| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/02725/И |
| Дугаар | 210/МА2024/01946 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01946
Б******* -ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/04248 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х.С, О.Ч нарт холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч О.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. О.Ч нь ****** дүүрэг, 6 дугаар хороо, ** байр, *** тоот хаягт байрлах, 51.2 м.кв талбай бүхий орон сууцаа 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Х.С т барьцаалж 20,000,000 төгрөгийн зээл аваад орон сууцаа барьцаанаас чөлөөлөхөд 20,180,000 төгрөг хэрэгтэй байна, надад мөнгө зээлж туслаач, энэ зээлийг маань хаагаад өгөөч гэж гуйсан тул Б******* зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр түүний шилжүүлээрэй гэж өгсөн Х.С ийн ХААН банкны *********** тоот дансанд 20,180,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. Ингээд 2021 оны 6 дугаар сард миний нөхөр Ж.Г нь автомашин худалдаж авах хэрэгцээ гарсан тул зээлдүүлсэн мөнгөө шаардахад О.Ч нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг миний танил БНХАУ-ын иргэн Ф гийн дансаар шилжүүлж өгсөн боловч энэхүү шилжүүлсэн мөнгийг зээлдүүлсэн мөнгө, эргүүлж өгөхгүй байгаа тул буцаан гаргуулж авна гэх мэтээр нэхэмжилсэн. Үүнээс үзвэл О.Ч , Х.С нар нь дүр үзүүлэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, улмаар надад худал хэлж Х.С ийн дансаар 20,180,000 төгрөгийг хүлээж авсан. Энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Х.С, О.Ч нараас 20,180,000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Ч гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Б******* нь миний хүү Ж.Г ийн эхнэр /манай бэр/ бөгөөд энэхүү нэхэмжлээд байгаа мөнгөний асуудлаар өмнө нь 2022-2024 оны 02 дугаар сар хүртэл 2 жил гаруй хугацаанд шүүхээр маргалдаж гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Б******* -ээс надад 20,257,950 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
2.2. Нэхэмжлэгчтэй холбоотой өр зээлийн асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлүүлэх явцад Б******* нь тухайн үед надаас нэхэмжлэх зүйлээ бүгдийг нэхэмжилсэн бөгөөд түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, миний бие нь өөрийн өмчилж байсан тухайн 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл авч, Б******* -т зээлдүүлсэн талаарх үйл баримтыг гурван шатны шүүх аль хэдийнээ дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Х.С ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Миний бие нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ****** дүүрэг, 6 дугаар хороо, ** байр, *** тоот , 51 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, 20,000,000 төгрөгийг О.Ч гийн ХААН банкны дансанд шилжүүлсэн. Ззэлийн болон барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. О.Ч тэй үгсэн хуйвалдсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. О.Ч 100 хувь өөрөө бүрэн хариуцна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.С, О.Ч нараас 20180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б******* -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ. гэсэн хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс хариуцагч нар хууль шүүхийн байгууллагын оролцоо шийдвэрээр бусдын мөнгө хөрөнгийг авч болдог гэсэн буруу жишиг тогтох шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хариуцагч нар нь хоорондоо зээлийн болон барьцааны гэрээ хийсэн, зээлээ нэхэмжлэгчээр төлүүлсэн, зээл төлөгдсөн талаар тодорхой тайлбар гаргаж хүлээн зөвшөөрч байхад шүүх болсон үйл явдлыг яаж хэрхэн ойлгож шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна.
5.2. О.Ч гэгч нь өөрийн зээлийн үүргээ нэхэмжлэгчээр гүйцэтгүүлсэн гээд тайлбар хэлсээр байхад шүүх үүргээс чөлөөлөгдсөн үйл баримт нотлох баримтаар нотлогдохгүй байна, тодруулбал, О.Ч гийн ирүүлсэн баримтаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 гүйлгээгээр 20,298,300 төрөг зээлсэн, 2 хоногийн дараа 2 удаагийн гүйлгээгээр төлж байсан гэх тайлбар, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 10.4 ... дүүгийнхээ дансаар авсан хэн шилжүүлснийг нь мэдэхгүй гэх тайлбар баримтаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна гэсэн дүгнэлт хийсэн нь бодит байдал болон талуудын тайлбар, нотлох баримтуудтай зөрчилдсөн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч О.Ч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е-гийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б******* -ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү хэрэг маргаан өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байсан бөгөөд хүчин төгөлдөр шийдвэртэй. Хэрэгт талуудын өгсөн дансны хуулга нотлох баримтаар авагдсан бөгөөд тухайн дансны хуулгаар хэн тухайн мөнгийг гаргаж өгсөн, хэн зээл авч, хэн тус мөнгийг захиран зарцуулж, хэн рүү шилжүүлж, хэрхэн ашигласан болох нь баталгаажигдсан. Х.С , Х.С нар ломбард ажиллуулдаг хүмүүс бөгөөд 20,000,000 төгрөгийг хүү тооцож, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. 20,000,000 төгрөг ээжийн данс руу орсон боловч хариуцагч О.Ч тухайн мөнгийг захиран зарцуулаагүй.
6.2. Б******* -ийн данс руу шилжүүлсэн. Б******* 20,000,000 төгрөгийг аваад бизнестээ ашигласан. 20,000,000 төгрөгийг Б******* авч ашигласан тул сар бүр зээлээ ээжээр дамжуулан төлдөг эсхүл Х.С рүү Б******* мөнгө шилжүүлдэг байсан. Б******* , Ж.Г нар БНХАУ-ын иргэн Ф-тай хамтарч махны үйлдвэрт ажилладаг. Б******* , Ж.Г , О.Ч нар БНХАУ-ын иргэн Ф-гийн худалдаж авах гэж байгаа автомашиныг нь хамт явж үзээд, буцаж ломбард дээр очоод дахин зээлийн гэрээ байгуулж, О.Ч өөрийн нэр дээрх байрыг барьцаанд тавьж, дахин зээл авсан. Орон сууц барьцаалсан мөнгийг шууд БНХАУ-ын иргэн Ф-гийн данс руу шилжсэн гэжээ.
7. Хариуцагч Х.С шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б******* нь хариуцагч Х.С, О.Ч нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ О.Ч нь ****** дүүрэг, 6 дугаар хороо, ** байр, *** тоот хаягт байрлах, 51.2 м.кв талбай бүхий орон сууцаа 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Х.С т барьцаалж 20,000,000 төгрөгийн зээл аваад орон сууцаа барьцаанаас чөлөөлөхөд 20,180,000 төгрөг хэрэгтэй байна, надад мөнгө зээлж туслаач, энэ зээлийг маань хаагаад өгөөч гэж гуйсан тул Б******* миний бие зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр түүний шилжүүлээрэй гэж өгсөн ХААН банк дахь Х.С ийн *********** тоот дансанд 20,180,000 төгрөгийг шилжүүлсэн, О.Ч буцааж нэхэмжилсэн, үүнээс үзвэл, О.Ч , Х.С нар нь дүр үзүүлэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, улмаар надад худал хэлж Х.С ийн дансаар 20,180,000 төгрөгийг хүлээж авсан. Энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл гэж үзэж байна. гэж тайлбарласан байна.
Хариуцагч Х.С нь ...би зээлсэн мөнгөө л буцааж авсан үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй... гэж, хариуцагч О.Ч ... энэ маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Х.С, О.Ч нар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х.С нь 20,000,000 төгрөгийг, 1 сарын 2,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдэгч О.Ч д зээлдүүлэх, зээлдэгч О.Ч нь зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр төлөх ба үндсэн зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацааны эцэст төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх-6/
3.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Х.С, О.Ч нар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр О.Ч гийн өмчлөлийн ****** дүүрэг, 6 хороо, Д*****************-ын гудамж ** байр *** тоот , 51.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-7-12/
3.3. Талууд 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ-гээр үүрэг гүйцэтгэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн үндэслэлээр үүргийг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн. /хх-13-15/
3.4. Б******* нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Х.С ийн ХААН банкны *********** тоот дансанд 20,180,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх-5/
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эсэх, хоорондоо хамааралтай эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.1. Хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/03105 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02175 дугаартай магадлал авагдсан байна.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаас үзэхэд, тус иргэний хэрэгт Б******* нь хариуцагчаар оролцсон байх бөгөөд тэрээр О.Ч гийн нэхэмжлэлийг татгалзсан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2021.06.02-ны өдөр ээж О.Ч гийн мөнгө зээлээч гэх гуйлтаар 2 дахь удаагаа Б******* -ийн ХААН банкны *********** дугаар данснаас 20,000,000 төгрөг зээлүүлж, н.С-гийн ХААН банкны ****** тоот дансанд шилжүүлсэн, мөн өдрөө ээж О.Ч зээлийн хүүг нь төлөөч гэхээр нь н.С-гийн мөн дансанд 180,000 төгрөг шилжүүлсэн., ... нийт 21,978,300 төгрөгийг ээж О.Ч зээлж аваад өнөөг хүртэл төлөөгүй ..., ...2021.06.02-ны өдрийн Х.С болон О.Ч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хариуцагч ... бид нарт хамааралгүй бөгөөд Х.С тай Ж.Г болон Б******* нар зээлийн гэрээ байгуулаагүй, ... О.Ч болон Х.С гаас хариуцагч бид мөнгө зээлэх шаардлага байхгүй ... бид ээж О.Ч д нийт 25,978,300 төгрөг зээлсэн ба үүнээс 20,000,000 төгрөгийг л буцааж авсан тул зөрүү 5,978,300 төгрөг гаргуулж авна ... гэж тус тус тайлбарлаж байжээ. /хх26-27/
Давж заалдах шатны шүүхийн магадлалын Үндэслэх хэсгийн 10-т Мөнгөнцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн талаар ... О.Ч , Ж.Е нар нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр И ХК -тай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн авч, орон сууцыг барьцаалсан, БНХАУ-ын иргэн С.М /************ / нь 2021 оны 01 сарын 20-ны өдөр И ХК -ийн данс руу нийт 20,298,300 төгрөгийг шилжүүлснээр дээрх О.Ч , Ж.Е нарын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр И ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна. ... Хэрэгт авагдсан хариуцагч С.М ийн ХААН банк дахь *********** дугаартай дансны хуулгаас үзвэл, О.Ч нь өөрийн ******* тоот данснаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаагийн үйлдлээр нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн, С.М ээс О.Ч гийн данс руу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 4,400,000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр тус тус шилжүүлсэн байна. ... Мөн С.М ээс иргэн Х.С гийн ********** дугаарын данс руу 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн үйлдлээр нийт 20,180,000 төгрөг шилжүүлжээ. ... Дээрх нотлох баримтуудаар хариуцагч С.М , Ж.Г болон нэхэмжлэгч О.Ч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч О.Ч нь 25,978,300 төгрөгийн дүн бүхий зээлийн үүргээс 5,978,300 төгрөгийг гүйцэтгээгүй гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. ..., ... С.М , Ж.Г нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй тул тэдгээрийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй. гэж дүгнэн, шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор ХААН банк дахь өөрийн эзэмшлийн *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг баримтаар шүүхэд гарган өгчээ. Уг баримтаас үзвэл, Б******* нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн данснаас ****** тоот данс руу 20,180,000 төгрөг шилжүүлсэн байдаг. /хх-5/
4.2. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэн Х.С гийн ****** тоот данс руу 20,180,000 төгрөг шилжүүлсэн нь О.Ч гээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаагийн үйлдлээр нийт 20,000,000 төгрөг Б******* -т шилжүүлсэн үйл баримтад хамааралтай болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /магадлал/-ээр тогтоогдсон гэж үзнэ.
Түүнчлэн, хариуцагч О.Ч гийн бусдад төлөх өрийг нэхэмжлэгч Б******* төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээс чөлөөлөгдсөн, хариуцагч нар дүр үзүүлэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул нотлох баримтыг буруу үнэлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн бөгөөд түүний гадаад паспортад нэрийг нь ************ гэж бичсэн байх тул шүүхийн шийдвэрт бичигдсэн С.М гэснийг Б******* гэж өөрчлөн бичих нь зүйтэй байна.
Мөн анхан шатны шүүх, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад техникийн шинжтэй алдаа гаргасан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 496.1 гэж, нэхэмжлэлийн дүнг 20180 000 гэж, нэхэмжлэгчийн нэрийг *********** гэж тус тус алдаатай бичсэнийг залруулан зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2024/04248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 496.1 гэснийг 496 дугаар зүйлийн 496.1 гэж, 20180 000 гэснийг 20,180,000 гэж, нэхэмжлэгч С.М ийн /*********** / гэснийг нэхэмжлэгч Б******* гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД