Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Г.Анармөнх, шүүгдэгч Ц.Б, хохирогч Б.Саранзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Цогтбаярын Бат-Эрдэнэд холбогдох “1911002760439” дугаартай, 186/2019/420/Э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын  сарын 06-ны өдөр шүүн хэлэлцэв.                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороолол Орчлон таун хаусын 96-10 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Цогтбаярын Бат-Эрдэнэ /РД:УИ98063051/,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл” зочид буудал дотор иргэн Б.Саранзаяаг үснээс нь зулгаах болон толгойн тус газарт нь гараараа цохиж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2.Хохирогч Б.Саранзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Хэлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Саранзаяагийн:..Бат-Эрдэнэ намайг явуулахгүй байсан ба Бат-Эрдэнэ ээж рүүгээ залгаад ярихад нь ээж нь манай ээжийг аавтай нь ярьсан тэгээд та 2-ыг алга болсон гээд цагдаад өгсөн байгаа гээд хэлсэн чинь л Бат-Эрдэнэ уурлаад дэлгүүр гараад архи вино аваад ороод трсэн ба намайг тэр виног нь уу гээд шахаад би уугаад тасарчихсан ба тасарч

унаад унтаад буцаад сэрэхэд Бат-Эрдэнэ байж байсан ба намайг чи тасраагүй байгаа юмуу гээд л надруу гэнэт дайраад намайг үстээд тархи, толгой, нүүр рүү цохиод орон дээр унагаагаад үснээс зулгаагаад сэгсрээд байсан...ер нь бол намайг жирэмсэн гэдгийг гадарлаж байсан. Тэгээд 2018.12.29-нд эмнэлэгт үзүүлээд баталгаажуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ЭХО-д харуулаад зургийг нь авч очиж үзүүлсэн. Ер нь л мэдэж байсан гэх мэдүүлэг. /хх-н 12-13/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Саранцэцэгийн:.. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Бат-Эрдэнэ, Б.Саранзаяагийн гар утсыг өөртөө авчихсан миний явуулсан мессежнээс нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн тухай мэдсэн байсан. Тэгсэн манай дүүг өрөөндөө түгжиж гараад гаднаас 1 шил архи, 1 шил вино авч орж ирээд манай дүүг уу гэж шахаад виноны талыг уулгасан. Уухгүй бол ална гэж хэлсэн. Өөрөө болохоор Бат-Эрдэнэ архи ууж согтоод манай дүүд танай ээж, эгч хоёр чинь намайг цагдаад өгсөн байна гэж хэлээд зодсон байсан. Өмнө нь 2 удаа бие нь хөх няц, ил харагдаж байгаа нь гар, хөл няц хөхөрсөн байсан гэх мэдүүлэг. /ххн 17-18/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Саранчимэгийн:...манай охин надад хэлэхдээ таныг хөөгөөд явуулснаас хойш намайг дарамтлаад зоддог болсон гэж ярьж байсан. Тэгээд миний санаж байгаагаар манай охин гэртээ ирэх сүүлийн 3-4 удаагийн ирэлтэн дээрээ хөл, гар, нүд нь хөхөрчихсөн явж байсан. Архи уусан үедээ л ямар ч шалтгаангүй зоддог байсан гэсэн. Би бодохдоо танай ээж чинь намайг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд зоддог байсан болов уу гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-н 23-24/,

2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1201 тоот актын:

1.Саранзаяагийн биед тархи доргилт, зулайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын сарвууны шинэ цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн гарын сарвууны хуучин түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, өндөр хэмийн хэсэг газрын нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх тархи доргилт, зулайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын сарвууны шинэ цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Тархи доргилт, зулайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын сарвууны шинэ цус хуралт бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт / хх-н 30/,  

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..12-13 дугаар хуудас хохирогч Б.Саранзаяагийн мэдүүлэг, 17-18 дугаар хуудас, гэрч Ц.Саранцэцэгийн мэдүүлэг 23-24 дүгээр хуудас, гэрч Ц.Саранчимэгийн мэдүүлэг 30 дугаар хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 36-38 дугаар хуудас яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөүл” зочид буудал дотор иргэн Б.Саранзаяаг үснээс нь зулгаах болон толгойн тус газарт нь гараараа цохиж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь гэрч Ц.Саранцэцэгийн, Ц.Саранчимэгийн мэдүүлэг,шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.

Чингэлтэй дүүргийн прокуророос Ц.Б нь гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, хохирогч Б.Саранзаяа нь өмгөөлөгчөөс татгалзсан тухай хүсэлтээ бичгээр шүүхэд гаргаж өгч, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.00 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь  2 хоног цагдан хоригдсон ба түүнийг эдлэх ялаас нь хасч тооцох,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Саранзаяа нь өмгөөлөгчөөс татгалзсан тухай хүсэлтээ бичгээр шүүхэд гаргаж өгч, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Цогтбаярын Бат-Эрдэнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож эдлэх ялаас нь хасч, биечлэн эдлэх ялыг 670 000 төгрөгөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Бд нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Б.Саранзаяа нь өмгөөлөгчөөс татгалзсан тухай хүсэлтээ бичгээр шүүхэд гаргаж өгч, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн болохыг  дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн

 

баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ