Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 955

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Хэлмэрч И.Болормаа,

Шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.А ад холбогдох эрүүгийн 1906 00497  0926 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.А .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Г.А  нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баганат өргөө” хотхоны “Амар наран” дэлгүүрийн гадаа иргэн Д.Ханддоржийн нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөж, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал хамрын таславчны мурийлт, тархи доргилт, дух, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ

гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ханддоржийн өгсөн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Э.Дөлгөөнийн өгсөн мэдүүлэг /хх-24/, гэрч Т.Идэрцогтийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, гэрч Б.Должидын өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч М.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1273 дугаартай дүгнэлт /хх-35/, Г.А ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-54-55/, шүүгдэгч Г.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-39/, Г.А ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-40/, шинээр 13 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.А  нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баганат өргөө” хотхоны “Амар наран” дэлгүүрийн гадаа иргэн Д.Ханддоржийн нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ханддоржийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 16 цагийн орчим ах Отгонням манай гэрийн гадаа ирээд намайг утсаар дуудаад би гэрээс флаш гаргаж өгсөн. Тэгээд би машиндаа сууж байсан чинь Отгонням ахтай хамт ирсэн нэг ах дэлгүүр ороод юм авах гэхэд намайг дэлгүүр дотор зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад дэлгүүр ороход дэлгүүрийн худалдагч Заяа гэдэг ах хэдэн хүмүүсийг салгаад байж байсан. Би очоод салгах гэтэл үл таних нэг залуу нь намайг цохих гэхээр нь хоёр гарыг нь доошоо дараад барьчихсан чинь толгойгоороо миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд л миний ухаан санаа самуураад явчихсан.” /хх-18-19/ гэх мэдүүлэг

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Дөлгөөнийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний миний 12-38УНК дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркын машинтай Наваанжамц, Г.А , Идэрцогт, Баттулга бид 5 “Тэнүүн” хотхоны дэлгүүрээс архи авахаар явсан. Тэгсэн Г.А , Ханддорж хоёрын хооронд л хэрүүл маргаан үүсч бие биенээ цохисон, мөргөсөн асуудал гарсан. Өөр зодоон болоогүй. Ханддорж гэгчийг өөр хүн зодож цохиогүй. Г.А , Ханддорж хоёрын хооронд л хэрүүл маргаан зодоон болж, Ханддорж гэгч Г.А ыг нэг удаа шанаан тус газар нь гараараа цохиж, Г.А  Ханддоржийг толгойгоороо 1 удаа мөргөсөн.” /хх-24/ гэх мэдүүлэг

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Идэрцогтын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний миний 12-38УНК дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркын машинтай Наваанжамц, Г.А , Баттулга, Дөлгөөн бид 5 хамт явж байсан. Дөлгөөнийн гэрийн ойролцоох дэлгүүрээс архи авахаар орсон. Тэр дэлгүүрийн гадаа приус 30 маркын машинтай танихгүй хүмүүс байсан. Г.А  тэр машинд явж байсан хүмүүстэй маргаан үүсгэсэн. Г.А тай анх хэрүүл хийсэн залуу Г.А ыг шанаадаад Г.А  эргүүлээд нөгөө хүнийг мөргөсөн. Тэгсэн нөгөө мөргүүлсэн үл таних эрэгтэй хүн газар уначихсан.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Баттулгын өгсөн: “...Г.А  үл таних залуутай маргалдсан. Нөгөө залуу нь чулуу бариад Г.А ын өөдөөс чулуу бариад цохих гэж дайраад гараараа Г.А ын шанаан тус газар нь 1 удаа цохисон. Тэр үед Г.А  нөгөө үл таних залуугийн толгой, нүүрний хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөсөн.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1273 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Ханддоржийн биеддух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-35/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.А ын яллагдагчаар өгсөн: “....Тэгсэн нөгөө залуу чулуугаа газар хаяад намайг гараараа зүүн талын шанаан тус газар нэг удаа хүчтэй цохихоор нь би хоёр мөрнөөс нь барьж аваад нөгөө залуугийн толгой руу тонгойж байгаад толгойгоороо нэг удаа мөргөж, тухайн гэмтлийг Д.Ханддоржийн биед учруулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” /хх-54-55/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.А ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-38/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.А  нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баганат өргөө” хотхоны “Амар наран” дэлгүүрийн гадаа иргэн Д.Ханддоржийн нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөж, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал хамрын таславчны мурийлт, тархи доргилт, дух, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

           

            Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А ад Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А  1.300.000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Г.А ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.А ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.А  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.А ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                            

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А  нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.А ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,

хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.А ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС