэн гадаа очоод утас руу нь залгатал Т.Үүрцайх утсаа авахаар нь гэрийн чинь гадаа ирсэн байна гэхэд Зам гүүрийн баазаас уруудаад явж байна. Одоо очлоо гээд 20 орчим минутын дараа Булгийн 20-р гудамжинд хүрч ирсэн юм. Энэ үед эхнэр Т.Үүрцайх чи намайг энэ тэнд уулзана гэж тоглоом хийлээ гэж уурлаад миний баруун зүүн чихнээс гараараа зуураад нүүр лүү 2-3 удаа цохиж аваад миний малгайг аваад шидчихээр нь би малгайгаа авах гээд тонгойтол зүүн хавирганы орчимд 1 удаа өшиглөсөн учир би уурлаад газраас чулуу аваад толгой руу нь 1 удаа цохьсон. Гэтэл Т.Үүрцайхын толгойноос цус гараад би шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явж оёдол тавиулж боолт хийлгүүлэх үед Гэмтлийн эмнэлэг дээр цагдаа нар намайг саатуулсан юм ...” /хх-45-46х/

Хохирогч Т.Үүрцайх мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... өөрийн нөхөр А.А.Хтой 2017 оны 03 дугаар сараас хойш таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байгаа юм. Ингээд 3 хүүхдээ би өөрөө авсан учир ямар нэгэн байдлаар мөнгөн тусламж хэрэгтэй болсон. А.А.Хийн хувьд мөнгө төгрөг өгч туслаад байдаггүй юм. Ингээд би бага хүүхэд Хос-Эрдэнэ маань аутизм буюу орчноос өөрийгөө тусгаарлах эмгэгтэй учир тусгай хувийн цэцэрлэгт сарын 200.000 төгрөгөөр явуулах болтол мөнгөгүй болчихоод А.А.Хтой ярьж мөнгө байна уу гэхэд 100.000 төгрөг байна. Би ажил дээрээ очоод чадвал 200.000 төгрөг болгоё гэж хэлсэн боловч ярихгүй байхаар нь өдөр 14 цагийн үед дугаарлуу нь залгаж ярьхад ажилтай гарч чадахгүй байна...”, “...би гэрээсээ гараад 32-ын тойрогруу алхаж явтал А.Х надруу ярьсанаа гэрийн чинь гадаа ирсэн байна. Чамруу залгасан шүү дээ гэхээр нь утсаа хартал 3 удаа дуудлага ирсэнийг би сонсоогүй байсан. Тэгээд буцаад би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд очиж А.А.Хтой уулзтал архи уучихсан согтуу байсан учир би намайг хүүхдүүдтэйгээ орхисон гээд гэр бүлийн асуудлаас болж маргалдаж байтал миний зүүн чихрүү маш хүчтэй цохьсон учир би уурлаж түүнийг 2-3 алгадаж автал А.Х газраас алгандаа багтхаар том чулуу бариад миний толгойн тус газарт 1 цохьсоны улмаас толгой хагарч цус гоожоод шууд Гэмтлийн эмнэлэгрүү авч явсан юм...”, “...Миний хэргийн материалд хавсаргаж өгсөн толгойноос цус гоожсон 2 зураг маань 2019 оны 04 дүгээр сарын 24-ний орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд А.А.Х миний толгойруу чулуугаар цохьсон үеийн зураг юм...”, /хх-н 08-10-р хуудас/

Гэрч А.Халиунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний төрсөн ах А.А.Хийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний орой эхнэр Т.Үүрцайхтай маргалдаж зодолдсон асуудлын талаар үзсэн харсан зүйл байхгүй учир энэ талаар мэдэхгүй байна. Харин өнөөдөр ах А.А.Х эрүүлжүүлэгдсэн байна ирж аваач гэсний дагуу цагдаагийн байгууллага дээр ирсэн юм...”, “...миний төрсөн ах А.А.Х маань эхнэр Т.Үүрцайхтай таарч тохирохгүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын сүүлчээс эхлэн манайд амьдарч байгаа нь үнэн болно /хх-ийн 24-25х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5132 тоот “...Т.Үүрцайхын биед толгойн хуйханд шарх, хаван, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч А.А.Хийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А. А.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Бэсүд овогт Алзахгүйн А.Хийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Хийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД