Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/176

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, О.Өлзийбуян,

Улсын яллагчаар хяналтын прокурор П.Итгэл,

Шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Г.Н-ийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Хохирогч Ц.А-, Ч.Э-, Л.Н-,

Шүүгдэгч Ц.Ц-, Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн 201622000542 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, Ц.Ц.
  2. Монгол улсын иргэн, Г.Н

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц-, Г.Н- нар нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух  Л.Н-н сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл, шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 6.908.000 /зургаан сая есөн зуун найман мянга/ төгрөгийн, Ц.А-ын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлан авч 8.510.000 /найман сая таван зуун арван мянга/ төгрөгийн,  мөн өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух  Ч.Э-ы гэрээс эрэгтэй эмэгтэй хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч нийт 920.000 /есөн зуун хорин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц-, Г.Н- нар нь давтан үйлдлээр, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Л.Н-н сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл, шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан 6.908.000 төгрөгийн, иргэн Ц.А-ын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлан 8.510.000 төгрөгийн, мөн өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн Ч.Э-ы гэрээс эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэргийг хулгайлан 920.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан орон байранд нэвтэрч үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 4, 7 дугаар хуудас/,
  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-

ийн  11-17 дугаар хуудас/,

  • Ар талыг нь эвдэлсэн төмөр сейф, хөх өнгийн хадагтай хүүхдийн сэвлэг, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 31-33 дугаар хуудас/,
  • Б.Д-аас хураан авсан 3 ширхэг мөнгөн хазаарыг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/, 
  • Б.Д-аас хураан авсан хөх өнгийн хээтэй хар торгон үстэй дээл, хүрэн өнгийн гадартай үстэй дээл 2 ширхэгийг хохирогч Ч.Э-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Б.Ц-гаас хураан авсан Конка брэндийн 37 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Ч.Б-, Т.Б-нараас хураан авсан сурыг мөнгөөр ороож тоноглосон, төмөр амгайтай 2 ширхэг мөнгөн хазаарыг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 37 дугаар хуудас/,
  • Б.Д-аас хөх өнгийн хээтэй хар торгон гадартай үстэй дээл, хүрэн өнгийн гадартай үстэй дээл, 3 ширхэг мөнгөн хазаар хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 38 дугаар хуудас/,
  • Хар өнгөтэй, саарал өнгийн хаалгатай 40х60 сантиметрийн хэмжээтэй төмөр сейф, цэнхэр өнгийн 3 ширхэг хадаг, Ц.А-ын гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээ, “Идэр-Ундраа” худалдаа үйлчилгээний төвийн сугалаа, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Л.Д-ийн гадаад паспорт зэргийг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
  • Хүрэн өнгийн цэмбэн суудалтай, төмөр дөрөөтэй эмээл, хөх өнгийн

хулдаасаар өнгөлсөн суудалтай төмөр дөрөөтэй эмээлүүдийг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/,

  • Шүүгдэгч Г.Н-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
  • Ниссан Х-Трэйл маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/,
  • Н.Б-гийн эзэмшлийн 2003 онд үйлдвэрлэгдсэн Ниссан Х-Трэйл маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /1-р хх-ийн 226 дугаар хуудас/,
  • Өмчлөгч: Н.Б-, 2838 УБК улсын дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, арлын NT30104212 дугаартай, Ниссан Х-Трэйл маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 130 дугаар хуудас/,
  • Хохирогч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хөдөө гэр рүүгээ явчихаад 08 дугаар сарын 24-ний өдөр сумын төвийн гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгойсон, байшингийн хаалгыг эвдэлсэн байдалтай байхаар нь гэртээ яваад ортол гэр доторх эд зүйлүүдийг маань буулгаад хаячихсан байсан тэгэхэд хулгай орсон гэдгийг ойлгоод цагдаад дуудлага өгсөн. 42 инчийн Ковика ЛСД зурагт удирдлагын хамт /799.000 төгрөгөөр/, 12 завхаатай хоёр мөнгөн эмээл /тус бүрд нь 10.000.000 төгрөгөөр/, зоосон мөнгөн хазаар хоёр ширхэг /тус бүрд нь 2.000.000 төгрөгөөр/, эрэгтэй, эмэгтэй хос монгол гутал /хосоор нь 800.000 төгрөгөөр/, булигаар гөлөм 2 ширхэг /тус бүрд нь 250.000 төгрөгөөр/, Жи-мобайлын гар утас /78.000 төгрөгөөр/, Нокиа маркын гар утас /50.000 төгрөгөөр/, хүндрүүлэгчтэй 50х80 сантиметрийн хэмжээтэй төмөр сейф /280.000 төгрөгөөр/, сейфэн дотор 7 ширхэг мөнгөн аяга, үүн дотор дээр үеийн их гарын мөнгөн аяга /1.500.000 төгрөгөөр/, бусад аягануудыг нь 300-400 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа. 5 ширхэг мөнгөн хазаар үүн дотор мөнгө ихтэй хуучны хазаар байсан үүнийг /3.000.000 төгрөгөөр/, өөр нэг ааваас ирсэн хазаарыг /2.000.000 төгрөгөөр/, бусад 3 хазаарыг тус бүрд нь /1.500.000 төгрөгөөр/, сүүлийн үеийн халтар чулуун хөөрөг /150.000 төгрөгөөр/, хятад шаазан хөөрөг /500.000 төгрөгөөр/ зэрэг эд зүйлүүд алдагдсан бөгөөд дээрх үнээр үнэлнэ. Би гомдолтой байна. ...Би эмээлээ 5 сая төгрөгөөр үнэлсэн. Миний эмээл алдагдах үедээ гөлөмгүй байсан юм. Би гөлөмгүй тэр чигээр нь 5 сая төгрөгөөр үнэлж байгаа. Би эмээлээ салгаад хэлэхэд 12 мөнгөн завхаагаа 2 сая төгрөгөөр үнэлж байгаа учир нь миний эмээлийн мөнгөн завхаа дээр үеийн мөнгө ихтэй хийсэн хийц нь ч гэсэн сайн хийцтэй байсан. Мөн энэ мөнгөн завхаа нь ямар нэгэн хольцгүй цэвэр мөнгөн завхаа байсан. Одоогоос 30-40 жилийн өмнө хийгдэж байсан мөнгөн завхаа байсан. Эмээлийн модны хувьд ясан хяртай, хус модон эмээл байсан. Эмээлэнд байгаа дөрөө нь яг жийжүү дөрөө биш түүнийг дуурайлган хийсэн хар төмрөн дөрөө байгаа. Би модон эмээлээ 800.000 төгрөгөөр үнэлнэ. Хийц нь түрүү үеийн хийц юм. Дөрөөгөө би 400.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо гадуур зарагдаж байгаа дөрөөнүүдийг бодоход хийц сайтай шал өөр дөрөө байгаа юм. Би эмээлээ 5 сая төгрөгөөр үнэлж байгаагийн хамгийн гол учир нь одоо үеийн эмээлийн хийц нь муудсан. Миний эмээл бол хийц сайтай эмээл учраас 5 сая төгрөгөөр үнэлж байгаа юм. Миний хувьд эмээлийн мод, дөрөөг бол нэхэмжлэхгүй, хамгийн гол нь мөнгөн завхаагаа олж авахыг хүсэж байгаа. Дээр үеийн мөнгөн завхаа учраас дангаар нь 2 сая төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас, 2-р хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ч.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...08 дугаар сарын 24-ний өдөр манай хүргэн гэрт очоод надруу яриад танай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь би сумын төв яваад ортол манай байшингийн баруун талын цонхны салхивч нь онгойчихсон байсан. Бас унтлагын өрөөний цонхны салхивч нь онгойсон бололтой завсар гарчихсан байсан. Тэгэхээр нь гэрлүү яваад ортол унтлагын өрөөнд байсан цоожтой авдрыг онгойлгоод дотор нь байсан эрэгтэй эмэгтэй хоёр үстэй дээл, бор өнгийн түрийвчтэй бэлэн 380.000 төгрөгийг авсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Манай гэрт байсан авдрыг эвдсэн байсан. Уг авдрыг би 180.000 төгрөгөөр авч байсан тэр үнээрээ үнэлнэ. Байшингийн баруун талын цонхны түгжээг эвдэлсэн 20.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өмнө нь Л.Н- ахын дүүтэй гэр бүл болж байсан бөгөөд нөхөр маань нас барчихсан юм. Нөхөр бид хоёрыг анх гэрлэхэд өгч байсан мөнгөн аяганууд, мөнгөн хазаар, мөнгөн эмээл зэргийг Л.Н- ахынд хадгалуулж байсан. Тэгтэл Л.Н- ахын гэрт хулгай орж ахын эд зүйлүүдтэй хамт миний эд зүйлүүд алдагдсан. ...Нэг мөнгөн эмээл, сейфэн дотор байсан 5 мөнгөн хазаар, 7 мөнгөн аяга, төмөр сейф алдагдсан. ...Би 12 завхаатай мөнгөн эмээлээ 10.000.000 төгрөгөөр, дээр үеийн их гарын мөнгөн аягаа 1.500.000 төгрөгөөр, бусад мөнгөн аягануудаа тус бүрд нь 400.000 төгрөгөөр, мөнгө ихтэй хуучны мөнгөн хазаараа 3.000.000 төгрөгөөр, товруутай мөнгөн хазаараа 2.000.000 төгрөгөөр, бусад мөнгөн хазааруудыг тус бүрд нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Сейфийг эвдчихсэн байсан түүнийг 450.000 төгрөгөөр үнэлнэ. ... Миний алдсан эмээл Л.Н- ахынхтай адилхан эмээл байсан. Тийм учраас би эмээлийнхээ үнэлгээг Л.Н- ахынхтай адилхан байна гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58, 2-р хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ломбарданд 1 ширхэг мөнгөн хазаар 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би мөнгөө аваад хазаарыг нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/,    
  • Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ломбарданд мөнгөн хазаар барьцаанд тавьсан залуу мөн байна. ...Би хазаарыг үзэж байгаад 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би мөнгөө аваад хазаарыг нь буцааж өглөө” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...08 дугаар сарын 25-ны үеэр эмээлийн мөнгөн завхаа авчирч 200.000 төгрөгөөр зарсан. Надад эмээлийн завхаагаа зарахдаа манай аавын бие муу байна яаралтай эмчилгээний мөнгө хэрэг болоод байгаа юм. Миний өөрийн эд зүйл та авчихаач гэхээр нь би мөнгөн завхааг граммлаж авсан. ...тэр мөнгөн завхааг би хайлуулаад мөнгөөр нь юм хийгээд зарчихсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн бол авахгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 63-64 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Ц- надад Х-Трэйл маркын машин өгөөд Старекс маркын машин надаас авахаар болсон. ...миний Старекс маркын машины ар талд аделинд боосон эд зүйл үлдээсэн. Би өөрөө задалж үзээгүй. Надад дээл байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67 дугаар хуудас/,
  • Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...08 сарын сүүлээр байсан байх намайг лангуун дээрээ зогсож байхад нэг залуу мөнгөн хазаар үзүүлээд мөнгөний хэрэг болоод байна энэ хазаарыг зарах хэрэгтэй байна гэхээр нь би нэг бөгжийг нь аваад граммлаж үзэхэд 1.7 грамм болж байсан. Нийт 100 бөгжтэй байсан. Тэр залуу өөрөө 100.000 төгрөгөөр заръя гэхээр нь худалдаж авсан. Миний хувьд одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй хазаар худалдаж авсан 100.000 төгрөгөө буцааж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 08

дугаар сарын 25-ны өдөр Г.Н- гэгч Конка маркын 37 инчийн ЛСД зурагтыг барьцаанд тавьж ...250.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаанд буцааж авахаар болсон. Г.Н- гэж цахим иргэний үнэмлэхний лавлагаагаар үйлчилсэн. ...надад гомдол санал алга байна. Би мөнгөө аваад эд зүйлүүдийг буцааж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/,

  • Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...08 дугаар сарын 23, 24-ний үед байсан байх. ...Би бууж үлдээд жолоочийг бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд машины урд талын хаалганаас хоёр эрэгтэй хүн бууж ирээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлэхээр нь жолоочийн үнэмлэхээ гэхэд гэртээ орхичихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаанаас яваа талаар тодруулахад голын урагшаа гарч загас бариад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд би бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваа учир түр саатуулна гэж хэлчихээд машины ар талын багажын хаалгыг дөнгөж онгойлгоод харахад дотор нь сейф байсан. Тэгсэн машин хөдлөөд тэр чигтээ Мөрөн рүү зугтаад явчихсан. ...энэ явдлаас хойш 7-8 хоногийн дараа Мөрөнд ажлаар орж ирэхэд Төмөрбулаг сумаас сейфтэй эд зүйл алдагдсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.А-ын хулгайд алдсан гэх 12 завхаатай мөнгөн эмээлийг 5.000.000 төгрөгөөр, их гарын мөнгөн аягыг 700.000 төгрөгөөр, 6 ширхэг дунд гарын мөнгөн аягыг 960.000 төгрөгөөр, хуучны мөнгөн хазаарыг 400.000 төгрөгөөр, товруутай мөнгөн хазаарыг 400.000 төгрөгөөр, 3 ширхэг мөнгөн хазаарыг 750.000 төгрөгөөр, төмөр сейфийг 300.000 төгрөгөөр,
  • Хохирогч Л.Н-н хулгайд алдсан гэх Ковика брэндийн ЛСД зурагтыг 650.000 төгрөгөөр, 12 завхаатай мөнгөн эмээлийг 5.000.000 төгрөгөөр, эрэгтэй, эмэгтэй хос монгол гутлыг 500.000 төгрөгөөр, 2 ширхэг булигаар гөлөмийг 300.000 төгрөгөөр, Жи-Мобайлын гар утсыг 78.000 төгрөгөөр, Нокиа маркын гар утсыг 50.000 төгрөгөөр, орчин үеийн чулуун хөөргийг 80.000 төгрөгөөр, хятад шаазан хөөргийг 250.000 төгрөгөөр,
  • Хохирогч Ч.Э-ы хулгайд алдсан гэх эрэгтэй үстэй дээлийг 500.000 төгрөгөөр, эмэгтэй үстэй дээлийг 400.000 төгрөгөөр, бор өнгийн түрийвчийг 20.000 төгрөгөөр, эвдэрсэн авдрыг 100.000 төгрөгөөр, вакуум цонхны эвдэрсэн түгжээг 20.000 төгрөгөөр, нийт 16.458.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Н- намайг хөдөө явж өгөөч гэхээр нь машинаараа явж өгсөн. Төмөрбулаг суманд очоод намайг гудамжны ар талд зогсоогоод энд байж байгаарай би нөгөө очих айлаа явган хайгаад олъё гээд явсан тэгж яваад нэлээн удаж байснаа буцаж ирээд айлын гаднаас юм ачъя гээд дагуулаад явсан. Тэгээд айлын гадаа очоод зогссон чинь мөнгөн тоногтой эмээл, хурган дотортой дээл, зурагт зэрэг зүйлүүд ачсан. Тэгээд бас нэг сэйф өргөлцөөд өгөөч гэхээр нь би хашаан дотор орж сэйф өргөж гаргаад машиндаа ачсан. Тийм юмнууд ачаад байхаар  нь ямар учиртай эд зүйл болох талаар асуухад манай ахынх аймгийн төвд байдаг юм энэ юмнуудаа аваад ир гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд тэндээс хөдлөөд аймгийн төв рүү орж яваад цагдаатай таарч шалгуулсан. Цагдаа бичиг баримтыг маань үзээд машины ар талд ачсан сейфийг хараад ямар учиртай юм бэ гэж асуухаар нь манай найзынх гэж хэлсэн. Тэгсэн тэр цагдаа журмын хашаа руу явъя гээд араас дагаад яваарай гэж хэлсэн. Тэгээд наашаа явж байсан чинь Г.Н- энэ зүйлүүд хулгайн эд зүйлүүд одоо журмын хашаа руу очихгүй зугт тэгэхгүй бол чамайг хам хэрэгтэн болгоно шүү гээд байсан. Тэгэхээр нь би журмын хашаа руу очилгүй Мөрөнгийн төвөөр дайраад шууд Улаанбаатар хотын чиглэлд явсан. Тэгээд Мөрөнгөөс гарч яваад Нуурын босгын цаад талд нэг модтой газар аваачаад тэнд сейфийг эвдсэн. Тэгэхэд би хэрэггүй юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн зүгээр гээд байсан. Тэгээд сейфийг эвдэж үзэхэд дотроос нь мөнгөн хазаар, мөнгөн аяга зэрэг зүйлүүд гарч ирсэн. Би Г.Н-д хэрэггүй буцаагаад өгчихье гэж зөндөө хэлсэн боловч тоогоогүй. Тэгээд тэндээс Орхон аймаг руу явсан. Тийшээ явах замдаа Намнангийн арын тэнд модон дунд орж мөнгөн эмээлийн тоноглолыг авсан. Эмээлийг нь модон дунд хаясан. Тэндээс цаашаа яваад Орхон аймаг орж зурагтыг ломбарданд тавьсан бас нэг мөнгөн хазаарыг нь зарсан. Тэнд дээрх зүйлүүдийг нь зарчихаад буцаад наашаа Хөвсгөл рүү явсан. Наашаа явж яах гэж байгаа юм бэ гэхэд сейфийг аваачиж тавина гээд бид хоёр Төмөрбулаг сум орж нэг эзэнгүй айлын хашаанд сейфийг орхиод тэндээсээ буцаад Мөрөнгөөр дайраад Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод очоод Урт цагаан дээр эмээлийн мөнгөн тоноглол, мөнгөн аягануудыг зарсан. Би машин дотроо сууж байсан. Г.Н- бүгдийг зарсан. Тэнд юм зарж нэлээд хэдэн төгрөгтэй болоод буудалд орж хоносон. Маргааш нь Хархорин захын тэрүүгээр Г.Н- юмнуудаа зарсан. Түүнийг Г.Н- мэдэж байгаа байх. Надад 3 аяга өгөөд зарж ир гэхээр нь би авч Сансарт нэг ломбарданд гурвууланг нь нийлүүлээд 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр мөнгөө Г.Н-д авчирч өгсөн. ...би хулгай хийсэн шинэ хоёр монгол гутлыг зах дээр аваачиж 110.000 төгрөгөөр зараад захаас нэг сейф аваад ирсэн. ...би өөрөө айл руу огт ороогүй. Г.Н- айлын гадаа аваачиж зогсоосон. Тэгээд юм ачаад байсан. Тэгэхдээ тэр үстэй дээлийг ачсан. Би машинаас сейф өргөх гэж л буусан. Түүнээс өөрөөр буугаагүй. Би Г.Н-ийг хулгай хийх гэж байна гэдгийг мэдээгүй. Наана цагдаатай тааралдаад журмын хашаанд орох болоход л хулгай хийсэн гэдгээ хэлсэн. ...Намайг хам хэрэгтэн болгоно шүү гээд дарамтлаад байхаар нь би айсандаа хэлж чадаагүй. Хотод миний зарсан эд зүйлүүдийг ч гэсэн зарж ир гээд дарамтлаад байхаар нь би зарсан юм. Намайг байнга ингэхгүй бол тэгэхгүй бол хам хэрэгтэн болгоно гээд дарамтлаад байдаг. ...Би Г.Н-ийг ахынхаасаа л юм ачиж байна гэж бодсон чинь хулгай хийж байсан юм байна лээ. ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104, 106, 111 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 23-24-ний орой 21 цагийн орчим Ц.Ц-ын хамт ...улсын дугаартай Ниссан Экстрал машинтай Төмөрбулаг сум явсан. Бид хоёр Төмөрбулаг сумаас хулгай хийхээр явсан юм. Мөрөнд архи ууж байгаад хоорондоо ярилцаад явсан. Төмөрбулаг суманд шөнийн 00 цагийн орчимд орсон. Төмөрбулаг сумын хойд талд байх 2-3 хашаагаар орсон. ...Сургууль, цэцэрлэгийн ойролцоо ертөнцийн зүгээр баруун хойд талд үзүүрийн хашаанд очиход эзэнгүй байсан. ...Хашаан дотор хоёр байшин байсан. ...Тэр хашаанд ороод баруун талд байх том палкан байшинд орсон. ...эхлээд Ц.Ц- орсон. Байшингийн баруун хойно байх цонхоор Ц.Ц- орсон юм. ...Би хашаан дотор хүн хараад зогсож байсан. Ц.Ц- цонхоор ороод 2 мөнгөн хазаар, 2 эмээл, 2 гөлөм, 2 монгол гутал гаргаж надад өгсөн. Би тэдгээр зүйлсийг аваад хашаа давуулсан. Түүнийгээ орхиод байшингийн урд талын хаалгыг сүхээр эвдэж орсон. Тэгээд байшинд байсан бор өнгийн сэйфийг авч хашааны үүдэнд аваачиж тавьсан. Ингээд машинаа авчирч ачаад 03 цагийн үед явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 113-117, 119-120 дугаар хуудас/, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Л.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Ц- миний хамгийн том банди байгаа юм. Ц.Ц- тусдаа гарчихсан, Улаанбаатар хотод эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүү маань 3 дугаар анги төгсөөд сургуулиас гараад өвөө дээрээ мал маллаж өссөн. ...Ц.Ц- архи ууж тамхи татдаггүй. 2012 онд мотоцикльтой явж байгаад аваарт ороод баруун хөлөө хугалаад түүндээ хадаас хийлгэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 125 дугаар хуудас/,
  • Ц.Ц-ын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 126 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 127 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /1-р хх-ийн 129 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай ялтан Ц.Ц-ыг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан захирамж, /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 133-135 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ц.Ц-ын биед хүндэвтэр гэмтэл учирсныг нотлох зүүн хөлийн рентгэн зураг, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 220-223 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Н-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд: 

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 121 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 123 дугаар хуудас/,
  • Г.Н-ийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /1-р хх-ийн 124 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /1-р хх-ийн 129 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 136-139 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай ялтан Г.Н-ийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн зарим гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийг шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нар бүлэглэж үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Ц-, Г.Н- нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух иргэн Л.Н-н сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл, шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан 6.908.000 төгрөгийн, иргэн Ц.А-ын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлан 8.510.000 төгрөгийн, мөн өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух иргэн Ч.Э-ы гэрээс эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэргийг хулгайлан 920.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 4, 7 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн  11-17 дугаар хуудас/, эвдэлсэн төмөр сейф, хөх өнгийн хадагтай хүүхдийн сэвлэг, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 31-33 дугаар хуудас/, Б.Д-аас хураан авсан 3 ширхэг мөнгөн хазаарыг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/,  Б.Д-аас хураан авсан хөх өнгийн хээтэй хар торгон үстэй дээл, хүрэн өнгийн гадартай үстэй дээл 2 ширхэгийг хохирогч Ч.Э-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35 дугаар хуудас/, Б.Ц-гаас хураан авсан Конка брэндийн 37 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 36 дугаар хуудас/, Ч.Б-, Т.Б-нараас хураан авсан сурыг мөнгөөр ороож тоноглосон, төмөр амгайтай 2 ширхэг мөнгөн хазаарыг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 37 дугаар хуудас/, Б.Д-аас хөх өнгийн хээтэй хар торгон гадартай үстэй дээл, хүрэн өнгийн гадартай үстэй дээл, 3 ширхэг мөнгөн хазаар хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 38 дугаар хуудас/, хар өнгөтэй, саарал өнгийн хаалгатай 40х60 сантиметрийн хэмжээтэй төмөр сейф, цэнхэр өнгийн 3 ширхэг хадаг, Ц.А-ын гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээ, “Идэр-Ундраа” худалдаа үйлчилгээний төвийн сугалаа, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Л.Д-н гадаад паспорт зэргийг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/, хүрэн өнгийн цэмбэн суудалтай, төмөр дөрөөтэй эмээл, хөх өнгийн хулдаасаар өнгөлсөн суудалтай төмөр дөрөөтэй эмээлүүдийг хохирогч Л.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Н-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-43 дугаар хуудас/, хохирогч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас, 2-р хх-ийн 24 дүгээр хуудас/, хохирогч Ч.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/, хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 57-58, 2-р хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-н 63-64 дүгээр хуудас/, гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/, гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/, хохирогч Ц.А-ын хулгайд алдсан гэх 12 завхаатай мөнгөн эмээлийг 5.000.000 төгрөгөөр, их гарын мөнгөн аягыг 700.000 төгрөгөөр, 6 ширхэг дунд гарын мөнгөн аягыг 960.000 төгрөгөөр, хуучны мөнгөн хазаарыг 400.000 төгрөгөөр, товруутай мөнгөн хазаарыг 400.000 төгрөгөөр, 3 ширхэг мөнгөн хазаарыг 750.000 төгрөгөөр, төмөр сейфийг 300.000 төгрөгөөр, хохирогч Л.Н-н хулгайд алдсан гэх Ковика брэндийн ЛСД зурагтыг 650.000 төгрөгөөр, 12 завхаатай мөнгөн эмээлийг 5.000.000 төгрөгөөр, эрэгтэй, эмэгтэй хос монгол гутлыг 500.000 төгрөгөөр, 2 ширхэг булигаар гөлөмийг 300.000 төгрөгөөр, Жи-Мобайлын гар утсыг 78.000 төгрөгөөр, Нокиа маркын гар утсыг 50.000 төгрөгөөр, орчин үеийн чулуун хөөргийг 80.000 төгрөгөөр, хятад шаазан хөөргийг 250.000 төгрөгөөр, хохирогч Ч.Э-ы хулгайд алдсан, эвдэлсэн гэх эрэгтэй үстэй дээлийг 500.000 төгрөгөөр, эмэгтэй үстэй дээлийг 400.000 төгрөгөөр, бор өнгийн түрийвчийг 20.000 төгрөгөөр, эвдэрсэн авдрыг 100.000 төгрөгөөр, вакуум цонхны эвдэрсэн түгжээг 20.000 төгрөгөөр, нийт 16.458.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104, 106, 111 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 113-117, 119-120 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нар нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа согтуугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Төмөрбулаг сум руу хулгай хийх зорилгоор Ниссан Х-Трэйл маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан “машин, хэрэглэн, орон байранд” нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйл “Гэмт хэрэг давтан үйлдэх18.1 дэх хэсэг “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно” гэсэн байх ба шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Л.Н-, Ц.А-, Ч.Э- нарын эд зүйлсийг хулгайлсан үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйл Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр”-ийн 36.1-д “Гэмт хэрэгт хамтран оролцох нь бүлэглэн гүйцэтгэх, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэртэй байна”, 36.2-т “Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ”.

Шүүх шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах

гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хийхдээ санаатай нэгдсэн байна гэж дүгнэв.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйл Гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага”, 37.1-д “Шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан энэ хуулийн 35 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан тогтооно” гэсний дагуу 35 дугаар зүйлийн 35.5-д заасан “Гэмт хэргийг гардан үйлдсэн этгээд”-ийн хувьд шүүгдэгч нарт ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь энэхүү хуулийн зорилго, зорилтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхээс зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт  шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан яллах дүгнэлт үйлдсэн нь буруу болжээ.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2-д “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь шүүгдэгч нарын хувьд оногдуулах ялыг хүндрүүлсэн байна.

Тодруулбал 2016 онд үйлдсэн гэмт хэрэгт тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэхгүйгээр, 2017 оноос хэрэгжиж буй Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн хувьд ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, оногдуулах ял нь хөнгөн төрлийн ялтай, ижил төрлийн ялын дээд хэмжээ эсхүл доод хэмжээ нь багассан бол шинэ хуулийг тухайн цаг хугацаанд нийцүүлэн хэрэглэхийг хууль буцаан хэрэглэх гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг “давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч” үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 16.458.000  төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээчний эд хөрөнгө үнэлсэн тайлан нь хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдаж байх тул /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/-г бодит үнэлгээ гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нар нь 6.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч Ц.А-т /12 завхаа мөнгөн хэрэглэлтэй эмээлийг 5.000.000 төгрөгөөр, их гарын мөнгөн аягыг 700.000 төгрөгөөр, 6 ширхэг дунд гарын мөнгөн аягыг 960.000 төгрөгөөр, хуучны мөнгөн хазаарыг 400.000 төгрөгөөр, товруутай мөнгөн хазаарыг 400.000 төгрөгөөр, 3 ширхэг мөнгөн хазаарыг 750.000 төгрөгөөр, төмөр сейфийг 300.000 төгрөгөөр/, 6.284.000 төгрөгний хохиролыг хохирогч Л.Н-д /Ковика брэндийн ЛСД зурагтыг 650.000 төгрөгөөр, 12 завхаа мөнгөн хэрэглэлтэй эмээлийг 5.000.000 төгрөгөөр, эрэгтэй, эмэгтэй хос монгол гутлыг 500.000 төгрөгөөр, 2 ширхэг булигаар гөлөмийг 300.000 төгрөгөөр, Жи-Мобайлын гар утсыг 78.000 төгрөгөөр, Нокиа маркын гар утсыг 50.000 төгрөгөөр, орчин үеийн чулуун хөөргийг 80.000 төгрөгөөр, хятад шаазан хөөргийг 250.000 төгрөгөөр/, 70.000 төгрөгний хохиролыг хохирогч Ч.Э- /эрэгтэй үстэй дээлийг 500.000 төгрөгөөр, эмэгтэй үстэй дээлийг 400.000 төгрөгөөр, бор өнгийн түрийвчийг 20.000 төгрөгөөр, эвдэрсэн авдрыг 100.000 төгрөгөөр, вакуум цонхны эвдэрсэн түгжээг 20.000 төгрөгөөр/ нарт учруулсан байна.

Шүүх хуралдаанд хохирогч Л.Н-, Ц.А- нараас: “шүүгдэгч Ц.Ц-аас 6.284.000 төгрөгийн хохиролд Ниссан Х-Трэйл маркын ... улсын дугаартай суудлын автомашин, 300.000 төгрөгийг бэлнээр авч, хохиролгүй боллоо” гэх тодорхойлолтыг,

Мөн “Хохирогч Л.Н-, Ц.А- бид хоёр Г.Н-ээс 6.284.000 төгрөгийн төлбөртөө Тариалан сумын Мандал багийн Бадрах ...тоот хашаа байшинг барьцаалж, сар бүрийн 27-ны өдөр 500.000 төгрөг өгч байхаар харилцан тохиролцсон” гэх тодорхойлолтыг,

Шүүх хуралдаанд хохирогч Ч.Э-аас: “Г.Н-, Ц.Ц- нараас 70.000 төгрөгийн төлбөрөө барагдуулсан тул гомдолгүй” гэх тодорхойлолтыг тус тус гаргаж өгч байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух иргэн Л.Н-н сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл, шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан 6.908.000 төгрөгийн, иргэн Ц.А-ын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлан 8.510.000 төгрөгийн, мөн өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух иргэн Ч.Э-ы гэрээс эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэргийг хулгайлан 920.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг баримтлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” үйлдэл нь хоёр жилээс найман жил хүртэл хорих ялтай байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял шийтгэл хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагатай хандаж байгаа байдал, хохирогч нараас уучлалт гуйж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж, хохирогч нарыг гомдол саналгүй болгосон нь шүүгдэгч тус бүрийн хувьд ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлЯлтай байдал”, 78.1 “Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно”, 78.2. “Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно” 78.2.3. “Хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заасан байх тул шүүгдэгч тус бүрийн ялтай байдлын хугацаа дуусч, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал:

Шүүгдэгч Ц.Ц- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Шүүгдэгч Г.Н- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан байна.

Шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нар 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул шүүгдэгч нарын хувьд ялгүй болох хугацаа тасарч, шүүгдэгч Ц.Ц- нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, шүүгдэгч Г.Н- нь хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйл Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах551.1 “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэснийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 1 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, Н.Бүрэнчимэг нар шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Ц.Ц-, Г.Н- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж, хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч нарын хувьд шүүхийн шатнаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд санаатайгаар саад учруулж байсан, урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүнд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээлгэх Эрүүгийн хуулийн зорилго, шүүгдэгч нарыг ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн хэргийг нь ухааруулах зорилгоор тэднийг нийгмээс тодорхой хугацаагаар тусгаарлан хорьж шийтгэх нь зүйтэй гэж үзсэн тул өмгөөлөгч нарын саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нарын эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

Шүүгдэгч Г.Н- нийт 192 хоног, шүүгдэгч Ц.Ц- нийт 221 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ц.Ц-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 221 хоногийг хорих ялын 221 хоногоор, шүүгдэгч Г.Н-ийн цагдан хоригдсон 192 хоногийг хорих ялын 192 хоногоор тооцож, тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2003 онд үйлдвэрлэгдсэн Ниссан Х-Трэйл маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Ц- нь хохирогч Ц.А-, Л.Н- нарын хохирол төлбөрт оруулан тооцохоор харилцан тохиролцсон байх тул, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгов.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-, Ц.Ц- нарт холбогдох хэргийн зүйчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй. 
  2. Шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарыг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Ц-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 221 хоногийг хорих ялын 221 /хоёр зуун хорин нэг/ хоногоор, шүүгдэгч Г.Н-ийн цагдан хоригдсон 192 хоногийг хорих ялын 192 /нэг зуун ерэн хоёр/ хоногоор тооцож, тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ниссан Экстрэл маркын ...улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-, Ц.Ц- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ