| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00026/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч Ю.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Бд холбогдох эрүүгийн 1822003980026 тоот хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын .............................................. тоотод оршин оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, “Хан дээж” ХХК-д жолооч ажилтай Боржигон овгийн Ю.Б
Шүүгдэгч Ю.Б нь 2018 оны 12 сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн нутаг дэвсгэр “Цагаан-Овоо” гэх газарт байх “Хан дээж” ХХК-ний нүүрсний уурхайн карерийн аманд экскаватороор нүүрс олборлолтын ажил хийж байгаад иргэн Г.Гантулгыг шүргэж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ю.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 12 сарын 8-ны өглөө 9 цаг өнгөрч байхад ажлынхаа байран дээр очсон. Эхлээд ковшоо галлаад 11 цаг өнгөрч байхад асаасан. Дараа нь экскаватороо галлаад 1 цагийн үед асаасан. Тэгээд нүүрс олборлох ажлаа эхэлсэн. Гаднаас нүүрс ачих гээд 2, 3 машин орж ирэхээр нь ачаад байж байтал цайны цаг болоод ажилчид 2 цаг гээд цайндаа явсан. Ажилчид архи ууж байгаа харагдаж байсан. Талийгаач цайндаа явахдаа 2, 3 хуруу архи надад “Миний хөгшин даарч байгаа байх. Энийг уучих” гээд өгөөд явсан. Тэгээд би 3 өнгөрч байхад цайндаа явсан. Цайндаа очиход талийгаач байрны гадаа мотоцикль нь болохоо байсан гээд янзлаад сууж байсан. Би цайндаа орчихоод буцаж ирээд нүүрсээ олборлоод байж байтал орой 5 цаг өнгөрч байхад талийгаач мотоцикльтой хүнтэй нүх рүү “Карерь дотор куртикээ орхичихсон байна. Куртикээ авах гэж орж ирлээ” гээд ороод ирсэн. Надтай уулзаад куртикээ авахдаа нэлээд согтуу байсан. Талийгаач “Чи хэзээ ажлаасаа буух юм” гэхээр нь “Нэлээд ажиллана. Орой 11, 12 хүргэх байх” гэхэд “Хөгшин чинь хань болоод чамтай хамт ажиллая” гэхээр нь “Яах юм бэ хөгшөөн. Чи явж амар” гээд явуулсан. Харанхуй болчихсон, машин орж ирээд юм ачих гээд байж байхад талийгаач нэлээд зайтай нэг хүнтэй хамт тамхи татаад, юм яриад сууж байгаа харагдаж байсан. Нүүрс ачих гээд машин ороод ирсэн байсан болохоор шанагаараа нүүрсээ хутгаад эргэх гэтэл “Баясаа” гээд орилох шиг болсон. Ийш тийшээ харахад юм харагдаагүй. Дахиад “Баясаа” гээд орилсон. Тэгэхээр нь кабиныхаа хаалгыг нээгээд харсан чинь талийгаач экскаваторын хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Бууж очоод “Яасан бэ? Юу болчихов оо?” гэхэд “Хөл болохоо байчихлаа. Хөл хөдлөхгүй байна” гэсэн. Өргөх гэсэн чинь “Баясаа боль. Нуруу өвдөөд байна” гэсэн. Тэгээд тэнд байсан машинтай хүмүүсийг дуудаад өргөөд дээшээ гаргасан. Тэгтэл захирал орж ирээд “Яасан бэ” гэхээр нь “Яасан нь мэдэгдэхгүй, нуруу, хөл гээд орилоод байна” гэсэн чинь “Ямар ч гэсэн эмнэлэг оръё” гээд захирлын машинтай яваад гэрээс нь эхнэрийг нь аваад “Сумын эмнэлэг найдваргүй, нэгмөсөн аймаг явъя” гэсэн чинь талийгаач өөрөө “Яах юм бэ. Хэрэггүй. Би гэртээ харья” гээд байсан. Буцаагаад гэрт нь хүргэж өгөөд хөлийг нь харсан чинь зүгээр, хугарсан зүйлгүй, нуруу нь ууцан дээрээ жоохон хөхөрсөн байсан. “Цай ууя” гэхээр нь аяга цай хийж өгөхөд цай уугаад удалгүй өнгөрсөн. Ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид компаниас 1.583.000 төлсөн. Үүний талыг нь би компанид буцаан төлнө...” гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн: “...2018 оны 08 дугар сарын 08-ны өдөр манай хүн уурхай руу явсан юм. Би усаа аваад гэртээ байж байтал орой 18 цаг өнгөрөөгөөд захирал Ж.Баярхүү, Баясгалан гэх хүнтэй хамт машинтай манай гадаа ирээд манай нөхрийг машинаас өргөөд буулгаад гэрт оруулсан...би нөхрөөсөө асуухад миний хөл болохоо байчихлаа нуруу өвдөөд байна гэж хэлсэн, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй, тэгээд би цай өгөх гэсэн царай нь нэг л хачин болчихсон ухаан алдах шиг болоод очоод үзтэл амьсгаа хурааж нас барсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/
3. Гэрч Ш.Гантөмөрийн: “ ...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед уурхайн ажилчдын байранд очсон юм. Гэтэл гадна нь Г.Г мотоциклийн хойд дугуйгаа задалчихсан архи уусан байдалтай байсан...хамт дугуйг нь янзалж өгөөд байж байтал хоёулаа хамт уурхайн карерь орж нүхнээс куртик авъя гэхээр нь би мотоцикльтой сундлаад уурхайн нүхрүү явсан, Баясгалан дээр хүргээд өгчих би тэнд үлдэнэ гэсэн... Баясгалан гэх хүн экскаваторын тэндээс дуудахаар нь очтол экскаваторын зүүн хойд талд нь Г.Г ах болохоор миний бөгсөн бие мэдээгүй болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/
4. Гэрч Д.Ганбатын: “...Гантулга гэх хүн эргэж ирээд 14 цагийн үед нүүрсний уурхай дээр архи уусан байх, ууж байгааг нь хараагүй. Намайг өдөр хоолонд ороод эргээд уурхай руу явж ажиллахад талийгаач Гантулга байгаагүй юм. Сүүлд нь сонсоход экскаваторын ард талд зогсож байгаад мөргүүлээд нас барсан гэж ажилчид ярьж байгааг сонссон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
5. Гэрч Б.Ганзоригийн: “...Тэгээд нүүрс ачуулахаар машинаа байрлуулаад зогсож байтал Баясгалан ах дуудахаар нь Насантогтох бид хоёр явган алхаад очтол экскаваторын хойд талд Г.Г газар ойччихсон хэвтэж байсан. Баясгалан ах Г.Гантулгыг босгох гээд ганцаараа дийлэхгүй байхаар нь бид нар хамт өргөлцөөд миний нуруун дээр Гантулгыг өргөж тавиад дараа нь Баярхүү ахын машинд өргөж оруулсан юм. Экскаваторын хажууд Г.Г Баясгалан хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Баясгалан ах болохоор Г.Г экскаваторын араар ороод экскаваторын бөгсөнд цохиулчихвуу яав гээд Г.Гантулгыг өргөх гээд оролдож байсан юм. Бид нар очоод тусласан юм ...” гэх мэдүүлэг /хх-32-34/
6. Гэрч Ж.Баярхүүгийн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би нүүрсний уурхайн ажилчиддаа үүрэг чиглэл өгөөд зааварчилгаан дээр гарын үсэг зуруулаад 10 цагт ажилд нь гаргасан юм. 18 цагийн үед эргээд уурхай дээр ирсэн юм. Ажилчдын байран дээр иртэл манай экскаваторын жолооч Баясгалан байхгүй байхаар нь Цагаан –Овооны нүүрсний уурхайн карерь руу очтол тэнд экскаваторын арын хэсэгт Г.Г гэх хүн шүргүүлсэн гээд экскаваторын ар талд газар хэвтэж байхаар нь тэнд байсан хүмүүстэй Гантулгыг өргөөд өөрийнхөө машинд оруулсан. Би тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөд гарын үсэг зуруулсан. Ю.Б ч бас зааварчилгатай танилцаад гарын үсэг зурсан. Талийгаач надад Ю.Бг экскаваторын арын хэсгээр намайг харалгүй шүргэчих юм гэж хэлж байсан. Тэгээд л би Баясгаланг Гантулгыг шүргэсэн гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/
7. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 190100002 дугаартай шинжээчийн “...Г.Гантулгын цогцост хийгдсэн шинжилгээгээр онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүний хүчнээс давсан хүчээр үүссэн байна. - Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Г.Г нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
- Г.Г нь шинжилгээнд орохоос 19-21 цагийн өмнө нас барсан байх боломжтой байна.
- Г.Г нь хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.
- Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
- Г.Г нь А /ll/ бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49/
8.Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн: “...Хан дээж ХХК-ний экскаваторын жолооч Ю.Б нь Монгол Улсын Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмийг зөрчсөн байна. Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 3.2 дахь бүлгийн 166, 169 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Экскаваторыг туслах машинч буюу эсвэл тусгайлан томилогдсон ажилтны дохиогоор явуулах ба экскаваторын машинчид дохио өгч байгаа хүн харагдахуйц ил газар байрлана. Экскаваторын ажиллагааны үед эргэх тойргийн хүрээнд хүмүүс байхыг хориглосон заалтыг жолооч Ю.Б зөрчсөнөөс осол гарах нөхцөл бүрдсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 60-61 /
9. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Ю.Б нь 2018 оны 12 сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн нутаг дэвсгэр “Цагаан-Овоо” гэх газарт байх “Хан дээж” ХХК-ний нүүрсний уурхайн карерийн аманд экскаватороор нүүрс олборлолтын ажил хийх явцдаа амь хохирогч Г.Гантулгыг шүргэсэн, үүний улмаас амь хохирогч Г.Г нас барсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ю.Б нь Эрдэнэдалай сумын 5-р багийн нутаг дэвсгэр “Цагаан-Овоо” гэх газарт байх “Хан дээж” ХХК-ний нүүрсний уурхайн карерийн аманд экскаватороор нүүрс олборлолтын ажил хийх явцдаа Монгол Улсын Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 3.2 дахь бүлгийн 166, 169 дүгээр заалт буюу “...Экскаваторыг туслах машинч буюу эсвэл тусгайлан томилогдсон ажилтны дохиогоор явуулах ба экскаваторын машинчид дохио өгч байгаа хүн харагдахуйц ил газар байрлана. Экскаваторын ажиллагааны үед эргэх тойргийн хүрээнд хүмүүс байхыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас амь хохирогч Г.Г нь экскаваторт шүргүүлсэний улмаас амь нас нь хохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ю.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ю.Бг хүнийг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ю.Бд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэргийн материалтай танилцаад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба “Хан дээж” ХХК-иас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.583.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Юндэнбатын Баясгаланг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Юндэнбатын Баясгаланд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ю.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх нөхцөлд хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ю.Бд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эт “Хан дээж” ХХК-наас 1583,000 /нэг сая таван зуун наян гурван мянган/ төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ