| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2024/00423/и |
| Дугаар | 224/МА2024/00033 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 224/МА2024/00033
З.Б-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00472 дугаар шийдвэртэй,
З.Б-ийн нэхэмжлэлтэй, “Ж.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага: Ж.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ж.Б нь онд төрсөн, настай. Ж.Б нь 1111 оны 00 сарын 01-ний өдрөөс Г аймгийн Д хотын тухайн үеийн 8 дугаар цэцэрлэг, одоогийн 0 цэцэрлэгийн сав угаагч, асрагчаар орж ажилласан. 2222 оны 00 сарын 26-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Ж.Б нь тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд халагдсан тушаал нь олдохгүй байгаа учир шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд Ж.Б-ийн1111 оны 00 сарын 01-ний өдрөөс 2222 оны 00 сарын 26-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү.
3. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00472 дугаар шийдвэрээр:
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Т ургийн овогт Ж-ы Б-ийн 1111 оны 00 сарын 01-ний өдрөөс 3333 оныг дуустал хугацаанд Г аймгийн Д хотын төвийн 8 дугаар цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б давж заалдсан гомдолдоо: “...Улсын архиваас Ж.Б-ийн ажлаас халагдсан тушаал, 4444 оноос хойш цалингийн баримт гараагүй гэх шалтгаанаар ажилласан жилийг хасаж тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн дэвтэр дээрх 8-р цэцэрлэгийн эрхлэгчийн 26 тоот тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй байна. Ж.Б нь 4444-5555 онуудад хүүхэд төрүүлж, өсгөсөн. Энэ чөлөөтэй байсан хугацааг ажилласанд тооцох ёстой гэж бодож байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь 1111 оны 00 сарын 01-ний өдөр тухайн үеийн 8 дугаар цэцэрлэг, одоогийн 0 цэцэрлэгт сав угаагчаар ажилд томилогдсон тушаал байгаа бөгөөд түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр 2222 оны 10 сарын 26-ны өдрийн 26 тоот цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. 2017 оны 00 сарын 20-ны өдөр улсын байцаагч нь ажилласан жилийг тооцоолоод 5 жил 10 сар 25 өдөр ажилласнаар тооцов гээд тамга дараад баталгаажуулсан байгаа. Ж.Б 4444, 5555 онд 2 жил дараалан хүүхэд төрүүлсэн бөгөөд декреттэй байсан хугацаа бас ажилласан жилд тооцогдох байсан болов уу гэж үзэж гомдол гаргасан юм. Хөдөлмөрийн байцаагчийн тогтоосон хугацаа хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00472 дугаар шийдвэртэй иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. З.Б нь “Ж.Б-ийн ажиллаж байсан байдал” тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
3.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хэргийн 40 талд, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б хэрэг /1 хавтас, 40 хуудас/ танилцуулсан тухай баримт авагдсан ба шүүх 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхээр захирамж гаргаж, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архив, Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтууд гаргуулж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргасан байх боловч шүүхийн журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэргийн оролцогчид танилцуулах ажиллагаа хийгдээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй. Хэргийн оролцогч хэргийн материалтай бүрэн танилцсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, үйл баримтыг тогтооход шаардлагатай ажиллагаа явуулах, шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэх /эдлэх/ боломж, нөхцлийг бүрдүүлээгүй нь оролцогчийн эрхийг хангаагүй гэх үндэслэл болно.
3.2. Шүүхээс Ж.Б-ийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон зарим нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ж.Б-ийн хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн байх ба шүүх шийдвэртээ: хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлын талаар бичилт хийгдсэн боловч олгосон байгууллагын тамга дарагдаагүй, мөн зарим бичилтэд Д хотын хүүхдийн 0-р цэцэрлэг гэсэн тамга дарсан байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг эргэлзээтэй гэж үзэж, хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн Ж.Б-ийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атлаа уг хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар нь хэрэгт хавсаргаж, давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс гомдлыг үндэслэн хэргийг хянах ажиллагаа нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бүхий л нотлох баримтын хүрээнд хийгдэх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, болоогүй бүхий л нотлох баримт хэрэгт хавсаргагдах учиртай.
Түүнчлэн, хэргийн 5 дугаар талд, Ж.Б-ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /канондсон хуулбар/ авагдсан байх боловч бичилтэд ямар байгууллагын тамга дарагдсан эсэх нь харагдахгүй байх тул хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлээгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.
3.3. Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шүүхийн ажиллагаа бөгөөд нотлох баримтыг үнэлэх гэдэг нь талуудаас шүүхэд гаргасан баримтуудын тухайн маргаанд хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлж, үүний үндсэн дээр эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харилцан хамааралтай, хэрэгт ач холбогдолтой байдлаар нь бүрэн гүйцэт үнэлж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г аймгийн Д /хот/ сумын 3, 0 цэцэрлэгүүдэд 0000-6666 оны хооронд тогоочоор ажиллаж байсан гэх Д.Д, 0000-7777 оны хооронд тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан гэх Д.Ч нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба эдгээр хүмүүс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн, тухайн үеийн 8 дугаар цэцэрлэгийн хамт олонтой 3333 онд авхуулсан гэх гэрэл зурган дээрх хүмүүсийг таньж байгаа талаар нэг бүрчлэн нэрлэн зааж, Ж.Б мөн тус зурган дээр байгаа, тус цэцэрлэгт хамт ажиллаж байсан талаараа тус тус мэдүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 37-40-р тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүх Ж.Б-ийн1111-3333 оны хооронд Г аймгийн Д хотын 8 дугаар цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоохдоо дээрх гэрэл зургийн талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-т: “гэрч Д.Д, Д.Ч нар нь хүсэлт гаргагч Ж.Б-ийг 1111 оноос 2222 оны 10 сарын 26-ны хооронд Г аймгийн Д хотын 8 дугаар цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн боловч гэрчүүдийн мэдүүлэг нь нотолгооны хүрэлцээгүй /үндэслэх хэсгийн 4.6-т/ гэж нэг нотлох баримтын нотолгооны ач холбогдлын талаар өөр өөрөөр дүгнэсэн байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт, ...архивд хадгалагдаж буй 1111-4444 оны цалингийн баримтаас Ж.Б-д холбогдох баримт гараагүй, 1111 оны хүн ам, орон сууцны тооллогын хуудас, хүүхдийн төрснийг бүртгэх анкет зэрэгт түүнийг ажилгүй гэж тэмдэглэсэн байх тул зөвхөн гэрчүүдийн мэдүүлэг, Г аймгийн Д сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр албан бичиг /тодорхойлолт/-ыг үндэслэн түүнийг 1111 оны 00 сарын 01-ний өдрөөс 2222 оны 00 сарын 26-ны өдөр хүртэл Г аймгийн Д хотын 8 дугаар цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй гэжээ.
Хүн ам, орон сууцны тооллогын хуудас, хүүхдийн төрсний бүртгэлийн анкет зэрэгт тусгагдсан мэдээллүүд нь асуумжийн шинжтэй бөгөөд хүний ажиллаж байсан байдлыг шууд тодорхойлох мэдээллийг агуулсан баримтууд бус тул уг баримтуудад ажил эрхлэлтийн талаар тусгагдаагүй нь тухайн хүнийг огт ажил эрхэлж байгаагүй гэх үндэслэл болохгүйг анхаарах нь зүйтэй байна. Түүнчлэн хүсэлт гаргагч этгээдийн хөдөлмөр эрхэлж байсан талаарх баримтууд болох ажилд томилсон, чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр болон ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримтууд холбогдох байгууллагын болон аймаг, улсын архивын сан хөмрөгт хадгалагдаагүй шалтгааны улмаас өөр бусад нотлох баримт, үйл баримтаар хөдөлмөр эрхэлж байсан байдлаа тогтоолгох шаардлага гаргаж байгааг шүүх анхаарч, нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаачилгаараа явуулахыг хуулиар хязгаарлаагүй болно.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
5. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2024/00472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН