| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2017/0284/З |
| Дугаар | 353 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 353
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “У.Д.С” ХХК,
Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, улсын байцаагчГ.Н нар,
Нэхэмжлэлийн шаардлага: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 65-07-001/05 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчГ.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.Д.С” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6507001/05 дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн дүгнэлтийг гаргахдаа улсын байцаагч дараах хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. “У.Д.С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал үүсээд байхад хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа “У.Д.С” ХХК-ийг сонсох ажиллагаа явуулаагүй. Ямар нэг байдлаар тайлбар аваагүй. Бодит нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан удирдамжийн дагуу шалгалт явуулна. Шалгалт, явуулахдаа хяналтын хуудсаар явуулна. Хяналтын хуудас болон удирдамжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 84, 2012 оны 37 дугаар тушаалаар заасны дагуу урьдчилан хүргүүлж, тухайн оролцогчоос буюу шалгуулагчаас тайлбар гаргах боломжийг олгоогүй. Мөн хуульд заасан төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг явуулахдаа удирдамжийн дагуу явуулна гэсэн хуулийн заалтаа зөрчсөний улмаас “У.Д.С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Нэгэнт хуульд заасны дагуу хяналт, шалгалтыг явуулаагүй байгаа учраас 65070001/05 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, өгнө үү гэж байгаа. Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу “У.Д.С” ХХК Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт 36000 м.кв газрыг дулаан үйлдвэрлэх хэрэгцээгээр 1986 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа. Тухайн газрыг Ус, татуургын тухай хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан эзэмшигчийн хууль ёсны эрхэд халдсан дүгнэлт гаргасан нь хууль ёсны эзэмших эрхийг хязгаарлах үр дагавар бий болгох шийдвэр болсон. “У.Д.С” ХХК 2013 оноос хойш ямар нэг байдлаар бохир усаа гадагшлуулдаггүй болсон. Өөрсдийн горимын тохиргоог хийсэн. Сард 2.5 сая төгрөг төлдөг байсныг болиулж, сард нэг удаа өөрсдийн машинаар химийн холбогдолтой усыг татдаг бусдыг нь хэрэглээний усанд шилжүүлдэг горимын тохиргоо хийснийг бүрэн дүүрэн байдлаар үзэж, шалгаж, харалгүйгээр дүгнэлт гаргасны улмаас “У.Д.С” ХХК-д 110 сая гаруй төгрөгийн усны төлбөрт орох нөхцөл байдал үүссэн. Ийм учраас энэ дүгнэлт “У.Д.С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлж байна үзсэн гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрмийг баталж, мөн оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл гэдэг байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Цаашид зохицуулах зөвлөл гэе. Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Бие даасан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тус зохицуулах зөвлөл мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Увс аймгийн Ч.У” ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 154 тоотоор хүсэлт ирүүлсэн. Энэхүү хүсэлтдээ үүсээд байгаа асуудлыг газар дээр нь ирж шалгаж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн. Ингээд зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/17 тоот ажлын хэсгийн удирдамж гарсан. Увс аймгийн Ч.У” ХХК-д очиж ажиллах ажлын хэсгийн удирдамж гэж гарсан. Энэхүү удирдамжийн дагуу ажлын хэсэг очиж ажилласан. Ажлын хэсгээс дүгнэлт, шийдвэр гарсан гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу тухайн үед газар дээр нь очиж ажилласан. Юуны өмнө удирдамжид заасны дагуу газар дээр нь очиж үзэхийн тулд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэвэр усны 3 дугаар өргөлтийн насос станцын барилга байгууламж руу орох шаардлага бий болсон. Газар дээр нь очиход “У.Д.С” ХХК нь цэвэр усны насос станцын гадна талаар тойруулаад хашаагаа барьсан. Хамгаалалтын албатай байдаг юм байна лээ. Хамгаалалтын албанд нь улсын байцаагч ажил үүргийн дагуу явж байна орж, танилцах гэж байна гэж хэлж бичиг баримтаа үзүүлсэн. Тэгэхэд даргаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай гэж байсан. Утас нь холбогдохгүй байсан. Газар дээр нь орж ажиллахад хүндрэл учруулж байсан. Газар дээр нь бодит байдлаар нь үзэхээс нааш дүгнэлт гаргах боломжгүй. Усны эх үүсвэрийн барилга байгууламж мөн үү, Зөрчигдөөд байгаа тохиолдол нь ямар байна вэ гэдгийг тогтоох шаардлагатай тул хашаа руу нь хүчээр орсон. Үзэхэд цэвэр усны 3 дугаар өргөлтийн насосын станц гэдэг нь 1986 онд барилга угсралтын зураг нь гараад, Оросын зургийн студид хийгдсэн. Энэ зургаараа тухайн үеийн Улаангом хотын барилга үйлдвэрлэлийн бааз болоод дулааны станцын усны технологийн хэрэгцээнд зориулаад бий болгосон станц байсан. Усны тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар усны барилга байгууламж, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс ямар хэмжээтэй байх, хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглосон тухай тодорхой заалтууд байдаг. Энэ байдлыг газар дээр нь үзсэн учраас цэвэр усны 3 дугаар станцын үйл ажиллагаа ер нь бол зогссон байсан. Гэхдээ албан ёсоор акталсан зүйл байгаагүй. Ийм учраас би хуульд заасны дагуу цэвэр усны 3 дугаар өргөлтийн насос станцыг усны эх үүсвэрийн барилга байгууламж гэж дүгнэсэн. Түүнчлэн бохир усны хэрэглээний төлбөр дээр маргаантай байсан. “У.Д.С” ХХК дулаан үйлдвэрлэх явцад технологийн процессоос гарч байгаа хаягдал бохир усаа Ч.У” ХХК гэх Увс аймгийн усан хангамж, ашиглалт үйлчилгээг хариуцдаг энэ компанийн төвлөрсөн бохир усны сүлжээнд нийлүүлдэггүй. Дулааны станц 2013 оноос хойш бохир усны төлбөр төлөхөөс татгалзсан байсан. Үүнтэй холбоотой холбогдох бичиг баримтууд, тооцооллоо Ч.У” ХХК-ийн нягтлан бодогч н.Эрдэнэбат тайлбарлаж, бодолтуудаа үзүүлсэн. Энэ тохиолдолд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар хэрэв бохир усны төлбөр тооцооны тоо хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар баталсан Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил үйлчилгээнд зарцуулах усны норм гэж байдаг. Энэ нормоор тооцож авна гэж тодорхой заасан байдаг. Энэ нормын дагуу авах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Маргаан бүхий дүгнэлт нь сөрөг үр дагавар бий болгосон, захиргааны актын шинжийг агуулсан байх тул тус шүүхээс уг дүгнэлтэнд холбогдуулж захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын хооронд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Нийтийн аж ахуйн салбарт мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай № 14/07 дугаар гэрээг байгуулжээ.
Мэргэлжийн хяналтын Ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн № 277 дугаар “улсын/ахлах/байцаагчийн эрх олгох, цуцлах тухай” тушаал -аар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ажилтан Гантөмөрийн Нарантуяад улсын байцаагчийн эрх олгосон нь хуульд нийцээгүй байна.
Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх”, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина” гэжээ.
Өөр хэлбэл төрийн нэрийн өмнөөс хяналт шалгалтыг зөвхөн хуулиар эрх олгосон байгууллага, албан тушаалтан явуулахаар хуульчилсан байх бөгөөд 2 байгууллагын хооронд байгуулсан гэрээг үндэслэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ажилтан Гантөмөрийн Нарантуяад улсын байцаагчийн эрх олгосон нь хуульд нийцээгүй байна.
Нөгөөтэйгүүр Ч.У” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн № 154 дүгээр албан бичиг -ээр гаргасан хүсэлтийн дагуу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № 12/17 дугаар удирдамж -аар ажлын хэсгийг байгуулж, Увс аймагт 2016 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажиллажээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заажээ.
Гэтэл хариуцагч нь хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй болох нь түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн “удидамжийг “У.Д.С” ХХК-нд танилцуулаагүй, сонсох ажиллагааг хийгээгүй, процессын алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Мөн дээр шалгалтыг хийхдээ замын зардлыг Ч.У” ХХК-иас гаргуулсан /хариуцагчийн шүүх хуралдаанд мэдүүлснээр/ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4-д тус тус заасан зарчимд нийцээгүйн дээр шалгалтыг хэт нэг талыг барьж хийсэн гэж үзэхээр байна.
Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 65-07-001/05 дугаар дүгнэлтийг дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 5.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг тус тус баримтлан “У.Д.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, улсын байцаагчГ.Н нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 65-07-001/05 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ