| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2023/05542/И |
| Дугаар | 210/МА2024/01499 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01499
2024 07 24 210/МА2024/01499
Б.С нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/02513 дугаар шийдвэртэй
Хариуцагч Ү.А холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Ү.А , хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие Ү.А 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөлийн, *** улсын дугаартай, Форд маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, 65,000,000 төгрөгөөр тохирч худалдсан. Тус өдөр тээврийн хэрэгслийг түүнд хүлээлгэн өгч өмчлөх эрхийг өөрийн нэрээс шууд хариуцагчийн нэр рүү шилжүүлсэн. Ү.А нь тээврийн хэрэгслийг авсан өдөр урьдчилгаа 35,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл Ү.А нь урьдчилгаа 35,000,000 төгрөгийг цувуулан төлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч Ү.А нь би худалдаж аваагүй, өөр хүнд авч өгсөн, үлдэгдэл мөнгийг чинь өгч чадахгүй гэдэг боловч одоо хүртэл өөрөө эзэмшиж, ашиглаж байна.
Иймд Ү.А ээс тээврийн хэрэгслийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний хувьд Б.С гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Тээврийн хэрэгслийг М.Г а гэх хүн миний нэр рүү шилжүүлж өгч байсан ба бидний хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Би БНСУ-ын иргэн Ю.Д гэх хүнтэй хамтран амьдарч байсан ба тэрээр Б буюу С.Б гэх хүнтэй хамтран бизнес эрхэлдэг, маш сайн таньдаг гэж хэлж байсан. С.Б нь гаалиар орж ирсэн Форд маркийн тээврийн хэрэгсэл зарах гэж байгаа гэсэн ба 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Форд маркийн тээврийн хэрэгслийг нэрийг нь мэдэхгүй нэг залуугаас миний нэр рүү шилжүүлж өгсөн. Ю.Д ийн хэлсний дагуу төлбөрийг Хаан банк ХК дахь М.Г а гэх хүний *** тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг, мөн С.Б ын данс руу 5,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, нийт 35,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Ю.Д бэлнээр төлсөн.
Иймд Б.С уг тээврийн хэрэгслийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ү.А ээс тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.А ээс 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Б.С нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагч миний зүгээс анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байсан ба шүүгч намайг үг хэлэх бүрт загнах, нөгөө талыг дэмжих зэрэг үйлдлийг гаргаж байсан. Ингээд өмгөөлөгч аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход мөн л манай талаас гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байсан ба нөгөө талын гаргасан хүсэлтийг захирамждаа тусгахаа мартсан гэснээ хүсэлтийнх нь дагуу ажиллагаа хийсэн. Шүүх хурал дээр гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрөөд байхад түүнд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн хуульд нотлох баримтыг тал бүрээс нь дүгнээд шийдвэрлэх ёстой байхад хуулиа хэрэгжүүлээгүй. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй бөгөөд яршиг гэж хэлээд хүлээж авахгүй зэргээс харахад анхнаасаа нэхэмжлэгч талд хэргийг шийдвэрлэхээр ажилласан гэж хардаж байна. Миний зүгээс өмгөөлөгчдөө шүүгчээс татгалзмаар байна гэж хэлсэн боловч шүүгчийг татгалзах үндэслэл байхгүй гээд татгалзуулаагүй.
4.2. Хэрэгт авагдсан баримтыг шүүгч сайн судалсан бол гэрчүүдийн мэдүүлэгт яригдсан зээлээр өгсөн гэдэг нь худлаа болох нь тодорхой. Огт таньж мэдэхгүй надад хэн ямар ч гэрээ хийхгүйгээр худалдаж буй автомашинаа шууд нэр дээр шилжүүлж өгөх юм бэ. Би уг автомашины үнийн талаар анхнаасаа нэхэмжлэгч болон гэрч гэх хүмүүстэй тохиролцоогүй. БНСУ-ын иргэн Ю.Д гэх хүн надад мөнгө өгөх өрөндөө суутгаад 30,000,000 төгрөг өгөөд авчих, шууд нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэхээр нь зөвшөөрөөд авсан. Гэтэл дээрх хүмүүс нь Ю.Д ийг БНСУ руу буцсаны дараа автомашины мөнгөө өгөөгүй талаар цагдаад хандсан байсан. Цагдаад гэрч гэх С.Б той БНСУ-ын иргэн Ю.Д байнга харилцаа холбоотой байдаг талаар харилцсан чатыг өгөөд уг солонгос хэл дээрх чатыг албан ёсны орчуулагчаар орчуулна гэж байсан боловч хэргийг хаасан тул дээрх орчуулагч томилох шаардлагагүй гэсэн. Баянзүрх дүүргийн прокуророос хүртэл дээрх нотлох баримтуудыг шүүхийн журмаар авахуулан хэрэгт хавсаргуулахдаа орчуулагч томилж дээрх материалыг орчуулж өгөх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.
Шүүх хурал дээр нэхэмжлэгч Б.С нь би автомашинаа оруулж ирсэн гэдэг, харин эсрэгээр нөхөр нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо би оруулж ирсэн гэх мэт шүүхэд аль нь үнэн зөв мэдүүлэг өгөөд байгаа нь эргэлзээтэй байхад л шүүх дүгнэлт хийлгүйгээр 30,000,000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэсэн. Үнэхээр нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлсэн бол шударга шийдвэр гарах байсан.
Гэтэл миний болоод өмгөөлөгчийн гаргасан хэрэг шийдвэрлэхэд чухал хүсэлтүүдийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн нь хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг бий болгож байна. Цаашлаад хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой гэдгийг шүүгч хүн уландаа гишгэсэн үйлдэл болсон. Хэргийг шийдвэрлэх гээд завсарлахдаа дөнгөж гараад удаа ч үгүй байтал хонх дуугарсан нь анхнаасаа шийдвэрээ гаргасан байсан гэж харагдаж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/02514 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй. Шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн, эсвэл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, процессын алдаа гаргаад өмгөөлөгчөөр оролцох эрхийг нь хангаагүй гэх үндэслэлүүдийн аль нь болох нь тодорхойгүй. Тусгагдаагүй зүйлийг ярьж талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна. Тиймээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. Хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх агуулгыг ярьдаг. Үүнд шүүхээс удаа дараа өмгөөлөгч авах эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.
5.2. Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцон хариуцагчийн хэлээд байгаа тайлбарууд дандаа зөрдөг, өөр өөр юм яриад байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч 30,000,000 төгрөгийг БНСУ-ын иргэн Ю.Д өгчихсөн гэж ярьдаг. Одоо болохоор ажлын хөлсөнд тооцож суутгасан гэх өөр агуулгаар тайлбар ярьдаг. Мөн гэрч, нэхэмжлэгч хоёрыг танихгүй гэдэг гэтэл гэрч М.Г ын утсанд үзлэг хийсэн. Үүнд одоо барьж байгаа утаснаас хариуцагчтай байнга төлбөр тооцоо хийх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн зурвас нотлох баримтаар хэрэгт авагдсан. Мөн огт харилцдаггүй гэдэг хүмүүсээр дамжуулаад урьдчилгаа 35,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Хариуцагчийн яриад байгаа нотлох баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрдөг. Гуравдагч этгээдэд 30,000,000 төгрөгийг төлсөн бол энэ талаарх баримтуудыг гаргаж ирүүлээгүй. Энэ талаарх тайлбараа нотолдоггүй. Хэрвээ ажлын хөлсөнд суутгасан гэж үзэж байгаа бол ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ ажлын хөлс төлсөн талаарх баримт байх ёстой ч баримт өгөөгүй. Хариуцагчийн хэлээд байгаа тайлбар, гомдол бүгдээрээ баримтаар үгүйсгэгддэг, огт нотлогддоггүй зүйл.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ү.А холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Б.С нь *** арлын дугаартай, Форд маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хилээр нэвтрүүлсэн ба уг тээврийн хэрэгсэл 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ү.А ийн өмчлөлд бүртгэгдсэн.
3.2. Мөн Ү.А нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус Хаан банк ХК дахь М.Г ын *** тоот дансанд, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг С.Б ын *** тоот дансанд тус тус тээврийн хэрэгслийн үнэд шилжүүлжээ.
3.3. Гэрч М.Г а Форд маркийн, цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Алтанбулаг боомтоор оруулж ирээд, үнэгүй.мн дээр 68,000,000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан, найз С.Б нэг солонгос нөхөр монгол эхнэртэйгээ машин сонирхож байна гэхээр нь үзүүлээд 65,000,000 төгрөгөөр худалдахаар Ү.А эй тохирч, түүний нэр дээр машинаа шилжүүлж өгсөн, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг өөрийн дансаар, 10,000,000 төгрөгийг С.Б ын дансаар авсан, гэрч С.Б М.Г а 65,000,000 төгрөгөөр автомашин зарах тухай Ү.А хэлэхэд зөвшөөрч 35,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгөөд үлдэх төлбөрийг 2023 оны цагаан сараас өмнө өгөхөөр тохиролцсон, төлбөрөөс Ү.А түүний дансанд 10,000,000 төгрөг шилжүүлснийг М.Г ад өгсөн гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгчээ.
3.4. М.Г ын *** дугаараас Ү.А ийн *** дугаарт 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд харилцсан зурваст шүүх үзлэг хийсэн бөгөөд Ү.А 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр одоо 5 сая төгрөг шилжүүлээд үлдсэнийг ирэх 7 хоногт шилжүүлье, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өнөө маргаашдаа мөнгө орж ирэхээр шилжүүлье, мөнгө орж ирэхгүй хүлээгдээд байна, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энэ 12 сардаа багтааж өгч үнэхээр боломжгүй болчихлоо гэнээ, танд 1 сард өгье гэнээ, хэрвээ үнэхээр болохгүй бол машинаа буцаагаад авчих гэнээ яах вэ, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр энэ сарын 18-нд яг мөнгийг нь өгье, энэнээс хэтрэхгүй наана нь ороод ирвэл шууд шилжүүлнэ, солонгосоос мөнгө орж ирэхгүй жаахан асуудалтай удаачихлаа гэсэн агуулга бүхий зурвасуудыг М.Г ад илгээсэн байна. Латин үсгээр бичигдсэн уг зурвасуудыг MNS5217:2012 стандартын дагуу хөрвүүлж үнэлэх боломжтой.
3.5. Дээрх баримтуудыг харьцуулахад М.Г а нь тээврийн хэрэгсэл худалдах нөхцөлийг Ү.А эй тохирсон байх боловч Б.С нь тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлж улмаар Ү.А ийн нэр дээр шилжүүлсэн тул Б.С г худалдагч тал гэж үзнэ.
Ү.А хариу тайлбартаа БНСУ-ын иргэн Ю.Д ийн сайн танил Б тай хамт очиж машиныг үзэж авсан, анхан шатны шүүх хуралдаанд Ю.Д гэх хүнтэй машин авах талаар тохиролцож мөнгөө барагдуулсан, давж заалдах гомдолд Ю.Д гэх хүн надад мөнгө өгөх өрөндөө суутгаад 30,000,000 төгрөг өгөөд авчих, шууд нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэхээр нь зөвшөөрөөд авсан гэж тус тус тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй. Үүнээс гадна Ү.А нь урьдчилгаа төлбөр 35,000,000 төгрөгийг төлсөн, мөн тээврийн хэрэгслийн үнийг төлж барагдуулахаа М.Г ад удаа дараа илэрхийлсэн болох нь гар утсаар харилцсан зурвасуудад хийсэн үзлэгээр тогтоогдсон тул түүнийг худалдан авагч гэж дүгнэх үндэслэлтэй.
Ү.А ээс урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан М.Г а, С.Б нар нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар худалдагчийн нэрлэн заасан этгээд бөгөөд үүргийн гүйцэтгэлийг худалдагч Б.С хүлээн авсан гэж мөн дүгнэнэ.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтад эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар Б.С , Ү.А нарын хооронд хүсэл зориг илэрхийлэгдэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4. Тээврийн хэрэгслийн үнэ 65,000,000 төгрөг, үүнээс урьдчилгаа 35,000,000 төгрөг төлөгдсөн талаар зохигч маргаагүй ба хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд 30,000,000 төгрөгийг Ю.Д -д өгсөн, Ю.Д -д би өөрийн картыг өгч байсан, миний долларын данснаас гарсан ... Ю.Д нь надаас 30,000,000 төгрөг өгчих гэсэн. Мөн надад анх энэ машиныг 60,000,000 төгрөг гэж байсан. Тэгээд би 30,000,000 төгрөгийг Ю.Д -д шилжүүлээд дуусгасан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ.
5. Анхан шатны шүүх хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Нэхэмжлэлд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгч, хариуцагч нарт эрх, үүргийг тайлбарлаж нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан, мөн шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 03 дугаар сарын 14-ний өдөр, 03 дугаар сарын 28-ны өдөр, 04 дүгээр сарын 16-ны өдөр, 05 дугаар сарын 07-ны өдөр, 05 дугаар сарын 22-ны өдөр нийт 6 удаа товлон явуулж зохигч талуудаас гаргасан хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын архив дахь хэрэг бүртгэлтийн хэргээс БНСУ-ын иргэн Ю.Д , С.Б нарын харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргуулсан байх боловч баримтыг орчуулуулах хүсэлт гаргаагүй байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасн удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/02513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЗОЛЗАЯА