Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 150

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Н холбогдох эрүүгийн 1914002910222 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 43 настай, эрэгтэй, Д.Н

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Н нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-20-7 тоотод 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ж.Бзодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Нын мөрдөн байцаалтад өгсөн

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би найз А.Бтой гэртээ 1 шил архи уусан. Эхнэр Ж.Б гаднаас орж ирээд мөнгө өгч 1 шил архи авахуулаад А.Бтой манай гэрт архи уусан. Тэгээд хүүхдүүд шуугилдаад байхаар нь би хүүхдүүдийг чимээгүй бай гэж хэлснээс болж эхнэр уурлаж эхнэр бид хоёрын дунд явган хэрүүл болсон. А.Б явах гэж үүдэнд гутлаа өмсөөд би гаргаж өгөх гэж пүүзээ өмссөн байсан ба эхнэр намайг гарах хэрэггүй гээд байхаар нь би сандал өшиглөх гэж байгаад эхнэр Ж.Бгийн хамар руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Ж.Бгийн хамраас нь цус гараад цагдаад дуудлага өгөөд цагдаа ирсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /           

Хохирогч Ж.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 20 цаг болж байхад ажлаасаа гэртээ харихад манай гэрт А.Б ах эхнэртэйгээ манайд ирсэн хоол идээд сууж байсан. Би мөнгө өгөөд Д.Н гадагшаа гараад 1 шил архи авч ирээд Д.Н, А.Б ах бид 3 уусан. Эхнэр нь бол уугаагүй маргааш нь нээлттэй хичээлтэй гэж түрүүлж яваад А.Б ах үлдсэн. Бид нар архиа ууж дуусгаад хажуу өрөөнд хоёр хүүхэд шуугихад Д.Н хүүхэд чимээгүй бай, хүнтэй юм яриулахгүй юм гэхэд бид хоёр маргаад А.Б ах маргаж болохгүй гэж хэлээд явах гээд үүдэнд гутлаа өмсөөд сууж байсан. Д.Н бас гутлаа өмссөн ба А.Б ах тэр хоёр жаахан маргасан. Юунаас болсныг мэдэхгүй би нөгөө өрөөнд орчихоод гарч ирсэн. А.Б ах манайх руу хамт явцгаая хүүхдээ хувцасла гэсэн Д.Н болохоор яах юм гээд намайг хүүхдүүдтэй үлдээх гэж байсан. Би үлдэхгүй гэсэн чинь Д.Н чи эмэгтэй хүн байж үлдэхгүй яадаг юм гээд өшиглөх шиг болсон. Би тонгойгоод босоход л тийм болсон учир сайн хараагүй. Миний хамраас цус гоожоод цагдаад дуудлага өгсөн. Д.Н дахин намайг зодоогүй ... Манай нөхөр Д.Н өмнө нь намайг цохиж зодож надад гарч хүрч байгаагүй. Бид хоёрын дунд гэр бүлийн ямар нэг маргаан байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 10-12, 45-46 /

Гэрч А.Бын мөрдөн байцаалтад өгсөн

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би Д.Нынд очсон. Тэднийд байхад Ж.Б нь ажлаасаа ирээд бид 3 хамт 1 шил архи гэрт нь хувааж уусан. Манай эхнэр ирчихээд түрүүлээд яваад өгсөн. Д.Н, Ж.Б бид гурав архи ууж дуусгаад би явах гэж байхад Д.Н намайг гаргаж өгнө гэж ярьж байсан. Хүүхдүүд нь шуугиад байсан чинь Д.Н хүүхдүүдээ дуугүй бол гэж хэлэхэд Ж.Б нь түүнээс болж Д.Нтай маргасан. Д.Н намайг гаргаж өгөх гээд үүдэнд байх үедээ Ж.Бнүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Ж.Бгийн хамраас цус гарсан... гэх мэдүүлэг / хх-ийн 15- 16 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн

1. Ж.Бгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 33/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 40-44/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 75/, шүүүгдэгч Д.Нын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 56/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58/, депозит дансны хуулгууд /хх-ийн 61-64/, шүүгдэгч Д.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 65-66/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Д.Н нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 1-20-7 тоотод 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ж.Бзодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Д.Нын ... би сандал өшиглөх гэж байгаад эхнэр Ж.Бгийн хамар руу 1 удаа өшиглөсөн, хамраас нь цус гарсан... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /

Хохирогч Ж.Бгийн … Д.Н өшиглөх шиг болсон. Би тонгойгоод босоход л тийм болсон учир сайн хараагүй. Миний хамраас цус гоожсон,...хамрыг мурийлгачихсан байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 10-12, 45-46 /

Гэрч А.Бын   ... Д.Н намайг гаргаж өгөх гээд үүдэнд байх үедээ Ж.Бнүүр рүү нь 1 удаа өшиглөсөн хамраас цус гарсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 15- 16 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 217 дугаартай ....Ж.Бгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс Д.Н нь эхнэр Ж.Бзодож , дарамтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл хийж байгаагүй, тухайн өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Нт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч Ж.Б нь Д.Нын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Н нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ж.Б нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 10-12, 65-66/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Нын 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Нын эзэмшлийн “...sharp маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Нт буцаан олгож, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Д.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ныг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Д.Нын эзэмшлийн “...sharp маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Нт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Нт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.