Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01513

 

Г.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01029 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1676 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Г.С

           Хариуцагч: Т.М

           Хариуцагч: Г.И

    Үндсэн нэхэмжлэл: бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, 7.875.000 төгрөг гаргуулах 

           Сөрөг нэхэмжлэл: 34.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

           Хариуцагч Г.И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, Г.Игийн төлөөлөгч Г.О, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Даваа, нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

          Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т.Этай 1985 онд гэр бүл болж, 1995-08-21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Э.Анарчимэг, хүү Э.Чинзориг нар төрсөн. Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 01 дүгээр байр, 223 тоот  орон сууцыг  Т.Э өөрийн нэр дээр байлгаж байсан бөгөөд АНУ руу яваад ирэхдээ 1 гараа тайруулж хөдөлмөрийн чадвараа алдсан. Тэрээр хүү Э.Чинзоригийн хамт том өрөөгөө бусдад түрээслүүлж, жижиг өрөөндөө амьдарч байсан. Талийгаач  эмнэлэгт хэвтэж байхдаа буюу 2011-12-27-ны өдөр нас барсан. Үүнээс хойш би хууль ёсны эхнэрийнх нь хувьд өвлөх эрхийн гэрчилгээ авч байрны гэрчилгээг гаргуулсан. Г.С, хүү Э., талийгаачийн ээж Г.И нар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан боловч хүчингүй болсон. Маргаан бүхий байрнаас Г.Игийн хүүхдүүд болох Т. нь 30 хувь, Т. нь 20 хувийг тус тус өвлөх эрхтэй эсэхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх 2015-11-27-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өрөө орон сууцыг Г.С, Э.Чинзориг, Э.Анарчимэг, Т.Э нарын гэр бүлийн дундын хөрөнгө. Т.Эын  өмчлөх эрхтэй 25 хувийн 4 хуваасны нэгийг ээж Г.И нь өвлөх эрхтэй гэж тогтоосон. 2012 оноос хойш тухайн маргаан бүхий 223 тоот байранд Т.М болон түүний гэр бүлийнхэн, Г.И нар амьдарч байна. Иймд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч нарыг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү. Албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2013 онд гаргасан боловч хэргийг түдгэлзүүлж, одоо хэргийг сэргээж хэлэлцэж байна. 2013-2016 оны 6 capын хугацаанд орон сууцаа түрээсэлж байсан бол 25,2 сая төгрөгийн үр шимийг хүртэж орлого олох ёстой байсан. Дээрх орлогыг өв залгамжлагч нарт ногдох хувь хэмжээг тогтоож, Э.Анарчимэг, Э.Ч нар учирсан хохирлоо нэхэмжлэх эсэх нь өөрсдийнх нь асуудал учраас нэхэмжлэгч Г.С надад учирсан хохирлыг тооцож талийгаач Т.Эыг нас барснаас хойш болон шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 7 875 000 төгрөгөөр хохирсон тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Т.М хариу тайлбартаа: Би маргаан бүхий байранд ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд одоо өөр хаягт амьдарч байгаа. Г.С нь 7 875 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ээж Г.И одоо 80 настай, уг маргаан бүхий байранд 2001 оноос амьдарч байгаа, уг байрыг  хүүхдүүдээсээ мөнгө цуглуулж худалдаж авсан. Т.Э ах маань 1998 онд эхнэр Г.Сгаас салсан ба эхнэр нь уг байранд нэг ч төгрөг өгөөгүй гэжээ.

         Хариуцагч Г.Игийн төлөөлөгч Т.О тайлбарт: Баярмаагаар дамжуулж Солонгосоос мөнгө авч нийт 14 сая төгрөг болгож, байрыг худалдаж авсан. Т.Э 2002 онд гадаад  явж, 2006 онд Монголд ирэхдээ биеийн байдал нь хүнд байсан бөгөөд  ээж асарч чадахгүй  тул Т.Мыг хамт байлгаж байсан. Бид уг байрны мөнгийг төлж байсан учраас нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд бид уг байранд оруулсан хувь болох мөнгөө авах хүсэлтэй байна. Тус байрыг чөлөөлөх бол өндөр настай, хэвтэрт байдаг ээж минь орох оронгүй болох тул тэр мөнгөөр хашаа, байшин авч өгмөөр байна гэжээ.

          Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Сгаас 34.8 сая  төгрөг шаардаж байна. Маргаан бүхий байрны зах зээлийн үнэлгээ нь 69 600 000 төгрөг учраас хариуцагч нар 50 хувийг нь нэхэмжилж байна. Учир нь Г.С талийгаач Т.Этай 1995-08-21-ний өдөр гэрлэлтээ батлуулж, дундаасаа 2 хүүхэдтэй тул уг байрны 50 хувийг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Тухайн байранд Т.Отгонжаргал, н.Энхбат нар хөрөнгө оруулсан гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Өмнө нь Т.О, н.Э нар маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан мөнгөө Г.Игоос нэхэмжилж байсан бөгөөд тэд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгч захирамжаараа талуудын эвлэрлийг баталсан. Энэ мөнгийг төлөх ямар ч боломж надад байхгүй учраас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 1-223 тоот орон сууцны зах зээлийн үнэ болох 69 600 000 төгрөгөөс өөрийн болон хүүхдүүдийн оруулсан хөрөнгө болох 34 800 000 төгрөгийг Г.Сгаас гаргуулахаар  шаардаж байна  гэжээ.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Өмнө нь Т.Отгонжаргал, Г.И, Т.Энхбат нар энэ асуудлаар буюу маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан учраас хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байсан. Т.Энхбат болон Т.Отгонжаргал нар маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан бол тэднийг хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарах байсан. Шүүхээс тэднийг хамтран өмчлөгч биш гэж үзсэн. Г.И, Т.М нар Т. болон Т.О нарын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Т.О, Т.Э нар нь ээж Г.Идоо өгсөн мөнгийг Г.Сгаас гаргуулах үндэслэлгүй. Уг асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд 2015-11-27 -ны өдрийн 7515 тоот шийдвэрт тусгагдсан. Мөн  хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тус байр тэдний гэр бүлийн дундын хөрөнгө юм гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01029 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.4 дэх хэсэгт зааснаар Г.Сгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 223 тоот, 2 өрөө орон сууцыг Г.И, Т.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж, үлдэх шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 141 100 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 24-ний өдрийн 1676 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч Г.И, Т.М нар гомдолдоо: Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамж, шийдвэр хоёрт тусгагдсан ижил төсөөтэй үүргийн харилцааг хоёр өөрөөр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд 2048 тоот захирамжийн бодитоор биелэгдээгүй нь сөрөг нэхэмжлэл гаргах шаардах эрх биш гэж үзсэн нь үндэслэлтэй эсэхийг хариуцагч бид Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 хороолол, 1-223 тоот байрыг худалдан авахад хөрөнгө оруулалт хийсэн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин 223 тоот байрны асуудлаар маргаагүй. Түүнчлэн, 223 тоот байр нь аль дүүрэгт хэд дүгээр хороололд байрлах байр болох нь тодорхойгүй байгаа нь хэрэгт авагдаагүй нотлох баримт болгож байгаа нь ИХШХШТХ-ийн  169.1 дэх заалтад нийцээгүй өөрөөр хэлбэл, ИХШХШТХ хуулийн 118.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгааг хариуцагч Т.Мад 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн 1 хувийг дахин гардуулж энэ тухай нотлох баримт үйлдэж, хэрэгт хавсаргаагүйг зөвтгөж хийхийн тулд /хх-ийн 11-р талд/ 2013 оны 03 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан нотлох баримт байна гэж Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 3637 тоот тодорхойлолтыг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тус тус хянуулахаар гомдол гаргаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Г.С 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Т.Мад холбогдуулан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, 1-р байр, 223 тоот 2 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргуулах нэхэмжлэл гаргасан /хх 1-1, 45/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2016 оны  08 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт гаргаж  Г.Иг хариуцагчаар татаж /хх 1-158/, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж хариуцагч нараас 7.875.000 төгрөг гаргуулахыг /хх 1-172, 173, 174, хх 2-30, 31/шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргаж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх 2-1/ 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс орон сууц чөлөөлөх шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/07515 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, 1-р байр, 223 тоот  орон сууцны өмчлөгчөөр тогтоогоогүй /хх 1-137-150/ байхад шүүх уг шийдвэрийг үндэслэн Г.Сгийн нэхэмжлэлээр 1995 онд төрсөн Э.Ч өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд нийцээгүй байна.

        Анхан шатны шүүх Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт нийцээгүй бөгөөд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176  дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/01029 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1676 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 331.950 төгрөгийг Т.М, Г.И нарт захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ