Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 492

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Ц.С, хохирогч Б.Хонхонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ундрах овогт Цэндийн Сүмбэрэлд холбогдох эрүүгийн “19110146009600” дугаартай, 186/2019/0453/э индекстэй хэргийг 2019 оны 06дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эмэгтэй, 32 настай, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Эко авто угаалгын газарт туслах ажилтан ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, ХБ-16-356 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ундрах овогт Цэндийн Сүмбэрэл /РД:86092203/,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эко авто угаалгын газарт Б.Хонхонцэцэгийн үсдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

      1.1.Шүүгдэгч Ц.С хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би Б.Хонхорцэцэгт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ миний ийм үйлдэл гаргах болсон нь Б.Хонхорцэцэгийн буруу шалтгаалсан. Намайг хэл амаар доромжилсон учраас би ийм үйлдэл гаргасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

       1.2.Хохирогч Б.Хонхонцэцэг хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч Б.Хонхонцэцэгийн:..2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16-17 цагийн орчимд би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эко авто угаалгын газарт ажил дээрээ байхад хамт ажилладаг угаагч Ц.С эгч хаана ч архи  дарс уусан юм мэдэхгүй надад дээр согтуу ирээд надад хандаж Хонхонцэцэгээ чамд нэг л юм байгаа чи хэл ер нь Баян-Өлгийн хүмүүс муу санаатай байдаг гээд үгээр идээд байхаар нь би түүнд хандаж Сүмбээ эгчээ би таньд ер нь юу хийсэн юм бэ, та юу яриад байга юм бэ гэтэл шууд хоёр гараараа миний үснээс үсдэж доош дарж унгаасан. Би үсдүүлсэн чигээрээ газарт сөхөрөөд унтал намайг үсдсэн байдалтай үргжлүүлж хойш нь чирч алхсан. Намайг үсдэж байхдаа зүүн хацар орчим самардчисан. Энэ үед манай ажлын газрын Тулгаа гэх залуу дундуур орж салгасан гэх мэдүүлэг. /хх-н 16-17/,

        2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Я.Тулгын:..Сүмбэрэл эгч согтуу Хонхонцэцэгийг үсдээд газар унгаачихсан байхаар нь би дундуур ороод салгасан. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-н 22/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5686 тоот актын:

1.Б.Хонхонцэцэгийн биед зүүн хацар, зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулайн хуйханд цус хуралт, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул                             гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт. /хх-н 22/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..16-17 дугаар хуудас хохирогч Б.Хонхорцэцэгийн мэдүүлэг, 20 дугаар хуудас гэрч Я.Тулгын мэдүүлэг, 22 дугаар хуудас шинжээчийн 5686 дугаартай дүгнэлт, 35-36 дугаар хуудас яллагдагч Ц.Сийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс хохирол нөхөн төлсөн баримт, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.   

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,   хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эко авто угаалгын газарт Б.Хонхонцэцэгийн үсдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Б.Хонхонцэцэг, гэрч Я.Тулга нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.С, хохирогч Б.Хонхонцэцэг нар нь /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хохирогч Б.Хонхонцэцэг нь миний үс халцарсан, Ц.С зулгаагаад халцарсан одоо болтол миний үс ургаагүй байгаа тул үсэндээ эмчилгээ хийлгэх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэн гэснийг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох   ял оногдуулах санал гаргасан болно.

 

Харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон     

       

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ундрах овогт Цэндийн Сүмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Сийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Сд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Б.Хонхонцэцэг нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа бүрдүүлэн иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ