| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03991/И |
| Дугаар | 210/МА2024/01868 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01868
2024 10 07 210/МА2024/01868
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04160 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.С т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 147,723,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Н ХХК нь Д.С т 2 төрлийн савалгаатай Н нэрийн кимчи нийлүүлж олон жил хамтран ажилласан. Манай хүргэлтийн түгээгч ажилтан бараа хүргэсний дараа Д.С төлбөрөө дансаар хийж явж байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд өгсөн кимчиний төлбөр 123,841,900 төгрөг төлөгдөхгүй хуримтлагдсан байна. Компанийн зүгээс төлбөрөө төлөхийг сануулахад Д.С бага багаар хийе, удаахгүй өгнө гэсэн атлаа кимчи нэмж авсаар өр хуримтлагдсан.
Иймд Д.С ээс кимчиний төлбөр 147,723,400 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Миний бие Нарантуул зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Н ХХК-ийн борлуулагч С.Ө аас 200 гр, 300 гр, 500 гр-ын савалгаатай Н кимчиг бөөний үнээр худалдан авч байсан. Н ХХК болон борлуулагч С.Ө нь бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхдөө анхан шатны баримт үйлдэж байгаагүй учраас би өөртөө зориулж дэвтэр хөтөлж, данс тооцоогоо хийдэг байсан. 2023 оны 09 дүгээр сард борлуулагч С.Ө байгууллага намайг тооцоогоо хий гээд байна, таны тооцоо энэ байна гээд өөрийн гараар бичсэн цаас үзүүлэхэд түүнд тус болох юм байна гэж ойлгоод тооцоолол, үнийн дүнг анхааралгүй, гарын үсэг зурж өгсөн. Үүний дараа компанийн захирал Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдлийн баталгаа гэсэн баримтанд гарын үсэг зурахыг шаардсан, удаа дараа мессеж бичиж дарамталсан учраас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 123,841,900 төгрөгийн баримтанд гарын үсэг зурсан. Энэ бол бодитой тооцоолол биш.
2.2. Харин би өөрт байгаа хар дэвтэр, дансны хуулгаа үндэслэн тооцоо хийж үзэхэд:
2020 онд нийт 50,012,200 төгрөгийн кимчи худалдан авч, төлбөрийг тухай бүр борлуулагч С.Ө ын Хаан банк ХК дахь *** тоот дансанд төлсөн байна. Тооцоог тухай бүр хийж байсан учраас ямар нэгэн өр төлбөр үүсээгүй.
2021 онд 26,891,000 төгрөгийн кимчи худалдан авснаас 25,919,000 төгрөгийг борлуулагч С.Ө ын дээрх дансанд төлсөн байна.
Харин 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан кимчиний үнэ 486,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан кимчиний үнэ 486,000 төгрөг, нийт 972,000 төгрөгийг төлөөгүй байна. Энэ нь ковидын нөхцөл байдлын улмаас Н ХХК-аас кимчиний татан авалт бага байсантай холбоотой.
2022 оны 01 дүгээр сард 2 удаагийн худалдан авалтаар 2,646,000 төгрөг, 06 дугаар сард 9 удаагийн худалдан авалтаар 7,410,000 төгрөг, 07 дугаар сард 5 удаагийн худалдан авалтаар 3,600,700 төгрөг, 08 дугаар сард 6 удаагийн худалдан авалтаар 4,967,300 төгрөг, 09 дүгээр сард 6 удаагийн худалдан авалтаар 4,764,000 төгрөг, 10 дугаар сард 794,000 төгрөг, нийт 24,182,000 төгрөгийн кимчи худалдан авсан боловч төлбөрийг төлөөгүй болохоо зөвшөөрч байгаа. Харин 2022 оны 05 дугаар сард 2 удаагийн худалдан авалтаар 1,588,000 төгрөгийн кимчи авсан бөгөөд төлбөрийг дансаар төлсөн байна. Үүнээс өөр төлбөр тооцоо энэ онд байхгүй.
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 274,200 төгрөгийн кимчи, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 167,200 төгрөгийн кимчи худалдан авч, нийт 441,400 төгрөгийг С.Ө ын дансаар төлсөн байна. Харин 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 5,934,000 төгрөгийн кимчи худалдан авсан боловч үнийг төлөөгүй байна. Энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрнө.
2.3. Улмаар С.Ө нь 2023 оны 09 дүгээр сард та их бага хэмжээгээр дансаа хөдөлгөх хэрэгтэй байна, компани надаас тооцоо хийхийг шаардаад байна. Та бага хэмжээгээр ч болтугай тогтмол төлөөд яв гэж шаардаж, Хаан банк ХК-ийн *** тоот дансыг өгсөн. Тийм учраас би С.Ө ын данс руу 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлж, Н ХК-ийн Голомт банк ХК-ийн *** тоот дансанд 30,000,000 төгрөгийг төлсөн. Миний бие Н ХХК-д нэхэмжлэлд дурдсанаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 31,088,000 төгрөгийг төлөх өртэй байсан боловч уг төлбөрийг нийт 109,019,200 төгрөг болгон давуулан төлж дуусгасан. Тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С ээс 20,940,100 /хорин сая есөн зуун дөчин мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс 126,783,300 /нэг зуун хорин зургаан сая долоон зуун наян гурван мянга гурван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896,567 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С ээс 262,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Н ХХК нь иргэн Д.С ээс бүтээгдэхүүний үнэ 147,723,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч болон түүний өмгөөлөгч нар 2024 онд авсан кимчиний үнэ 23,881,500 төгрөгийн төлбөрийг зөвшөөрнө гэж мэдүүлсэн, мөн нотлох баримтаар тооцооны хуудсыг өгсөн байтал Д.С нь 2024 оноос өмнөх тооцоонуудаа илүү төлсөн байна гэж үзээд 2,941,000 төгрөг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Ямар ч худалдаа эрхлэгч аваагүй барааныхаа үнийг урьдчилан илүү төлдөггүй, хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрч байтал нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн гаргасан 107,019,200 төгрөгийн кимчи авсан гэдэг тайлбарыг үндэслээд 2024 оны кимчиний мөнгийг урьдчилж, илүү төлсөн гэж дүгнэх нь учир дутагдалтай байх тул хасаж тооцсон 2,941,000 төгрөгийг нэмж хариуцагчаас 23,881,500 төгрөг гаргуулахаар тус шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд худалдах, худалдан авах ажиллагаа явагдаж бараа өгч, авалцсан. Д.С нь Н ХХК-д 107,019,200 төгрөг төлөх байсан. Данс тооцоогоо шүүж үзэхэд хариуцагч нийт 109,460,600 төгрөг төлсөн буюу 2,941,400 төгрөг илүү төлсөн байдаг. Мөн талуудын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 23,881,500 төгрөгийн бараа өгч авалцсан. Анхан шатны шүүх илүү төлсөн 2,941,400 төгрөгийг хасаж 20,940,100 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны шиг сонирхлыг хохироогоогүй, хууль зөрчөөгүй шийдвэр гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д.С т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 147,723,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хугацаанд хариуцагчид худалдсан кимчиний төлбөр 123,841,900 төгрөг, 2024 оны төлбөр 23,881,500 төгрөг төлөгдөөгүй гэж тайлбарласныг хариуцагч татгалзаж, 2020-2023 оны тооцоо бүрэн хийгдсэн, 2024 оны тооцоог хийгээгүй гэж тайлбарлажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно.
4. Анхан шатны шүүх талуудын нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхдээ тооцооллын зарим алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.
4.1. 2020-2023 оны тооцооны тухайд.
а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд үндэслэсэн ба уг баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хугацаанд хамаарах 123,841,900 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулжээ.
б. Хариуцагч нь дээрх баримтыг маргаж, 2020 онд 50,012,200 төгрөг, 2021 онд 25,919,000 төгрөг, 2022 онд 1,588,000 төгрөг, 2023 онд 31,941,900 төгрөг тус тус төлсөн гэж тайлбарласан. Анхан шатны шүүх уг тайлбарыг дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаа болон хариуцагч, түүний нөхөр Ч.Г нарын Худалдаа хөгжлийн банк ХК, Хаан банк ХК дахь дансны хуулгууд, гэрч Л.И ын мэдүүлэгтэй тус тус харьцуулан үзэж, Тооцооны үлдэгдлийн баталгаа нь санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслээгүй, бодитой бус гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд 107 удаагийн шилжүүлгээр нийт 109,960,600 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар шүүх дүгнэсэн ба уг тооцооллын талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.
в. Харин шүүх хариуцагчийг 107,019,200 төгрөгийн кимчи авсан гэх тайлбар гаргасан гэж дүгнэхдээ тооцооллын алдаа гаргасан байна. Хариуцагчийн хариу тайлбарт ... Дээрх бүгдийг нэгтгэн үзвэл, миний бие Н ХХК-д 2020 онд 50,012,200 төгрөгийг төлсөн, ямар нэгэн төлбөрийн тооцоогүй. Харин 2021 онд 25,919,000 төгрөгийг төлсөн, 972,000 төгрөгийн үлдэгдэлтэй. 2022 онд 1,588,000 төгрөгийг төлсөн, 24,182,000 төгрөгийн үлдэгдэлтэй. 2023 онд 5,934,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж дурдсанаас үзвэл нийт кимчиний тооцоо 108,607,200 төгрөг байх ба шүүх үүнээс 1,588,000 төгрөгийг орхигдуулсан байна. (хэргийн 13 дахь тал)
г. Дээрх тооцоогоор хүлээн авсан кимчи болон төлсөн төлбөрийг харьцуулахад 1,353,400 төгрөг (109,960,600-108,607,200) илүү төлөгдсөн гэж дүгнэхээр байна.
4.2. 2024 оны тооцооны тухайд.
а. Хэрэгт авагдсан Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй баримтаар нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд 43 удаагийн нийлүүлэлтээр нийт 24,649,500 төгрөгийн барааг хариуцагчид шилжүүлсэн ба үүнээс хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 768,000 төгрөгийг төлж, 23,881,500 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ. Харин тооцоо эхлэх үеийн үлдэгдэл 5,124,000 төгрөг байсан нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлөгдсөн талаар баримтад тусгагдсан байх ба энэ нь 2024 оны худалдан авалтад хамааралгүй байна. Тус баримтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж маргаагүй байна.
б. Иймээс хариуцагчийн төлбөл зохих 23,881,500 төгрөгөөс илүү төлсөн 1,353,400 төгрөгийг хасаж, үлдэх 22,528,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 22,528,100 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 20,940,100 /хорин сая есөн зуун дөчин мянга нэг зуун/ гэснийг 22,528,100 гэж, 126,783,300 /нэг зуун хорин зургаан сая долоон зуун наян гурван мянга гурван зуун/ гэснийг 125,195,300 гэж,
2 дахь заалтын 262,650 гэснийг 270,590 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 62,002 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА