| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 152/2024/00359/и |
| Дугаар | 224/МА2024/00036 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 224/МА2024/00036
Д.Б-ийн нэхэмжлэлтэй, А.С-д
холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00465 дугаар шийдвэртэй,
Д.Б-ийн нэхэмжлэлтэй, А.С-д холбогдох, “өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Б/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага: Б сум, 2 дугаар багт байрлах Н худалдааны төвийн а болон б тоотод байрлалтай талбайг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Д.Б нь худалдаа наймаа эрхлэн амьдардаг. Би Б сумын 2 дугаар багт байрлах Н худалдааны төвд а тоот хаягт байршилтай 46,2 м2 талбайтай, мөн б тоот хаягт байршилтай 45,1 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус хуулийн дагуу худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээ авсан байгаа. Гэтэл худалдан авсан талбайнууддаа лангуу хийж, бараагаа худалдан борлуулах гэтэл А.С нь үндэслэлгүйгээр надаас зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлээд миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдэд давхар цоож хийж, түлхүүрийг нь өгөхгүй намайг үл хөдлөх хөрөнгүүдээ ашиглах боломжгүй болгож хохироогоод байна. Миний бие өөрийн худалдан авсан 2 павильон дээрээ худалдан борлуулахаар 100,000,000 төгрөгийн өртөг бүхий хавар намрын болон зуны улирлын бэлэн хувцас худалдан авсан бөгөөд тус бараагаа одоо болтол худалдан борлуулж чадахгүй агуулахад хурааж байна. Би өмнө нь бас худалдаа наймаа эрхэлдэг байсан бөгөөд манай лангуунуудын тогтмол орлого нь өдрийн 500,000-1,000,000 төгрөг байдаг. Би үл хөдлөх хөрөнгүүдээ өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, албан ёсны өмчлөгч нь болсон атлаа хариуцагчийн буруугаас үйл ажиллагаа явуулж, татсан бараагаа худалдан борлуулж чадахгүй ашигласан талбай байхгүй, орсон орлого байхгүй бараагаа түгжиж хохирсоор байна. Иймд А.С-гаас миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч А.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Б-ийн нэхэмжлэлд хариуцагчаар татагдах субьект биш, нэхэмжлэгчийн обьектыг цоожлоогүй. Би Н худалдааны төв болон Г ХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд биш тул хариуцагч байх үндэслэлгүй болно гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00465 дугаар шийдвэрээр:
- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч А.С-д холбогдох өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
5. Нэхэмжлэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Худалдан авсан талбайнууддаа лангуу хийлгэж тохижилтын ажил хийж, бараагаа худалдан борлуулах гэтэл А.С нь үндэслэлгүйгээр надаас зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлээд миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдэд давхар цоож хийж, хаалгыг нь цоожлоод түлхүүрийг нь өгөхгүй намайг үл хөдлөх хөрөнгүүдээ ашиглах боломжгүй болгож хохироосон. Үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрлөө. А.С Н захын харуулын албаны 4 хүнд үүрэг өгч миний лангууг давхар цоожлуулсан бөгөөд үүнийг надтай хамт лангуу хийлцэж байсан 3 хүн болон миний лангууг цоожилсон харуулын албаны 4 хүн, тэдний менежер зэрэг 8 хүн гэрчилнэ. Уг гэрчүүдийг шүүх хуралдаанд байлцуулахыг хүсэж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, олох ёстой байсан орлого 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна.
Учир нь хэрэгт авагдсан баримтаар Г ХК-ийн өмч болох Н худалдааны төвд нэхэмжлэгч нь А, Б давхарт 36.2, 45.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан нөхцөл байдал тогтоогддог. Н худалдааны төв нь Г ХК-ийн өмч болох талаар нотлох баримтууд, гүйцэтгэх захирал, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчдийн лавлагааг гаргаж ирүүлсэн бөгөөд А.Б захиралтай компани байгаа. Г ХК-ийн Н худалдааны төвийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, шаардлага гаргаж байгаа бол хариуцлага хүлээх эрх бүхий этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ гаргах ёстой байсан.
Гэтэл А.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Мөн Г ХК-ийг төлөөлж захирал А.Б нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байгаа. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. А.С-гийн хувьд Г ХК-ийн Н худалдааны төвийг төлөөлөн бие дааж шийдвэр гаргах эрхтэй этгээд биш. Тухайн үл хөдлөх хөрөнгүүд болох А, Б нэгийн хэсгүүдэд цоож зүүсэн талаар анхан шатны шүүх хурал дээр яригдаж байсан бөгөөд цоожны гэрэл зураг хэрэгт авагдсан. Цоожилсон цоож нь хэнийх болохыг нэхэмжлэгчээс тодруулахад нэхэмжлэгчийн өөрийнх нь зүүсэн цоож байдаг. Харин А.С агуулахыг нээх, нэвтрэх боломжгүй болгосон асуудал байдаггүй. Гэтэл нийтийн зорчих шатны хэсэгт дураараа барилгын хийцэд өөрчлөлт оруулж, агааржуулалтын хоолой гаргаж, хана тааз хийсэн асуудлууд байгаа юм байна лээ.
Г ХК болон нэхэмжлэгч Д.Б нарын хооронд үүссэн харилцаа болохоос А.С-тай гэрээ хийсэн зүйл байхгүй. Түүнчлэн өөрийнхөө объектыг өөрөө цоожилчхоод нэвтрэх боломжгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. 75,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан, миний барааг цоожлоод би орлогоо алдсан гээд байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй.
Бодит байдал дээр нэхэмжлэгч Д.Б Н худалдааны төвийн 2 биш 1 дүгээр давхарт худалдаа үйлчилгээний зориулалтаар бараагаа хэвийн зараад сууж байгаа. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь дараах байдлаар үгүйсгэгдэж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцах ёстой хариуцагч нь А.С биш учраас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00465 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.С-д холбогдуулан, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...Б сумын 2 дугаар багт байрлах Н худалдааны төвийн а тоот хаягт байршилтай 46.2 м кв болон б тоот хаягт байршилтай 45.1мкв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг гаргуулан авсан. Гэтэл худалдан авсан талбайнууддаа тохижилтын ажил хийж, бараагаа худалдан борлуулах гэтэл А.С нь “надаас зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах ёстой” гэж хэлж, миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдэд давхар цоож хийж, хаалгыг нь цоожлоод түлхүүрийг нь өгөхгүй намайг үл хөдлөх хөрөнгүүдээ ашиглах боломжгүй болгож хохироогоод байна. Миний бие өөрийн худалдан авсан 2 павильон дээрээ худалдан борлуулахаар 100,000,000 төгрөгийн хавар, намар, зуны улирлын бэлэн хувцас авсан боловч уг бараагаа худалдан борлуулж чадаагүй агуулахад цоожтой байна. Би өмнө нь бас худалдаа наймаа эрхэлж байсан ба манай лангуунуудын тогтмол орлого 500,000-1,000,000 төгрөг байсан. Иймд А.С-гаас миний үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, ашиглаж чадаагүй хугацаанд олох байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “миний бие Д.Б-ийн нэхэмжлэлд хариуцагчаар татагдах субъект биш, би нэхэмжлэгчийн объектыг цоожлоогүй. Би Н худалдааны төв болон Г ХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд биш тул хариуцагч байх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч А.С-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Анхан шатны шүүх Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
5.1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.С-д холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх болон олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Б-ийн олох ёстой байсан орлого 75,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь бусдын хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо арилгуулахыг шаардсан агуулгатай байх бөгөөд энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т зааснаар гэм хор учруулах иргэний эрх зүйн харилцаанд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаанд хамаарахгүй болно.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан буюу гэм хор учруулах харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч Д.Б-ийн олох ёстой байсан орлого буюу өөрт учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т: “нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно”, мөн зүйлийн 28.3-т: Нэхэмжлэгч хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих шүүхийн ажиллагааны агуулгыг тодорхойлсон байх бөгөөд тухайн маргаанд хариуцагчаар татагдсан этгээд нь нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчийг солих ажиллагааг явуулж болохоор, тодруулбал, хариуцагчийг солих ажиллагаа ихэнхдээ нэхэмжлэгчийн санаачилгаар хийгдэх боловч зарим тохиолдолд түүний зөвшөөрснөөр явагдах боломжтой байхаар зохицуулсан байна.
Зарим тохиолдол буюу хариуцагчийг солих талаар нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаагүй бол шүүх хариуцагчийг солих хүсэлт гаргах эрх нэхэмжлэгчид өөрт нь хуулиар олгогдсон, энэ эрхээ хэрэгжүүлэх эсэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрлөөр тухайн маргааны жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох талаар тайлбарлан, нэхэмжлэгчийн саналыг авч, зөвшөөрвөл шүүх хариуцагчийг солих ажиллагааг явуулах боломжтой юм.
Хариуцагч А.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: “миний бие Д.Б-ийн нэхэмжлэлд хариуцагчаар татагдах субъект биш, би нэхэмжлэгчийн объектыг цоожлоогүй. Би Н худалдааны төв болон Г ХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд биш тул хариуцагч байх үндэслэлгүй” гэх тайлбар гаргаж, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б болон “Г” ХК-ийн захирал А.Б нарын хооронд байгуулсан гэрээ, Г ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн лавлагаа, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байх ба шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэн А.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүх ийнхүү шийдвэр гаргахын өмнө буюу шүүх хуралдааны үед хариуцагчийн тайлбар болон шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдож буй нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч Д.Б-эд тайлбарлах, мөн хариуцагчийг солих боломжтой эсэхийг асууж тодруулах зэрэг ажиллагаа явуулаагүй нь буруу болжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд нэрлэн заасан буюу тухайн хэрэгт хариуцагчаар татагдсан этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болох боловч, зарим тохиолдолд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгч дахин өөр хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж цаг хугацаа алдах, улсын тэмдэгтийн хураамж дахин төлөх зэрэг үр дагавар гарахыг шүүх анхаарч, хариуцагчийг солих хүсэл сонирхол байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах ажиллагаа явуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан агуулгад нийцнэ.
Шүүх шийдвэртээ: Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй” гэж бичсэн байх боловч хариуцагч солих хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх эсэх, түүний зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой талаар нэхэмжлэгчид танилцуулж тайлбарлах ажиллагаа явуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтуудад тусгагдаагүй байна.
6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,100 /долоон зуун жаран нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 152/ШШ2024/00465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,100 /долоон зуун жаран нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ