| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2022/04892/И |
| Дугаар | 210/МА2025/00014 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00014
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04070 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ТБАГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* миний бие 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаад Захирлын 2022.10.21-ний өдрийн Б/524 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 13.6.3, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2 дахь заалт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 22/74 дугаар албан тоотоор ирүүлсэн дүгнэлт, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний дүгнэлтийг үндэслэх нь гэжээ. Дээрх тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний бие нь тус эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа хууль болон байгууллагаас баталсан дүрэм, журмыг мөрдөж, өөрийн хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын алдаа дутагдал болон сахилга, ёс зүйн алдаа гаргаж байгаагүй, ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй түүнчлэн ёс зүйн ноцтой алдаа зөрчил гаргаж байгаагүй. Энэ тухай ямар нэгэн тушаал шийдвэр гарч байгаагүй билээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1-8.2.23 дахь заалт болон 13.6.3-д заасан зөрчлийн аль ч заалтыг зөрчөөгүй, ямар нэгэн арга хэмжээ авагдаагүйгээс гадна ...өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ямар нэгэн зөрчил гаргаагүй.
Манай эмнэлэгт Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн 2022 оны 09 сарын 09-ны өдрийн 22\74 бичиг нь Зөвлөмж хэрэгжүүлэх тухай гэсэн албан тоот байх бөгөөд 2022.09.09-ний 22/74 дүгээр албан бичгийн хавсралт 2022 оны 09 сарын 09-ны өдөр №22/01 тоот Эрүүл мэндийн Яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос эмнэлгийн захирал ******* хүргүүлэх зөвлөмжийн хамт ирүүлсэн байдаг.
Гэтэл ажлаас чөлөөлөх тухай тушаалд ... дүгнэлтийг үндэслэж гэж бичсэн нь ямар ч дүгнэлт гараагүй байхад дүгнэлтийг гэж бичсэн үндэслэлгүйгээр яамны албан бичгийг гуйвуулсан хууль ёсны үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэт хууль зөрчсөн тушаалыг гаргасан байна.
Иймд миний бие тус эмнэлэгт ажиллаж байхдаа Захирлын 2022.10.21-ний өдрийн Б/524 дүгээр тушаал-д дурдсан сахилгын ноцтой зөрчил болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ-г зөрчиж сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргаагүй тул дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлуудыг хянан үзэж Өргөө амаржих газар ТМЭ-ийн захирлын 2022.10.21-ний өдрийн Б/524 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажилдаа эгүүлэн тогтоох хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг *******т даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хөдөлмөрийн гэрээний 8.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6-д заасан зөрчлүүд, эмнэлгийн үйл ажиллагаанд холбогдох ёс зүйн дүрэм журмыг ноцтой зөрчсөн, эсхүл давтан зөрчил гаргасан дээд байгууллага, албан тушаалтны болон эмнэлгийн удирдлагын хууль ёсны шийдвэрийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж тусгажээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 13.6.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын дараалсан 2 өдөр, тухайн сард хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн нь ажлын 2 өдөр буюу 16 цаг ажил тасалсан, жижүүр буюу ээлжийн хуваарийг дур мэдэн сольсон, удирдлагад мэдэгдэлгүй хуваарь өөрчилсөн, албан ёсны чөлөө аваагүйгээр ажилдаа ирээгүй буюу ажлаа орхиж явсан, ээлжийн амралт дуусгаад хугацаандаа ажилдаа ороогүй гэх заалтыг үндэслэл болгож ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүртэл албан ёсны чөлөөний хуудсаар зөвшөөрөл олгогдоогүй байхад ажлаа орхиж явсан гэх зөрчлийг ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгосон.
Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ дэх хориглосон заалтаас гадна дараах зүйлсийг хориглох бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно гэж, 8.2.6-д Хамт ажиллагсадтайгаа ёс зүйгүй байдлаар харьцах, хэрүүл маргаан үүсгэх, сэтгэл зүйн дарамтад оруулах, ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамтад оруулах, шахалт үзүүлэх, заналхийлэх, зүй бус үг хэрэглэх, ажлын байранд чанга дуугаар орилж хашхирах, хэт их дуу чимээ гаргах гэж тусгажээ.
******* нь хамт ажиллагсадтайгаа ёс зүйгүй байдлаар харьцах, хэрүүл маргаан үүсгэх, сэтгэл зүйн дарамтад оруулах заналхийлэх, зүй бус үг хэрэглэх, ажлын байранд чанга дуугаар орилж хашхирах, хэт их дуу чимээ гаргаж байгаа нь тогтоогдсон учир үндэслэл болгов.
Мөн хөдөлмөрийн дотоод журмын 6.19.2-т ажлын 2-10 өдрийн чөлөөг холбогдох баримт бичгийг хавсаргасан ажилтны өргөдөлд албаны дарга, тасгийн эрхлэгчийн зөвшөөрсөн гарын үсгийг зуруулсан байна. Эмнэлгийн захирал шаардлагатай бичиг баримт, албаны дарга, тасгийн эрхлэгчийн зөвшөөрлийг үндэслэн чөлөөг олгох бөгөөд чөлөөний хуудсанд цалинг олгох эсэхийг тусгаж хүний нөөцийн албанд өгнө гэсэн заалтыг зөрчиж 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус эмнэлгийн захирлаар нөхөн цохолт хийлгэж жолоочоор дамжуулан хүний нөөцийн албанд ирүүлсэн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 36,858,435 /гучин зургаан сая найман зуун тавин найман мянга дөрвөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулж *******т олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг *******т даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс тэмдэгтийн хураамжид нийт 412,442 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10 дэх хэсэгт Дээрх баримтуудаар хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж, нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийг дуусталх хугацааны чөлөөг чөлөөний хуудсаар авч, уг чөлөөний хуудсыг тухай үед захирлаар ажиллаж байсан ******* цохолт хийж чөлөөг олгосон үйл баримт нотлогдож байх бөгөөд гэж шийдвэрлэсэн байна. Гэвч хөдөлмөрийн дотоод журмын 6.19.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн нь хүндээр өвдсөн ... тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэн захирлын тушаалаар хөдөө орон нутагт 7, Улаанбаатар хот дотор 3 хүртэлх хоногийн чөлөөг цалинтай олгож болно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журамд чөлөөг тушаалаар авах тухай тодорхой заасаар байтал чөлөөний хуудсыг шүүх нотлогдож буйгаа шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн.
2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10.1 дэх хэсэгт *******ийн Сахилгын болон ёс зүйн ноцтой алдаа зөрчил гаргасан болохыг шалган тогтоогоогүй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан *******ийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. гэсэн байна. Энэхүү иргэний хэргийн маргаан өрнөх явцад ёс зүйн алдаа гаргасан нотлох баримтуудыг удаа дараа гаргаж өгсөн боловч шүүх хүлээн аваагүй, мөн шүүхийн журмаар зарим нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан ч хангаагүй. Энэ тухай шүүх хурлын тэмдэглэлд дурдсан. Гэтэл шүүх шалган тогтоогүй болох нь тогтоогдож гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дэх хэсэг Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасныг ноцтой зөрчсөн.
Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04070 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь ******* ТБАГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* нь ******* ТБАГ-ын захирлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/345 тоот тушаалаар тус байгууллагын Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байхад нь түүнийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/524 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 13.6.3, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 22/74 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, Хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайланг тус тус үндэслэн сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /1.х.х-ийн 6/
Тодруулбал, ажил олгогч ******* ТБАГазар нь ажилтан *******ийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 5 /тав/ хоногийн цалингүй чөлөөг албан ёсоор олгоогүй байхад ажлаа орхиж явсан, хожим чөлөө олгох хүсэлтийг эмнэлгийн захирлаар нөхөн цохолт хийлгэж, жолоочоор дамжуулан Хүний нөөцийн албанд ирүүлсэн, мөн хамт олонтойгоо ёс зүйгүй харьцдаг, хэрүүл маргаан үүсгэдэг, сэтгэл зүйн дарамтад оруулдаг, заналхийлдэг, зүй бус үг хэрэглэдэг, ажлын байранд чанга дуугаар орилж хашхирдаг зэрэг ноцтой зөрчил гаргасан гэжээ /1.х.х-ийн 118/
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, 123 дугаар зүйлийн 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж тус тус заасан.
4.1. Хэрэгт цугларсан баримтаар ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр чөлөө олгох тухай хүсэлт гаргасныг ******* ТБАГ-ын захирал ******* хүлээн авч, чөлөөг журмын дагуу олгохыг Хүний нөөцийн албанд даалгасан байна. /1.х.х-ийн 118/
Мөн тус байгууллагын захирал ******* нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр чөлөө олгох хуудсаар *******т 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 хоногийн чөлөө олгохыг зөвшөөрчээ /1.х.х-ийн 239/
Хариуцагч нь дээрх чөлөөний хуудсыг нэхэмжлэгчийг хожим өгсөн гэж маргасан боловч уг татгалзлаа баримтаар нотлоогүй бөгөөд тухайн үед хариуцагч байгууллагын захирлаар ажиллаж байсан *******ийн гэрчээр өгсөн ...өргөдөл өгсөн өдөр чөлөөг олгосон, чөлөө хүссэн өргөдөлд 10 дугаар сарын 12-нд цохолт хийж, тухайн өдөр хүний нөөцийн албаны ажилтан өгсөн... гэх мэдүүлгээр хариуцагчийн татгалзал няцаагдаж байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн авахгүй.
4.2. Мөн ******* ТБАГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.19.4-т Хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай, ар гэрт нь гачигдал зовлон тохиолдсон, гэр бүлийн гишүүн нь хүндээр өвдсөн, байгалийн гамшигт нэрвэгдсэн тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэн захирлын тушаалаар хөдөө орон нутагт 7 хүртэлх, Улаанбаатар хотод 3 хүртэлх хоногийн чөлөөг цалинтай олгож болно гэж заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч нь чөлөө авах тохиолдолд захирлын тушаалаар чөлөөг олгох ёстой байсан гэсэн гомдлын хувьд ажилтан буюу нэхэмжлэгчид чөлөө олгох тухай тушаалыг гаргах нь хариуцагч байгууллагын дотоод зохион байгуулалт, хариуцсан чиг үүргийн асуудал тул ийнхүү тушаал гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хамаарахгүй учир энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
4.3. Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22/74 тоот албан ******* ТБАГ-ын захирал ******* зөвлөмж хүргүүлсэн байн. /2.х.х-ийн 12-14/
Уг зөвлөмжид ******* ТБАГ-ын Хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт-шинжилгээний тайланд ******* нь менежмент, нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, эрдмийн болон мэргэжлийн зэрэг цолтой байх байх стандартын шаардлагыг хангаагүй байна. Нийслэлийн өргөө амаржих газрын даргын 2021 оны А/44 дүгээр тушаалаар баталсан Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн орлогч даргын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлээгүй, одоог хүртэл мөрдөж байгаа ба тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, санхүүгийн менежмент, маркетингийн чиглэлээр мэргэшсэн бай гэжээ. Харин ******* нь Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр, цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажилласан байна гэжээ. /1.х.х-ийн 184/
Гэвч нэхэмжлэгч *******ийг Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн захирлын ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаанд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөгүй тул шүүхээс нэхэмжлэгч нь сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтыг тогтоож, энэ талаар эрх зүйн дүгнэлт өгнө.
Хэрэгт цугларсан баримтаар *******ийг ямар зөрчил гаргасан, түүний гаргасан зөрчлийг хэн, хэзээ тогтоосон талаарх баримтгүй, дээрх зөвлөмжид зөрчлийн талаар тодорхой дурдаагүйгээс гадна хариуцагч нь түүнийг хамт олонтойгоо ёс зүйгүй харьцдаг, хэрүүл маргаан үүсгэдэг, сэтгэл зүйн дарамтад оруулдаг, заналхийлдэг, ажлын байранд чанга дуугаар орилж хашхирдаг гэх зэрэг ёс зүйн зөрчил гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй.
Иймд, анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийг сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
5. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 99110995 тоот утсанд буй 3 минут 47 секунтын бичлэгт үзлэг хийлгэх, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шалгалтын дүн хүргүүлэх тухай тайланг гаргуулах, ******* сайтын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нийтлэлд үзлэг хийлгэх, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн чөлөөний хуудаст зурагдсан *******ийн гарын үсэгт шинжээч томилуулах тухай хүсэлтүүд гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч нар нэхэмжлэгчийг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар маргасан байхад түүнийг ажил, албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүйтэй холбоотой баримт бүрдүүлэх хүсэлт нь маргааны зүйлд хамааралгүй, тус байгууллагын захирлаар ажиллаж байсан ******* нь чөлөөний хуудаст өөрөө гарын үсэг зурсан гэдгээ зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байхад шинжээч томилох шаардлагагүй бөгөөд гар утас болон цахим сайтад үзлэг хийх хүсэлтийн хувьд эх сурвалж нь тодорхойгүй учир энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээж авахгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 342,242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР