| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 953 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 953
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
Хохирогч О.Батболд, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
Шүүгдэгч Э.Ч , түүний өмгөөлөгч А.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Ч д холбогдох эрүүгийн 1906 00806 0816 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэл эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.Ч .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Батболдыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр харанхуй болсон байсан. Би ажлаа хийгээд байж байсан чинь хамгаалалтын дарга “гарах хэсгийг хүн хаасан байна” гэж станцаар хэлээд “зохицуул” гэсэн. Тэгээд яваад очиход О.Батболд нь хамгаалалтын даргатай ноцолдсон байдалтай байсан. Би салгаад ажил үүргийн хувьд шаардлага тавьсан чинь над руу довтолоход нь би хариу цохисон. Харанхуй байсан тул би хаана нь хэрхэн цохисноо мэдээгүй. Хохирогч намайг миний станцаар цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Батболд мэдүүлэхдээ: ”...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Тэнгэр” плазагийн хашааны үүдэнд машинд ачаа ачиж байсан чинь харуулын албаны дарга сигналдаад байсан. Тэгээд би очоод “ачаагаа шилжүүлчихье” гэж хэлсэн боловч уурлаад бид хоёр барилцаад авсан. Тэгээд станцаар Э.Ч ыг дуудсан байсан. Э.Ч ирээд намайг эд нар нийлж байгаад намайг дотор чирж оруулах гэсэн. Тэгээд Э.Ч миний бэлэг эрхтэн рүү цохисон. Тэгээд тонгойсон чинь Ганбаатар, Э.Ч нар дээрээс цохиод байсан. Би хэн нь хэрхэн цохисныг мэдээгүй. Э.Ч өөрөө би цохисон гэж хэлсэн. Би эмчилгээний зардалд 717.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг, бензины зардал 795.251 төгрөгийг тус тус Э.Ч оос нэхэмжилж байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Батболдын өгсөн мэдүүлэг /хх-38/, гэрч Ч.Үнэнбатын өгсөн мэдүүлэг /хх-39/, гэрч А.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-40/, гэрч Н.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-42/, гэрч Б.Содхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-44/, гэрч Б.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хх-41/, Гэмтэл согог судлалын Үндэнсий төвөөс ирүүлсэн өвчний түүх /хх-17-22/, хохирлын баримтууд /30-36/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 1398 дугаартай дүгнэлт /хх-48/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-48/, Э.Ч ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-57/, шүүгдэгч Э.Ч ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/, шинээр хохирол нэхэмжилсэн 31 баримт 8 хуудас, Э.Ч ын хувийн байдлын тухай 2 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Батболдыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Батболдын өгсөн: “...Би хувиараа Улаанбаатараас Дорнод хооронд хувийн жижиг тэргээр таксинд явдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 19:00 цагийн үед Дорнод руу хүн авах гээд байж байгаад нэг залуутай жимс ачихаар тохироод жимсээ ачиж байтал “Тэнгэр” плазагийн харуул хамгаалалтын дарга Б.Ганбаатар машинтай ирээд сигналдсан би гүйж очоод “жимсээ ачаад удахгүй гялс холдлоо” гэж хэлсэн. Тэр хүн намайг “хулгайч минь битгий давраад бай, хурдан зайл” гэсэн би “за” гэж хэлээд эргээд жимсээ ачиж байтал Б.Ганбаатар дарга баруун талын бөөр рүү гараараа нэг удаа цохиод “хурдан зайлалдаа” гэсэн. Би эргэж хараад түүнийг заамдаж аваад “та яахаараа хүнийг дандаа цохиж загнаж байдаг юм бэ” гэтэл үүдэнд гардаг Чой гэдэг харуул ирээд “боль” гэхээр нь би больсон. Харин дарга Чой болон өөр нэг харуул хоёрын наадахаа чирээд өрөө рүү аваад оруул гэж хэлээд тэрүүгээр байсан жолооч нарыг та нарыг явцгаа муусайн хулгайчид гэж хөөсөн “би тэд нарт хандаж чирэгдэж орохгүй өөрөө яваад орчихьё гээд байж байхад Чой гээд харуулын ажилтан миний төмсөг рүү хажуу талаас өшиглөсөн. Тэгэхээр нь би доошоо тонгойсон чинь миний толгойны дагз хэсэг рүү нэг нь станцаар 2-3 удаа цохисон.” /хх-14-15, 38/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Үнэнбатын өгсөн: “...Би хувиараа Улаанбаатараас Дорнод аймаг руу таксинд явдаг. Тэр өдөр Дорнод аймгаас 18 цагийн орчим ирээд хүнээ буулгаад байж байтал миний машины ойролцоо О.Батболд машиндаа жимс ачих гээд байж байтал “Тэнгэр” плаза”-гийн хамгаалалтын албан дарга Б.Ганбаатар хүрч ирээд О.Батболдыг “эндээс яв” гэж хөөгөөд О.Батболд Б.Ганбаатар хоёр маргалдаа барьцалдаад авсан. Тэгсэнээ Б.Ганбаатар О.Батболдыг өрөө рүүгээ заамдаад чирээд байсан. Тэгэхэд О.Батболд “би хөлөөрөө яваад орчихьё” гээд байж байхад үүдэнд байдаг харуул нь хүрч ирээд О.Батболдын гэдэс хавь руу өшиглөхөд О.Батболд доошоо тонгойсон. Тэгэхэд Б.Ганбаатар нөгөө харуултайгаа нийлээд О.Батболдын толгой нуруу руу гараараа цохихоор нь би Б.Содхүүтэй очиж бол гээд салгахад О.Батболдын толгойноос цус гараад хүзүүг дагаад урсаж байсан.” /хх-39/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сүхбаатарын өгсөн: “...Би Дорнод аймаг Улаанбаатарын хооронд хүн тээвэрт хааяа явдаг. Тэр өдөр цагийг нь санахгүй байна. Орой харанхуй болсон. О.Батболд гээд Дорнод рүү тээвэрт явдаг залууг “Тэнгэр” плазагийн харуул хамгаалалтын дарга билүү ахлах гээд хүн хувцаснаас нь зуурсан чирээд бас нэг хамгаалагч залуу хажууд нь зогсож байсан ба тэр хавьд байсан жолооч нарыг нөгөө хамгаалалтын албаны дарга “та нарт хамаа байхгүй зайлцгаа” гээд хөөсөн. Тэгэхэд би холдоод зогсоол дээрээ байсан. Машин дээрээ ирээд байж байхад 10 минутын дараа О.Батболд куртикных нь зах урагдчихсан “толгой руу хамгаалагч өндөр залуу нь станцаар цохьчихлоо” гээд толгойгоо бариад явж байсан. Би тэгээд удалгүй Дорнод руу гараад явчихсан. Би хэн цохьсон гэдгийг нь хараагүй. О.Батболд хэлэхдээ “харуул нь даргыгаа хараад хөөрөөд станцаар хусчихлаа” гэж хэлж байсан. Би тэр үед О.Батболдын толгойд хүрэхэд толгойны дагз хэсэг бага зэрэг хавдсан юм шиг болоод зөөлөрчихсөн байсан.” /хх-40/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батбаярын өгсөн: “...Цагдааг явсаны дараа нөгөө жолооч залуу “толгой өвдөөд байна, чи миний станцаар толгой руу цохьчихсон” гээд толгойгоо манай харуул Чойгоор бариулаад цай уучихаад надад гомдол санал байхгүй гэж хэлээд гарч явсан. Тэр жолооч залуу Чойтой зодолдсоны дараа цагдаа ирчихсэн байхад бас гомдол санал байхгүй гэдгээ хэлж Чойтой гараа барилцаж байсан. Намайг харахад жолооч залуу Чойг өшиглөж байсан барьцалдаж авахад нь би салгасан. Тэгэхэд жолооч залуу Чойг “чи миний толгой руу цохьчихлоо” гэж хэлж байсан.” /хх-42/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Содхүүгийн өгсөн: “...О.Батболд намайг станцаар толгой руу цохиод хагалчихлаа гэж байсан. О.Батболд тэр хоёр хамгаалалтын ажилтанг цохьсон гэдгийг нь хараагүй. Тэгээд нөгөө хамгаалалтын хоёрын хүн харуулын байр руугаа ороод О.Батболд машин руугаа орж байсан.” /хх- 44/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1398 дугаартай дүгнэлтэд:
1. О.Батболдын биед баруун зулай яс, хамар ясны хугарал, баруун зулайн хуйханд доорхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-46/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ч ын яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчим “Тэнгэр” плаза төв дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэгэхээр станцаар хамгаалалтын албаны дарга Б.Ганбаатар “машины орц гарцыг хаачихсан байна, энийгээ зохицуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би постноосоо бичиж байсан рапортоо дуусгачихаад 2 минут орчимын дараа гарахад машины зогсоол дээр О.Батболд Б.Ганбаатарыг заамдаад түлхээд байж байсан ба тэгэхэд нь очоод О.Батболдын араас тэвэрч салгасан. Тэгсэн Б.Ганбаатар дарга “энэ машины жолооч нар чинь машинаа холдуулахгүй байна” гэхэд нь би О.Батболдод “машин тэргээ холдуулаач, чиний буруу, настай хүн зодох” гэлээ гэхэд “чамтай яриагүй байна, манаач нохой минь би энэ хүнтэй ярьж байна, чи зайл” гээд хувцас хунараа тайлаад Б.Ганбаатар дарга руу дайраад байсан. Тэгэхэд Б.Ганбаатар дарга О.Батболдод хандаж “өрөө рүү ороод ярьж учраа ольё” гэж байсан. О.Батболд болохоор “орохгүй та нар орж зодох гэлээ” гээд байхад нь би О.Батболдын гараас татаад харуулын өрөө рүү оруулах гэхэд О.Батболд миний цээж хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би О.Батболдыг өшиглөсөн хаашаа өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байна. Дараа нь О.Батболд “төмсөг рүү өшиглөчихлөө” гэж байсан. Тэгээд О.Батболдыг доошоо тонгойчихсон байхад нь би О.Батболдын толгойны ар хэсэг рүү нэг удаа станцтай гараараа буюу станцны бөгс хэсгээр цохьсон. Тэгээд О.Батболд өндийж ирээд Б.Ганбаатартай “өрөөнд орно, орохгүй” гээд хэрүүл хийгээд байсан.” /хх-57/ гэх мэдүүлэг
Гэмтэл согог судлалын Үндэнсий төвөөс ирүүлсэн өвчний түүх /хх-17-22/, Хохирлын баримтууд /30-36/,
Шүүгдэгч Э.Ч ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-67/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Ч ын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Батболдыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Э.Ч нь 1.386.700 төгрөгийг нөхөн төлсөн байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Батболд нь нийт 1.512.351 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс эмчилгээндээ зарцуулсан 717.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1- заасан “...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсний дагуу шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.Батболдод олгохоор тогтов.
Харин хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.
Иймд хохирогчоос өмгөөлөгчид төлсөн хөлс, бензины зардал зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хөлс 500.000, бензины зардал 795.251 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Э.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Ч ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ч ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ч ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Ч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Э.Ч оос 717.100 төгрөгийг гаргуулж хохирогч О.Батболдод олгосугай.
6. Хохирогч О.Батболд нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Ч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС