Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01834

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024   09  27   210/МА2024/01834

 

 

 

 

Д.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/03614 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г т холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч Д.Г Д.У , Г.Э нар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2466 дугаар шийдвэрээр Ж.Д.Ү.Х.С 171,212,732 төгрөгийг хэсэгчлэн төлж байгаа бөгөөд үйл ажиллагаа доголдсоны улмаас төлбөр саатсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Г өмчлөлийн, Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, Алтай хотхон *** дүгээр байр, *** тоот хаягт байрлах *** м.кв талбайтай орон сууцыг 145,679,500 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, Хувьсгалчдын *** дугаар гудамж *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай газар өмчлөх эрхийг 23,617,200 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Уяачид *** тоот, *** тоот хаягуудад байрлах, тус бүр 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 27,440,000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах болсон тухай 4-171/5698, 4-171/5699, 4-171/5700 тоот мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авлаа. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэр бүлийн гишүүд нийлсэн 10 гаруй хүний амьдран суудаг орон сууцыг зах зээлийн ханшаас илтэд доогуур үнэлж олон хүний эрх ашгийг хохироосон байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамжаар Д.Г Д.У , Г.Э нараас 171,212,732 төгрөг гаргуулж Ж.Д.Ү.Х.С олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 23250920 дугаар тогтоолоор үүсгэн явуулж байна. Төлбөр төлөгч Д.Г барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, Хувьсгалчдын *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай газар өмчлөх эрх, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, Алтай хотхон, Энгельсийн гудамж, *** дүгээр байр, *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай орон сууц, нэгж талбарын ***, ** дугаартай, тус бүр 700 м.кв талбайтай, Хан-Уул дүүрэг, ***дүгээр хороо, Уяачид ** тоот, *** тоот хаягт байрлах газар эзэмших эрхийг тус тус 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/23250920, 02/23250920, 03/23250920 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04/23250920, 05/23250920, 06/23250920 дугаар тогтоолуудаар хураасан.

Төлбөр төлөгч Д.Г орон сууцыг 220,000,000 төгрөгөөр, газар өмчлөх эрхийг 50,000,000 төгрөгөөр, газар эзэмших эрхийг тус бүр 15,000,000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Ж.Д.Ү.Г шинжээч томилуулах саналыг ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/73 дугаар тогтоолоор шинжээчээр Д.Э томилсон. Шинжээч орон сууцыг 145,679,500 төгрөгөөр, газар өмчлөх эрхийг 23,617,200 төгрөгөөр, газар эзэмших эрхийг нэг бүрийг 13,720,000 төгрөг нийт 27,440,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-171/5698, 4-171/5700, 4-171/5702 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн.

Иймд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.Ш.Ш.Г.Г т холбогдох М.т ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06Ш-1 тоот дүгнэлтээр Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, Алтай хотхон, Энгельсийн гудамж, *дүгэ**эр байрны *** тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *0 м.кв **талбайтай орон сууцны зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлэгдэх дүнг 145,679,500 төгрөгөөр, 06Ш-3 тоот дүгнэлтээр Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, Хувьсгалчдын *** дугаар гудамжны ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 360 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрын зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлэгдэх дүнг 23,617,200 төгрөгөөр, 06Ш-3 тоот дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Уяачид *** болон *** тоот хаягт байрлах, нэгж талбарын ***, *** дугаартай, тус бүр 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газрын зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлэгдэх дүнг тус бүр 13,720,000 төгрөг, нийт 27,440,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Г өмчлөлийн, Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, ** дугаар хороолол, Алтай хотхон ** дүгээр байр ** тоот орон сууц, Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Хувьсгалчдын А-2 гудамж *** тоотод байрлах, ** м.кв талбайтай газар өмчлөх эрх, Хан-Уул дүүрэг, **дүгээр хороо, Уяачдын ****тоот, тус бүр 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн үнэлгээг тогтоохдоо 3 өөр дүүрэгт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/73 тоот шинжээч томилох нэг тогтоолоор явуулсан, мөн шинжээч Хан-Уул дүүрэг болон Чингэлтэй дүүрэгт байрлах газрыг үнэлсэн боловч тухайн газрууд дээр байрлах блокон хашаа, байшин зэргийн үнэлгээг гаргаагүй. Анхан шатны шүүх хөрөнгө орхигдуулан үнэлсэн шинжээчийн үнэлгээг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг бодитоор тогтоох боломжийг олгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Г т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамжаар Д.Г Д.У , Г.Э нар 170,133,912 төгрөгийг хуваарийн дагуу Ж.Д.Ү.Х.С төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Барьцаа хөрөнгөд Д.Г өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, Энгельсийн гудамж, *** дугаар хороолол, Алтай хотхон ** дүгээр байр *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, Хувьсгалчдын *** дугаар гудамж ** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, мөн нэгж талбарын *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Уяачид *** тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай газар эзэмших эрх, нэгж талбарын *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Уяачид ***тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай газар эзэмших эрх тус тус багтжээ.

4. Н.Ш.Ш.Г.Г нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үүсгэжээ.

4.1. Дээрх барьцаа хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/23250920, 02/23250920, 03/23250920 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04/23250920, 05/23250920, 06/23250920 дугаар тогтоолуудаар хураан авсан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4.2. Төлбөр төлөгч Д.Г орон сууцыг 220,000,000 төгрөгөөр, газар өмчлөх эрхийг 50,000,000 төгрөгөөр, газар эзэмших эрхийг тус бүр 15,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Ж.Д.Ү.Г шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг үнийн санал дээр тохиролцоогүй гэж үзэж шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/73 дугаар тогтоолоор Мөнх оргил трейд ХХК (үнэлгээчин Б.Эрдэнэбаатар)-ийг шинжээчээр томилсон нь зөв болжээ.

Дээрх тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-12.2.8-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тавигдах шаардлагыг хангасан байна. Тодруулбал тогтоол гаргах хууль зүйн үндэслэл, тогтоолоор шийдвэрлэх асуудлын агуулга зэргийг бүрэн тусгасан буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамжтай, 1053 дугаар гүйцэтгэх баримт бичигт барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоох шаардлагатайг тусгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжээч томилжээ.

Түүнчлэн хөрөнгө тус бүр дээр тогтоол гаргах талаар хуульд зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилох нэг тогтоол гаргасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.3. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар зөв дүгнэжээ.

5. Шинжээчийн 06Ш-1 тоот тайланд орон сууцыг 145,679,500 төгрөгөөр, 06Ш-3 тоот тайланд газар өмчлөх эрхийг 23,617,200 төгрөгөөр, 06Ш-4 тоот тайланд газар эзэмших эрхийг нэг бүрийг 13,720,000 төгрөг нийт 27,440,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-171/5698, 4-171/5700, 4-171/5702 дугаар мэдэгдлүүдээр талуудад мэдэгджээ.

5.1. Үнэлгээний тайланд дээрх хөрөнгө тус бүрийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, орон сууцыг өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргуудаар, газрыг суурь үнийн болон зах зээлийн хандлагын аргуудаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн хандлагын аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгчээ.

а. Орон сууцыг үнэлэхдээ unegui.mn сайтад байршсан мэдээлэлд үндэслэн, Баянгол дүүрэг, Алтай хотхон хаягт байрлах 3 орон сууцыг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, онцлог, байршил, насжилт, хийцлэл, ашиглалт гэсэн хүчин зүйлсийг тооцон, талбайн дундаж үнийг 2,817,800 төгрөгөөр тодорхойлж, 51.70 м.кв талбайгаар тооцон 145,679,500 төгрөгөөр,

б. Чингэлтэй дүүрэгт байршилтай газар өмчлөх эрхийн хувьд, osmo.mn, unegui.mn сайтуудад байршсан мэдээлэлд үндэслэн, Чингэлтэй дүүрэг, Зурагт, *** буудал, ** дүгээр цэцэрлэгийн хажууд хаягт байрлах 3 газрыг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, байршил, дэд бүтэц, нэмэлт сайжруулалт, гадаргуугийн тэгш байдал, талбайн хэмжээ, барилгажилт хэтийн төлөв гэсэн хүчин зүйлсийг тооцон, нэгж талбайн дундаж үнийг 65,600 төгрөгөөр тодорхойлж, 360 м.кв талбайгаар тооцон 23,617,200 төгрөгөөр,

в. Хан-Уул дүүрэгт байршилтай газар эзэмших эрхийн хувьд, unegui.mn сайтад байршсан мэдээллийг үндэслэн, Хан-Уул дүүрэг, Өлзийт хороолол хаягт байрлах 3 газрыг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, газар эдэлбэрийн хэлбэр, байршил, дэд бүтэц, нэмэлт сайжруулалт, гадаргуугийн тэгш байдал, талбайн хэмжээ, барилгажилт хэтийн төлөв гэсэн хүчин зүйлсийг тооцон, нэгж талбайн дундаж үнийг 19,600 төгрөгөөр тодорхойлж, 700 м.кв талбайгаар тооцон тус бүрийг 13,720,000 төгрөгөөр тус тус үнэ цэнийг тогтоосон байна.  

Газрын сайжруулалт гэсэн хүчин зүйлд үнэлэгдэх газрууд хашаатай байгааг тодорхойлон тусгаж, улмаар харьцуулагдах газрууд дээр хашаа байгаа эсэхтэй харьцуулж тохируулга хийжээ. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамжид заасан барьцаа хөрөнгөд газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө хамаараагүй байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн газрууд дээр байрлах блокон хашаа, байшин зэргийн үнэлгээг гаргаагүй гэх гомдол үндэслэлгүй юм.

5.2. Дээрх үнэлгээний тайлангууд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь шинжээч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

6. Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/03614 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

Д.ЗОЛЗАЯА