| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 221/2023/0083/З |
| Дугаар | 001/ХТ2024/0036 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2024/0036
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Сангийн сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШШ2024/0002 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-Э (ҮД-1***), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“С” ХХК-аас “Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4.1, 3.4.3, 3.4.4-т заасныг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг баталж, уг журмын 3.4-т “Тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг үнэлэхдээ хуульд заасан хянан үзэх үе шатны үнэлгээг хийж, шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн бүх тендерийг дараах зарчмын дагуу үнэлнэ” гээд, 3.4.1-д “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн байгууллагын тогтоосон босго нэгж үнийн дээд хязгаартай харьцуулан үнэлнэ”, 3.4.3-т “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнэ нь 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно”, 3.4.4-т “Хэрвээ тендерт оролцогчийн үнэ 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно” гэж тус тус зохицуулжээ.
2.1.Нэхэмжлэгч компаниас “... Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4.1, 3.4.3, 3.4.4 дэх заалтууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг зөрчсөн” гэж;
2.2.Хариуцагчаас “... тендерийг үнэлэхдээ зөвхөн хамгийн бага үнэ санал болгосон тендерийг сонгон шалгаруулдаг гэх тайлбар үндэслэлгүй, шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхдээ журмын маргаан бүхий заалтуудыг хэрэглэж үнэлдэг тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтыг зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШШ2024/0002 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 8 дугаар зүйлийн 8.12, 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “...Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын ... 3.4.1, 3.4.3, 3.4.4 гэсэн заалтуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
4.Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Б-Э-ээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргажээ. Үүнд:
4.1.Анх 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Тендерийг үнэлэх” гэсэн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан байдаг. Уг хуульд 6 жилийн дараа 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар 28.7.5-т “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн шинэ нэмэлт зохицуулалт орсноор Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийг дагаж мөрдөхөөр баталсан.
4.2.Харин дахиад 6 жилийн дараа Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг батлахдаа хуулийн 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн зохицуулалтыг орхисон. Ингэснээр зөвхөн хуулийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу тендерийг үнэлэх болсон.
4.3.Энэ тухайд “С” ХХК нь анх удаа 2023 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслүүдийг Ерөнхий гэрээ байгуулах журмаар худалдан авах” тендерүүдэд оролцож, чанар, аюулгүй байдлаараа дэлхийн №01 брэндийн АНУ, Япон, Европын эмнэлгүүдийн хэрэгслүүдийг хүний зүрхний мэс заслын эмчилгээнд санал болгоод “өндөр үнэтэй, олон төрлийн сонголттой” гэдэг үндэслэлээр хасагдахдаа мэдсэн. Бид цахим дэлгүүрт хямдаас үнэтэй рүүгээ, олон төрлийн сонголттой бараа байх ёстой гэж боддог ба манай амьдрал дээр эсрэг байсан.
4.4.Дээрх хугацаанд буюу Сангийн сайд нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар тушаалын 1 дүгээр заалтаар “Ерөнхий гэрээний аргаар бараа, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг шинэчлэн баталж, 3 дугаар заалтаар маргаан бүхий Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмыг хүчингүй болгосон. Ингэснээр хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан ““захиргааны үйл ажиллагаа”-гаар (Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг”, 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараахь хэлбэртэй байна”, 11.1.1 “захиргааны акт”, 11.1.3-д “захиргааны хэм хэмжээний акт” гэж) маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг бүхэлд нь хүчингүй болгож, шинэчлэн баталсан.
4.5.Шинэчлэн баталсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Ерөнхий гэрээний аргаар бараа, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн “Тендерийг үнэлэх” гэсэн 27 дугаар зүйлийн 27.2-т “мэргэжлийн байгууллага тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу үнэлнэ” гэж журамд шинэ заалт оруулж өгсөн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл болсон байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-г үзэхэд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасан байх ба Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар”-ыг үзэхэд Арав.“Тендерийг харьцуулах” 10.5.Тендерийн харьцуулах үнийг тодорхойлсны дараа хуулийн 27.5, 27.6-ийн аль тохирохыг үндэслэн эрэмбэлнэ”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/258 дугаар тушаалаар батлагдсан “Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ыг үзэхэд “Тендерийг үнэлэх” 29-ийн 29.1-д “Захиалагч тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, харьцуулна” гээд “Тендерийг эрэмбэлэх” 34-ийн 34.1-д ” Захиалагч тендерүүдийг эрэмбэлэхэд хуулийн 27.5, 27.6-д заасныг баримтална” гээд IV бүлгийн IV.1-д “Чанар ба үнийн хосолмол” тендер үнэлэх үндсэн шалгуур 1. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах чанар ба үнийн хосолмол шалгуур” гэсэн зохицуулалтыг хийж өгсөн байна.
4.6.Ингээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт бүхэлдээ хүчингүй болж, шинэ захиргааны хэм хэмжээний акт батлагдан гарахдаа эм, эмнэлгийн хэрэгсэл дээр “чанар” 70 оноо, “үнэ” 30 оноо байхаар зохицуулагдсан байх тул хариуцагч бодит байдалд, үйлдлээрээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар зөвшөөрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шийдвэр гаргуулахыг хүссэн боловч хариуцагчийн төлөөлөгч залуу “зөвшөөрөхгүй” гэж тас гүрийхэд захиргааны шүүх “2017-2023 онуудын турш алдаа, дутагдалтай журам гаргаж мөрдсөн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөв байсан” мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.7.Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үзэхэд Сангийн сайдын баталсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-д хуулийн 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн заалтад нийцсэн “эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцогчдын тендерийн саналуудыг харьцуулах ямар ч шалгуур, тавих оноо агуулсан заалт алга” гэж маргаж байхад энэ талаар юу ч байхгүй, “гөлөг төөрүүлсэн” үндэслэл бичсэн байна.
4.8.Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 1-д “Шүүхийн шийдвэр нь зөрчигдсөн буюу маргаантай эрхийг сэргээх, түүнийг зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч болон нийт иргэдэд хүмүүжлийн үр нөлөө үзүүлэх зорилготой болно” гэж заасан байхад хууль зөрчдөг, алдаа завхрал гаргадаг захиргааны байгууллагыг өөгшүүлэх, шинэ залуу хуульч ажилтныг “шүүхэд би ялсан, мундаг” гэж хөөргөхөд хүргэх, олон нийтийн дундаас орж ирэн хөндлөнгөөс “нэхэмжлэгчийн зөв” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн цэвэр итгэл үнэмшлийг унтраасан, үр дүнд нь захиргааны байгууллага хуулиа дахин дахин зөрчих, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх, засахгүй, засрахгүй байх, захиргааны маргаан улам өсөх, шүүхийн ачаалал нэмэгдэх, шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах, ийм зориггүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.9.Иймд манай гомдлыг хянан үзэж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШШ2024/0002 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч захиргааны байгууллага “үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн”-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв боловч хууль хэрэглээний талаар буруу дүгнэжээ.
6.Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 3.4-т “Тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг үнэлэхдээ хуульд заасан хянан үзэх үе шатны үнэлгээг хийж, шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн бүх тендерийг дараах зарчмын дагуу үнэлнэ” гээд 3.4.1-д “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн байгууллагын тогтоосон босго нэгж үнийн дээд хязгаартай харьцуулан үнэлнэ”, 3.4.3-т “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнэ нь 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно”, 3.4.4-т “Хэрвээ тендерт оролцогчийн үнэ 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно” гэж тус тус журамласан; нэхэмжлэгч “С” ХХК-аас дээрх журмын заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д “... чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчиж, чанар ба үнэлгээний харьцуулалт гэх нөхцөлөөс зөвхөн “үнийг” харгалзах зарчмаар тендерийг үнэлэх талаар тусгасан, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэж заасан захиргааны хэм хэмжээний актын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр журмын холбогдох заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
7.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:” гээд 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг; 5.1.23-т ““ерөнхий гэрээ” гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг” гэж, 8 дугаар зүйлийн 8.14-т “Захиалагч ерөнхий гэрээний дагуу худалдан авахаас бусад жил бүр давтагддаг ажил, зөвлөхийн бус үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоосон тендер шалгаруулалт зохион байгуулан гэрээ байгуулж болно” гэж тус тус зааснаар байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээг 3 хүртэл жилийн хугацаанд худалдан авахаар нийлүүлэгчтэй тохирох гэрээг Ерөнхий гэрээ гэж үзэх бөгөөд энэхүү гэрээг байгуулах эрх олгохын тулд хуульд заасан тендер шалгаруулалтын нийтлэг журам болон тусгай зохицуулалтыг баримтлах учиртай.
8.Мөн хуулийн 27 дугаар зүйлээр тендерийг хянан үзэх үе шатыг журамлаж, тендерт оролцогчдоос ирүүлсэн баримт бичиг нь тендерийн шаардлагыг хангасан эсэхийг хэрхэн хянан үзэх талаар зохицуулсан бол шаардлагад нийцсэн тендерийн хувьд дараагийн үе шат болох мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар тендерийг үнэлэх ажиллагааг явуулахаар журамласан; ингэхдээ хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар тендерийг үнэлэх үндсэн шалгуурыг “үнэ” гэж тогтоосон боловч мөн зүйлийн 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” хэмээн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хувьд өөр үнэлгээний шалгуур байхаар заажээ.
9.Тодруулбал, дээрх зохицуулалтын дагуу тендерийг хянан үзэх буюу шаардлагад нийцсэн тендерийг тодруулах, тендерийг үнэлэх буюу “үнэ”-ийн шалгуураар гэрээ байгуулах эрх олгох үе шатуудыг тусад нь зохицуулсны зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хувьд “үнэ”-ийн зэрэгцээ “чанар”-ын шалгуурыг харгалзан үзэх талаар хууль тогтоогч тусгайлсан зохицуулалтыг журамлажээ.
10.Ийнхүү тусгайлан журамласан байхад Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4-т “Тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг үнэлэхдээ хуульд заасан хянан үзэх үе шатны үнэлгээг хийж, шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн бүх тендерийг дараах зарчмын дагуу үнэлнэ” гэж журамлахдаа, маргаан бүхий Журмын 3.4 дүгээр зүйлийн 3.4.1, 3.4.3, 3.4.4 дэх заалтуудаар зөвхөн “үнэ” буюу “өндөр үнийн дүнтэй тендерийг нийцсэн” гэж үзэхгүй, харин “босго үнэтэй тэнцүү болон түүнээс бага үнийн дүн”-ээр үнэлэх зарчмыг журамлахдаа “чанар”-аар үнэлэх зарчмыг орхигдуулж, зөвхөн үнийн шалгуурыг баримтлахаар заасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэж заасныг зөрчсөн байна.
11.Гэтэл давж заалдах шатны шүүх тусгайлсан зохицуулалтад хэрхэн нийцэж буй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийлгүй “ ... “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.1, 3.4.3, 3.4.4 дэх заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.7.5, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн нь буруу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдлын энэ хэсэг үндэслэлтэй юм.
12.Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж байх буюу эрх зүйн үйлчлэл үзүүлж байх, хоёрдугаарт, хуульд нийцэхгүй байх, гуравдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хүчингүй болгосноор зөрчигдсөн эрх сэргэх үр дагавартай байж гэмээ нь шүүх нэхэмжлэлийг хангах зохицуулалттай.
13.Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг тогтоосон байна.
14.“С” ХХК-ийн тухайд, Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4.1, 3.4.3, 3.4.4 дэх заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргаж, шүүхээс 09 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ”, 38 дугаар зүйлийн 38.7-д “Бараа, үйлчилгээг ерөнхий гэрээний аргаар худалдан авах тендер шалгаруулалтын аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 55.1.3-т “худалдан авах ажиллагаатай холбоотой журам, аргачлал, заавар, тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг, гэрээний загварыг батлах” гэж тус тус заасныг үндэслэн 1 дэх заалтаар “Ерөнхий гэрээний аргаар бараа, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталж; 3 дахь заалтаар “Журам батлах тухай” Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож; 4 дэх заалтаар уг тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус журамлажээ.
15.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй хэм хэмжээний акт болох Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг үндэслэн баталсан Сангийн сайдын 2023 оны А/262 дугаар тушаалаар бүхэлд нь хүчингүй болгож, эрх зүйн үр дагаваргүй болжээ.
16.Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны хэм хэмжээний акт нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх, эрх зүйн хамгаалалт үүсэх нөхцөл бүрдэхгүй энэ утгаараа эрх зүйн үйлчлэлгүй актыг хүчингүй болгуулахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.
17.Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Б-Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ