Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01403

 

Д.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02038 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1584 дүгээр магадлалтай,

           Д.Огийн нэхэмжлэлтэй,

           Б.Бд холбогдох          

    Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 6.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

         Хариуцагч Б.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: харицуагч Б.Б, түүний өмгөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2017-04-20-ны өдөр Б.Б Honda Civic маркийн 10-61 УНЯ улсын дугаартай автомашиныг 6.500.000 төгрөгөөр худалдан авч, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Аваад явж байхад гэрэл нь асаад байхаар нь асуухад “...аккумуляторын шон дээр байгаа зэс утастай холбоотой асаад байгаа... зэс утсыг нь авахаар зүгээр...” гэж хэлсэн. Тухайн үед авч байхад өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл мэдэгдэхгүй байсан боловч 2-3 хоногоос моторны кропноос тос гоожоод байсан. Анд засварын газар 80.000 төгрөгийн засварын ажил хийлгэсэн боловч автомашины эвдрэл гэмтэл их байна, дахиад засвар хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. Аваарын дэр байхгүй байсан. Тэгээд би худалдагч Б.Бд хэлж, аваад 7 хоноогүй байж эвдрэл гэмтэл их байна, машинаа засаж өг, эсвэл наймаагаа буцаая гэхэд дараа гэсээр өнөөдрийг хүрч, сүүлдээ утсаа авахгүй зугтаагаад арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Б.Баас  машины үнэ 6.500.000 төгрөг, засварын 80.000 төгрөг, нийт 6.580.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 10-61 УНЯ улсын дугаартай Honda Civic маркийн машинаа зарах зорилгоор 2017-04-17-ны өдөр интернетэд зар  байршуулсан. Тухайн үед машины татвар нэмэгдэхтэй холбоотой бүх машины үнэ нэмэгдэж байсан. Миний анхны үнэлгээ 7.3 сая төгрөг байсан. Зарын дагуу олон хүн машиныг үзэж сонирхосон. Тэдний нэг болох иргэн Д.О машин мэдэх ойрын хүн гэх хоёр хүн дагуулж ирээд машиныг цаг гаран хугацаанд үзсэн. Засаж залруулах зүйлс байгаа юм байна гэж надад хэлсэн. Улмаар надад машиныг би авъя, хийх юм байгаа болохоор түүнд зарцуулагдах үнийг хасаж шууд 6.5 сая төгрөгт өгчих гэж үнэлгээг нь өөрсдөө хэлсэн. Үнэхээр авах гэж байгаа бол учир байдлыг нь сайн мэдсэн бол та авч болно гэж би худалдан авагч талын саналыг зөвшөөрсөн. Зөвшөөрсний дараа би худалдан авах гэж буй гурван хүнд одоо та нар өөрсдийн сайн гэж бодож байгаа оношилгооны газар очиж үзүүлж харуулж ав гэж хэлсэн. Гэвч тэд бид өөрсдөө үзчихлээ, мэдэж байна, оношилгоо руу явах шаардлагагүй, шууд нотариатаар шилжүүлээд авъя гэж хэлсэн. Чинзориг гэж залуу унаж үзээд кропонд ямар нэгэн асуудал байна гээд, энэ хамаагүй, бид нар өөрөө засаад авъя гэж хэлж байсан. Тиймээс худалдан авагч Д.О бид хоёр нотариат руу явж, нөгөө хоёр банк руу мөнгө авахаар явсан. Нотариат дээр очиход нотариатч эхлээд та хоёр машины үнийг тохирсон уу, ямар нэг тооцоо үлдсэн үү, үзлэг оношилгооны асуудлаа шийдсэн үү гэх зэрэг асуултуудыг асуусан. Бид тохирсон, тооцоо байхгүй, үзэж дууссан гэж хоёр тал ам нэгтэй хариулж гэрээнд гарын үсэг зурсан. Хэд хоногийн дараа худалдан авагч Д.О машиныг авахаа больсон, өөрөө буцааж ав, машин болохгүй байна, энэ нь тэр нь эвдрэлтэй байна. Мөнгийг нь буцаагаад өгчих, өөр хүнд зарчих, засуулж өг гэх олон шаардлагуудыг тавьсан. Би эвдрэл гэмтэлтэй байж болно, танд би цоо шинэ машин зараагүй, худалдаж ав гэж шахаж шаардаагүй, та бүхэн өөрсдөө үзэж харж авсан, зохих хийх зүйлсийн үнийг нь хасаж үнийг нь өөрсдөө тогтоож хүссэн үнийн дагуу авсан, мэргэжлийн газарт үзлэг оношилгоонд оруулах гэсэн миний саналыг тухайн үед хүлээн аваагүй татгалзсан, нотариатчийн өмнө бас илэрхийлж гарын үсэг зурсан, одоо дахин машин аваад, дахин зар байршуулж байдаг тийм их зав чөлөө байхгүй гэж хэлсэн. Гэвч өдөр шөнөгүй янз бүрийн дугаараас залгаж байсан учир утасны дуудлага авахаа больсон.  Худалдан авснаас хойш машинд ямар нэгэн эвдрэл учирсан байж болзошгүй юм уу, санаатай хийгдсэн өөрчлөлт байгаа эсэхийг би мэдэхгүй гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02038 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Д.О 2017-04-20-ны өдрийн гэрээнээс татгалзсаныг баталж, Б.Баас 6.500.000 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар Honda Civic маркийн, 10-61 УНЯ улсын дугаартай, FD31102533 арлын дугаартай автомашиныг Б.Бд буцаан шилжүүлэхийг Д.Од даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас  118.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 17-ны өдрийн 1584 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас  6 500 000 төгрөг гаргуулан  Д.Од олгож, Honda Civic маркийн 10-61 УНЯ улсын дугаартай автомашиныг хариуцагчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж, нэхэмжлэлээс 80 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч Б.Б хяналтын гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүй илт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй, хууль ёсны бус шийдвэр гарсан. Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, автомашин худалдан авсан үнэ 6.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан билээ. Хожим 2017 оны 06 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж шүүгчийн зөвлөснөөр гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагчаас авсан автомашин нь ямар нэгэн эвдрэл гэмтэл мэдэгдэхгүй байсан боловч 2-3 хоногийн дараа мотор, кропноос тос гоожоод байхаар нь Анд засварын газраар 80.000 төгрөгөөр засварын ажил хийлгэсэн. Ингээд засварын газраас автомашинд эвдрэл гэмтэл их байна гэсний дагуу автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан байна. Гэтэл хоёр ч шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж байгаа гол баримтыг тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдаж авсан автомашиныг Анд засварын газраар оношилгоо хийлгэсэн эсэх нь тогтоогдохгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдэх ёстой байтал ямар ч нотолгоогүй, баримтгүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэж /... 2-3 хоногийн дараа мотор кропноос тос гоожоод байна .../ хэргийг хянан шийдвэрлэсэн нь туйлын их харамсалтай байна. Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь 2017 оны 04 сарын 20-ны өдөр машиныг эзэмшилдээ авч, 2017 оны 04 сарын 21, 24-ний өдөр тус тус автомашины эвдрэл, гэмтлийн улмаас гэрээнээс татгалзаж автомашиныг буцааж төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тус тус дүгнэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу нэхэмжлэгчээс надад ирүүлсэн мессеж баримтад 2017 оны 04 сарын 26-ны өдөр машинд эвдрэл гэмтэл илэрсэн тухай мэдэгдэж засуулж өгөх тухай хэлсэн. Түүнээс нэхэмжлэгчээс гэрээнээс татгалзах, автомашиныг буцаах тухай нэг ч удаа надад мэдэгдэж байгаагүй. Гэтэл шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хальж өөрийн дураар ямар ч баримт сэлт нотлох баримтад үндэслэхгүйгээр дүгнэлт хийсэн байна. Дүгнэж хэлэхэд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэгийн шаардлага, үндэслэлийг нотлох нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Түүнчлэн маргааны зүйл болох автомашиныг нэхэмжлэгч хэвийн ашиглаж байгаа нь 2017 оны 06 сарын 06-ны өдрийн дэслэгч Н.Жаргалмаагийн /Нийслэлийн ЗЦГ Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн байцаагч/ зөрчилд ногдуулсан шийдвэр зэргээр нотлогдож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгч Д.О нь эд хөрөнгийн доголдолтой автомашин худалдаж авсан гэх дүгнэлт нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

         Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан эсхүл гэрээнээс татгалзаж хариуцагчаас мөнгө шаардсан нь ойлгомжгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. 

        Нэхэмжлэл тодорхойгүй байгаа тул магадлалын талаар дүгнэлт хийх, улмаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй гэж үзнэ. 

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02038 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1584 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 118.950 төгрөгийг захирамжаар Б.Бд буцааж олгосугай.                                  

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                           ШҮҮГЧ                                                            Б.УНДРАХ