Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 87

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч Ш.С ийн өмгөөлөгч Ц.Энхтуяа,

Шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б д холбогдох 163/2019/0085/Э индекстэй, эрүүгийн 1815001260115 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт С.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б  нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн.. гэх газар “Х” ХХК-ийн хашаанд газрын маргаанаас болж иргэн Ш.С , Ж.М  нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

1815001260115 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ш.С ийн өгсөн: “...Би "Х" ХХК-д гүйцэтгэх захиралын албан тушаалд ажилладаг. Манай компани 2018 оны 04 дүгээр сард “Э ” ХХК-тай "Бүтээгдэхүүн хувааж хамтран ажиллах" гэрээг байгуулж Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг “Ц” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны үед тухайн газарт байрласан. Байрласнаас хойш манайх кемпийн хотхон тохижилтын ажил хийгдэж байсан ба хайгуул олборлолтын техник, тоног төхөөрөмжүүдээ татчихсан байсан. Манай компаний үйл ажиллагаа явуулахаар байрласан газар бол “Э ” ХХК-н ашиглалтын MV-****** тусгай зөвшөөрөлтэй талбай юм.  2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үдээс хойш 16 цагийн үед **-** гэсэн Улаанбаатарын серитэй, хар өнгийн “Лексус-570” маркийн машинтай, "Т" гэх компанийн захирал С.Б , У  гэж авгайлж дууддаг хүүхэд нь /Б  гэж нэртэй/, өөр 2 танихгүй хүний хамт дөрвүүлээ ирсэн. Тэгээд С.Б  нь “энэ ажлаа зогсоогоод эндээс яв, чоно нохой хүртэл хоолоо хүнд зүгээр булаалгахгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд “Ч.Б ыгаа надтай яриул” гэж байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “бид нар хууль ёсны гэрээний дагуу ажиллаж байгаа учраас зогсоох боломжгүй” гэсэн. Тэгсэн “орой ирж бүх техникүүдийг чинь шатаана, хотоос хүмүүс ирж байгаа бид хүчээ нэмэгдүүлж байгаад ирнэ” гэж сүрдүүлээд явсан. Тэгээд бид нар каррьер дээр байсан техник хэрэгслийг ямар нэгэн зүйл болгочих юм болов уу гээд харуул хамгаалалтаа сайжруулаад байж байсан чинь 23 цагийн үед 2 машинтай хүмүүс хамт ирээд үүдэн дээр ажиллаж байсан 2 хамгаалагч болох Б г түлхэж унагаагаад хамт үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагч Б ыг машинаас бууж ирсэн хүн тэвэрч хорьж байгаад хаалга онгойлгоод 2 машин дотогш орж ирсэн. Тэгээд Б  шууд орж ирээд үгийн солиогүй миний нүүрлүү гараараа цохиод үргэлжлүүлээд зодож эхэлсэн. Би тэгээд эсэргүүцээд өөдөөс нь адилхан зодоон хийсэн ба тэр 3-тай зэрэг зодоон хийсэн. Өөрөөр хэлбэл 2 хүүхэд нь мөн надруу дайрч зодсон. Тэгээд би “ерөөсөө гадагшаа гарья” гээд хаалган дээр очоод хаалга түлхэхэд гаднаас нь дарчихсан байсныг хүчээр түлхэж онгойлгож гадаа гарч ирсэн. Гараад ирэхэд 3 хүн хаалга дарчихсан байж байгаа харагдсан. Тэгээд л дахиж тэр хүмүүс нь нөгөө дотор байсан гуравтайгаа нийлж байгаад намайг үргэлжлүүлэн зодсон. ...Ингээд тэр зодоон дууссан. Мөн намайг харж байхад манай уурхайн дарга М ыг С.Б  нүүрлүү нь 2-3 удаа цохиж авахыг би харсан. Ингэж зодуулсаны улмаас миний биед толгойн орой хэсэгт хуйхандаа 3 газарт язарч цус алдсан, ар дагзандаа хавдсан байсан, баруун нүдний аяга руу гараа хийчихсэн учраас улайж, хорсож ухархайруугаа хатгаж өвдсөн, баруун нүдний доод зовхи шалбарсан, хамрын нуруу ясан дээр язарсан, зүүн хацар тэр чигтээ хавдсан зэрэг гэмтлүүд учирсан. Биеийн бусад цээж ар нуруунд хөндүүр өвчтэй байснаас 2-3 хоногийн дараагаар ногоорч туяа татчихсан байсан. Маргааш өглөө нь Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт уурхайн дарга Ж.М , Ж.Э  бид 3 үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 57-58 тал/,

Хохирогч Ж.М ын өгсөн: “...Тухайн өдөр С.Б  манай компаний байрлан үйл ажиллагаа явуулах гэж байсан “Ц” гэх газрын маргааны талаар ирсэн юм. Тэр 15 цагийн үед ирээд явахдаа "Миний хоолыг Б  булааж идэх гэлээ, миний гарт үхэх нь дээ, Улаанбаатар хотоос хулгайч дуудчихсан, техникээ авч ажлаа зогсоогоод яв, орой ирж та нарыг бүгдийг чинь ална” гээд байсан. Шөнө ирээд С ийг зодсоныхоо дараа газар хэвтэж байхдаа “наад новшоо аваад эндээс зайл, тэгэхгүй бол бүгдийг чинь ална, 10 хоногийн дараа Б ыг ална, сарын дараа Х оог ална” гэж заналхийлж сүрдүүлэх үг хэллэг хэлээд явсан. ...Анх ирэхдээ Б  намайг үгийн зөрөөгүй зүүн шанаа руу 2, баруун шанааруу 1 удаа цохисон учир би өөрийнхөө өрөө рүү орж захирал руу утсаар ярьж хэлсэн. Тэгээд буцаад өрөөнөөсөө гараад ирэхэд захирлын өрөөний үүдэнд хүмүүс дотогшоо орох гээд бужигналдаад, үүдэн дээр байсан хүмүүс “оруулахгүй” гээд бужигнаж байсан ба буцаж өрөөндөө орчихоод дахиад гараад ирэхэд С ийг гадаа гаргаж ирчихсэн “ал наадхаа” гээд зодчихсон зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх 69 тал/,

Гэрч Г.Б ийн өгсөн: “...Би “Х” ХХК-ний ажилтан. Тус компани нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нүүж Бүрэгхангай сумын 3 дугаар багийн “Ц” гэх газарт ирж байрлан үйл ажиллагаагаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. ...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим “Лексус 570” маркийн машин, саарал өнгийн “Ланд 80” маркийн машинтай хүмүүс дахин шууд дайрч орж ирсэн. Манай гүйцэтгэх захирлын өрөөрүү 2 машинаас 8 хүн бууж ирээд шууд дайрч орсон. Гурав нь дотор ороод тав нь гадаа хаалга дараад зогссон. Тэгээд дотор пижигнээд явчихсан. Тэгээд яваад очтол захирал өөрөө хаалга онгойлгоод гараад ирсэн. Толгой нь орой хэсгээрээ хагарсан, цус нь гоожоод нүүр, хувцас нь цус болчихсон байсан. ...С.Б  манай уурхайн дарга Ж.М ад хандан “чи энэ газрыг  хэний газар гэдгийг мэдэж байгаа биз дээ” гээд баруун шанааруу нь гараараа нэг удаа цохьсон. Машиндаа суухын өмнө би дахиж ирэхгүй, миний оронд бие төлөөлөгч ирнэ гээд нэг хүнрүү заасан.Тэр хүн намхан өргөн биетэй хүн байсан. ...Захирлын өрөө рүү орсон хүмүүс нь С.Б , У  /Б.Б/, Б  /Б.Б/ нар юм. ...” гэх мэдүүлэг /хх 80-82 тал/,

Гэрч Ц.Н ын өгсөн: “...Уурхайн дарга Ж.М ыг С.Б  шанаа хэсэгт нь цохисон. ... Захирал Ш.С ийн толгойн дагз, оройн хэсэгт 3 газарт хагарсан, хоёр нүд нь хөхөрсөн, хамар нь муруйсан , цусаар бөөлжөөд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 85-87 тал/,

Гэрч Ч.Б  өгсөн: “...Манай уурхайн дарга Ж.М  2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шөнө 00 цагийн үед ******* дугаарын утсаар С.Б  гэдэг хүн “10 орчим хүн дагуулж ирээд зодоон хийгээд байна” гэж ярьсан. Бүрэгхангай сумын цагдаагийн утасруу залгатал холбогдохгүй байсан. Тэгээд би уурхай дээр байдаг хүмүүстэйгээ дахиж холбогдож асуухад “манай “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С  гэх залууг нөгөө залуус чинь нийлж байгаад зодчихлоо” гэж хэлсэн. Тэгтэл Ж. М  бас зодуулсан гэсэн. ... С.Б  нь бидний орсон газрыг “манайх орж үйл ажиллагаа явуулах байсан юм” гэж хэрүүл маргаан үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 88-90 тал/,

 Гэрч Ц.Л гийн өгсөн: “...Би “Х” ХХК-д ажилладаг. Би тэр орой 20 цагийн үед ажлаасаа бууж ирээд амраад байж байтал гэнэт шуугилдаад эхэлсэн. Гадаа 2 машин байсан ба **-** УНҮ улсын дугаартай, хар өнгийн “Лексус 570” маркийн машин гэрлээ асаасан зогсож байсан. ...Манай гүйцэтгэх захирлын байрлаж байгаа өрөөрүү дайрч байсан. Үүдэнд нь нэг залуу хаалга таглаад зогссон. Дотор зодолдож буй нь илт сонсогдож байсан бөгөөд явж орох гэтэл биднийг оруулахгүй байсан. ...Хаалгыг нь нээтэл манай захирлын толгойноос цус гарсан байдалтай байсан. Би хүний утсаар бичлэг хийж байсан гэтэл миний утсыг хаалга дарж зогсож байсан залуу булааж авсан. Тэгээд нэг хартал захирлыг гурваас дөрвөн залуу машин руугаа чирч байсан. Би харуулын даргын хамт болиулсан. ...” гэх мэдүүлэг /хх 91-92 тал/,

Гэрч Ж.Э ы өгсөн: “...Шөнө манай уурхай дээр 2 машинтай 8 орчим хүн ирсэн гэдгийг нь би дотор станцаар сонсож мэдсэн. ...Тэднийг ирэхэд би захирлын үүдэнд зогсож байсан. Миний сонссоноор С.Б  гэгч нь өөрийн хоёр хүүгийн хамт дотогш орсон. Ороод хаалгаа хаагаад зарим хүмүүс нь гадаа зогсож байсан. Тэгтэл дотор пижигнэх чимээ гарч хоорондоо зодолдсон. Тэр нь 5 орчим минут болсон байна. Манай ажлын залуучууд юу болж байгаа талаар асуухад “та нарт хамаагүй. Ойртсон нь амины хохь болно шүү” гэж хэлсэн. Хаалга онгойж нөгөө хэд зодолдсоор гарч ирсэн. ... захирал Ш.С ийг тэд нар “машиндаа авчирч хий” гэж хэлсэн. Тэр үед С.Б  намайг мөн адил цохисон. Тэгтэл тэдний дотроос нэг нь “наад хоёроо хооронд нь учрыг нь олуулъя” гэсэн. Тэгээд Ш.С , С.Б  нар 15 минут орчим ярилцсан. Тэгээд зодоон салсан. ...” гэх мэдүүлэг /хх 95-96 тал/,

Гэрч Б.Б ийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны 16 цагийн үед аав С.Б , жолооч, малчин бид нар “Х” ХХК дээр очоод аав тэд нарт хандан “та нар ингэж болохгүй” гээд Хан-Уул дүүргийн шүүхийн захирамжийг үзүүлэн “наад үйл ажиллагаа чинь хууль бус” гэдгийг хэлсэн. Тэгээд Ш.С тэй уулзахад “бид нар зөндөө зардал мөнгө гаргасан, ухна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид ажилтай байсан учир явцгаасан.Тэгээд 23 цагийн үед дахин аав С.Б , дүү Б.Б нар түрүүлж очсон. Бид нар араас нь 10 орчим минутын дараа очсон. ...” гэх мэдүүлэг /хх 101-103 тал/,

Гэрч Я.Ц ын өгсөн: “...шөнө 23 цагийн үед С.Б  ах нэг хүүгээ жолоочийн хамт дагуулан явсан. Тэгээд бид нар араас нь 10-20 минутын дараа машинтай яваад очсон. Тэнд зодоон болчихсон байсан ба манай хэд зодуулсан байдалтай цус нөж болсон байсан. Бид нар очоод уг зодооныг болиулсан. Би тухайн үед зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх 104-105 тал/,

Гэрч Б.Ц ийн өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр С.Б  6-7 хүний хамт ирсэн. ...Манай гэрт С.Б  болон бусад хамт явсан хүмүүс нь надаар хоол хийлгүүлж идээд явсан. Тэр хэд манайд 18 цагийн орчим ирсэн санагдаж байна. Гадаа харанхуй болоогүй байсан. Манайд ирсэн хүмүүс эрүүл саруул явцгааж харагдсан, хүнд зодуулж цохиулсан зүйл байгаагүй. ...Манай гэрт надаар С.Б  болон бусад хүмүүс боолт, шарх цэвэрлүүлсэн тийм зүйл болоогүй. Хамгийн сүүлд тэр хүмүүс надаар хоол хийлгүүлж идчихээд л явсан. ...” гэх мэдүүлэг /хх 121-122 тал/,

Гэрч Г.Я ын өгсөн “..Би 2018 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр, яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Манай хаваржаанд буулгасан юмнуудаа С.Б  ачаад явсан. Тэрнээс хойш дахиж С.Б тай уулзаагүй. ...Намайг эзэнгүй байхад л гэрээр маань ирж шархаа боолгуулж, цусаа цэвэрлээгүй л бол би  С.Б ыг гэрт маань ирж шархаа цэвэрлүүлж, цусаа тогтоосныг мэдэхгүй юм байна. ...С.Б  зодуулж цохиулсан зүйл байгаагүй, ... хүүхдүүд нь мөн зүгээр л байсан. ...С.Б  манайд хонож байсан удаа байхгүй. ...С.Б ыг манайд ирэхэд эхнэр Б.Ц , Я.С  нар байсан. ...” гэх мэдүүлэг /хх 123-124 тал/,

Шүүгдэгч С.Б ы яллагдагчаар өгсөн: “...С  бид хоёр зодоон болсон газраас холдож ярилцаж “одоо заавал ингэж зодоон хийх  шаардлага байна уу?, миний контейнерт байсан  эд зүйлийг чи авсан юм уу?” гэж асуухад С  “би юу гэж авдаг юм бэ?, аваагүй” гэж надад хэлсэн. Тэгээд би дахиад “ингэж зодоон хийх шаардлага байна уу?, Та нар нүүсэн  нь дээр биздээ, энэ хэний газар билээ?” гэж асуухад “одоо нүүлээ, таны газар” гэж хэлсэн.Тэгээд яриад байж байхад М  хаа нэг газраас гараад  ирсэн. Би М ыг хараад “энэ хэний газар билээ? чи сайн мэдэх учиртай?” гэж хэлээд хальт цохисон. ...Би өөрөө С ийг нэг удаа шанаа хэсэгт нь цохисон, мөн М ыг хальт цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 96-97 тал/,

“...Надад нийлж бүлэглэж зодсон асуудал байхгүй. С  бид хоёрын хооронд болсон асуудал бөгөөд манай хоёр хүү ямар ч хамаагүй. Би С тэй маргалдаж зодолдсон болохоор хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 201 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай:

1.Ш.С ийн биед толгойн орой, зүүн зулай, хэсгийн хуйханд шарх, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн бяцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын таславчийн муруйлт, цээж, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 

3.Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 144-145 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай:

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ:

1.Ш.С ийн биед нэмэлт шинжилгээгээр зүүн, баруун, ухархайн дотор ханын хуучин хугарал, дагз хэсгийн хуйхан дор цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн баруун ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл байна.

3. Дээрхи нэмэлт шинжилгээний дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Нэмэлтээр оношлогдсон зүүн баруун ухархайн дотор ханын хуучин хугарал, дагз хэсгийн толгойн орой, зүүн зулай хэсгийн хуйханд шарх, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн бяцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын таславчийн муруйлт, цээж, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 147 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 91 дугаартай:

1.Ж.М ын биед зүүн хацрын дотор салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн бяцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацааанд үүссэн байх боломжтой.

4.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 159 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 3-6/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-48/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 150, 162, 167-169/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх 1/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 2/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /2хх 11,15/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /2хх 48-52/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газарт “Х” ХХК  ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тухайн газрын эзэмшлийн талаар Б.Б , Ш.С , Ш.М  нарын хооронд үл ойголцсон тааламжгүй харилцаа үүссэний улмаас маргах явцдаа  Б.Б  нь "Х" ХХК-ний гүйцэтгэх захирал Ш.С , уурхайн дарга Ж.М  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

        Хохирогч Ш.С , Ж.М  нарын өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б , Ц.Н , Ч.Б , Б.Б, Ц.Л , Ж.Э , Я.Ц , Б.Ц , Г.Я  нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 90, 91 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч С.Б ы гэм буруутай үйлдлийн улмаас Ш.С , Ж.М  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Б ы Ш.С , Ж.М  нарын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй төдийгүй хүндрүүлэх шинжийг агуулж байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.С , Ж.М  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэнээр хохирогч иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдаж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

  Энэ хэрэгт шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Н овогт С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгч торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулийн ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б д сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч нар иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД