Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 224/МА2024/00034

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй, У ББН-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

   Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэртэй,

    Н.А-гийн нэхэмжлэлтэй, У ББН-д холбогдох, “ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,946,100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч У ББН-ийн дарга Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Л.Э, Н.О нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлага: “ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,946,100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай.

  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие У өрхийн эрүүл мэндийн төвд СЗЭС-аар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн төвийн даргын 1111 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б дугаар тушаалаар 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж хохирсон.

  Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул У өрхийн эрүүл мэндийн төвийн с-чийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргасан ба анхан шатны шүүхийн 1111 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 521 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус эрүүл мэндийн төвийн с-чийн  ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм.

  Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орохоор Д.О даргатай 1 удаа уулзаж амаар хүсэлт гаргахад би шийдвэрээ гаргачхаад мэдэгдэнэ гэсэн боловч мэдэгдээгүй. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэргийн гүйцэтгэх хуудас олгосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэж өгсөн.

    2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 34 минутад 00 дугаарын утаснаас залгаж 5 дугаар сарын 22-ны өглөө 8 цагт ажилдаа очоорой, таныг ажилд авах тушаал гарсан гэж ярьсан, мөн 5 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 48 минутад “У” өрхийн эмнэлгээс ярьж, таны тушаал гарсан, ирж тушаалаа ав гэж хэлсэн.

    Ажил тарсан, маргааш нь амралтын өдөр байсан тул би 1 дэх өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 7 цаг 58 минутад ажилдаа очиход дарга Д.О “тушаалаа Г-ээс ав” гэсэн. Г нь миний тушаалыг коридорт хөтөч сувилагч Д-ын хажууд өгөхдөө “та энд гарын үсгээ зураад тушаалаа аваарай, одоо ажил хүлээлцэх боломжгүй байна, таны оронд ажиллаж байсан Ц хагалгаанд орж байгаа, маргааш ирээрэй, одоо түлхүүр байхгүй” гэж хэлээд тушаал өгсөн. Би тушаалтай танилцаад гарын үсэг зурахгүй эхлээд ажлаа хүлээлц, бас цалин 692,000 төгрөг байна, та нарын цалин нэмэгдсэн биз дээ гэж хэлэхэд тиймээ, нэмэгдсэн гэж хэлсэн.

     Ингээд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө ажилдаа очоод миний оронд ажиллаж байсан Ц-д ажлаа хүлээж авна гэж хэлэхэд “би мэдэхгүй, би ажлаас чөлөөлөгдөх тушаалаа аваагүй, та даргатай уулз” гэж хэлэхээр нь би Г-т “Ц ирсэн байна, ажлаа хүлээлцье” гэхэд “би мэдэхгүй, ажил хүлээлцэх тусгай хүмүүс байгаа, та даргатай уулз” гэж хэлсэн тул Д.О даргатай орж уулзахад “та эхлээд тушаалаа аваад гарын үсгээ зурсны дараа ажлаа хүлээлц” гэхээр нь тушаалд гарын үсэг зурсан. Дарга Д.О надад хэлэхдээ “эхлээд Ц-ийн тушаал гаргачхаад таныг ажилд авна, түүний тушаалыг гаргаагүй байгаа, бас энэ хүн бариа заслын 7 хоногоо дуусгаг, тэгэхгүй бол даатгалаас мөнгөө авч чадахгүй тул  дахин таныг дуудна” гэж хэлсэн. Би яг хэзээ дуудах юм бэ, дараа нь арай ажил тасалсан, энэ тэр гэж яриа гарахгүй биз дээ, ингээд сул цалин аваад явж байх юм уу гэхэд таныг ажилд авсан тушаал гарсан өдрөөс цалин гарна шүү дээ гэж хэлээд гаргасан.

    Би энэ байдлын талаар шийдвэр гүйцэтгэгч Б-той утсаар ярьж “намайг явж бай, дахин дуудна гэж хэллээ” гэхэд Б за гэж хэлсэн.

     Ингээд 5 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 39 минутад ... дугаараас та өнөөдөр 13 цаг 30 минут гэхэд ажил дээр хүрээд ир гэж ярьсан, би 13 цаг 28 минутад ажил дээр очиход намайг даргын өрөөнд ороод ир гэсэн ба ороход “намайг хэл сураггүй алга болсон, 5 хоног ажил тасалсан, бид нөхөрлөлөөрөө хуралдаад таныг ажлаас халж байна, дотоод журамд заасан байгаа” гэж хэлсэн. Би Д.О-д чи намайг явж бай, Ц-ийн тушаал гаргачхаад дуудна гэж хэлсэн биз дээ гэхэд би тэгж хэлээгүй, танд нотлох баримт байхгүй гэж хэлсэн.

    Дарга Д.О намайг ажлаас халсан шийдвэрийг гаргахдаа миний эрх зүйн байдлыг дордуулж, ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан мэтээр тушаал гаргасан байсан. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн У өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй, ажил хүлээлгэж өгөөгүй атлаа ажил тасалсан гэж үзсэн.

    Дарга Д.О нь 3 шатны шүүхийн шийдвэрийг дүр үзүүлж, нэр төдий биелүүлэн үл хүндэтгэсэн, мөн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчин удаа дараа хууль бус шийдвэр гарган дур зоргоороо авирлаж байна.

     Иймд намайг У өрхийн эрүүл мэндийн төвийн СЗЭС-ийн  албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Миний сүүлийн 1 сарын цалин хөлсний дундаж 1,914,433 төгрөг болж байгаа. Иймд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан 9 сарын хугацааны олговор 16,946,100 төгрөгийг хууль, журамд заасны дагуу ажил олгогчоос гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

     3. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.А нь 3 шатны шүүхээр ялсан тул би эгүүлэн ажилд нь авсан. Н.А-г 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд нь эгүүлэн авахаар болж 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед залгаад таны тушаал гарсан, ирж тушаалтайгаа танилцаарай гэж хэлүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө одоо ажлын цаг бараг дуусаж байна, би маргааш очиж авна гэж хэлсэн.

      Маргааш нь ажил дээр ирээд миний өрөө рүү орж ирээгүй. Бичиг хэргийн ажилтнаас тушаалаа авахдаа тэнд байсан нягтлан бодогч болон ажилчид руу орилоод гарсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Ингэхдээ би энэ цалинг хүлээн зөвшөөрөхгүй байна, би хууль хяналтын байгууллагаар яваад сурчихсан хүн, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж байж ажилдаа эргэж орно гээд тушаалаа гардаж аваад дэвтэрт тайлбар бичээд 2023 оны 5 дугаар сарын 20-ны өглөө гараад явсан. Түүнээс хойш ажилдаа 5 хоног ирээгүй, гэрч Г-ийн мэдүүлэгт Н.А ажилдаа 5 хоног ирээгүй, 3 дахь хоног дээр утас руу нь залгаад та ажилдаа ирэхгүй юм уу гэж хэлэх гээд гэтэл утсаа аваагүй гэж тусгагдсан байгаа. Н.А 5 хоног ажлаа тасалсан тул нөхөрлөлийн гишүүдээрээ хуралдаад Н.А-г ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Н.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоног ажилдаа ирээгүй, ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч тал дотоод журмаа танилцуулаагүй гэж байна. Тус нөхөрлөлийн хөдөлмөрийн дотоод журам 2017 онд батлагдсан ба 1111 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн дотоод журмыг нөхөрлөлийн аль нэг гишүүдээс нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргахгүй бол би дангаараа энэ тухайн дотоод журмыг өөрчлөх ямар ч боломжгүй. Хөдөлмөрийн дотоод журмыг болбол байгууллагын бүх ажилчид дагаж мөрдөх үүрэгтэй, дотоод журмаа бүх ажилчдад танилцуулсан. Н.А хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан баримт хэрэгт байгаа. Иймд миний гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул тушаалыг хэвээр үлдээж, Н.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрээр:

    - Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.А-г У ББН-ийн с-ийн ажилд эгүүлэн тогтоож,

    - Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч У ББН-өөс ажилгүй байсан 9 сарын буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,494,394 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,451,706 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.А-гийн ажилгүй байсан 9 сарын буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч У ББН-д даалгаж,

    - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.А-гийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч У ББН-өөс улсын тэмдэгтийн хураамж 285,060 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

    5. Хариуцагч У ББН-ийн дарга Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнээгүй, хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Н.А шалтгаангүйгээр 5 хоног ажил тасалсан ба хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар ноцтой зөрчил гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Мөн ажил олгогч Н.А-г ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримталсан байхад үндэслэлгүй гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

    Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     6. Хариуцагч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний гаргасан 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг харахад хэт нэг талыг баримталсан, хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт, гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгөхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Н.А-г ажлаас ажилд томилсон тушаалыг гаргаад тухайн өдөр 16 цаг болж байхад Н.А руу бичиг хэргээр дамжуулан хэлүүлэхэд “Ажлын цаг бараг дуусаж байна, би очих боломжгүй” гээд ирээгүй. Тэр өдөр Н.А-гийн оронд ажиллаж байсан с Ц-ийг ажлаас чөлөөлж, Х с ажлыг нь хүлээлцэж дуусгаад, Н.Аг ирвэл ажил хүлээлцэхэд бэлэн болсон байсан. Улмаар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өглөө Н.А-г ирэхэд Г-ээс тушаалаа аваарай гэж хэлсэн. Тушаалаа хүлээж авахдаа, “та нарын цалин нэмэгдсэн үү” гэж асуугаад “нэмэгдсэн” гэхэд “миний цалинг та нар буруу тогтоосон байна, би цалингаа хүлээн зөвшөөрөхгүй байна, тиймээс явах газраар нь явна, би удаа дараа шүүх, цагдаагаар яваад сурчихсан” гэж хэлээд тушаалаа гардаж аваад гарын үсгээ зураад явсан байсан. Түүнээс хойш 5 хоног ажилдаа ирээгүй. Манай байгууллага бүрэн бус нөхөрлөл, 12 гишүүдтэй бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн үдээс хойш 13 цаг 20 минутад нөхөрлөлийн гишүүдээрээ хуралдаад байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Н.А-г ажлаас халах нь зүйтэй гэж үзсэн.

    Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй зөрчилтэй гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг судлаад үзэхэд тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ, хэрэв талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж заасан байна. Н.А ажилдаа ороод бүх эрх нь сэргээгдсэн гэж ойлгож байгаа учраас Н.А-тай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Н.Аг ажлаас чөлөөлсөн учраас цагийн бүртгэл, тушаал, мөн Ц-ийг ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн гэрчээр хүмүүс асуулгасан. Тухайн үед Н.А-г 3 шатны шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ түүний дундаж цалинг 1,388,266 төгрөгөөр тогтоосон.

    Гэтэл манай байгууллагад одоогоор ийм цалингаар цалинждаг нэг ч хүн байхгүй. Н.А нь 692,000 төгрөгийн цалингаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч ийм хэмжээний цалингаар цалинжиж ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэх боломжтой гээд хууль, хяналтын байгууллагаар явсан. Би Н.А-г ажлаас чөлөөлөхдөө ажил байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримталсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлд заасныг баримтлаагүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг баримтлаад зөрчил гаргасан Н.А-гаас тайлбар аваагүй нь зөрчилтэй гэж үзсэн нь буруу бөгөөд хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг ноцтой зөрчсөн бол тухайн ажилтнаас тайлбар авахгүйгээр ажлаас чөлөөлөх бүрэн боломжтой гэж ойлгож байгаа.

    2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажил тасалсан талаар цагийн бүртгэлд тусгагдсан байгаа. Гэтэл анхан шатны шүүх цагийн бүртгэлд хариуцагчийн тайлбараас зөрүүтэй бүртгэж тэмдэглэсэн байна гэж үзэж дүгнэсэн.

    Манай байгууллагын  дотоод журамд 1111 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрчлөлт ороод тухайн ажилтан нь 4 цаг түүнээс дээш хугацаагаар ажилдаа ирээгүй тохиолдолд тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцно гэж заасан учраас Н.А 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирж тушаалаа гардаж аваад, цалингаа хүлээн зөвшөөрөхгүй гээд гараад явсан өдрөөс ажлын цагийг тасалснаар тооцоод хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн байхад зөрчилтэй байна гэж шүүх үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн талд давуу байдал олгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

    Би Н.А-тай холбоотой бүх нотлох баримтуудыг хуулийн хүрээнд нотариатаар баталгаажуулаад гаргаж өгсөн байхад миний гаргаж өгсөн бүх нотлох баримтуудыг 469 дүгээр шийдвэрт бүгдийг нь буруу тайлбарласан байна.

     Н.А нь “би 692,000 төгрөгийн цалинтай ажиллах боломжгүй, миний цалинг 1,386,000 төгрөгөөр тогтоох ёстой” гээд тушаал, цалингаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллага хувийн хэвшлийн байгууллага, иргэнээс санхүүждэг, одоогоор 22 ажилтантай, 650,000-1,291,000 төгрөгийн хооронд цалинждаг. Өмнө нь 3 шатны шүүхийн шийдвэрээр Н.А-гийн цалин өндөр тогтоогдсон шалтгаан нь 2020-2023 оны хооронд ковидын урамшуулалтай холбоотой тогтоогдсон байдаг. Ковид гарсантай холбоотой бид тухайн үед бүх ажилчдаа ялгаварлан гадуурхахгүйгээр 2,000,000-5,000,000 төгрөг хүртэл урамшууллыг өгсөн, одоо үндсэн цалингаар нь тогтоож шийдвэрлээд өгөөч гэхэд сүүлийн 3 сар нь ийм байгаа учраас ингэж тогтооно гээд тогтоосон учраас нэхэмжлэгч цалингаа голоод байгаа юм.

     Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

    7. Нэхэмжлэгч Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би 1111 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Улмаар 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон бөгөөд намайг ажилд авахгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлсэн. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа очиход “Ц хагалгаанд орж байгаа, та маргааш ирж ажлаа хүлээж аваарай” гэсэн бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өглөө ажилд очиход Ц ажилдаа ирчихсэн байсан. Би Ц-той уулзаад “би урьд нь сувилагчаар ажиллаж байсан” гэж хэлэхэд “би таныг мэдэхгүй, таны талаар сонсож байгаагүй, тэр талаар сонсоогүй, та даргатай уулзаарай” гэж хэлсэн. Дарга Д.О-тэй уулзахад “та явж байгаарай, Ц-ийн эрүүл мэндийн даатгалын 7 хоногийг дуусгачихъя, би таныг дуудна” гэсэн. Би яг хэзээ дуудах юм бэ? гэхэд “таныг дуудна, таны тушаалыг гаргачихсан, цалин бодогдож байгаа” гэж хэлсэн. Би “сул цалин аваад гэртээ гэдсээ илээд хэвтэж байх юм уу” гэх агуулгатай зүйл ярьсан. Д.О бид хоёрын дунд болсон яриаг утсандаа хураагаад CD-нд буулгаад хэрэгт өгсөн байгаа. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа. Би ажил таслаагүй гэв.

   8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлын үндэслэл тодорхойгүй байна гэж үзэж байна. Сая давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан 7 үндэслэлийн аль үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдлоо гаргасан нь тодорхойгүй байна. Бичгээр гаргасан гомдолдоо хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг агуулгатай зүйлийг бичсэн. Гэтэл гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эсвэл Иргэний хууль, Хөдөлмөрийн хуулийн ямар зүйл заалт, ямар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар тодорхой тайлбар хэлсэнгүй.

   Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоногийн ажил тасалсан гэж хариуцагч талаас байнга ярьдаг. Бодит байдал дээр 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр гарч, нэхэмжлэгч өөрөө 23-ны өдөр У өрхийн эрүүл мэндийн төвд очиж тушаалаа гардаж авсан боловч хариуцагч ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй, харин “та явж бай, таны өмнөх хүний даатгалын 7 хоног дуусаагүй байгаа учраас дууссаны дараа таныг дуудна” гээд явуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан.

     Нэхэмжлэгчийн гар утсанд байгаа 8 минут 4 секундийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан CD-нд буулгасан харилцан яриагаар нотлогддог. Тухайн харилцан яриа миний дуу хоолой мөн эсэх нь эргэлзээтэй гэдэг тайлбарыг хариуцагч гаргадаг боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар хариуцагчийн дуу хоолой биш гэдгийг нотолсон баримт байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тухайн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж харж байгаа.

   Нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 22-ны өөр ажилдаа очиход “дарга байхгүй учраас маргааш ирж уулзаарай” гэж бичиг хэрэг нь явуулсны дагуу 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ очиж тушаал гардаж авсан баримт дээр гарын үсгээ зурсан. 2023 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нэхэмжлэгч ажлын байранд очсон байхад цагийн бүртгэлд ажил тасалснаар бүртгэсэн байгаа. Хариуцагч талаас үзлэг хийж авсан цагийн бүртгэл, нэхэмжлэгчид тушаал гардуулсан бүртгэлийн баримтуудаас харахад тухайн байгууллага бүх ажилчдынхаа цагийн бүртгэл хөтлөөд, тушаал шийдвэр гардуулж өгсөн, хүргүүлсэн баримтуудаа хөтөлдөг эсэх нь эргэлзээтэй.

   Учир нь, шинэ хуудас дээр зөвхөн нэхэмжлэгчид зориулж тухайн баримтуудыг үйлдсэн мэт 1, 1 хуудас цэвэрхэн цаас байдаг, бүртгэлийн дэвтэр нь байдаггүй. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Увс У өрхийн эрүүл мэндийн төвийн дарга 2 тушаал гаргасан бөгөөд Н.А-гийн өмнө ажиллаж байсан   ажлаас чөлөөлсөн тушаал гаргаад, дараагийн 23 дугаартай тушаалаар Н.А-г ажилд томилсон байдаг. Гэтэл тухайн байгууллагын бүртгэлд Ц-ийн тушаалыг гардуулж өгсөн бичилт байдаггүй. Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр чөлөөлсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан 1111 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу ажлаас чөлөөлөхөөс өмнө байгуулж байсан хөдөлмөрийн харилцаа үргэлжлээд явна гэх Хөдөлмөрийн хуулийн зохицуулалттай учраас тухайн гэрээ үргэлжилж байгаа гэж миний хувьд харж байгаа. Хэрэгт авагдсан 1111 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 4.3, 4.20-т заасныг үндэслээд ноцтой зөрчил гаргасан гэж чөлөөлсөн бөгөөд эдгээр заалтуудад ямар тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөх талаар зохицуулалт байдаггүй.

  Тус байгууллага 1111 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор байгууллагын дотоод журамдаа өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгчийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тушаал гаргаж 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч шинэчлэгдсэн дотоод журмаа нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулсан баримт байхгүй. Хариуцагч талаас 2017 оны буюу өмнө нь үйлчилж байсан дотоод журам танилцуулсан баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгчхөөд бид танилцуулсан гэж яриад байгаа.

   Нэхэмжлэгч 5 хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй шалтгаан нь дарга нь “та явж бай” гэсэн үүрэг өгсний улмаас явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

   9. Хариуцагчийн өмгөөлөгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 469 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн үндэслэлүүд байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үйл баримт хэрэгт байгаа.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэсэн үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгохоор маргаж байгаа. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар ажилтан шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцаа бүхэлдээ дахин сэргээгдэнэ гэсэн заалтыг баримталсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг шинэчлэн өөрчилж болно гэсэн зохицуулалтыг баримталсан. Болно гэдэг нь заавал гэсэн үг биш. Гэрээний талууд харилцан тохиролцсон бол тухайн үеийн ажлын байрны тодорхойлолт юм уу, цалин хөлсний өөрчлөлт, бусад нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах буюу шинээр байгуулж болох талаар зөвшөөрсөн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл заавал биелүүлэх үүрэг биш, талуудын зөвшилцлийн хүрээнд шийдэгдэх зохицуулалттай асуудал дээр заавал хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ёстой гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа.

   Урьд нь 1111 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай тушаал дээр маргасан бөгөөд өмнө нь байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хууль зүйн үндэслэл дээр маргаад ажилдаа эгүүлэн тогтоогдсон байдаг. Тийм учраас өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

    Энэ хэргийн үйл баримтын хүрээнд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байгаа.

    Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн асуудлын хувьд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргааныг шийдвэрлэж байгаа шүүгч болон бүх шүүгчдээс татгалзсан. Гэтэл ерөнхий шүүгч П.Болор үүнийг дангаараа шийдвэрлээд албан тоотоор хариу өгсөн байдаг. Хуулиараа бүх шүүгчдийг татгалзаж байгаа тохиолдолд анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч дангаараа шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл ерөнхий шүүгчээс татгалзаж байгаа тохиолдолд ижил шатны өөр шүүх рүү шилжүүлж татгалзлыг шийдүүлэх ёстой байсан боловч 2 удаа албан тоотоор хариу өгсөн. Хэрэв ерөнхий шүүгч шийдэж байгаа бол татгалзсан шийдвэрээ захирамж гаргах ёстой байсан. Ийм байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байсан.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зарчим ноцтойгоор зөрчигдөж, алдагдсан. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлдэггүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гээд үнэлсэн. Гэрчийн мэдүүлэг болон бусад үйл баримтын хүрээнд, нэхэмжлэгч өөрөө ч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа нөхцөл байдлыг өөрийнхөө үгээр тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа үйл баримт хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтуудаар нотлогддоггүй.

    Шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж шалгаад зөрчлийн шинж тогтоогдохгүй байна гээд прокурор өөрөө татгалзаад дуусгавар болгосон. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг хуурамч нотлох баримт байна гэж цагдаагийн байгууллагад шалгуулаад прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

     Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа тушаалаа гардаж аваад маргааш нь ажлаа хүлээж авах гэсэн боловч миний ажлыг хүлээлгэж өгөөгүй учраас би ажиллахгүй, ажилдаа очихгүй байгаа гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа, гэрчүүдийн мэдүүлгээр энэ нь үгүйсгэгдсэн.

      Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн суурь зарчимтай. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох зохицуулалт байгаа. Нэгэнт ажилдаа ирэхгүй байгаа хүнд яаж дотоод журам танилцуулж, хөдөлмөрийн гэрээг яаж шинэчлэн байгуулах байсан бэ. Эдгээр нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзээч гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн миний эрх зөрчигдсөн гэх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа.

   Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдаас баталсан журмын дагуу сүүлийн 3 сараас цалин хөлсний дунджийг тооцохоор заасан. Анхны цалин хөлс буюу тухайн үед хоолны нэмэгдэл, унааны нэмэгдэл орж байсан байна лээ. Одоо Б дугаартай тушаал дээр маргаж байгаа бөгөөд энэ тушаалд заасан үндсэн цалин хөлсний дунджаар цалин хөлсийг тодорхойлох нь хуульд нийцнэ гэж ингэж үзэж байгаа. Үүнээс өмнө ажил үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Ийм учраас ажилтныг эгүүлэн тогтоохдоо тогтоосон цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний заалтууд дээр харилцан тохиролцоно, тохиролцоогүй гэж нэхэмжлэгч маргаж байхад шүүх хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь үнэлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулахаар эсвэл зарим зохицуулалтыг хүчингүй болгуулахаар маргаагүй.

   Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. 168.1.3, 168.1.7, 168.1.6-т заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэж хүсэж байгаа. Ялангуяа хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг давж заалдах шатны шүүх залруулахгүй бол цаашид анхан шатны шүүх хүсэлтийг татгалзах байдлаар жишиг тогтоогоод хэргийн оролцогчийн эрхийг дахин, дахин зөрчих үндэслэл болж магадгүй гэж үзэж байгаа гэв.

  10. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан гомдлыг миний хувьд дэмжиж байгаа. Учир нь, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 469 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэж байна.

    Хариуцагч байгууллагын хувьд ажилтан Н.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2-т зааснаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар томилсон. Гэтэл ажилтны хувьд шалтгаангүй 5 хоног ажил тасалсан үйлдлийг гаргасан учраас хариуцагч байгууллага нөхөрлөлийн гишүүдээрээ хуралдаад Н.А-г ажлаас чөлөөлсөн.

    Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдийг, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар харьцуулан дүгнэж, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байдлаар үнэлээгүй гэж дүгнэж байгаа. Харин нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт, хүсэлтийг л хангадаг, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлдэггүй, хүсэлтийг хангадаггүй байдлаар анхан шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлэхэд хандсан нь үндэслэлгүй байна.

    Ажилтан Н.А-гийн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байгаа. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасан ажил үүргээ үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл Н.А Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг биелүүлээгүй. Үүнийг анхан шатны шүүх авч хэлэлцэхгүй, дүгнэхгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ёстой байсан, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй гэж дүгнээд байгаа.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул тухайн ажилтны өмнөх үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэсэн. Хуульд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцлүүдийг өөрчилж болохоор заасан. Заавал өөрчилнө гэж заагаагүй байхад анхан шатны шүүхийн шүүгч хөдөлмөрийн гэрээг заавал шинээр байгуулах ёстой гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг буруу тайлбарлаад байгаа юм.

  Хариуцагч байгууллага буюу У нөхөрлөлийн хувьд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох вэ гэдгийг хөдөлмөрийн гэрээндээ заасан. Хөдөлмөрийн гэрээний 4.20-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдрийн хугацаагаар ажил тасалбал ноцтой зөрчилд тооцохоор заасан. Ажилтан Н.А Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг зөрчөөд 5 өдөр ажил тасалсан. Үүнийг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Хариуцагч Д.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

   2. Нэхэмжлэгч Н.А “У” ББН-д холбогдуулан урьд эрхэлж байсан с-ийн  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,946,100 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   3. Хариуцагч “У” ББН-ийн дарга Д.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “Н.А байгууллагын дотоод дүрмийг зөрчиж, ажлын 5 хоног ажил тасалж ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

   4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-г урьд эрхэлж байсан “У” ББН-ийн с-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 12,494,394 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,451,706 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. 

  5. Нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

  5.1. Хариуцагч “У” ББН-ийн дарга Д.О 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, “У” эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 1.9 дэх заалт, 1.9.8, 1.9.8 /в/, Хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.20 дахь заалт, Өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан Н.А-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

   5.2. Нэхэмжлэгч Н.А нь ажил олгогчийн Б дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр У сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд уг хороо 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар маргааныг хэлэлцэж, талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.7, 154.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

  5.3. Хэрэгт, “У” ББН-ийн дарга Д.О-ийн 1111 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, “У” ББН-ийн с-ийн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 152/ШШ2023/00521 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Н.А-г “У” ББН-ийн с-чийн ажилд эгүүлэн тогтоосон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон байна.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т: “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй” гэж,

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, 

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан ба дээрх хуульд заасны дагуу ажил олгогч буюу “У” ББН нь Н.А-г ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 152/ШШ2023/00521 дүгээр шийдвэрийг биелүүлж, түүнийг урьд эрхэлж байсан с-чийн ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн эрхийн харилцааг хуульд заасан, үндэслэл журмын дагуу үүсгэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

    5.4. Хариуцагч Д.О нь шүүхэд: “шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.А-г “У” ББН-ийн даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б дугаар тушаалаар урьд эрхэлж байсан с-чийн албан тушаалд томилж, Н.А-д тушаалыг гардуулсан боловч Н.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 өдрийн ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарласан байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч Н.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээж, шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоогүй байна.

    Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т: “...ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-т: “ажил олгогч ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүрэгтэй” гэж тус тус хуульчлан заажээ. Дээрх хуульд зааснаар бол ажил олгогч нь ажилтанг ажиллах нөхцөл буюу ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлсээр хангах үүрэгтэй байна.

    Хариуцагч “У” ББН-ийн дарга Д.О нь нэхэмжлэгч Н.А-г өмнө эрхэлж байсан с-чийн  ажилд эгүүлэн томилсон 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б дугаар тушаал гаргасан байх боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-т заасан үүргээ биелүүлээгүй, ажилтанг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нөхцлөөр хангаагүй, ажилтны ажил үүргийг бодитоор гүйцэтгүүлж эхлүүлээгүй байна. Ажил олгогч 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б дугаар тушаал гаргаснаар ажилтан Н.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй.

   Тодруулбал, хариуцагч Д.О шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлээгүй буюу шүүхийн шийдвэр бодитоор хэрэгжиж, ажил олгогч, ажилтны хооронд өмнө үүссэн байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдэж, хэвийн үргэлжилсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна.

   5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-т зааснаар зохигч хэн аль нь өөрийн тайлбарыг дэмжих, эсхүл эсрэг талын тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг.

    Нэхэмжлэгч Н.А шүүхэд: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 48 минутад “У” өрхийн эмнэлгээс над уруу утсаар яриад: “таны тушаал гарсан, ирж тушаалаа ав” гэж хэлсэн. Тухайн үед ажлын цаг дууссан байсан, маргааш нь амралтын өдрүүд байсан тул би 1 дэх өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өглөө очиж, Д.О даргатай уулзахад, “та тушаалаа Г-ээс ав” гэж хэлсэн ба Г миний тушаалыг коридорт хөтөч сувилагч Д-ын хажууд өгөхдөө “та энд гарын үсгээ зураад тушаалаа аваарай, одоо ажил хүлээлцэх боломжгүй байна, таны оронд ажиллаж байсан Ц хагалгаанд орж байгаа, маргааш ирж, ажлаа хүлээж аваарай, одоо түлхүүр байхгүй” гэж хэлээд тушаалыг өгсөн.

    Би тушаалтай танилцаад гарын үсэг зурахгүй, эхлээд ажлаа хүлээлцье, бас цалин 692,000 төгрөг байна, та нарын цалин нэмэгдсэн биз дээ гэж хэлэхэд “тиймээ, нэмэгдсэн гэж хэлээд, маргааш ирж ажлаа хүлээж ав” гэж хэлсэн. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 7 цаг 55 минутад ажилдаа очоод миний оронд ажиллаж байсан Ц-той уулзаж, ажлаа хүлээж авна гэж хэлэхэд тэр “би мэдэхгүй, би ажлаас чөлөөлөгдөх тушаалаа аваагүй” гэж хэлсэн тул би Д.О даргатай орж уулзахад “та эхлээд тушаалаа аваад, гарын үсгээ зур, тэгээд ажлаа хүлээлц” гэхээр нь би тушаалд гарын үсэг зурахад, дарга Д.О “би эхлээд Ц-ийн тушаал гаргачхаад таныг ажилд авна, түүний тушаалыг гаргаагүй байгаа, бас энэ хүн б з-ын 7 хоногоо дуусгаг, тэгэхгүй бол даатгалаас мөнгөө авч чадахгүй тул та явж бай, дахин таныг дуудна” гэж хэлсэн. Би яг хэзээ дуудах юм бэ, дараа нь арай ажил тасалсан, энэ тэр гэж яриа гарахгүй биз дээ, ингээд сул цалин аваад явж байх юм уу гэхэд дарга Д.О “таныг ажилд авсан тушаал гарсан өдрөөс цалин гарна шүү дээ” гэж хэлсэн. Би өрхийн эмнэлэг дотор байж байгаад 9 цаг 19 минутад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б-той утсаар ярьж, “намайг явж бай, дахин дуудна гэж хэллээ” гэхэд Б “за” гэж хэлсэн.

     Ингээд 5 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 39 минутад     дугаараас та өнөөдөр 13 цаг 30 минут гэхэд ажил дээр хүрээд ир гэж ярьсан, би 13 цаг 28 минутад ажил дээр очиход намайг даргын өрөөнд ороод ир гэсэн ба ороход “намайг хэл сураггүй алга болсон, 5 хоног ажил тасалсан, бид нөхөрлөлөөрөө хуралдаад таныг ажлаас халж байна, дотоод журамд заасан байгаа” гэж хэлсэн. Би “намайг явж бай, Ц-ийн тушаал гаргачхаад дуудна” гэж хэлсэн биз дээ гэхэд би тэгж хэлээгүй, танд нотлох баримт байхгүй гэж Д.О дарга хэлсэн. Би энэ бүх болсон явдлыг шийдвэр гүйцэтгэгч Б-од утсаар ярьж мэдэгдсэн. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн “У” өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй, ажил хүлээлгэж өгөөгүй” гэх тайлбарыг гаргасан байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т: зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа нотлох баримтын хамт гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч Д.О нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотлох баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй, түүнчлэн хэрэгт нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн өөр бусад баримтууд авагдаагүй байна. 

      5.6. Хариуцагч буюу ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээгүй буюу нэхэмжлэгч Н.А-гаар өмнө эрхэлж байсан с-чийн  ажил үүргийг нь гүйцэтгүүлж эхлүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг ажил тасалсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул “У” ББН-ийн дарга Д.О-ийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ. 

    Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.А-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж дүгнэж, түүнийг “У” ББН-ийн с-чийн  ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж дүгнэв.

    6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.А-гийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

  6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч Н.А-г шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул тэрээр өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ. 

   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд олгогдвол зохих цалин хөлсний дундажтай тэнцэх олговрыг гаргуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, нэхэмжлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг нэхэмжлэгчийн ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож, нэг сарын дундаж цалин хөлсийг 1,388,266 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,494,394 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

    6.2. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар энэхүү хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

    7. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

    8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.   

     9. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,060 /хоёр зуун наян таван мянга жар/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,060 /хоёр зуун наян таван мянга жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ,

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН

                                                     ШҮҮГЧ                                                     Ж.ОТГОНХИШИГ  

                                                     ШҮҮГЧ                                                     Н.МӨНХЖАРГАЛ