Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2019/0318/З |
Дугаар | 221/МА2019/0616 |
Огноо | 2019-11-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2019/0616
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ч.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0651 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0651 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан “Б” ХХК-ийн СШ-31-10 кодтой сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа Сонгон шалгаруулалтын комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг Сонгон шалгаруулалтын комисст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд дөрвөн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байдаг. Тодруулбал, нэгдүгээрт: Тус сонгон шалгаруулалтад оролцохоор зохих хураамжийг нь тушааж сонгон шалгаруулалтын мэдээлэл, баримт бичгийг авсан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас авсан мэдээлэл, бичиг баримтад албан тоотод дурдсан маягт байгаагүй. Мөн цахим хуудсанд байршуулсан мэдээлэлд К4 маягтаас өөр маягтыг тодорхой заагаагүй байсан. Нөгөө талаар Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/53 дугаар тушаал нийтлэгдээгүй /байхгүй/ байсан.
Хоёрдугаарт: Сангийн сайдын 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 158 тоот тушаалаар батлагдсан жишиг маягтын дагуу үнийн саналаа үйлдсэн. Бидний хүргүүлсэн үнийн саналын маягт нь төрийн захиргааны байгууллагаар батлагдсан жишиг маягт бөгөөд агуулгын хувьд сонгон шалгаруулалтын журамд нийцэж байгаа болно.
Гуравдугаарт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан /хүчингүй болсон/ “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.1.2 дахь хэсэгт “Үнийн саналыг төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдсэн байна” гэсэн заалттай байхад тухайн сонгон шалгаруулалтад оролцох ёсгүй байсан “Сэлэнгэ байгалийн нөөц” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч, үнэлсэн. Түүгээр ч үл барам сонгон шалгаруулалтад ялж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон үйл баримт бий.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 3.3.3-д сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд болох “Кристалл топ майн” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч 40.85 оноо өгсөн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн шударга ёс, тэгш байдлын зарчимд харшилж байна.
Дөрөвдүгээрт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.5-д сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэх талаар нарийвчлан зохицуулсан байна. Тодруулбал, журмын 4.5.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн үнийн санал нь журмын 3.3.3-д заасан шаардлагыг хангаагүй бол 0 оноо өгнө” гэж заасныг зөрчсөн гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үнийн саналыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй гэж үзэж байна.
Ийнхүү дээрх дөрвөн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх тал бүрээс нь шинжлэн судлаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.5 дугаар зүйлд Сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэх талаарх заалт байгааг үндэслэлтэйгээр тайлбарласан боловч анхан шатны шүүх хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
Мөн уг журмын 6.1.1-д заасныг удирдлага болгон шийдвэрээ гаргасан нь хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна. Зүй нь журмын 3.3.1-д заасан агуулга нь үнийн санал нь битүүмжлэлтэй байх, эх болон хуулбар хувьд тус тусад нь хийсэн байх буюу иж бүрдэл талаас нь тавьсан шаардлага гэж ойлгогдож байна. Харин 3.3.3-д заасан шаардлага нь агуулга талаасаа тавигдсан шаардлага болох нь ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, журмын 4.5.1-д уг журмын 3.3.3-д заасан агуулгаар үнийн саналаа ирүүлээгүй бол “0” оноо өгөхөөр нарийвчлан зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн үнийн санал нь 4.5.1-д зааснаар “0” оноо өгөхөөр заасан агуулгын зөрүүтэй баримт гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг удаа дараа сонгон шалгаруулалтад оролцсон туршлагатай, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/58 дугаар тушаалыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэжээ. Энэ дүгнэлт нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын баталсан дээрх тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан захиргааны акт гэж үзнэ. Энэхүү захиргааны акт нь бичгээр гаргасан захиргааны акт байх бөгөөд хуульд заасан /40.2.1/ шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч хариуцагчийн үзлэг хийлгэсэн цахим хуудсанд тавигдсан гэх мэдээлэл хуулийн шаардлагыг хангахгүй байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар 43.1-д зааснаар Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага өөрсдөө хариуцахаар заасан. Мөн хуулийн 43.8-д мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд гаргасан захиргааны байгууллага мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж захиргааны байгууллагад үүрэг болгожээ. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна.
Учир нь хариуцагч шүүх хуралдааны явцад өөрийн цахим хуудсанд дээрх захиргааны актыг олон нийтэд хэрхэн мэдэгдсэн талаар нотолж чадаагүй болно. Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй болно. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй үр дагаврыг нэхэмжлэгч хариуцах нь шударга ёсонд нийцэхгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “...сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж зааснаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/58 дугаар тушаалыг бүрэн эхээр нь нийтэд зарлан мэдээлэх үүрэгтэй гэж ойлгогдохоор байна. Учир нь сонгон шалгаруулалтад оролцогчдыг мэдэх эрхээр ханган, харилцан тэгш оролцох боломжийг олгох ач холбогдолтой байна. Мөн сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй өрсөлдөх тэгш боломжоор хангах, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлан олон нийтийн хяналт дор явуулахаар журмын 1.2-т заасан байна. Гэтэл захиргааны байгууллага энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Анхан шатны шүүх сонгон шалгаруулалтыг дахин явуулж, түүнд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг оролцох боломжтой гэж дүгнэжээ. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т сонгон шалгаруулалтыг дахин зарлаж болох үндэслэлийг заажээ. Тодруулбал, зарласан сонгон шалгаруулалтад ямар нэгэн хүсэлт ирээгүй бол дахин зарлаж болохоор заасан байна. Эндээс үзвэл хуульд сонгон шалгаруулалтыг дахин зарлах эсэхийг дээрх заалтаар зохицуулсан байхад анхан шатны шүүх хуулиас гадуур дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад 3 хуулийн этгээд хүсэлтээ ирүүлсэн бөгөөд үүнийг нь зохих журмын дагуу үнэлэх ёстой байжээ.
Өмнөх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан хүчингүй болсон “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.1.2 дахь хэсэгт “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдсэн байна” гэсэн заалттай байхад тухайн сонгон шалгаруулалтад оролцсон гэх “Сэлэнгэ байгалийн нөөц” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч, үнэлсэн. Түүгээр ч үл барам сонгон шалгаруулалтад ялж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон үйл баримт бий.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмын 3.3.3-д сонгон шалгаруулалтад оролцогч нь үнийн саналаа төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж ирүүлэх тухай зохицуулалттай. Тухайн үед А/58 дугаар тушаал батлагдсан байсан.
Гэвч сонгон шалгаруулалтын комисс нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зарласан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангол нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-27-7 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд болох “Кристалл топ майн” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч 40.85 оноо өгсөн байдаг. Захиргааны байгууллага хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнээгүй байна. Учир нь адилхан үнийн санал өгсөн хуулийн этгээдүүдийн саналыг үнэлсэн үнэлэхгүй байх гэсэн адил тэнцүү шалгуур тавигдах зарчимтай. Хэрэв нэхэмжлэгчид татгалзсан үндэслэл нь бусад этгээдүүдийн хувьд ч мөн адил үйлчлэх нь хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага ижил тохиолдолд өөр өөр шийдвэр гаргасан байгааг анхаарч үзээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0651 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан “...”Б” ХХК-ийн СШ-31-10 кодтой сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа Сонгон шалгаруулалтын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг Сонгон шалгаруулалтын комисст даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор тогтоосон солбицол бүхий Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Дэрст нэртэй 884.35 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр СШ-31-10 кодтой нээлттэй сонгон шалгаруулалт зарлан явуулж, тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Б” ХХК оролцож, техникийн санал ирүүлжээ.
Нэхэмжлэгчээс тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн санал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3-д заасныг зөрчсөн тул хүлээж авах боломжгүй гэж дүгнэн, үнэлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 3.3.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан баримт бичгийг энэ журмын 3.3.3, 3.4-д заасны дагуу бүрдүүлж, ...баримт бичгийн хамт ирүүлнэ” гэж, 3.3.3-д “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу тоо болон үсгээр зөрүүгүй үйлдэж төслийн үндсэн баримт бичгээс тусад нь эх болон хуулбар хувь тус бүрт нь битүүмжлэн хийсэн байна” гэж, 6.1.1-д “Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэд хавсаргасан баримт бичиг нь энэхүү журмын 3.3.1-д заасан шаардлагыг хангаагүй... байвал сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ хийхээс татгалзаж, энэ тухай хурлын тэмдэглэлд тусгана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн санал нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/53 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу үйлдэгдээгүй, энэ нь хэрэгт цугларсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон. Мөн энэ талаарх анхан шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Маягт батлах тухай” А/58 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдээгүй; мөн ...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “...сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж зааснаас үзвэл А/58 дугаар тушаалыг бүрэн эхээр нь нийтэд зарлан мэдээлэх үүрэгтэй, ...захиргааны байгууллага энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын үнийн саналын маягтыг хариуцагч захиргааны байгууллагын цахим хуудсандаа сонгон шалгаруулалтаас өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Харин нэхэмжлэгч дээрх маягтын талаар мэдээгүй гэх шалтгаан нь түүнийг Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг зөрчөөгүй гэж зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянах бөгөөд нэхэмжлэгч компанийг СШ-31-10 кодтой сонгон шалгаруулалтад шалгаруулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар маргаан бүхий сонгон шалгаруулалтын хүрээнд дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, өөрийн оролцсон маргаан бүхий сонгон шалгаруулалтаас бусад үндэслэлээр хариуцагчийг буруутгасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0651 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН