Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/01851

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024   10  02   210/МА2024/01851

 

 

 

  

Б.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0*** сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01765 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.О д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Э нь Г.О тай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэг, *** хороо, Нүхтийн аманд барьж байсан орон сууцны барилгын 5 дугаар давхраас 121.46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч, БА06 тоот орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний төлбөрт нийт 263,427,245 төгрөгийг бэлнээр төлөх, бартерын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх зэргээр тооцоо хийж, 2016 оноос хойш эзэмшин амьдарч байгаа юм.

1.2. Г.О нь 2015 оны 12 дугаар сард уг орон сууцыг 5 дугаар давхрын 1 тоот орон сууцтай хамтатган өмчлөх эрхийн нэг гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, барьцаалан бусдаас их хэмжээний мөнгө авсан байна. Г.О шүүхийн шийдвэрээр мөнгөө төлөөгүйн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр манай орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үнэлгээ хийлгэнэ гэснээр Г.О ы луйврын арга мэхийг мэдсэн.

Иймд нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр БА06 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийт үнийн дүн 320,325,545 төгрөг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 141,333,880 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгчийн хийсэн ажлыг нь хүлээж авахад үнэхээр хүндрэлтэй байсан. Хариуцагч нь Б.Б гэх хүнээс 200,000,000 төгрөгийн зээл аваад барилгын ажлыг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч мөнгөө төлөөгүйн улмаас хариуцагч хохироод байдаг. Орон сууц худалдаж авна гэснээс хойш орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүтэн хоёр жилийн дараа үлдэгдэл 75,648,150 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хариуцагч нь нэхэмжлэгчид хүргүүлж байсан.

2.2. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож байгаа бол үлдэгдэл төлбөрөө бүрэн гүйцэд төлөх ёстой. Удаа дараа эвлэрэх хүсэлт тавьсан боловч орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаад өгөх юм бол эвлэрэх боломжтой гэх зүйл ярьдаг.

Иймээс өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э г Нийслэлийн Хан-Уул дүүрэг, *** хороо /одоогийн 23 дугаар хороо/, Нүхтийн ам гудамж, *** дугаар байрны *** дугаар давхрын *** тоот буюу *** тоотод байрлах, 121.08 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Б.Э гаас 29,622,755 төгрөг гаргуулж, Г.О д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,805,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О аас 1,603,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчиж Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, талуудын гаргасан тайлбарт бодитой дүгнэлт өгөөгүй, зөвхөн нэхэмжлэгч талын хариуцагчийг гүтгэсэн элдэв гүтгэлэгт автан, бодит байдлыг үнэн зөвөөр үнэлэлгүйгээр хууль буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

Үүнээс гадна шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Э г гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, гэрээ харилцан биелэгдэх учиртай гэж, мөн хэдийгээр хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараар тухайн орон сууцны 5 давхрын 400 м.кв талбай нь бүхэлдээ зээлийн барьцаанд байгаа боловч нэхэмжлэгч Б.Э нь зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тухайн 5 давхрын 121.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, мөн гэрээний дагуу төлбөрт 259,427,245 төгрөгийг төлсөн байх тул тэрээр тухайн хөрөнгийн шударга эзэмшигч мөн болно гэж дүгнэснээс гадна Г.О нь иргэн Б.Б тай зээлийн гэрээ байгуулж түүнээс 200,000,000 төгрөгийг зээлж авахдаа Хан-Уул дүүргийн *** хороо, Нүхт, Нүхтийн зам гудамж, *** тоот байрны 5 давхрын хэсэгт байрлах, 400 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалснаас үүдэн нэхэмжлэгч Б.Э өмчлөх эрх үүсэхгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ гэж, мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тус тус дүгнэсэн нь илтэд хууль бус шийдвэр юм.

Б.Э захиалсан орон сууцны талбайн хэмжээ нь анх захиалсан 113 м.кв-аас илүү, өөрөөр хэлбэл 122.05 м.кв талбайтай болсон учир гэрээний талбайд орсон өөрчлөлтийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Байр захиалгын тооцоо-г талууд хийж Б.Э нь уг өдрийн байдлаар захиалгын төлбөрт 99,500,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний төлбөрт хийх ажилд тооцон 79,491,715 төгрөгийг гэрээний үнийн дүнд тооцуулснаар төлбөрөөс нийт 178,991,715 төгрөг төлсөн тухайд тооцоо нийлэн, улмаар Б.Э нь 141,333,715 төгрөгийн үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э г уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн төдийгүй гэрээний дагуу Б.Э гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, гэрээ харилцан биелэгдэх учиртай

тул нэхэмжлэгч Б.Э г уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, гэрээний үлдэгдэл төлбөр 29,622,755 төгрөгийг Б.Э гаас гаргуулж Г.О д олгох нь хуульд нийцнэ гэж илт үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б.Э нь анх гэрээ байгуулснаас хойш Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ тогтоосон хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй болох нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 75,648,150 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаар тогтоогдож байгаа төдийгүй анхан шатны шүүхийн ташаа тооцоолол хийж төлбөрийн үлдэгдлийг буруу тооцон гаргасан 29,622,755 төгрөгийн төлбөр нь ч анх гэрээ байгуулагдсан цаг хугацаанаас хойш бараг 10 жилийн хугацаанд огт төлөгдөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн, төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болно. Учир нь нэхэмжлэгч Б.Э өөрийн хүлээсэн үүргээ биелээгүй, гэрээний үүргээсээ 63,522,844 төгрөгийг төлж барагдуулаагүй байхад үүргийг биелүүлсэн, гэрээний төлбөрийг төлсөн гэж үндэслэлгүй дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган өмчлөгчөөр тогтоосон нь хууль бус юм.

4.2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.О тай байгуулсан гэрээний төлбөрт бартераар уг барилгад ажил гүйцэтгэн, түүний хөлсийг гэрээний дүнгээсээ хасуулахаар тохирсон боловч 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ямар ч ажил хийгээгүй, гэрээний төлбөрөө ч мөнгөөр төлөөгүй учир Г.О нь барилгын ажлаа үргэлжлүүлэхээр иргэн Б.Б аас зээл авсан байдаг. Б.Э нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан бөгөөд энэ өдрөөр Б.Э төлөх ёстой төлбөр нь 141,991,715 төгрөг байсан буюу өөрөөр хэлбэл Б.Э хийж гүйцэтгэхээр тохирсон ажлыг гүйцээн хийхийн тулд Г.О нь иргэн Б.Б аас зээл авсан болохоос бус харин Б.Э захиалсан орон сууцыг Б.Б т барьцаалан зээл авах зорилгыг агуулаагүй байсан байхад анхан шатны шүүх баригдаж буй орон сууцыг Б.Б т барьцаалснаас үүдэн Б.Э өмчлөх эрх үүсэхгүй, эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж илтэд нотлох баримтыг гуйвуулан үнэлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон.

4.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй нь шийдвэрийн үндэслэх хэсэгт давхарт байрлах 113 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 289,050,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэсэн байх ба талуудын хооронд орон сууцны талбайн хэмжээ өөрчлөгдсөн тухайд дүгнэлт хийсний үндсэн дээр Б.Э төлж дуусаагүй төлбөрийн хэмжээг тооцон гаргах учиртай байтал үндэслэх хэсгийн төгсгөлд Б.Э г ... 5-р давхрын 2 тоот буюу 17 тоотод байрлах 121.08 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож Б.Э гаас 29,622,755 төгрөг гаргуулж Г.О д олгосугай гэсэн нь Б.Э д илт давуу байдал олгосон шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Дээрх байдлуудаар анхан шатны шүүх нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв хөдөлбөргүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан гэрээний үнийн дүнд гараашийн үнэ давхар орсон. Анх орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа гараашийг оролцуулаад 308,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Мөн гараашийн үнийг оролцуулаад 321,000,000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулсан талаар маргаагүй. Нэхэмжлэгч гарааш биш зөвхөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хүрээнд хариуцагчид 301,375,545 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ талаар маргаагүй.

5.2. Хариуцагч давж заалдах гомдолдоо төлбөр дутуу гэж байна. Гэвч 75,000,000 төгрөг гээд байгаа юм уу, 141,000,000 төгрөгийн төлбөр дутуу гээд байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан аль нотлох баримтыг үнэлэх үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй гээд байгаа нь тодорхойгүй байна. Үндсэн гэрээ болон нэмэлт гэрээ байгаа, тооцоо нийлсэн 2 баримт байгаа. Талуудын үйлдсэн төлбөр төлсөн тухай нотлох тэмдэглэл гэсэн баримт байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хэлбэрээр болон бартераар 263,427,245 төгрөгийг бодитоор төлснийг нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх тус баримтын хамгийн доод талд бичигдсэн байгаа 4,000,000 төгрөгийг хассан. Үүнд хариуцагч Г.О гарын үсэг зурж баталгаажуулсан. 4,000,000 төгрөг хассан талаар маргаагүй учраас 259,427,245 төгрөгийн төлбөрийг хариуцагчид бодитоор төлж барагдуулсан, үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Орон сууцны төлбөр 301,375,541 төгрөгөөс 259,427,245 төгрөгийг хасаад 41,948,300 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа гэдэг талаар огт маргаагүй, уг төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Яагаад орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа вэ гэхээр хариуцагч орон сууц захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д орон сууцыг бусдад барьцаалах, худалдан борлуулахыг хориглосныг зөрчсөн. Тиймээс нэхэмжлэгч тухайн орон сууцыг өмчлөх боломжгүй болсон учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар эрхийг хүлээн зөвшөөрүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Уг эрх зүйн хамгаалалтыг шүүх хэрэглэх боломжтой. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

5.3. Хариуцагчийн гомдоод байгаа 41,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлнө, төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрт төлбөр тооцоотой холбоотой зохих ёсны өөрчлөлт оруулах эрх хэмжээ байгаа учраас өөрчлөлтийг оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.О д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. Б.Э , Г.О нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Г.О нь Хан-Уул дүүрэг, *** хороо, Нүхтийн аманд байрлах, *** апартмент барилгын Мансард *** дугаар давхарт ***м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон автомашины зогсоолыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч Б.Э нь орон сууцны үнэ 289,050,000 төгрөг, автомашины зогсоолын үнэ 18,950,000 төгрөг, нийт 308,000,000 төгрөг гүйцэтгэгчид төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээнд 100,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөх, үлдэх 208,000,000 төгрөгт барилгыг ашиглалтад өгөх хүртэл хугацаанд бараа, үйлчилгээ солилцоо хэлбэрээр буюу Германд үйлдвэрлэсэн ханын цаас, амралтын болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил гүйцэтгэл, интерьер засал, тавилга хийж нийлүүлэх нөхцөлийг тусгажээ.

3.2. Мөн талууд нэмэлт гэрээ (огноо тусгаагүй) байгуулж, орон сууцны талбайг 115.46 м.кв, үнийг 295,375,545 төгрөгөөр тооцох, мөн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий 6 м.кв талбай нэмэхээр тохиролцож, автомашины зогсоолын үнэ 18,950,000 төгрөгийг оруулж гэрээний нийт үнийн дүнг 320,325,545 төгрөг болгож өөрчилжээ.

3.3. Нэг талаас Г.О орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас Б.Э орон сууцыг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарах боловч талууд орон сууцны үнийн зарим хэсэгт дээр дурдсанаар арилжааны болон ажил гүйцэтгэх гэрээний үүргийг тооцохоор тохиролцжээ. Өөрөөр хэлбэл уг харилцаа нь холимог гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэхээр байх ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

3.4. Түүнчлэн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зохигч маргаагүй байна.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 0*** сарын 02-ны өдрийн хугацаанд 99,500,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд 159,927,245 төгрөгийн бараа материал (дижитал цоож, бохирын таг, ханын цаас, гадна хаалга, зогсоолын хаалганы түлхүүр, нийтийн хогийн сав, насосны мотор) нийлүүлж, ажил гүйцэтгэсэн (шат, орцны шатны тавцан, хажуугийн хашилт, орц болон 5 айлын шалны хүрээ, 1 айлын дотор засал, гал тогооны кабинет, ТВ тавилга, барилгын гаднах авто зам, гадна сүүдрэвч, замын гүүрэн гарц, замын хавтангийн ажил) болох нь хариуцагчийн баталгаажуулсан Төлбөр төлсөн тухай нотлох тэмдэглэл баримтаар тогтоогдсон, мөн хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд 2016 онд шилжүүлсэн байна. (хэргийн 1 дэх хавтас 10-11 дэх тал)

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

5. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 301,375,545 төгрөг төлөхөөс 259,427,245 төгрөг төлж, 41,948,300 төгрөг төлөөгүй байх бөгөөд хариуцагч маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Б.Б т зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан учир гэрээний төлбөрийг төлөхөө зогсоосон гэж тайлбарлаж байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний зүйлийг бусдад барьцаалуулсан буюу эрхийн доголдолтой нөхцөлд худалдан авагч нь Иргэний хуулийн 25*** зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй.

Харин нэхэмжлэгч нь худалдан авсан хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй болно.

6. Түүнчлэн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан.

Талуудын байгуулсан гэрээний 2.3-т захиалагч нь орон сууцны үнийг барилга ашиглалтад өгөх хүртэл хугацаанд бүрэн төлөх, мөн 4.2.1-д захиалагчаас орон сууцны үнийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар гүйцэтгэгч нь орон сууцны өмчлөгч байх эрхийг эдлэх-ээр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцжээ. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй учир орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт орон сууцны үнийг 289,050,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 29,622,755 төгрөг, орон сууцны талбайн хэмжээг 121.08 м.кв гэж тус тус алдаатай тусгасны зэрэгцээ гэрээний үүргийн дийлэнх хэсгийг нэхэмжлэгч биелүүлсэн, гэрээ харилцан биелэгдэх учиртай гэж дүгнэж, нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.О д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0*** сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.О д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1,759,578 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА