Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

55,216,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* ХХК нь 2019 оны 11 сарын 08-ны өдөр иргэн *******тэй орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 3 өрөө, 78,94 мкв орон сууцыг шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацаанд хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн ба шүүхээс талууд харилцан өгсөн авсан зүйлээ буцаахыг даалгаж шийдвэрлэсэн.

Бидний зүгээс хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 47 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц хэмжээний хохирол учирсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны 17 сарын түрээсийн төлбөр буюу 78.94 мкв 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 2,500,000 төгрөг бөгөөд нийт 42,500,000 төгрөгийн хохирол учирсан.

Мөн орон сууцны засварын зардлыг нэхэмжилж байна. Учир нь хариуцагч нь цоо шинэ байранд анх орж амьдарсан бөгөөд энэ хугацаанд орон сууцыг тодорхой хэмжээнд элэгдүүлсэн бөгөөд засаж янзлаагүй хүлээлгэн өгсөн. Бидний зүгээс орон сууцыг дахин худалдан борлуулахдаа нийт 10,216,500 төгрөгийн засвар хийсэн. Иймд орон сууцны дотоод засварын зардалд гарсан төлбөрийн хамт нийт 55,216,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Анхан шатны шүүхээс 2022 оны 9 сарын 30-ны өдөр шийдвэр гарч, тус орон сууцны эзэмшлийг ******* ХХК-нд хүлээлгэн өгөхийг *******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлага болох 25,585,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ******* ХХК-иас 38,700,000 төгрөгийг гаргуулж *******д олгосугай гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Ингээд орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө олж авсан бөгөөд мөн авсан даруйдаа орон сууцыг чөлөөлж өгсөн байгаа.

Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр орон сууц хөлсөлсний төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхад 47 сарын түрээсийн төлбөрт сарын жишиг үнэ 2,500,000 төгрөгөөр тооцож 42,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн байрны завсар үнэхээр хийгдсэн эсэх нь ойлгомжгүй байхаас гадна нэхэмжлэгчээс өмнө нь засварын зардалд 2,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гээс 16,168,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******" ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,047,378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлий. 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 216,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Би 2023 оны 02 сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж ******* ХХК нь 38,500,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн, би орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийг байлцуулан ******* ХХК-д хүлээлгэн өгч 2023 оны 10 сарын 11-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Анхан шатны шүүх намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж дүгнээд 2022 оны 12 сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож 16,168,622 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль, түүнийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх үүрэг нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алинд нь хамааралтай байхад гагцхүү хариуцагч миний буруу гэж үзэж шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн 4168 дугаар шийдвэрээр надаас 16,168,622 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан компанийн өмчлөлийн орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хууль бусаар эзэмшиж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 42,500,000 төгрөг, орон сууцыг засварлахад 10,216,500 төгрөгийн зардал гаргасан гэсэн үндэслэлээр нийт 55,216,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг засварлахад гарсан зардал 10,216,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй, харин хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 16,168,622 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар ******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******тэй орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур хотхон 40 дүгээр байр, 106 тоот хаягт байрлах 78.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 207,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. /х.х-ийн 7-12/

 

Гэвч худалдан авагч буюу хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул худалдагч ******* ХХК-ийн зүгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03959 тоот шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатаны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2022/02077 тоот магадлалаар дээрх гэрээний дагуу *******гээс төлсөн 38,700,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж түүнд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна /х.х-ийн 15-26/

 

Иймд, зохигч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргахгүй.

 

4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална гэж, 9.4.8-д иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаа үүсгэхийн нэгэн адил мөн шүүхийн шийдвэрээр үүссэн иргэний эрх зүйн харилцааг хожим дуусгавар болгож болно.

 

Худалдагч ******* ХХК болон худалдан авагч ******* нар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар харилцан тохиролцож гэрээнээс татгалзаагүй, харин шүүхийн шийдвэрээр тэдгээрийн байгуулсан гэрээг үүргийн зөрчлийн улмаас цуцалсан.

 

Энэ тохиолдолд зохигч нар тус хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар өгсөн болон авсан зүйлээ буцааж өгөх үүрэг үүснэ.

 

5. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтаар ******* нь ******* ХХК-ийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй буюу 38,700,000 төгрөгийг өгөхгүй удаасан учир тэрээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дээрх мөнгийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авч, мөн өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан. Тодруулбал, зохигч нар шүүхийн шийдвэрийн дагуу авсан болон өгсөн зүйлээ харилцах буцаах тохиолдолд тийнхүү нэгэн зэрэг гүйцэтгэх бөгөөд ******* ХХК нь 38,700,000 төгрөгийг *******д буцаан өгөх үүргээ биелүүлтэл тэрээр орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлгасан нь үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдохгүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар ******* нь 38,700,000 төгрөгийг авах хүртэл хугацаанд орон сууцыг ******* ХХК-нд өгөхөөс татгалзах эрхтэй.

 

6. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/04168 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан хариуцагч *******д холбогдох 55,216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР