| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2020/03975/И |
| Дугаар | 210/МА2024/01869 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01869
2024 10 07 210/МА2024/01869
Э.Б.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/03256 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Э.Б.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Айдана, хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Э.Б.Э " ХХК нь С ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын "Б" блокийн доторх өрлөг шаврын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2020 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн.
1.2. С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Х нь түүний зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан гэх шалтгаанаар ажлын хөлсийг төлөхгүй удаашруулсан. Э.Б.Э ХХК нь удаа дараа төлбөр барагдуулахыг шаардсаны эцэст С ХХК нь материал, ажлын хөлсний нийт дүн болох 246,550,000 төгрөгийг хэсэгчлэн барагдуулах санал гаргасныг бид хүлээн зөвшөөрч, талууд гэрээний үнэ, төлбөрийн хуваарийг тодорхой болгох зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20/19-02 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэтэл С ХХК нь мөн л дээрх гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй удаашруулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд С ХХК-аас 246,550,000 төгрөгийг гаргуулан Э.Б.Э ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэх 20 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ нь С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс байгуулаагүй тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч уг гэрээгээр Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын "Б" блокийн доторх өрлөг шаврын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэх боловч уг гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж гэрээгээр гүйцэтгэх ажил нь нэхэмжлэлийн агуулгад дурдсан ажлаас огт өөр, зөрүүтэй байна. Иймээс нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд заасан ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгээгүй байна.
2.2. Нэхэмжлэгч нь "Б" блокийн доторх өрлөг шаврын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2020 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн гэх боловч ажлыг хүлээлгэн өгсөн болохыг нотлох акт, баримт бичиг огт байдаггүй. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 1.3, 2.1, 4.2, 4.3, 5.1, 5.2 дахь хэсгүүдэд зааснаар гүйцэтгэгч нь хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхдөө захиалагчаар ажлаа шалгуулж, улсын болон техникийн комиссоор ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулснаар ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөхөөр зохицуулсан ба нэхэмжлэгч гэрээний эдгээр заалтад заасан үүрэг, шаардлагыг огт биелүүлээгүй байна.
2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ материал, ажлын хөлсний зардлыг төлж барагдуулахаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20/19-02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 3.3-т төлбөрийг төлөх хуваарийг заасан гэх боловч энэхүү баримт бичиг нь ажил хүлээлцсэн акт биш харин гэрээ байна. Гэрээний төрлийн хувьд төлбөр барагдуулах гэрээ биш харин Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын "Б" блокийн дотор өрлөг шаврын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байна. Уг гэрээний 1.3, 2.1, 4.2, 4.3, 5.1, 5.2 дахь хэсгүүдэд зааснаар гүйцэтгэгч нь хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхдөө захиалагчаар үе шат бүрийн ажлаа шалгуулж, улсын болон техникийн комиссоор ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулснаар ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөхөөр зохицуулсан байтал нэхэмжлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ мөн л биелүүлээгүй, ажлыг гүйцэтгэж дуусаагүй, захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй байна.
2.4. Гүйцэтгэгч Э.Б.Э ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20/19-02 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлуудыг чанаргүй хийсэн, доголдол дутагдал гаргасан төдийгүй хийх ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүй байж гэрээний төлбөрийг бүтнээр нь нэхэмжилсэн байгаа нь огт үндэслэлгүй байна.
Иймд Э.Б.Э ХХК-ийн материал, ажлын хөлс нийт 246,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас 238,155,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б.Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,394,047 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,390,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 1,348,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б.Э ХХК-д олгож, шинжээчийн зардалд хариуцагч С ХХК 2,500,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Э.Б.Э ХХК-аас 2,500,000 төгрөгийг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлээгүй тухайд.
а. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С ХХК-аас Э.Б.Э ХХК-д ажил гүйцэтгэлийн төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн нийт шаардлагаас хасч тооцоогүй алдаа гаргажээ. Учир нь энэ төлбөрийг талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 20 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжиж байх үед уг гэрээний төлбөр болгон төлсөн. Хохирлын үнэлгээний институтын дүгнэлтээр нэхэмжлэгч нь хариуцагчид 50,000,000 төгрөг буцаан төлөх үүрэгтэй гэж гарсан байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Хэрэв шүүх нэгэнт анхны гэрээ нь эрхгүй этгээд байгуулсан хүчингүй гэрээ гэж үзсэн юм бол уг 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэх ёстой байсан. Дараа нь байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг шүүх хүчинтэй гэрээ гэж үзэж байгаа бол уг 50,000,000 төгрөгийг уг гэрээний төлбөрөөс мөн хасч тооцох ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч уг төлбөрийг төлсөн талаар дурдаж, нэхэмжлэлийн дүнгээс хасах ёстой тухай тайлбарласан байхад шүүх энэ талаар огт дүгнээгүй алдаа гаргажээ.
б. Хохирлын үнэлгээний институтын шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/Ш32021/14021 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж дүгнээд хариуцагчийн хүсэлтээр дахин шинжилгээ хийлгэхээр Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон. Гэвч Барилгын төсөвчдийн холбоо шинжээчээр ажиллахгүй гэсэн хариу өгсөн тул шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/03103 дугаар захирамжаар Хохирлын үнэлгээний институтыг шинжээчээр томилсон. Ийнхүү анхан шатны шүүх өмнө нь эргэлзээтэй гэж үзсэн шинжээчийн дүгнэлтээ шийдвэрийнхээ гол үндэслэл болгоод харин үндэслэл бүхий гарсан дахин хийлгэсэн шинжээчийн дүгнэлт болох Хохирлын үнэлгээний институтын дүгнэлтийг огт үнэлээгүй алдаа гаргажээ. Хариуцагчаас шинжээчид тавьсан нэг асуулт нь Э.Б.Э " ХХК-аас ажил гүйцэтгэхэд гарсан нийт төлбөр, зардлын хэмжээ буюу гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тодорхойлох гэсэн асуулт байсан. Нэхэмжлэгчээс гарсан төлбөр зардал нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байгаа талаар Хохирлын үнэлгээний институтын дүгнэлтэд заасан. Гэтэл шүүх эдийн засгийн дотоод аудитын хохирлын үнэлгээ гаргасан гэж буруу дүгнэлт хийжээ. Шүүгчийн захирамжид заасан асуултад Хохирлын үнэлгээний институт хариулт өгсөн байхад шүүх чухам ямар үндэслэлээр Хохирлын үнэлгээний институтын дүгнэлтийг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хийсэн гэх ажлын гүйцэтгэл, гарсан зардлууд нь ямар ч баримтаар нотлогдохгүй байна, зардал гарсан мэтээр зохиомол баримтууд нөхөж үйлдсэн байна гэж маргаад үүнийг нь тогтоолгох зорилгоор шинжээч томилуулсан байхад анхан шатны шүүх хариуцагчийг ингэж маргаагүй мэтээр хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлахгүйгээр энэхүү хэргийг үндэслэлгүй шийдвэрлэжээ.
4.2. Нотлох баримтаар үнэлэх ёсгүй шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн тухайд.
а. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гол үндэслэл болгосон Барилгын төсөвчдийн холбооны төсөвчин Ц.С ийн гарын үсэг бүхий шинжээчийн дүгнэлт нь дараах үндэслэлүүдээр үнэн зөв болох нь эргэлзээтэй, үндэслэлгүй гарсан.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргал нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ковид-19 коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан тул барилгын талбай дээр хийх үзлэг шинжилгээг 14 хоногоор хойшлуулж, түүнийг заавал байлцуулан хийхийг шинжээч Ц.С ийн ***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэнгийн *** дугаарууд руу мессеж бичиж, хүсэлт тавьсан (1 дэх хавтас 185-187 дахь тал) боловч шинжээч 3 сард амарна, нэхэмжлэгч чинь шаардаад байна гэх хариуг өгч хэргийн оролцогчийг байлцуулахгүйгээр үзлэг хийж шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг зөрчсөн. Шинжээч барилгын талбайн үзлэг шинжилгээг нэхэмжлэгчийн төлөөлөгчийг байлцуулаад харин хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хүнд өвчтэй байхад нь 14 хоног хойшлуулахгүйгээр хариуцагчийн эрхийг зөрчиж хийсэн тул уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ийнхүү байдлаар дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээч ажлын гүйцэтгэлийг биет байдлаар нь талуудыг байлцуулан танилцаж, гүйцэтгэсэн ажлыг фото зургаар баримтжуулан дүгнэлт гаргасан гэж дүгнэснийг буруу дүгнэлт гэж үзэж байна.
- Шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/Ш32021/03567 дугаар захирамжид зааснаар хэргийн оролцогчид руу холбогдож шаардлагатай мэдээлэл авч болно гэсэн болохоос биш талуудаас нэмж баримт материал гаргуулж, цуглуулах эрхийг шинжээчид олгоогүй. Гэтэл шинжээч нь ажил гүйцэтгэсэн акт (захиалагч тал гарын үсэг зураагүй), ажлын тайлан (захиалагч тал гарын үсэг зураагүй)-г нэхэмжлэгчээс шинээр үйлдүүлж гаргуулан авч, бусад олон баримтыг нэмэлтээр гаргуулан авч дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шинжээч нь хэрэгт авагдсан баримт материалын хүрээнд шинжилгээ хийх үүрэгтэй болохоос өөрөө нэхэмжлэгчээс баримт шаардаад, хэрэгт авагдаагүй баримтад тулгуурлан дүгнэлт гаргаж болохгүй. Барилгын төсөвчдийн холбооны төсөвчин Ц.С нь өөрийн санаачилгаар нэхэмжлэгчээс баримт материал цуглуулж, тайлбар гаргуулан авсан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг зөрчиж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах үйл ажиллагаа явуулахыг шинжээчид хориглоно гэж заасныг шууд зөрчсөн. Иймээс хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж дүгнэлт гаргасан байх тул уг шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй юм
- Шүүхээс бодит байдалд нэхэмжлэгч барилгын ажил хийсэн үү үгүй юу, хэр хэмжээний ажил хийсэн, төсөвт өртөг зардал нь хэд болсныг тогтоолгохоор шинжээч томилсон байхад шинжээч нь нэхэмжлэгч ажил хийсэн л юм байна лээ, хийсэн ажлыг нь нотлоход ажил гүйцэтгэсэн акт, тоосго блокны сертификат, барилгын ажлын зураг хэрэгтэй гээд эдгээрийг нэхэмжлэгчээс нэмэлт баримт бэлдүүлж гаргуулан авч, нэхэмжлэгчийн төлөөлөгч гүйцэтгэсэн ажлаа тодруулагчаар тодруулсан ажлын зургийг өгч, нэхэмжлэгчийн хийсэн ажлыг нотлохын төлөө шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байдаг. Иймээс шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан хараат бус байх зарчмыг баримтлаагүй.
- Шүүгчийн захирамжаар нэг л дүгнэлт гаргахаар заасан байхад шинжээчээс 3 дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй юм. Шинжээч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын чанарын талаар дүгнэлт гаргах байсан болохоос биш чанаргүй ажлыг засаж янзлахад гарах зардлын талаар дүгнэлт гаргах үүрэг хүлээгээгүй. Шинжээчийн дүгнэлтэд гүйцэтгэсэн ажлын чанарын талаар дүгнэлт өгөөгүй мөртлөө ан цав үүссэн хэсгийг засч янзлах, хог цэвэрлэхэд гарах зардлын дүнг тодорхойлсон байгаа нь шинжээч захирамжид заасан асуудлаар дүгнэлт гаргах үндсэн үүргээ биелүүлээгүй болохыг нотолдог. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн уг алдааг улам дэмжиж шүүгчийн захирамжид заагаагүй шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож хууль зөрчжээ.
- Шинжээчийн дүгнэлт дээр зөвхөн тэргүүлэх төсөвчин Ц.С гэж гарын үсэг зурж тэмдэг дарсан ба Барилгын төсөвчдийн холбооны тамга гарын үсэг байхгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно гэж заасныг зөрчсөн хүчингүй дүгнэлт юм.
- Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажилд зарцуулсан барилгын материалын гарал үүсэл, үнийг шалгаж дүгнэлтдээ тусгах ёстой байтал Барилга.мн сэтгүүл болон Улаанбаатар менежмент ХХК-ийн үнийн мэдээлэлд үндэслэн төсөв хийсэн нь маш их үнийн дүнгийн зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй болсон. Тиймдээ ч нэхэмжлэлийн үнийн дүн 246,550,000 төгрөг байхад шинжээчийн дүгнэлтийн өртөг 288,118,214 төгрөг буюу нэхэмжлэлээс даруй 41,568,214 төгрөгөөр илүү дүн гарсан нь ойлгомжгүй. Мөн түүнчлэн дүгнэлтэд байгаа материалын лабораторийн шинжилгээний дүнгүүд нь 2019 оны 09 дүгээр cap, 2020 оны 09 дүгээр cap буюу нэхэмжлэгчийн ажил хийсэн хугацаатай огт таарахгүй, хийсэн ажилд нь хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй бичгүүд байхад дүгнэлтдээ ашиглаж алдаа гаргасан. Барилгын өрлөг шаврын ажил нь программ ашиглах хэмжээний их ажил биш буюу нарийн ажиллагаатай ажил биш байтал шинжээч нь өөрт амар хялбар аргаар программаар төсвөө хийж нэхэмжлэгч талд зориулан дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх ийм их алдаатай хууль бус дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдсэн тул шүүхийн шийдвэр алдаатай гарсныг харуулж байна.
- 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1-д 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно гэж заасан. Энэ хугацаанд ажил олгогч ба ажилтан нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлдээ тус бүр 2%-ийг төлж байсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчтай гэрээ байгуулж 06 дугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн гэдэг тул энэ хөнгөлөлт чөлөөлөлтийн хугацаанд хамаарч байна. Гэтэл шинжээч нь ажилчдын цалингийн нийгмийн даатгалын хувь хэмжээг 13.5%-аар бодож, бодит байдалд нийцэхгүй өндөр хэмжээгээр цалингийн зардлыг өсгөж төсөвт өртгийг өндрөөр тооцсон байгааг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй алдаа гаргасан.
- Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хийсэн гээд байгаа ажил нь шүүхэд гарган өгсөн 2 гэрээний чухам алинд нь хамаатай вэ гэдгийг тодруулах зорилгоор шинжээчид асуулт тавьж, шүүгчийн захирамжид уг асуулт тусгагдсан. Гэтэл шинжээч үүнд тодорхой хариулж чадаагүй бөгөөд 2 гэрээгээр нэгэн зэрэг ажил хийсэн байх боломжгүй байхад хоёр гэрээгээр нэгэн зэрэг ажил хийсэн мэтээр дүгнэлтдээ бичсэн байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь буруу гэж үзэж байна.
- Одоо үед өрлөг шаврыг хийхдээ цементээ гараар зуурч ажил хийхээ больсон байхад шинжээч нь гараар шавар зуурсан гэх мэтийн илт үнэмшил муутай төсөв хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б блокийн дотор засал өрлөгийн ажлыг хариуцан дуусгасан Батс-Өргөө" ХХК нь Э.Б.Э ХХК-ийн хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй учраас удаа дараа засвар хийсний дүнд ашиглалтад орох хэмжээнд бэлэн болсон төдийгүй үзлэгээр нэхэмжлэгчийн хийсэн гэх ажил бараг байхгүй, мэдэгдэхээргүй болсон байхад шинжээч чухам яаж үзэж шалгаад 100% ажил хийсэн гэж нотолж байгаа нь ойлгомжгүй юм.
4.3. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд.
а. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2 удаагийн ажил гүйцэтгэх гэрээний үр дагаварт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Тодруулбал шүүх эхний ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй гэрээ гээд эрхгүй этгээд гэрээ байгуулсан үндэслэлийг зөвтгөн дахин гэрээ хийсэн гэж дүгнэсэн. Шүүхээс уг эхний гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх ёстой байтал ийнхүү дүгнээгүй нь буруу байна. Тэгэхээр анхны гэрээ нь хүчингүй юм бол уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Хэрэв шүүх дараагийн гэрээг хүчинтэй гэж үзсэн бол уг гэрээний гүйцэтгэл, ажил хүлээлцсэн актыг шалгах ёстой байтал уг гэрээг зөвхөн төлбөр төлөх тохиролцоо байсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шүүх хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдэд буруу үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байна.
б. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...Хариуцагч нь гэрээний дагуу гүйцэтгэгч ажлыг хийгээгүй, хийсэн ажлын гүйцэтгэл доголдолтой байсан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн өдөр тутмын ажлын тэмдэглэл, ажил гүйцэтгэсэн 1-6 тоот акт, гэрч Ч.Г , Ц.М нарын мэдүүлэг, ...банкны дансны хуулгууд, Барилгын төсөвчдийн холбооны шинжээч Ц.С ийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч С ХХК нь өөрийн татгалзлаа шүүхийн өмнө нотолж чадаагүй, нотлох үүргээ биелүүлээгүй" гэсэн хэт нэхэмжлэгч талыг барьсан oгт үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Дээрх баримтуудад дараах байдлаар няцаалт хийсэн байхад шүүх үүнийг үнэлээгүй алдаа гаргасан байна:
- Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн өдөр тутмын ажлын тэмдэглэл - энэ тэмдэглэлийг баталгаажуулсан хэсэгт захиалагч байгууллагын захирал гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулаагүй байдаг. Мөн өдөр тутмын хийсэн гэх ажлын арын баганууд болох Инженер даамлаас гүйцэтгэсэн ажлыг шалгаж хүлээн авсан ажлын нэр, чанарын үнэлгээ, Ил далд ажлын актыг бичиж баталгаажуулсан он, cap, өдөр гэсэн хэсгүүдийг oгт бөглөөгүй, баталгаажуулаагүй. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарыг огт анхаараагүй, үнэлэлт өгөөгүй мөртлөө энэхүү бүрэн гүйцэд биш тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу байна.
- Ажил гүйцэтгэсэн 1-6 тоот акт - Эдгээр актад захиалагч болох С ХХК-аас гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад шүүх хэргийг шийдэхдээ үндэслэл болгосон нь хууль бус юм. Мөн түүнчлэн нэхэмжлэгч уг актуудыг анх шүүхэд гаргаж өгөөгүй байснаа Барилгын төсөвчдийн холбоо дур мэдэж баримт нэхэх үед эдгээр актыг нөхөж бичиж үйлдсэн гэж бид үзэж байна.
- Гэрч Ч.Г , Ц.М нарын мэдүүлэг - Энэ хэргийн гол эзэн С ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Ч.Г гэх хүн хувьцааг нь эзэмшдэг компанийнхаа ажлыг хийхдээ өөрөөсөө мөнгө гаргасан гэдэг ба тэр мөнгөө нэхэмжлэгч Э.Б.Э ХХК-аар дамжуулан С ХХК-аас эргээд нэхэмжилж байгаа нь тун ойлгомжгүй бөгөөд хариуцагчийн эрхийг ноцтой зөрчдөг. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхжаргалын зүгээс Ч.Г аас асуулт асууж хариулсан гэрчийн мэдүүлгийн хэсэг (1 дэх хавтас 246-250 дахь тал)-ийг огт уншиж судлаагүй байна.
- Банкны дансны хуулгууд - Энэ нь Ч.Г гэх хүний хувь дансны хуулга (1 дэх хавтас 97-112 дахь тал) бөгөөд нэхэмжлэгч Э.Б.Э ХХК-аас Ч.Г т бэлнээр олгосон гэх 135,000,000 төгрөг нь Э.Б.Э ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдаагүй, Ч.Г ийн дансанд орлого болж ороогүй байдаг. Өөрөөр хэлбэл бодит байдалд Ч.Г нь Э.Б.Э ХХК-аас мөнгө огт аваагүй ба сүүлд шүүхэд хандах үед бэлэн мөнгө авч зарцуулсан мэт зохиомол баримтууд үйлдээд шүүхэд гарган өгсөн байдаг. Эдгээр баримтууд нь Ч.Г ийн банкны дансны хуулгыг үгүйсгэж байхад шүүх үүнийг огт анхаараагүй байна.
- Барилгын төсөвчдийн холбооны шинжээч Ц.С ийн дүгнэлт - Дээр дурдсанчлан уг шинжээчийн дүгнэлт нь маш олон хууль зөрчсөн, хүчингүй, эргэлзээтэй дүгнэлт учраас шүүх Хохирлын үнэлгээний институтыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр Ц.С ийн дүгнэлт няцаагдаж байхад хариуцагчийг баримтаар няцаасангүй гэдгийг ойлгохгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/03256 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч нь анхан шатны шүүх 50,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн дүнгээс хасаж тооцоогүй алдаа гаргасан гэж гомдол гаргажээ. С ХХК-аас Э.Б.Э ХХК-д шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, зээлийн өрөнд өгсөн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, 1 дэх хавтас 117, 119 дэх талд байгаа. Мөн гэрч Ч.Г 50,000,000 төгрөг буцаан авч банкны зээлд өгсөн тухай шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн, хэргийн 248 дахь талд авагдсан.
5.2. Мөн шүүх Хохирлын үнэлгээний институтын дүгнэлтийг үнэлээгүй гэж гомдол гаргажээ. Хариуцагчаас шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн хийсэн ажлын төсөвт өртөг, зардлын хэмжээг тогтоох зорилготой байсан. Гэтэл шүүхээс мэргэжлийн төсөвчингүй, мөн талуудын хооронд хохирлын маргаантай асуудал огт яригдаагүй байхад Хохирлын үнэлгээний институтыг шинжээчээр томилсон нь анхнаасаа үндэслэлгүй байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ талаар гомдол гаргаж байсан. Хохирлын үнэлгээний институт нь шинжээчийн хөлсийг урьдчилан авсан байсан, төлбөрийн хариуд хэргийн материалыг өөртөө 1 жил 6 сар дарж улмаар барилгын ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдохгүй байна, нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөг гаргуулж хариуцагч компанид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүхийн өмнөөс шийдвэр гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хохирлын үнэлгээний институтын шинжээчийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
5.3. Гомдолд төсөвчин Ц.С ийн шинжээчийн дүгнэлтийг үнэлэх ёсгүй гэжээ. Хариуцагчаас шинжээчид тавьсан асуултад Барилгын төсөвчдийн холбооны шинжээч, Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Ц.С нь барилгын ажлыг гүйцэтгэсэн, барилгын талбай, газар дээр очиж үзлэг хийн, талуудын төлөөлөгч нарыг байлцуулан Э.Б.Э ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэл, төсөвт өртөг зардлыг мэргэжлийн дагуу үнэн зөв дүгнэж гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр дүгнэлт гаргасан гэж гомдол гаргасан байна. С ХХК-ийн захирал П.Б одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа, биднийг бүгдийг нь дуудсан, шинжээч газар дээр нь үзлэг хийхээр очсон, шинжээч П.Б захирлын өрөөнд орсон, П.Б захирал өмнө нь захирлаар ажиллаж байсан Н.Г ийг дуудсан байсан, үзлэг явуулна гэж хэлсэн. Эдгээр олон хүмүүстэй хамт үзлэг хийгээд шинжээч дүгнэлт гаргасан, дүгнэлт үнэн зөв гарсан гэж үзэж байна.
5.4. Нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдлын тухайд. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн нь мөн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр нотлогдож байгаа болно. Хариуцагч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасантай нийцэж байгаа бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний 2.2-т ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэнэ, мөн тус гэрээний 3.3-т заасан хуваарийн дагуу гэрээний төлбөрийг хийж гүйцэтгэнэ гэж заасан нь захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан, гэрээний үнийг хүлээн зөвшөөрснийг нотолж байгаа бөгөөд мөн гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзэж байна. Хариуцагч С ХХК нь барилгын ажлын талаар ямар нэгэн гомдол огт гаргаж байгаагүй. Барилгыг улсын комисс хүлээж аваад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд В блокийн өрлөг шаврын ажлыг Э.Б.Э ХХК-ийн хөрөнгөөр гүйцэтгүүлчихээд одоо хүртэл гэрээгээр тохиролцсон үнэ, материал, ажлын хөлс 246,550,000 төгрөгийг төлөөгүй нэхэмжлэгч хохироод байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Б.Э ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Э.Б.Э ХХК болон С ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Э.Б.Э ХХК нь Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх, захиалагч С ХХК нь ажлын хөлс 1,635,809,900 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.2. Мөн талууд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20/19-02 тоот барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э.Б.Э ХХК нь Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын Б блокийн дотор өрлөг, шаврын ажлыг гүйцэтгэх, захиалагч С ХХК нь 246,550,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
3.3. Гүйцэтгэгч Э.Б.Э ХХК нь 2020 оны 04-06 дугаар сард гэрээт ажлыг гүйцэтгэсэн боловч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг С ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан үндэслэлээр талууд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг байгуулж, гэрээт ажлын тоо хэмжээ буюу материалын зардал, ажлын хөлсийг 246,550,000 төгрөгөөр тооцон хавсралтаар баталж, захиалагч С ХХК нь уг төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
3.4. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй учир Э.Б.Э ХХК болон С ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний хавсралтад материалын зардал 118,310,000 төгрөг (цемент 110 тн 35,200,000 төгрөг, блок 320 м.кв 54,400,000 төгрөг, тоосго 72000 ш 19,440,000 төгрөг, элс 198 м.куб 7,920,000 төгрөг, ялуу 50 ш 800,000 төгрөг, өрлөгийн тор 1000 ш 550,000,000 төгрөг), ажлын хөлс 128,240,000 төгрөг (блок 310 м.куб 14,880,000 төгрөг, тоосго 1260 м.кв 20,160,000 төгрөг, шавар 5300 м.кв 84,800,000 төгрөг, механизмын түрээс 8,400,000 төгрөг), нийт 246,550,000 төгрөг гэж тодорхойлсныг үндэслэсэн.
Гэвч хариуцагч ямар хэмжээний ажил хийсэн нь тодорхойгүй, ямар төсөвт өртөгтэй нь баталгаагүй, ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй гэж маргаж, шинжээч томилуулах тухай хүсэлт шүүхэд гаргаснаар шинжээч Барилгын төсөвчдийн холбооноос томилогдсон зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин Ц.С ийн дүгнэлт, Хохирлын үнэлгээний институтын эдийн засгийн хөндлөнгийн шинжээч Ё.Баярмаагийн дүгнэлт тус тус гарчээ.
4.1. Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлт гарсны дараа хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/03103 дугаар захирамжаар Хохирлын үнэлгээний институтыг шинжээчээр томилохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-110 дугаар зүйлүүдэд заасан дэгийн дагуу хэргийг хэлэлцээгүй, зохигч талууд тайлбар гаргаж мэтгэлцээгүй, нотлох баримтыг шинжлээгүй учир дахин шинжилгээ хийлгэх талаар зохицуулсан тус хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг захирамжид баримталсан нь алдаатай болжээ.
Дээрх 2 шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтад хамаарч, хуульд заасан журмын дагуу үнэлэгдэнэ. Иймээс хариуцагчийн гаргасан анхан шатны шүүх өмнө нь эргэлзээтэй гэж үзсэн шинжээчийн дүгнэлтээ шийдвэрийнхээ гол үндэслэл болгож үнэлсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
4.2. Шинжээч Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтийг дор дурдсанаар хүчингүй, хууль зөрчсөн гэх гомдлыг мөн хангах боломжгүй байна. Үүнд:
а. Барилгын төсөвчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/2 дугаар тушаалаар Монгол Улсын зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин Ц.С ийг шинжээчээр томилсон тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлтийг байгууллагын тэмдгээр баталгаажуулах шаардлагагүй.
б. Шинжээч нь шинжилгээний объектод үзлэг хийхдээ хариуцагчийн төлөөлөгч, тухайн үед захирал байсан Н.Г , нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, инженер Ц.М нарыг байлцуулсан, мөн нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинаас шинжээчид баримтууд гаргаж өгсөн байх тул шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, 4.1.3-т хараат бус байх, 15 дугаар зүйлийн 15.1.4-т шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй.
4.3. Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтэд Э.Б.Э ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг 100 хувь, ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг 288,118,214 төгрөг гэж, Хохирлын үнэлгээний институтын дүгнэлтэд Э.Б.Э ХХК нь Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудлын катеринг Б блокийн барилгын дотор өрлөг шаврын ажлын материал, ажлын хөлсний төлбөрт 246,550,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй, гүйцэтгэгч Э.Б.Э ХХК нь захиалагч С ХХК-д ажил гүйцэтгэлийн төлбөр 50,000,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй гэж тус тус дүгнэжээ.
а. Хохирлын үнэлгээний институтын дүгнэлтээр нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн өдөр тутмын ажлыг цаг хугацаанд нь аккруэл сууриар бүртгээгүй, анхан шатны баримт үйлдээгүй, тайлан гаргаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 13 дугаар зүйлийн 13.5, 13.7 дахь хэсэгт заасантай нийцээгүй болох нь тогтоогдсон боловч Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтээр нэхэмжлэгч нь ХТХ-01/2018 шифр бүхий Хөшигийн хөндий зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгын ажлын зурагт тусгагдсан Б блокийн 1, 2 дугаар давхар болон техникийн давхрын блокон өрлөг, тоосгон өрлөг, шавардлагын ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон, мөн уг ажлын тоо хэмжээг БД 81-101-01 Барилгын ажлын тоо хэмжээ бодох зааврын дагуу, төсвийг БНбД 81-95-12 Барилгын төсөв зохиох дүрэм, БНбД IY-2-97 Барилгын төсвийн суурь үнэлгээ, БНбД IY-2 нормативын дагуу тус тус тооцжээ.
Анхан шатны шүүх 2 шинжээчийн дүгнэлтийг харьцуулж, Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй. Тодруулбал нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг биелүүлээгүй боловч түүний гүйцэтгэсэн барилгын ажил, тоо хэмжээ, өртөг нь Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн дагуу Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтээр тогтоогдсон тул уг дүгнэлтийг талуудын маргаанд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх үндэстэй.
б. Шүүгчийн захирамжаар шинжээч Барилгын төсөвчдийн холбоонд Э.Б.Э ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ, төсөвт өртгөөс гадна чанарын талаар дүгнэлт гаргахыг даалгасан тул шинжээч нь С ХХК-аас ажлын доголдлын талаарх тайлбар, фотозургууд ирүүлснийг үндэслэн ан цав гарсан хана таазны гадаргууг зүлгэх, ан цавыг битүүлэх ажил, тэдгээрийн тоо хэмжээ, өртгийг холбогдох норм, нормативын дагуу тооцсоныг ажлын чанартай холбоотой дүгнэлт гэж үзнэ. Түүнчлэн маргаанд аль гэрээг баримтлах нь эрх зүйн асуудал тул шинжээч захирамжид заасан асуудлаар дүгнэлт гаргах үндсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажил 2 гэрээний алинд хамааралтай талаар шинжээч тодорхой хариулж чадаагүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
в. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт дахь тооцооллыг шинжээчийн дүгнэлттэй харьцуулбал, материалын зардлыг гэрээнд 118,310,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтэд 114,069,610 төгрөгөөр тооцсон нь хоорондоо хэт зөрүүтэй гэж үзэхээргүй байна. Шинжээч Барилга.мн сэтгүүл болон Улаанбаатар менежмент ХХК-ийн үнийн мэдээлэлд үндэслэн төсөв хийсэн нь маш их үнийн дүнгийн зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй болсон ... нэхэмжлэлээс даруй 41,568,214 төгрөгөөр илүү дүн гарсан гэх хариуцагчийн гомдол баримтаар тогтоогдоогүй байна.
5. Үүнээс гадна гэрч Ц.М нь Э.Б.Э ХХК барилгын ажил гүйцэтгэх үед талбайн инженерээр ажилласан, Б блокийн доторх өрлөг, шаврын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, чанарын талаар санал гомдол гараагүй, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл (улаан дэвтэр) хөтөлсөн, акт үйлдсэн, фото зургаар баталгаажуулсан талаар шүүхэд мэдүүлсэн ба хэрэгт барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл баримтыг хариуцагч С ХХК-аас гаргаж өгчээ.
Тус тэмдэглэлд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд өдөр бүр хийгдсэн ажлын талаар тэмдэглэл хөтөлсөн байна. Харин инженер даамлаас гүйцэтгэсэн ажлыг шалгаж хүлээн авсан ажлын нэр, чанарын үнэлгээ, ил, далд ажлын актыг бичиж баталгаажуулсан он, сар, өдөр гэсэн хэсгүүд тэмдэглэгээ хийгдээгүй байх боловч шүүх гэрч Ц.М ийн мэдүүлэгт үндэслэн уг тэмдэглэлийг нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэх үндэслэлтэй. Үүнээс гадна хариуцагч нь уг бичгийн баримтыг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр баримт үйлдэн нэхэмжлэгчээс хүлээж авсан байх тул тухайн баримтын агуулгыг эсэргүүцээгүй гэж дүгнэнэ.
Гэрч Ч.Г нь Э.Б.Э ХХК-аас шилжүүлсэн 135,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал худалдан авсан талаар мэдүүлсэн, мөн хэрэгт түүний дансны хуулгууд авагдсан нь нэхэмжлэгч барилгын ажил гүйцэтгэсэн эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой болно.
Иймээс нэхэмжлэгч талын нотлох баримтуудыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул шүүх хэт нэхэмжлэгч талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх гомдол үндэслэлгүй байна.
6. Шинжээч барилга угсралтын ажлын төсөвт өртгийг 288,118,214 төгрөгөөр тооцсон боловч нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан 246,550,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх энэ хэмжээнд дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргах эрхтэй тул шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ажлын доголдол болох ан цав засах, хог цэвэрлэх, ачих ажлын өртөг 8,394,047 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.
7. Хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг С ХХК-с ажил гүйцэтгэлийн төлбөр гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн болох нь Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон ба төлбөр хийгдсэн цаг хугацаа, төлбөрийн зориулалт зэргийг бусад баримттай харьцуулбал, маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гэж дүгнэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь уг төлбөрийг С ХХК, Альфа капитал групп ХХК-ийн хоорондын зээлийн гэрээтэй холбоотой гэж тайлбарлаж байх боловч тухайн эрх зүйн харилцаанд нэхэмжлэгч Э.Б.Э ХХК эрх эдэлж, үүрэг хүлээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иймээс дээрх 50,000,000 төгрөгийг хариуцагчийн үүргийн гүйцэтгэлд тооцох үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлс 188,155,953 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/03256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 238,155,953 гэснийг 188,155,953 гэж, 8,394,047 гэснийг 58,394,047 гэж, 2 дахь заалтын 1,348,730 гэснийг 1,098,729 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 1,348,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА