Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 344

 

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 09 дүгээр

сарын 28-ны өдөр                                  Дугаар  344                                    Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух, /РД:ЛЗ63080765, утасны дугаар: 94200239/, Хатагин бага гол овогт Готовын Мөнгөнцэцэгийн 

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр  сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Г.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1963 онд төрсөн, 54 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 1981 онд Сүхбаатар сумын 8 жилийн сургуулийг төгсөж, 1982 онд сумын сургуульд цэвэрлэгчээр ажилд орж 1985 оныг дуустал ажилласан. 1986-1988 онуудад сумын эмнэлэгт угаагчаар ажиллаж байгаад 1989 оноос Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд гишүүнээр элсэж 1990 он хүртэл малчнаар ажилласан. 1990 онд нэгдэл тарж “Сүхбаатарын зам” нэгдэл “Хан-Уул” компани болж өөрчлөн байгуулагдсан. Би 1990-1994 он хүртэл “Хан-Уул” компанид малчнаар ажиллаж байгаад компани татан буугдахад амины хэдэн малаа маллаж хөдөө гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээж бөглөж байсан боловч дэвтрийг надад өгөөгүй, архивын бичиг баримт бүрэн биш байгаа учраас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний 1982-1985 онуудад Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Хатагин бага гол овогт Готовын Мөнгөнцэцэг нь 1982-1985 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Хүсэлт гаргагч Г.Мөнгөнцэцэг нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь түүний тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 217/15 тоот лавлагаа, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Сарантуяагийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар,

 

               - гэрч Цоохор овогт Лувсан-Ёндонгийн Түмэн-Өлзий /РД:ЛЗ46032460 /-гийн  Би 1971 Сүхбаатар суманд багшаар очиж ажилласан. Намайг очиход Мөнгөнцэцэг нь сурагч байсан. Сурагч байх үеэс нь танина. Г.Мөнгөнцэцэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр 1982-1985 оныг дуустал ажилласан. Цэвэрлэгч байхдаа манай анги танхимыг цэвэрлэдэг байсан. Хамт ажиллаж хүмүүс гэвэл Мөнгөнцэцэг, Энхмөнх нар хамт цэвэрлэгчээр ажиллаж байсан. Сургуулийн захирал Сүхбаатар гэдэг хүн байсан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад, сүүлдээ Монгол хэл, Уран зохиолын багшаар 1971-1991 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг,

 

-гэрч Түвдэн овогт Сэдэдийн Мөнгөнцэцэг /РД:ЛЗ63030361/-ийн,  Г.Мөнгөнцэцэгийг сурагч байх үеэс нь танина. Нэг сургууль, нэг үеийн хүмүүс юм. Г.Мөнгөнцэцэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр 1982-1985 оныг дуустал ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр 1981-1990 он хүртэл ажилласан. Г.Мөнгөнцэцэг нь 2 давхарыг, би 1 давхарыг цэвэрлэдэг байсан. 1982-1985 оныг дуустал хамт ажиллаж байсан болохоор энэ үед ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. 

Иймд Хатагин бага гол овогт Готовын Мөнгөнцэцэгийн 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын             8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Мөнгөнцэцэг нь  улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хатагин бага гол овогт Готовын Мөнгөнцэцэг нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Мөнгөнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ