Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01835

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024   09  27   210/МА2024/01835

 

 

 

 

Э.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02744 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Т нэхэмжлэлтэй

Хариуцагч А.К ХХК, Т.Б ХК-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Э.Т , А.К ХХК нарын байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01, 165/01 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Т.Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Б ХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч А.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонтуяа, Т.Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ, Л.Банзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Э.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.К ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, *** хороо, Саруул хороолол хотхон *** байр *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр тооцон, нийт 83,600,000 төгрөгөөр худалдан авсан ба 2016 онд орон сууцандаа нүүж орсон, харин үнийг 2017 онд бүрэн төлж дуусгасан.

1.2. А.К ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэн, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахад шаардлагатай материалыг өгөхийг удаа дараа хүссэн боловч одоог хүртэл гэрчилгээг гаргаж өгөөгүй. Үүний шалтгааныг А.К ХХК нь Т.Б ХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт батлан даалтын гэрээгээр 50 хувийн гүйцэтгэлтэй Саруул хороолол төслийн ***, *** блок барилгыг барьцаалуулсан, А.К ХХК батлан даалтын гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч Т.Б ХК 28 айлын орон сууцыг барьцаанаас чөлөөлөхгүй байна гэж тайлбарладаг.

1.3. Э.Т нь А.К ХХК болон Т.Б ХК-ийн хоорондын гэрээний харилцаанаас болж, шударгаар олж авсан хөрөнгийнхөө үр ашгийг хүртэх, захиран зарцуулах, өмчлөх эрхгүй болж хохирч байна.

Иймд нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, *** хороо, Саруул хороолол *** байр *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалуудыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.К ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э.Т нь А.К ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот орон сууцны захиалгын гэрээгээр Баянзүрх дүүрэг, *** хороо, Саруул хороолол хотхон *** байр *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан, гэрээний үлдэгдэл төлбөргүй.

А.К ХХК-ийн дотоод үйл ажиллагаанд Х.Б захирал биечлэн оролцох боломжгүй ба Х.Б , Х.Б нар ах дүү учраас ахдаа итгэмжлэлээр компанийн бүх эрхийг шилжүүлсэн байдаг. Компанийн эрх бүхий этгээдүүдтэй Э.Т байгуулсан гэрээнүүд нь хоёр талын хүсэл зоригийн дагуу, сайн дураар байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм.

2.2. Т.Б ХК болон А.К ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр А.К ХХК-ийн барьж буй Саруул хороолол хотхоны орон сууцнаас худалдан авах иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох нөхцөлийг тохиролцсон. Тус хамтран ажиллах гэрээний батлан даалтын барьцаа болгож, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулагдаж, 50 хувийн гүйцэтгэлтэй Саруул хороолол төслийн ***, *** блок барилгыг барьцаалуулсан.

Тус компани нь хамтран ажиллах гэрээний дагуу зээлээр орон сууц худалдан авсан захиалагч бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Б ХК-ийн барьцаанд бүртгүүлж, үүргээ гүйцэтгэсэн. Гэвч манай төслөөс зээлд хамрагдан захиалагч болсон Б.С нь Т.Б ХК-ийн эдийн засагчаар ажиллаж байхдаа гэрчилгээ гарах үед Т.Б ХК-д өөрийн биеэр хүргэж өгнө гэж манай компанийн ажилтнаас гэрчилгээг авч явсан байдаг. Т.Б ХК нь энэ гэрчилгээг өгөөгүй гэх шалтгаанаар батлан даалтын гэрээний үлдэгдэл 28 орон сууцны гэрчилгээг барьцаанаас чөлөөлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.Т нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

3. Хариуцагч Т.Б ХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Т.Б ХК болон А.К ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамтран ажиллах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан. Баянзүрх дүүрэг, *** хороо, Хүннү гудамж, Саруул хороолол хотхон ВЗ, В4, В5, В6 блок барилгын 24,343 м.кв талбайг Т.Б ХК-ийн зээлээр борлуулах, А.К ХХК үл хөдлөх эд хөрөнгөөр батлан даалт гаргахаар тохиролцсон. Зээлээр худалдан авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн зээлдэгч бүрийн зээлийн барьцаанд албан ёсоор бүртгэгдсэнээр энэ батлан даалтын гэрээ дуусгавар болно. Гэвч зээл авсан зарим зээлдэгч барьцааны гэрээг байгуулаагүй, барьцаа орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул батлан даалтын гэрээний үүрэг хэвээр үргэлжилж байна.

3.2. Т.Б ХК нь Э.Т тэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгчийн өмнө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

4. Хариуцагч Т.Б ХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. Э.Т болон А.К ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 165/01-01 тоот Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол-ын барилгын 2 дугаар ээлжийн орон сууц худалдах гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд А.К ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Х.Б , гүйцэтгэх захирал Б.Б нар гарын үсэг зурсан байна.

Мөн А.К ХХК болон Л.Э , Э.Т нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 165/01 тоот Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол-ын барилгын орон сууц захиалгын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №165 тоот гэрээнд оруулах өөрчлөлт гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд А.К ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Х.Б , гүйцэтгэх захирал Б.Б нар гарын үсэг зурсан байна.

4.2. Гэвч хэрэгт авагдсан А.К ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Х.Б компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн, www.opendata.burtgel.gov.mn веб хуудасны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэлд Х.Б бүртгэгдсэн байна.

4.3. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан бөгөөд Б.Б , Х.Б нарт тухайн гэрээнд төлөөлөх эрх олгогдсон эсэх, төлөөлөх эрхээ шилжүүлсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна. Тус гэрээний дагуу шаардах эрхийг Э.Т шилжүүлж аваагүй байна.

Иймд А.К ХХК болон Э.Т нарын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот гэрээ, А.К ХХК болон Э.Т , Л.Э нарын хооронд байгуулсан 165/01 гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь Т.Б ХК-ийн ямар эрх ашгийг хөндөж байгаа, хүчин төгөлдөр бусд тооцуулснаараа үүсэх үр дагавар тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Анх нэхэмжлэгчийн хамаатан Л.Э нь А.К ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байдаг. 2019 онд нэхэмжлэгч Э.Т орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлж авсан, үүнийг А.К ХХК хүлээн зөвшөөрч гэрээг хийсэн.

5.2. Хэрэгт авагдсан А.К ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр тус компанийн ерөнхий захирлаар Х.Б г томилсон.

5.3. Мөн хариуцагч нь гэрээний зөвхөн нэг талд холбогдуулж хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь ойлгомжгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, *** хороо, Саруул хороолол /13311/, Хүннү гудамж *** байр, 12 дугаар давхар *** тоот, 41,8 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч Э.Т болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч А.К ХХК, Т.Б ХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул Э.Т т холбогдох А.К ХХК, Э.Т нарын хоорондох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот, 165/01 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Т.Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 646,150 төгрөг, хариуцагч Т.Б ХК-аас төлсөн 646,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.К ХХК-аас тэмдэгтийн хураамжид 646,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Т.Б ХК-ийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх ямар нэгэн үндэслэл дурдахгүйгээр буюу үндэслэлгүйгээр Т.Б ХК-д холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлийг тусгаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Тодруулбал Т.Б ХК болон А.К ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 573 тоот хамтран ажиллах гэрээ, 572 тоот орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулах батлан даалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, *** хороо, Хүннү гудамж, Саруул хороолол хотхоны ВЗ, В4, В5, В6 блок барилгын 24343 м.кв талбайг банкны зээлээр борлуулах, А.К ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдээр батлан даалт гаргахаар харилцсан тохиролцсон. Батлан даалтын гэрээгээр А.К ХХК нь банкнаас олгох 6,643,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлүүдэд хөрөнгийн батлан даалт гаргах, хэрэв батлан даалтын зүйлийн талаар гуравдагч этгээдээс маргаан гаргасан тохиолдолд банк нь гуравдагч этгээдээс давуу эрхтэй байх бөгөөд захиран зарцуулах, үр шимийг хүртэх эрх батлан даагчаас гуравдагч этгээдэд шилжсэн тохиолдлоос үл хамааран гэрээнд заасан батлан даалтын эрх хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ, орон сууцны зээл авч байгаа иргэн бүрд А.К ХХК батлан даалт гаргаж байгаа ба зээлээр худалдан авах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тухайн зээлдэгч бүрийн зээлийн барьцаанд албан ёсоор бүртгүүлснээр батлан даалтын гэрээ дуусгавар болно гэж тохиролцсон. Гэвч зээл авсан зарим зээлдэгч барьцааны гэрээ байгуулаагүй, барьцаа хөрөнгийн гэрчилгээг банкинд хүлээлгэж өгөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул батлан даалтын гэрээний үүрэг хэвээр үргэлжилж байгаа болно. Өөрөөр хэлбэл Т.Б ХК болон А.К ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болоогүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг ногдуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд банк батлан даалтын хөрөнгийг чөлөөлөх үндэслэл бүрдээгүй болно.

7.2. Мөн Т.Б ХК нь Э.Т тэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ байгуулаагүй тул орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй. Т.Б ХК нь Э.Т эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй болно. А.К ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн атлаа тэдэнд мэдэгдэлгүй банкны барьцаанд бүртгүүлж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөлийг үүсгэсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг зөрчиж буй А.К ХХК-д холбогдуулан тухайн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч нь банкинд шаардлага тавих, шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

7.3. Нэхэмжлэгч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Т.Б ХК-ийг хариуцагчаар татсан тул хариуцагч болохын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах зохигчийн бүрэн эрхийг эдэлнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон А.К ХХК, Э.Т нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 165/01-01, 16/01 тоот гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хариуцагч Т.Б ХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан болно. 165/01-01, 165/01 тоот гэрээнүүдийг А.К ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал гэж Х.Б , гүйцэтгэх захирал гэж Б.Б нар гарын үсэг зурсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн баримтаар А.К ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Х.Б бүртгэлтэй болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Мөн А.К ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот Гүйцэтгэх удирдлага томилох тухай шийдвэрт тус компанийн ерөнхий захирлаар Хадбаасангийн Батбаасанг томилжээ ... Нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот, 165/01 тоот хоёр гэрээг А.К ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Б , менежер Т.Л , гэрээний мэргэжилтэн Б.А нар байгуулж, гэрээний эхний нүүрэнд ерөнхий захирал Х.Б гарын үсэг зурж баталж, компанийн тамгаар баталгаажуулсан байна. Иймд хуулийн этгээдийн улсын бүртгэлд Х.Б гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй хэдий ч 2017 оны шийдвэрээр компанийн ерөнхий захирлаар Х.Б г томилсон байх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Т.Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу гагцхүү гүйцэтгэх захирал компанийг төлөөлөх эрхтэй бөгөөд ерөнхий захирал нь гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрхгүй. Түүнчлэн Б.Б нь тухайн үед А.К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, Х.Б , Б.Б нарт тухайн гэрээнд төлөөлөх эрх олгогдсон, төлөөлөх эрхээ шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Компанийн тухай хуулийн дагуу гагцхүү итгэмжлэлгүйгээр аливаа этгээдтэй гэрээ байгуулах эрх хэмжээ тухайн компанийн гүйцэтгэх захиралд байх бөгөөд тухайн эрхээ итгэмжлэлээр бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд хуульд заасан тухайн шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулсан.

Гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлгүйгээр А.К ХХК-ийг төлөөлж Х.Б , Б.Б нарын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Түүнчлэн А.К ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б эс тухайн гэрээг хожим хүлээн зөвшөөрсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. А.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А.К ХХК-ийн ерөнхий захирал Х.Б гаас олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул А.К ХХК, Э.Т нарын хооронд байгуулсан гэрээг Х.Б хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгч нь тухайн гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Б ХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагч А.К ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Төлөөлөх эрхтэй холбоотой баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн батлан даалтын гэрээ болон хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болж, манай компанийн зүгээс үүргээ биелүүлсэн. Гэтэл Т.Б ХК барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхгүй байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Т.Б ХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч А.К ХХК, Т.Б ХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.К ХХК хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хариуцагч Т.Б ХК эс зөвшөөрч, Э.Т , А.К ХХК нарын байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01, 165/01 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Э.Т болон А.К ХХК, Л.Э нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 165/01 тоот БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол-ын барилгын орон сууц захиалгын 2013 оны 11-р сарын 22-ны өдрийн №165 тоот гэрээнд оруулах өөрчлөлт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, *** хороо, Саруул хотхон Б3 блок 2 дугаар орц 12 давхрын *** тоот, *** м.кв, *** тоот гэрээний захиалагч Л.Э ийн эрх, үүрэг, хариуцлагыг Э.Т т шилжүүлэхээр тохиролцсон;

Мөн өдөр Э.Т , А.К ХХК нарын хооронд 165/01-01 тоот Баянзүрх дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хороолол-ын барилгын 2-р ээлжийн орон сууц худалдах гэрээ байгуулагдаж, худалдагч А.К ХХК нь Баянзүрх дүүрэг, *** хороо, Саруул хотхон орон сууцны хороолол *** блок 2 дугаар орц *** дугаар давхар *** тоот хаягтай, *** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Э.Т нь орон сууцны үнэд 83,600,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр тус тус харилцан тохиролцсон;

3.2. Орон сууцны үнэ болох 83,600,000 төгрөг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хугацаанд 6 удаагийн шилжүүлгээр бүрэн төлөгдсөнийг А.К ХХК-ийн Захиалагчийн тооцоо баримтаар баталгаажуулсан;

3.3. А.К ХХК нь Баянзүрх дүүрэг, *** хороо, Саруул хороолол /13311/, Хүннү гудамж *** барилга хаягтай, 10257.6 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Б ХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, батлан даалтын гэрээний барьцаанд бүртгүүлсэн;

3.4. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байна.

4. Нэхэмжлэгч Э.Т нь А.К ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 165 тоот гэрээний шаардах эрхийг Л.Э ээс шилжүүлэн авсан байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар шүүх зөв дүгнэжээ.

5. Хариуцагч Т.Б ХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01, 165/01 тоот гэрээнүүдийг А.К ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б зөвшөөрөлгүй хийсэн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх бүхий сонирхогч этгээд-д хэлцэл хийсэн тал эсхүл хэлцлийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд хамаарна. Гэвч барьцаа хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээний шаардах эрх шилжихэд барьцааны эрх хөндөгдөхгүй тул дээрх 165/01-01, 165/01 тоот гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргах сонирхогч этгээдэд Т.Б ХК хамаарахгүй.

5.2. Анхан шатны шүүх гэрээний тал болох А.К ХХК нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээнд уг компанийг төлөөлөн гарын үсэг зурсан ерөнхий захирал Х.Б нь хувьцаа эзэмшигч Х.Б 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот шийдвэрээр томилогдсон, мөн эдгээр гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иймд шүүх нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан хариуцагч Т.Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин Т.Б ХК-ийг сонирхогч этгээдэд хамааруулж алдаатай дүгнэснийг залруулна.

Сөрөг нэхэмжлэлийг хангуулах агуулгаар гаргасан хариуцагч Т.Б ХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Э.Т нь худалдан авагч Л.Э шаардах эрхийг шилжүүлэн авсан тул шүүх түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг худалдагч А.К ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй.

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Т болон хариуцагч Т.Б ХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, Т.Б ХК нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад хариуцагч Т.Б ХК-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Б ХК-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч Т.Б ХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02744 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Т ийг Баянзүрх дүүрэг, *** хороо, Саруул хороолол /13311/, Хүннү гудамж *** байр 12 дугаар давхар *** тоот хаягт байрлах, 41,8 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч А.К ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Т.Б ХК-д холбогдох шаардлагыг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Т т холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 165/01-01 тоот, 165/01 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Т.Б ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Б ХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,292,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА