Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00015

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/04452 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,871,190.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хариуцагч *******т ******* ХХК нь 2022 оны 09-р сарын 27-ны өдөр №01/216 тоот зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлдүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Тоёота ланд круйзер маркийн ******* УНГ улсын дугаар, ******* арлын дугаар, №******* гэрчилгээний дугаартай хар өнгөтэй автомашиныг барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч гэрээний хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн тул 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр фидуцийн гэрээний 5-р зүйлийн 5.1.3, 5.1.4-д заасны дагуу барьцаа хөрөнгийг хураан авч, ...75,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс авлага, өр төлбөр болон зээлийн төлөлтийг гэрээнд заасан дарааллаар тооцсон.

Ийнхүү Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 24,631,056.06 төгрөг, үндсэн хүү 4,240,134.27 төгрөг, нийт 28,871,190.33 төгрөгийг төлөх тооцооны үлдэгдэлтэй байх тул гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 9 сарын 22-ны өдөр ******* банк бус санхүүгийн байгууллагаас 80,000,000 сая төгрөгийн зээлийг сарын гурван хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан.

...Зээлээ цаг хугацаанд нь хэвийн төлөөгүй нь миний буруу ч зээлийн гэрээ дуусаагүй байхад авто машин хурааж аваад надаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр шууд худалдаалсан нь буруу гэж үзэж байна. Мөн тус авто машиныг зах зээлийн үнээс доогуур зарсан нь ******* банк бусын нэхэмжилж байгаа дүнгийн зөрүү үүссэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч *******ээс 4,240,134.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,631,056.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 302,305.95 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагчаас 82,792.15 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх нь анх 2024 оны 02 дугаар сард улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж дүгнэж иргэний хэрэг үүсгэсэн.

Гэтэл үндэслэх хэсгийн 7.1-т Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамжийн талаарх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ нь анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.

...Анхан шатны шүүх нь фидуцийн гэрээ дуусгавар болсноор зээлийн гэрээний шаардах эрх дуусгавар болсон гэж үндэслэлгүй дүгнэсэн нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 209 дүгээр зүйлд заасан зарчимд харшилсан буюу Фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсноор зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно, хөрөнгийн үнэлгээ нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол энэ нь зээлдүүлэгчийн эрсдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрсөн байгаа нь зээлийг хүлээн зөвшөөрсөнтэй адил гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанаас хамаарч төлөх хариу төлбөр юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-т зааснаар хүүг зээлийн гэрээ болон зээлээс салгаж ойлгох, салгаж дүгнэх ямар ч боломжгүй байхад салган дүгнэсэн гэж үзэхээр байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/04452 дугаартай шийдвэрийн зарим хэсгийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсхүл дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* ХХК намайг ирж уулзаж, зээлийн эргэн төлөлтийн талаар ярилцъя гэсний дагуу очиход ...машиныхаа түлхүүрийг халааснаасаа гаргаж ир гэж хэлээд миний машины түлхүүрийг хурааж авчхаад ...зээлээ хэвийн төлөлттэй болгочхоод автомашинаа буцааж аваарай гэж хэлсэн. Би ******* ХХК-д машинаа аваачиж өгөөд хураалгасан зүйл байхгүй. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа ******* ХХК-аас надтай холбогдоод ...автомашиныг чинь зарчихсан, үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэж хэлсэн. Гэхдээ миний автомашиныг хөрөнгийн үнэлгээний компани 70,000,000 төгрөгөөр үнэлсэн, ******* ХХК 75,000,000 төгрөгөөр худалдан борлуулах талаар надад мэдэгдэж, миний саналыг асуугаагүй. Надтай холбогдох үедээ миний автомашиныг зарчихсан байсан. Би тухайн үед автомашиныг үнэлсэн үнэлгээнд гомдолтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,871,190.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж, түүнд бусдаас автомашин худалдан авахад нь зориулж 80,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлдүүлэхээр тохирчээ. /х.х-ийн 16-22/

 

Мөн талууд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ******* УНГ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг 48,000,000 төгрөгөөр үнэлж фидуцийн гэрээ гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 21-22/

 

Зохигч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаангүй.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

4. Уг зээлийн гэрээгээр зээлдэгч ******* нь 80,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл болон ашигласан хугацааны хүүгийн хамт хэсэгчлэн төлсөөр 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нийт 131,461,180 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллоор зээлдэгч ******* нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 2,717,752.32 төгрөг, зээлийн хүүнд 4,610,946.05 төгрөгийг тус тус төлсөн байна. /х.х-ийн 23/

 

5. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд цуцалж болно гэж зохицуулсан.

 

Тодруулбал, зохигч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар зээлдэгч ******* сар бүр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ийг гэрээний үүргийг биелүүлээгүйг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардсан нь хуульд нийцсэн.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох ******* УНГ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-иар 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үнэлүүлэхэд тухайн автомашины зах зээлийн үнийг 70,000,000 төгрөгөөр үнэлжээ. /х.х-ийн 11, 12-15/

 

Үүний дараа нэхэмжлэгч нь дээрх автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******ид 75,000,000 төгрөгөөр худалдсан ба худалдах, худалдан авах гэрээний орлогоос үндсэн зээлд 52,651,191.62 төгрөг, зээлийн хүүнд 20,757,047.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 312,507.87 төгрөгийг тус тус суутган төлүүлсэн байна.

 

7. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг өмчлөлд шилжүүлсэн фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь бодитойгоор гаргуулан авсан тохиолдолд гагцхүү энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авсан учир зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана гээд 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар үндсэн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой дагалдах эрх тул ийнхүү дагалдах эрх дуусгавар болсон нь үндсэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм.

 

Энэ тохиолдолд зээлдэгч ******* нь зээлийг зохих ёсоор төлөөгүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй учир хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үлдэгдэл 24,631,056.06 төгрөг, хүү 4,240,134.27 төгрөг, нийт 28,871,190.33 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.

 

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь зөвхөн хүү төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд хүү төлөх нь зээлийн гэрээний нэмэгдэл үүрэг тул нэмэгдэл үүргийг хүлээн зөвшөөрч байгаа нь үндсэн төлбөрийг төлөхгүй гэх үндэслэлийг шууд илэрхийлэхгүй тул хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

9. Харин нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг худалдан борлуулсан 75,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний өр төлбөрийг суутган төлүүлсэн боловч үлдэх 1,279,253 төгрөгийг чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй байх тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцно.

 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 27,591,937 төгрөг /28,871,190.33-1,279,253/ гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

10. Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэхийг шалгаад 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэгэнт шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн байх тул нөхөн төлүүлэх шаардлагагүй юм. /х.х-ийн 25/

 

11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2024/04452 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч *******ээс 27,591,937 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,279,253 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийг 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 295,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,106 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР