| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/00261/И |
| Дугаар | 210/МА2024/01554 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2024/01554
2024 07 31 210/МА2024/01554
Х.Г нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02495 дугаар шийдвэртэй
Хариуцагч Н.О холбогдох
Компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг нь арилгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Х.Г өөрийн эзэмшлийн И.Э ХХК-ийг зарах тухай Н.О хэлж байсан. Гэтэл Н.О би компанийг чинь шилжүүлж авья, эрхээ шилжүүлээд компанийн хувьцаагаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад компани миний нэр дээр шилжихээр мөнгийг чинь өгнө гэсэн. Ингээд тохирсон ёсоор Н.О той гэрээ байгуулах гэтэл Н.О нь И.Э ХХК-ийн эрхийг шилжүүлэх итгэмжлэлийг А.Д гэж хүнд хийгээд өгчих гэсэн. Х.Г нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.Д т итгэмжлэл олгосноор И.Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон гүйцэтгэх удирдлага Н.О ын нэр дээр шилжсэн ба түүнээс мөнгөө нэхэхэд өгөөгүй. Тэр ч байтугай итгэмжлэл үйлдсэн А.Д нь түүний эхнэр байсан. Н.О нь анхнаасаа Х.Г И.Э ХХК-ийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд худалдан авна гэж худал хэлж эхнэртээ итгэмжлэл хийлгүүлж эрхийг шилжүүлэн авсан байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Иймд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Бид хамт ажиллаж байсан бөгөөд хоорондоо яриад Х.Г 100 хувийн эзэмшлийн И.Э ХХК-ийг би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу өөртөө шилжүүлэн авсан. Х.Г ээс итгэмжлэл авсан А.Д нь миний эхнэр. Уг компанийн эрхийг би өөртөө шилжүүлэн аваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нүүрсний тээвэрт яваад 2020 оны 08 дугаар сардаа багтаагаад Х.Г эд 90,000,000 төгрөгийг өгөхөөр амаар тохирсон байсан. Нүүрсний тээврийн ажлаас ашиг олж чадаагүй тул Х.Г эд 90,000,000 төгрөгийг өгч чадаагүй. Мөн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнд заасан 1,000,000 төгрөгийг өгч чадаагүй. Гэхдээ И.Э ХХК-ийн эрх болон хувьцааг Х.Г эд шилжүүлж өгөх боломжгүй. Би компанийн нэр дээр ажил хэрэг явуулахаар хүмүүстэй тохиролцож товлосон ажлууд байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.О холбогдох 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан И.Э ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан И.Э ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулан, үр дагаврыг нь арилгуулах тухай Х.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Х.Г нь Н.О өөрийн нэр дээр бүртгэлтэй И.Э ХХК-ийг худалдан борлуулах тухай хэлэхэд Н.О нь би авах хүн хайж олж өгье, чи миний хэлсэн хүнд итгэмжлэл хийгээд өгчих, тэгээд тэр итгэмжлэлээр бусдад худалдаад өгье, тэгвэл өөрөө зарах гэж явж байснаас амар шүү дээ, зарах хүртэл компанийн ажилд санаа зовох хэрэггүй гээд А.Д гэх хүнд итгэмжлэл хийлгэж авсан. Гэтэл итгэмжлэлийн дагуу Н.О нь бусдад худалдах биш, харин итгэмжлэлийг ашиглаж өөрийн нэр дээр компанийн эрхийг шилжүүлж авсан байсан. Үүнийг Х.Г 2023 оны цагаан сарын үеэр мэдээд Н.О оос юу болоод байгаа, яагаад бусдад худалдаж өгнө гэж итгэмжлэл авчихаад өөртөө шилжүүлээд авчихсан юм гэхэд би худалдаж авахаар гэрээ хийчихсэн гэж хэлсэн. Ингээд компанийг өөртөө шилжүүлэхээр Х.Г ийг анхнаасаа хууран мэхэлж байсныг мэдсэн. Улсын бүртгэлээс ирсэн баримтуудыг харахад компанийг 1,000,000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан байсан. Гэтэл компани, түүний эрхүүдийг тооцох юм бол 1,000,000-аас давсан үнэтэй байх ёстой байтал илт бага үнэлгээ бичсэн байсан. Гэрээнд бичсэн мөнгөө ч өгөөгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээ ч биш бэлэглэлийн гэрээ гэж өөрөөр бүртгүүлсэн байсан. Харин А.Д гэх итгэмжлэл хийлгүүлэн авсан эмэгтэй нь Н.О ын сүүлд суусан эхнэр нь байсан байна. Шүүх хуралдаанд хариуцагч Н.О нь Х.Г эд огт мөнгө өгөөгүй, мөн компанийн эрхээр ашиг олох ажил хийхээр бусадтай ярилцаж тохирсон тухайгаа ч хэлсэн. Түүнээс гадна Н.О нь хүний компанийг хуурч авчихаад мөнгө ч өгөөгүй байж ямар ч баталгаагүй дараа мөнгө өгөх бодолтой гэх байдлаар тайлбарлаж байсан.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж хэргийн бодит нөхцөл байдлыг огт анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Н.О холбогдуулан Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг нь арилгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Н.О нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.Д тэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, И.Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр А.Д ээс худалдан авахаар тохиролцжээ. Мөн Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Н.О нь И.Э ХХК-ийн 100 хувийн хувьцаанд ногдох эрх, үүргийг А.Д ээс шилжүүлэн авахаар тохиролцжээ. А.Д нь дээрх 2 гэрээг байгуулахдаа Х.Г ээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэжээ.
Тус гэрээнүүдийг үндэслэн Н.О нь И.Э ХХК-ийн 100 хувийн эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгджээ.
3.2. Хэргийн баримтаар И.Э ХХК-ийг анх хариуцагч Н.О үүсгэн байгуулж 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн, улмаар компанийн хувьцааг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Х.Г эд шилжүүлсэн, ингэхдээ тус өдөр Х.Г ээс дээрх итгэмжлэлийг А.Д т олгожээ.
Өөрөөр хэлбэл И.Э ХХК-ийн хувьцаа 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд нэхэмжлэгч Х.Г нэр дээр бүртгэлтэй байжээ.
Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Х.Г өөрийн эзэмшлийн И.Э ХХК-ийг зарах тухай Н.О хэлж байсан. Гэтэл Н.О би компанийг чинь шилжүүлж авья, эрхээ шилжүүлээд компанийн хувьцаагаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад компани миний нэр дээр шилжихээр мөнгийг чинь өгнө гэж тохирсон гэж тодорхойлсон ба хариуцагч нь хариу тайлбартаа ...Уг компанийн эрхийг би өөртөө шилжүүлэн аваад нүүрсний тээвэрт яваад 2020 оны 08 дугаар сардаа багтаагаад Х.Г эд 90,000,000 төгрөгийг өгөхөөр амаар тохирсон байсан гэж тайлбарласантай харьцуулж дүгнэхэд нэхэмжлэгч нь хувьцаагаа хариуцагчид шилжүүлэх хүсэл зориг илэрхийлэгдсэн байна.
4.2. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хувьцааг бусдад шилжүүлэх итгэмжлэлийг А.Д т олгосон ба мөн өдөр И.Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, А.Д ийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байх тул компанийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд эхнэртээ итгэмжлэл хийлгүүлж эрхийг шилжүүлэн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Иймээс анхан шатны шүүх хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хэлцэл хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн нөхцөл байдал Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тогтоогдоогүйг зөв дүгнэжээ.
4.3. Үүнээс гадна Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Уг хугацааг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэн үеэс тоолох бөгөөд нэхэмжлэгч нь компанийн эрхийг хариуцагч өөртөө шилжүүлж авсныг 2023 оны цагаан сарын дараа мэдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
4.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар тодорхойлох үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дүгнэлт өгч нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 98,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЗОЛЗАЯА