| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2024/00362/и |
| Дугаар | 224/МА2024/00035 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 224/МА2024/00035
А банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
М.Г-д холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00454 дүгээр шийдвэртэй,
А банк ХК-ийн нэхэмжлэлтэй, М.Г-д холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15,100,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15,100,880 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Зээлдэгч М овогтой С, хамтран зээлдэгч М овогтой Г нар нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр А банкнаас МN9 тоот зээлийн гэрээний дагуу 14,700,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Үндсэн зээлдэгч М овогтой С нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн тул хамтран зээлдэгч М овогтой Г-аас нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.7-т: Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ, 20.8-т: Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ. Зээлийн гэрээний 3.2.3-т: Зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 3.3-т: хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэж тус тус зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг хүлээхээр заасан.
Үндсэн зээлдэгч М.С нь нас барснаар үүнтэй холбоотой үүргийн харилцааг дуусгавар болсон буюу Иргэний хуулийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Харин холбогдох хууль буюу зээлийн гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болохгүй бөгөөд Банк, эрх бүхий Хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т: Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж зааснаар тухайн зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлснээр хамтран зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох юм.
Зээлдэгч нартай 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан МN9 тоот дугаартай хугацаат зээлийн гэрээний 2.1.10-т: энэхүү гэрээ байгуулснаар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоот дугаартай зээлийн гэрээ хамтран зээлдэгчээр үүрэг хүлээсэн регистрийн дугаартай Б-ийн О-г хамтран зээлдэгчийн эрх үүргээс хасаж, М-гийн Г-г хамтран зээлдэгчээр оруулав гэж заасан. Тус гэрээний 3.3-т: хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж зааснаар гэрээний үүргийг бүхэлд хүлээх болно. Иймд дээр дурдсан хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч М.Г зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд үүнтэй холбоотой гэрээ болон холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд хүргүүлсэн. Зээлдэгч М.Г 7,555,473 төгрөгийг төлсөн тул дээрх 15,100,880 төгрөгөөс хассан. Иймд үлдэгдэл 7,545,407 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч М.Г анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх банкнаас 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж байна гэж ойлгосон. А банкны ажилтан О.П надад худлаа хэлж гарын үсэг зуруулсан байсан. Сүүлд нь зээлийг төлөх хүн олдохгүй болохоор “та 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж хэлсэн, дараа нь “та 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан” гэж хэлсэн, учир нь олдохгүй юм ярьж, намайг ийм олон сая төгрөгийн өрөнд оруулсан А банкинд гомдолтой байна. Зээлийн хүүг нь зогсооно гээд зөндөө бичиг баримт бүрдүүлсэн. Мөн та төлөх үндэслэлгүй гээд зөндөө олон бичиг баримт цуглуулчхаад, эцэст нь ийм олон сая төгрөгийн өрөнд орж шүүхээр дуудагдан ирж байгаадаа маш гомдолтой байна. Үнэн зөвийг олж шийдэж өгнө үү.
Харин би 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрнө. А банкны албаны хүн ард иргэддээ худал хэлж гарын үсэг зуруулсанд маш их гомдолтой байгаа. Би өөрөө асаргааны нэг хүнтэй, бие муу ходоод шархтай, даралт ихтэй, хүүхдэдээ гэрээслэл бичсэн байгаа. Энэ асуудлаас болж, сэтгэл санаа болон эрүүл мэнд, бүх зүйлээрээ хохирч байна. Энэ хэргийн үнэн мөнийг үнэнээр шүүж өгөхийг шүүгч та нараас хүсэж байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 7,755,000 төгрөг хийх гэтэл тэмдэгтийн хураамж 235,774.51 төгрөгийг надаар төлүүлсэн. Миний бие үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй.
Тухайн үед миний бие нүдний шилээ мартсан байсан учир зээлийн гэрээг уншиж чадаагүй, надад 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Би зээлийн гэрээг уншихгүй гарын үсэг зурсан алдаагаа ухамсарлаад дүүгээ нас барсны дараа 7,550,000 төгрөгийг би ах дүүтэйгээ нийлж төлж барагдуулсан. Би тухайн зээлээс ямар ч мөнгө авч ашиглаагүй.
Үндсэн зээлдэгч нь өвчний учир цаг бусаар нас барсан. А банк эрсдэлээ тооцоолж үзээгүй нь буруу, өөрсдөө хариуцах ёстой, миний хувьд үлдсэн зээлийг төлөх боломж байхгүй” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00454 дүгээр шийдвэрээр:
- Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А банк ХК-ийн хариуцагч М.Г-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд нийт 7,545,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А банкны ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул гомдол гаргаж байна. Учир нь, шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх хууль зүйн тайлбарыг үндэслэлгүй хийсэн байна.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар талуудын хооронд буюу А банк, М.С, М.Г нарын хооронд банкны зээлийн гэрээ байгуулагдсан, өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн харилцаа үүссэн.
Үндсэн зээлдэгч М.С нь нас барснаар түүнтэй холбоотой үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Харин хамтран зээлдэгчийн үүрэг дуусгавар болохгүй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т: “зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно” гэж зааснаар тухайн зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлснээр хамтран үүрэг гүйцэтгэгч, зээлдэгчийн зээлийн үүргийн харилцаа дуусгавар болох юм. Уг хууль болон зээлийн гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. М.Г-г тухайн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох хүсэл сонирхол байгаагүй гэдгийг шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч хариуцагч нь тухайн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч, зээлийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан үйл баримтыг мөн шүүх үгүйсгээгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр М.Г-г тухайн зээлийн үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00454 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Нэмж тайлбарлахад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээрт: “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Зээлдүүлэгч буюу банк дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгч М.Г-гаас шаардсан ба хариуцагч нь миний бие үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй. Би тухайн үед нүдний шилээ мартсан байсан учир зээлийн гэрээг уншиж чадаагүй, надад 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гэж хэлээд гарын зуруулсан. Би зээлийн гэрээг уншаагүй алдаагаа ухамсарлаад дүүгээ нас барсны дараа 7,550,000 төгрөгийг би ах дүүтэйгээ нийлж төлж барагдуулсан. Би тухайн зээлээс ямар ч мөнгө аваагүй. Үндсэн зээлдэгч нь байхгүй байхад А банк эрсдэлээ өөрсдөө хүлээх ёстой, надад үлдсэн зээлийг төлөх боломж байхгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн бөгөөд хамтран зээлдэгч М.Г-гийн тайлбарыг ямар шалтгаанаар үндэслэлтэй гэж үзсэн болохыг би гайхаад байна. Хариуцагчийн хэлж байгаа тайлбарыг нотлох баримт байхгүй, гэрээг нь тайлбарлаж өгсөн эсэх нь тодорхойгүй, зээлдэгч өөрөө гарын үсгээ зурсан мөртлөө зайлсхийж байна гэж бодож байна.
Анхан шатны шүүх хамтран зээлдэгч талыг нь төлсөн гээд үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Банкны хувьд хамтран зээлдэгч нэгэн адил үүрэг хүлээх учраас тус тусад нь үүрэг ногдуулсан заалт байхгүй, гэрээний дагуу зээлийн үлдэгдлийг бүхэлд нь хамтран зээлдэгчээс нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээний 2.1.10-т: хамтран зээлдэгчийг өөрчилсөн заалт байгаа.
Банкны зүгээс 10,000,000 төгрөгөөс дээш зээл гаргахдаа хамтран зээлдэгчтэй байхыг шаардаж байгаа. Үндсэн зээлдэгч гэдэг нь гэр бүлийн гишүүн, хамаатан садан байх ёстой учраас эгч нь зээл авахыг зөвшөөрч, өмнөх зээлийг давхар хариуцна гээд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний 2.1.10-т өмнөх хамтран зээлдэгчийг хасаад М.Г-г хамтран зээлдэгчээр оруулсан заалт хэрэгжээд явж байгаа. Энэ тохиолдолд хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэх заалтыг үндэслэх ёстой гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00454 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч А банк ХК нь хариуцагч М.Г-д холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15,100,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн үндэслэлээр шаардлагаа 7,545,407 төгрөг болгон бууруулсан байна.
3. Хариуцагч М.Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “ ..би 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрнө. Би зээлийн гэрээг уншихгүй гарын үсэг зурсан алдаагаа ухамсарлаад дүүгээ нас барсны дараа 7,550,000 төгрөгийг ах дүүтэйгээ нийлж төлж барагдуулсан. Би тухайн зээлээс ямар ч мөнгө авч ашиглаагүй. Үндсэн зээлдэгч нь өвчний учир цаг бусаар нас барсан. А банк эрсдэлээ тооцоолж үзээгүй нь буруу, өөрсдөө хариуцах ёстой, миний хувьд үлдсэн зээлийг төлөх боломж байхгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий тайлбар гаргаж, маргасан байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А банк ХК-ийн хариуцагч М.Г-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд нийт 7,545,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А банк ХК-ийн, М.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөвтгөн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
5.1. А банк ХК-ийн Г З сумын тооцооны төв /захирал О.П/, зээлдэгч М.С, хамтран зээлдэгч М.Г нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр үндсэн зээлдэгч М.С-ын өмнөх зээлийн үлдэгдэл 9,200,000 /есөн сая хоёр зуун мянга/ төгрөг дээр нэмж 5,5000,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн зээл олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
5.2. Энэхүү зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээлдэгч М.С нас барсан үйл баримт тогтоогдсон ба зээлдүүлэгч банк 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний гүйцэтгээгүй нийт үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,866,961 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,218,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,772 төгрөг, нийт 15,096,380 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 15,100,880 төгрөгийг хамтран зээлдэгч М.Г-гаас гаргуулахаар 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч М.Г зээлийн төлбөрт 7,550,000 /долоон сая таван зуун тавин мянга/ төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон зээл төлсөн тухай баримт /хх-ийн 44 дэх тал/-аар нотлогдсон байна.
5.3. Хэргийн баримтаар А банк ХК-ийн Г З тооцооны төв, зээлдэгч М.С нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 09, 2023 оны 05 сарын 18, 2023 оны 8 дугаар сарын 29, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус цалин барьцаалсан зээлийн гэрээ /нийт 4 удаа/ байгуулагдсан, эхний 3 удаагийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.О, хамгийн сүүлчийн буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэмж 5,500,000 төгрөгийн зээл олгосон зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр М.Г тус тус оролцсон байна.
Энэ тохиолдолд, хамтран зээлдэгч М.Г нь үндсэн зээлдэгч М.С-ын өмнөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй, харин 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр нэмж олгосон 5,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч М.Г нь үндсэн зээлдэгч М.С, А банк ХК-ийн Г З тооцооны төвийн хооронд өмнө нь байгуулагдсан 3 удаагийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй, түүнчлэн сүүлчийн буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцохдоо өмнөх зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах буюу зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна. Иймд А банк ХК-ийн М.С-тай байгуулсан өмнөх 3 удаагийн зээлийн гэрээгээр олгосон зээлээс төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч М.Г-гаас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
5.4. Хариуцагч М.Г нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр нэмж олгосон 5,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахыг зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, MN9 дугаар барьцаат зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлж заагаагүй, тодруулбал зээлийн гэрээний үүргийг үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэн аль нь, хэдий хэмжээгээр хариуцан төлөх талаар тусгаагүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т: хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасныг баримтлан М.С, М.Г нарын хүлээх үүргийг тэнцүү хуваарилж, 5,500,000 төгрөгийн тал хувь буюу 2,750,000 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А банк ХК нь нэмэлт зээлийн гэрээгээр олгосон 5,500,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр, ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тусгайлан тооцож нэхэмжлээгүй боловч, хариуцагч М.Г нь шүүхэд “...би 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрнө. Би зээлийн гэрээг уншихгүй гарын үсэг зурсан алдаагаа ухамсарлаад дүүгээ нас барсны дараа 7,550,000 төгрөгийг ах дүүтэйгээ нийлж төлж барагдуулсан” гэх тайлбарыг гаргаж, зээлийн төлбөрт нийт 7,550,000 төгрөгийг төлсөн нь хэргийн баримтаар нотлогдож байх тул өөрт ногдох үүргээ биелүүлсэн гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
6. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “А банк” ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,676 /нэг зуун гучин таван мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00454 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-р заалтыг: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2 гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.11-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А банк ХК-ийн М салбарын нэхэмжлэлийн шаардлага 7,545,407 /долоон сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун долоо/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,676 /нэг зуун гучин таван мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
.