| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2024/06002/И |
| Дугаар | 210/МА2024/01979 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01979
|
|
|
Ч.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/04212 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч С нарт холбогдох,
М.Г ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 33,271,543 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С ГХОХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ц.А, хариуцагч С ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. М.Г нь 2019 оны 12 сарын 30-ны өдөр ****** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ГХОХХК -ийн цанын баазад гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авсан. Уг гэмтлийн улмаас хэвтэрт орж, 4 жил гаруй хугацаанд байнгын асаргаанд амьдарч байсан.
1.2. 2023 оны 03 сарын 05-ны үүрээр таталт өгч, ****** дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.
1.3. ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1161 тоот шийтгэх тогтоолоор С ХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн дээрх тогтоолд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар С ГХОХХК -аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасан.
1.4. Ч.Г ыг БНСУлсад эмчлэх эмчилгээний санал, төлбөрийн баримт ирсэн боловч шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон С ГХОХХК , уг компанийн гүйцэтгэх захирал А.Б нар эмчилгээний төлбөрийг төлөөгүй. Амьд байх үед хийгдсэн эмчилгээний зардал болон гэм хорын хохиролтой холбоотой бусад зардлыг шүүхэд нэхэмжилж, шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хохирлын 80 хувийг С ГХОХХК -аар төлүүлсэн.
1.5. 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс нас барах хүртэл нь буюу 2024 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны эмчилгээний төлбөр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г ын группийн мөнгөний зөрүү, эцэг Ч.Мын миний сарын үндсэн цалин болон асаргааны тэтгэмжийн зөрүү буюу дараах гэм хорын хохирлыг нэхэмжилж байна.
****** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс-ын 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 489565 тоот шийдвэрээр М.Г ад хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар акт тогтоосон, сар бүр хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авч байсан. ****** дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс сар бүр 84500-275000 төгрөгийн асаргааны мөнгө авч байсан.
М.Г ын эмчилгээний зардал болон эм, эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөр 29,932,777 төгрөг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г ад Хөдөлмөрийн чадвар алдалт-аар тогтоогдсон 288,000-325,000 төгрөгийн тэтгэмжийн зөрүү 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс, 2023 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал нийт 6 сар 6*270,000 төгрөг бүгд 1,620,000 төгрөг, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 2 сар, 335,000*2 бүгд 670,000 төгрөг, нийт 2,290,000 төгрөг,
Ч.М нь Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 523,405 төгрөгийн цалин авч байсан. Ч.Мын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84,500-275,000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал нийт 6 сар /6*248,405 бүгд 1,490,430 төгрөг, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 01-ний хүртэл нийт 2 сар/ 248,405*2, бүгд 496,810 төгрөг, нийт 1,987,240 төгрөг, бүгд 34,210,017 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С ГХОХХК -ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. С ГХОХХК нь эрүүгийн хэргээр хянан шалгагдаж шүүхийн шийдвэр гармагц 10,936,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлж байсан. Мөн шүүхийн шийдвэртэй болон шийдвэргүйгээр хохирогчийг эмчлүүлэхэд зориулж удаа дараа төлбөрүүдийг шилжүүлсэн. 2020 оны 01 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 73,090,143 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. Шүүхийн шийдвэргүйгээр хохирогчийг эмчлүүлэхэд болон ар гэрт нь зориулж 26,980,930 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар төлсөн.
2.2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу 10,936,000 төгрөгийг, 2024 оны 03 сарын 21-ний өдөр ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2023/04382 тоот шийдвэрийн дагуу 35,173,216 төгрөгийг тус тус шүүхийн шийдвэр гарсан даруй нь яаралтай төлсөн.
2.3. С ГХОХХК талийгаачийг эмчлүүлэх, эмнэлэгт үзүүлэх саналуудыг удаа дараа тавьж Интермэд эмнэлэгт, Гуравдугаар эмнэлэг, ГССҮТ-д эмчлүүлэх, хагалгаа хийлгэх боломжуудыг судлан нэхэмжлэгч талд уламжилж байсан ч нэхэмжлэгч тал нь манайхаас тавьсан эдгээр саналыг хүлээн авч шийдвэрлэлгүйгээр Зөвхөн өмгөөлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр хариу өгнө гэж хэлдэг ба өөрийн өмгөөлөгчтэйгөө зөвшилцөөд эмнэлэгт хэвтүүлэхээс татгалздаг.
2.4. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр хохирогчийн хэт болгоомжгүй хандсан нь нөлөөлсөн гэж шүүхийн шийдвэрт тусгадаг. Энэ шийдвэрийг бас харгалзан үзнэ үү. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч А.Б-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. А.Б-д хэдэн төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэдийг тодруулж гаргаж байгаа нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй байна.
****** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1161 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан гэм буруутайд тооцогдсон. Тус шийдвэрээр гүйцэтгэх захирал А.Б хохирлыг хариуцах нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Шууд хохирол үзүүлсэн зүйл А.Б-ийн зүгээс байхгүй.
3.2. Магадлалаар энэ хэргийг компани хариуцах ёстой, шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн байдаг. Иймд А.Бт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар хариуцагч С ГХОХХК -аас гэм хорын хохиролд 33,271,543.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мад олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч С ХХК -аас улсын тэмдэгтийн хураамж 324,307.71 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Ч.Мын хүү М.Г нь 2019 оны 12 сарын 30-ны өдөр хамгаалах хэрэгсэлгүй цанаар гулгаж байгаад толгойдоо хүнд гэмтэл авч, 2024 оны 03 сарын 03-ны өдөр нас барсан. С ХХК -ийг гэм буруутай гэж үзэж байна. Хэрвээ эмчилгээний зардлыг гаргасан бол хохирогч өнөөдөр амьд байхыг үгүйсгэхгүй. С ГХОХХК -ийн гүйцэтгэх захирал А.Б гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах хэрэгслийг үнэгүй олгох тушаал шийдвэрээ гаргаад явсан бол ийм золгүй үйл явдал гарахгүй байсан. А.Б гэм буруутай гэж үзэж байна гэжээ.
6. Хариуцагч С ГХОХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. С ГХОХХК хохирогчийн ар гэрт өнөөдрийг хүртэл 276,910,143 төгрөг төлсөн. Хохирогчийн эмчилгээний төлбөрийг урьдчилан төлүүлэхээр тогтоосон 238 сая төгрөгийг огт тооцохгүй хохирогч талын шинээр нэхэмжлэл үүсгэж байгаад, мөн түүнчлэн анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй, шийдвэртээ тусгаагүй.
6.2. Мөн хариуцагч шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа Эмчилгээний зардлын зарим баримт болон Фохов сүлжээний эм бэлдмэл 9,880,000 төгрөгөөр хоёр удаа авсан нь эмчийн жор, дүгнэлтгүй тул хэргийн нотолгооны ач холбогдолгүй байна гэж тэмдэглэж мэтгэлцсэн. Гэтэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хариу татгалзлыг няцаагаагүй байхад шүүх дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
6.3. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн М.Баяржаргал нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу татгалзан гарах үүрэгтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч байсныг зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа ...Скай резорт цанын баазаар үйлчлүүлж байсан, тухайн үедээ тодорхой гэмтэл авсан. Гэмтэл авсан нөхцөл байдалдаа хариуцагч С ХХК -ийг шууд буруутгаж ... тайлбар хэлэх үед мэдсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчаас авч байсан үйлчилгээндээ сэтгэл хангалуун бус байсан гэдгээ илэрхийлж, улмаар дүгнэлт гаргасан нь илэрхий байсан. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог тул ашиг сонирхлын зөрчил бүхий иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг ноцтой зөрчил болно.
6.4. Хүн бүрийн толгойд аюулгүйн хамгаалалтын малгай албадан өмсүүл гэсэн журам батлаагүйдээ Скай резорт компани буруудсан. Гэтэл олон улсад ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа том хэмжээний цанын баазуудад үйлчлүүлэгч хамгаалалтын малгай өмсөх/өмсөхгүйгээ өөрөө сонгон шийдэх эрхтэй байдаг.
Энэ хэрэгт хохирогчийн буруу үйлдэл 50 хувь бий. Компани аюлгүйн дүрмийн дагуу шаардлагаа тавьсан. Лифтний ажилтан өндөр эрсдэлтэй зам руу орохыг хориглосон. Харамсалтай нь хохирогч ганцаараа хүлээж аваагүй. Эрүүл мэнд, аюулгүй байдлаа өөрөө хариуцна, компанид гомдолгүй хэмээн гарын үсэг зурж өндөр зам руу гулгахаар яваад бэртсэн. Харин түүний 2 найз шаардлагыг хүлээж аваад анхан шатны зам руу буцсан түүхтэй. Үүнийг 2021 оны 11 сарын 19, 2023 оны 10 сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрүүдэд тусгасан байтал анхан шатны шүүх харгалзан үзэхгүй шийдвэрлэсэн.
6.5. Осол гарсан цагаас эхлэн С ХХК нэхэмжлэгч талтай нэгдэж, эвлэрч, ар гэрийнхэнтэй нь нийлж эмчилгээний арга зам хайх талаар олон удаа санал хүсэлт гаргасан. Эцэг Ч.М нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан баримт өгч байсныг өмнөх шүүх хурлын материалд хавсаргасан боловч нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн нөлөөгөөр энэ байр суурь ажил хэрэг болоогүй. С ХХК маш их ашиг олдог, ард нь М-Си-Эс групп байгаа хэмээн давж дийлэхгүй их хөрөнгө мөнгө нэхэмжлэн шүүхээр заргалдаж Монгол Улсад олон улсын стандарт хангасан Өвлийн Спортын цорын ганц бүтээн байгуулалтын санхүүгийн хүндрэлд оруулж байна.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг шүүх хэрэглээгүй болон ашиг сонирхлын зөрчилтэй иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гарсан нөхцлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хохирогч М.Г нь С ХХК -ийн цанын баазад гулгаж байгаад гэмтсэн. Энэ асуудал нь эрүүгийн хэргээр шалгагдаж улмаар шүүх С ХХК -ийг гэм буруутайд тооцсон. Хохирогч гэмтэл авснаас хойш 2 жилийн дараа шүүхийн шийдвэр гарч гэм буруутайд тооцсоноос хойш бид гэм буруугийн хохирол нэхэмжилсэн. Гэм хорын хохиролд М.Г гэмтсэний улмаас группын мөнгөнд орсны зөрүү, мөн хөдөлмөрийн хөлсний доо хэмжээ болон хөдөлмөрийн хөлсний зөрүү, хүүхдийн аав нь зам талбайн цэвэрлэгчээр ажиллаж байгаад хүүхдээ асарч байсан учраас асаргааны мөнгө болон авч байсан цалингийн зөрүү, эмчилгээний зардал гэх 3 зүйлийг нэхэмжилдэг.
7.2. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэхэд хохирогч өөрөө буруутай гэх үндэслэл яригдсан. Хохирогч хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гэж тогтоогдсон. Үүнийг харгалзан анхан шатны шүүх гэм хорын хохирлыг 80 хувиар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Бидний зүгээс анх гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардал нэхэмжилсэн ч анхан шатны шүүх шийдвэрлээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх эмчилгээний зардалд 203,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчинтэй учраас 203,000,000 төгрөг төлөгдсөн.
7.3. Бид гэм хорын хохирлыг нэхэмжилж эхэлсэн хугацаанаас нас барах хүртэл гэм хорын хохирлыг өмнөх шаардлагаар 3 үндэслэлээр нэхэмжилснийг шүүх шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хохирогч нас барсан нь учирсан гэм хорын хохирол тодорхой гэх байдлаар шүүх шийдвэр гаргаж нэхэмжилсэн үнийг дүнгээс давхардуулсан үнийн дүн 900,000 төгрөгийг хасаж тооцоод үлдсэн гэм хорын хохирлыг төлөх нь үндэслэлтэй гэх шийдвэр гаргасан. Өмнө нь шийдвэр гараад эмчилгээний төлбөрт 203,000,000 төгрөг гарсан зүйлийг дахин дурдан одоогийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах асуудал ярьдаг нь үндэслэлгүй.
7.4. Тухайн 203,000,000 төгрөг хохирогчийг амьд байхад гадаадад эмчилгээ хийлгэе гэх нэхэмжлэлийн дагуу давж заалдах шатны шүүхийн гаргасан шийдвэр. Одоо нэхэмжилж буй мөнгөнөөс өөр төрлийн зардал. Хохирогчийн эмчилгээний төлбөрийг цаг хугацаанд нь өгөөд зохих ёсны эмчилгээг нь хийлгэсэн бол 21 настай хохирогчийн амь аврагдах байсныг үгүйсгэхгүй. Гэмтэл авснаасаа болоод нас барсан. Энэ асуудалд хэрэг нээгдээд шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэв. Хариуцагч өмнө өгсөн эмчилгээний зардал 203,000,000 төгрөгөөр энэ зардлаа хаая гээд байгаа юм уу ямар үндэслэлээр гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Энэ нь 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 01-ний өдөр буюу хохирогчийг нас барах хүртэл хугацаанд хийгдсэн хохирол бөгөөд үүнийг өмнө нь өгсөн 203,000,000 төгрөгөөр орлуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч С нарт холбогдуулан М.Г ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 34,210,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 33,271,543 төгрөг болгон багасгаж, хариуцагч А.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ч.М татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
3. Хариуцагч С ГХОХХК гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг барагдуулж байгаа, давж заалдах шатны шүүхээс талийгаачийг эмчлүүлэх ирээдүйд гарах зардлыг хангаж шийдвэрлэсэн, 203,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрэгжээд явж байгаа, хохирогчийн хэт болгоомжгүй хандсан нь нөлөөлсөн талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан, үүнийг харгалзан үзэхийг хүсч байна, нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хооронд маргаанд хамааралтай хуулийг зөв хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
5. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1161 дугаар шийтгэх тогтоол, ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04382 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 210/МА2024/00112 дугаартай магадлал тус тус хэрэгт авагдсан байна. /хх-4-18, 55-61/
5.1. Хариуцагч С ГХОХХК -ийн хууль бус эс үйлдэхүйн улмаас М.Г ын эрүүл мэндэд гэм хор учирсан, гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үр дагавар үүссэн үйл баримт дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, дахин нотлохгүй гэж анхан шатны шүүх, дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.
5.2. Нэхэмжлэгч Ч.М нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр иргэний хэргийг шийдвэрлэснээс хойш хүү М.Г ыг нас барах хүртэл хугацааны буюу 2023 оны 06 сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны эмчилгээний зардал 29,264,304 төгрөг, М.Г ын тэтгэмжийн зөрүү 2,290,000 төгрөг, Ч.Мын асаргааны тэтгэмжийн зөрүү 1,987,240 төгрөг тус тус нэхэмжилсэн байна.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгийг хэрэглэн, 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч М.Г ын авч байсан тэтгэврийн хэмжээ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харьцуулан үзээд тэтгэврийн зөрүү нэхэмжилсэн шаардлагыг 2,020,000 төгрөгийн хэмжээнд, 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ч.Мын авч байсан асаргааны тэтгэмжийн хэмжээ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харьцуулан үзээд, асаргааны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэжээ. Энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцжээ.
7. Талууд эмчилгээний зардал шаардаж буй үндэслэл, хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн эсэх, хохирогчийн гэм бурууг харгалзан үзэх үндэслэлийн талаар маргасан байна.
7.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК нь хохирогч М.Г ын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
7.2. ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04382 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 210/МА2024/00112 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Ч.Мын нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 11 сарын 07-ны өдрөөс 2023 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч М.Г ын эмчилгээнд зарцуулсан зардалд 37,339,321 төгрөгийн, БНСУлсад хийлгэх эмчилгээний зардлыг 203,760,000 төгрөгийн хэмжээнд тус тус хангаж, хариуцагч С ХХК -аас гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул уг хугацаанаас хойш гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэгч Ч.М нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эмчилгээний зардал нь дээрх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн зардалд хамаарахгүй байна.
Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн тул хохирогчийн эмчилгээний төлбөрийг урьдчилан төлүүлэхээр тогтоосон өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
7.3. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн, мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэнэ.
Хэргийн 33-38 дахь талд 2023 оны 06 сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 сарын 02-ны өдрийн хохирогч М.Г ын эмчилгээний зардал зарцуулсантай холбоотой нотлох баримтууд авагджээ. Эдгээр баримтуудаас 43, 47 гэж дугаарласан баримтууд нь гаргацгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хуулийн үндэслэлгүй.
Харин бусад баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Ч.М нь М.Г ын эмчилгээний зардалд 29,230,308 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна.
Хэргийн 33, 34 дэх талд авагдсан 2023 оны 06 сарын 29-ний өдөр болон 2023 оны 10 сарын 06-ны өдрийн Фохов /Fohow/ захиалгын хуудсанд М.Г ын 2023 оны 07 сараас 12 сард уух бүтээгдэхүүний жагсаалт, үнийн дүн тусгагдсан, бэлэн мөнгөний орлогын баримтын гүйлгээний утгад М.Г тархины тэжээл, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх гэж тэмдэглэн, тус тус 9,880,000 төгрөг тушаажээ. Хохирогч М.Г нь хариуцагч С ХХК -ийн цанын баазад гулгаж байгаад унаж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас байнгын хэвтрийн байдалд, бусдын асаргаанд ярьж, хөдлөх чадваргүй болсон үйл баримт тогтоогдсон. Иймээс эмчийн жор, дүгнэлтгүйгээр 19,760,000 /9,880,000х2/ төгрөгийн үнийн дүн бүхий тархины тэжээл, нэмэлт бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч худалдан авсан, уг баримтууд тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үнэлэх боломжгүй. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан.
****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1161 дугаар шийтгэх тогтоолд ... үйлчлүүлэгч М.Г нь цанын түвшинд тааруулж гулгах шаардлага тавьсан ажилтны шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул аюулгүй байдлаа өөрөө бүрэн хариуцах болохоо илэрхийлж, зааварчилгааны хуудсанд гарын үсэг зурсан байна..., гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд ... үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлээгүй байдал, нөгөө талаас ажилтны зүй ёсны шаардлагыг үл тоосон хохирогчийн харилцаа, хандлага, буруутай байдал зэрэг нь тус тус нөлөөлсөн гэж дүгнэсэн. /хх-12-18/
****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04382 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 210/МА2024/00112 дугаартай магадлалд дээрх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг үндэслэн хариуцагч С ХХК -ийн хариуцах гэм хорын хэмжээг 20 хувиар багасгаж шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 20 хувиар багасгаж, хохирогч М.Г ын эмчилгээний зардал гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 23,384,246 /29,203,308 х 20%/ төгрөгийн хэмжээнд хангах нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
8. Хариуцагч тал, шүүх хуралдаанд ашиг сонирхлын зөрчил бүхий иргэдийн төлөөлөгчийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, үндэслэлээ иргэдийн төлөөлөгч зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа Скай резорт цанын баазаар үйлчлүүлж байсан, тухайн үедээ тодорхой гэмтэл авсан, уг нөхцөл байдалдаа тус компанийг буруутгаж, ... өөрөөр хэлбэл ... өширхөгчийн байр суурьнаас дүгнэлтээ гаргасан ... гэж тайлбарладаг.
8.1. Тус хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 63 дугаар зүйлийн 63.2, 87 дугаар зүйлийн 87.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч оролцсон болох нь ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 08 сарын 27-ны өдрийн А/132 дугаартай тушаалаар тогтоогдсон байна. Тэрээр хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3-т зааснаар хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргаж, дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгосон болох нь 2024 оны 09 сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-64-65, 116-117/
Мөн иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4, 91.4 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах тухай Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С ГХОХХК -аас 27,391,486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мад олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,880,057 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хариуцагч С ГХОХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/04212 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С ГХОХХК -аас 27,391,486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мад олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,880,057 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын 324,307.71 гэснийг 294,908 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С ГХОХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч С ГХОХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,308 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД