Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01492

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  24  210/МА2024/01492

 

 

 

 

Ц.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/02773 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Ж нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Т.Б.Г т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Х.З.Х.Т.Б.А.А нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр захирамжаар Ж.Э.И ХХК-аас 308,265,709 төгрөг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу ажиллагааг явуулахдаа Ц.Ж Ж.Э.И ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж үзэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3/13566, 3/13567 тоот албан бичгүүдээр Ц.Ж хувийн хөрөнгүүд болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө *** дүгээр байр, ***тоот болон эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** байр, *** тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Ц.Ж нь Ж.Э.И ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох нь шүүхээр тогтоогдоогүй, өөрийн хүсэл зоригийн дагуу болоогүй байхад Ж.Э.И ХХК-ийн өр төлбөрийг хариуцуулахаар миний хөрөнгөнд халдаж байгаад гомдолтой байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Иймээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Ж.Э.И ХХК-ийн хөрөнгө биш, Ц.Ж өмчлөлийн хувийн хөрөнгүүд тул тус үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1569 дүгээр захирамжаар Ж.Э.И ХХК-аас 308,265,709 төгрөгийг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Ж.Э.И ХХК нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, компанийн нэр дээр эд хөрөнгө тогтоогдоогүй болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон. Тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ж агийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүрэг, *** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө *** дүгээр байр, *** тоот болон Баянгол дүүрэг, *** дугаар хороо, ***байр, *** тоотод байрлах орон сууцуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Дээрх ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т.Б.Г т холбогдох Улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүргийн *** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, *** байр *** тоот хаягт байршилтай, *** дугаартай Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***байрны *** тоот хаягт байршилтай орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэгч Ц.Ж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралд миний бие ажил явдалтай байсан тул биечлэн оролцож чадалгүй өмгөөлөгч Б.Сэр-Одыг оролцуулах хүсэлт гарган миний эзгүйд өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдэж өгөх талаар хүсэлт гаргасан. Шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд дараагийн хурал хэзээ зарлагдсан тухай хурлын товыг надад мэдэгдээгүй, хурлын тов мэдэгдсэн хуудсан дээр гарын үсэг зуруулаагүй.

Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Ж нэхэмжлэлтэй Б.Т.Б.Г т холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай хэргийг шийдвэрлэх шүүх хурал товлогдсон талаар тухайн өдөр утсаар мэдэгдэхэд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 12 цаг 30 минутаас Б.А ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Б, П.Б нарт холбогдох 21,486,000 төгрөг гаргуулах иргэний хэргийн шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Тэр хурал цагтаа эхлээгүй удаж 14 цагт эхэлсэн учир Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх 15 цагийн хуралд биечлэн очих, оролцох боломжгүй болсон. Тиймээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа талаар мэдэгдэж хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг, давхацсан хурлын зар, итгэмжлэлээ хавсаргаж мэйлээр хүргүүлсэн. Гэвч надад тухайн өдрийн зарыг урьдчилж мэдэгдээгүй байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй хэмээн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр хийсэн.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэр-Од нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зарлагдсан шүүх хурлыг хойшлоход нь 2024 оны 06 дугаар сарын 07-19-ний өдрүүдэд АНУ-д ажлын шугамаар зорчиж байгаа тул шүүх хурлыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш товлож өгөх хүсэлт гаргасан боловч шүүгчийн зүгээс түүнтэй зүй зохисгүй харилцаж, тухайн хүсэлтийг харгалзахгүйгээр шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлосон. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэр-Од нь АНУ-д зорчиж байгаа, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул мэтгэлцэх боломжоор хангаж шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтуудын хамт өгсөн боловч түүний хүсэлт болон нотлох баримтыг үл тоож нэхэмжлэгч талыг шүүх хуралд оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй хэмээн хэргийн оролцогчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үйлдэл юм.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Б.Т.Б.Г т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

3.1. Шүүх 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын гаргасан Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан, түүний өмгөөлөгч Б.Сэр-Одын гаргасан 2024 оны 06 дугаар сарын 07-19-ний өдрүүдэд АНУ-д ажлын шугамаар зорчих томилолттой, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намдагийн гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Туг залах цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд туг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх үндэслэлээр тус тус гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдлаа хүсэлтэд тайлбарлаж холбогдох баримтыг шүүхэд цахим шуудангаар хүргүүлсэн байх тул хүсэлтэд хавсаргасан итгэмжлэлийг хуулбар гэх үндэслэлээр үнэлээгүй нь буруу болжээ. Мөн өмгөөлөгч нь өөрт холбоотой нөхцөл байдлаа тайлбарласан хүсэлт ирүүлсэн байхад түүнийг харгалзаагүй нь учир дутагдалтай байна.

3.3. Хэдийгээр нэхэмжлэлд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хугацаанд түдгэлзэж, ажиллагаа удааширсан нөхцөл байдалтай байгаа ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 34 дүгээр зүйлийн 34.3.12-т тус тус заасан хэргийн оролцогч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах учиртай.

 

4. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/02773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА