Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Л.Э

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эод холбогдох

эрүүгийн 1922000160031 дугаартай хэргийг  2019 оны 3 дугаар 18-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн  Хушаат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  ам бүл  4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан  сумын .................................................... тоотод оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг  хариуцах чадвартай Д.Э гэв.

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө  Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын  7 дугаар  багийн  нутаг дэвсгэрт тээврийн  хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ,  согтуугаар 82-49 УНУ улсын  дугаартай “Тоёото приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашинд зорчиж явсан Л.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1.Шүүгдэгч Д. Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 сарын 1-ний өдөр найз Э, Пүрэвдорж нарыгаа гэртээ авч ирж цай уулгасан. Би Улаанбаатар хотод амьдардаг байж байгаад Дундговь аймагт ирээд 1 жил гаруй болж байгаа. Баяр ёслол болсон юм байна гээд он гараад 2 найзыгаа гэртээ уриад 1 шил архи хувааж уусан. Орой 12 цагийн үед 2 найз гэртээ харих болоод Эрдэнэзаяа би өөрөө машиныг чинь унаад явчихъя гэхээр нь найз нь гэртээ авч ирсэн юм чинь өөрөө хүргээд өгье гээд гэрээсээ гарсан. Гэрээс гараад байрны гадаа гурвуулаа тамхи татаад би өөрөө машин унаад явсан. Түүнээс хойших юмыг санахгүй байгаа. Тэгээд нэг мэдэхэд шөнө 2 цагийн үед цагдаа нар ирж намайг аваад явсан. Би юу болсон талаар огт мэдэхгүй,  тасарсан байсан. Өөрийнхөө болчимгүй үйлдлээс болоод найзынхаа биед хүнд хохирол учруулсан үйлдэлдээ үнэхээр их харамсаж байгаа. Ахиж ийм алдаа гаргахгүй. Цаашид найзынхаа эмчилгээнд шаардлагатай туслалцааг аль болох өөрийн чадах боломж бололцоогоороо дэмжиж тусална. Гэм буруугаа асар ихээр ухамсарлаж байна. Найзынхаа биед хохирол учруулсандаа харамсаж байна. Найзаасаа уучлалт гуймаар байна. Эмчилгээний зардалд нь 3.400.000 төгрөг төлсөн. Цаашид эмчилгээний төлбөрийг нь  аль болох чадлынхаа хэрээр барагдуулна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

2. Хохирогч  Л.Э шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрдэнэболд 2 өдөр над руу “Уулзъя” гээд залгасан. Тэр өдөр өдрөөс хойш яриад байсан. Тэгээд орой нь гэрийн гадаа хүрээд ирсэн. Хүрээд ирж байгаа юм чинь яах ч арга байхгүй уулзаад Пүүжээг очиж авсан. Манай гадаа ирэхдээ нэлээд халамцуу байхаар нь би машиныг нь унаад Пүүжээгийнд очоод дараа нь гэрт нь очсон. Пүрэвдорж айлд очоод хордлого авчихсан гээд тэр архины нэлээдийг нь Пүрэвдоржид “Хордлогод чинь сайн” гээд уулгасан. Тэгээд Эрдэнэболд намайг хүргэж өгнө гээд байхаар нь согтуу хүнээр бариулаад яах вэ гээд машиныг нь унаж явна гэж худлаа яриад түлхүүрийг нь аваад эхнэрт нь өгөөд Пүүжээтэй гараад такси баръя гэсэн бодолтой гарсан чинь Эрдэнэболд хойноос гарч ирээд “Би чамайг авч ирсэн юм чинь чамайг хүргэж өгнө” гэхээр нь “Үгүй ээ. Хэрэггүй” гээд нэг такси руу залгасан чинь дугаар нь холбогдохгүй байсан. Хоёр гурван такси руу залгасан. Тэгсэн чинь манай хоёр найз машиндаа суучихсан, би такси руу залгаад зогсож байхад “наашаа суу” гэхээр нь суусан. Пүүжээ намайг 6’000’000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээч гээд Пүүжээгийн гар утас дээрх зургийг нь эргэж хараад байж байхад Эрдэнэболд хөдөлж байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машинд ганцаараа сэрсэн. Ухаан оронгуутаа эхнэр рүүгээ залгасан. Такси руу залгасан минутаа утаснаасаа харсан. Барагцаалбал 30 минут ухаан алдсан байсан. Машинд ганцаараа хөлдөж үхэх гээд сэрсэн. Болохоо байлаа гэж бодоод эмнэлэг рүү өөрөө алхсан. Эмнэлэгт очиход эмнэлгийнхэн сүйд болоод, эхнэр ч удалгүй ирсэн. Тэгээд “Хот явж яаралтай хагалгаанд ор. Манай энд наадахыг чинь оношлоход хэцүү. Ер нь эвгүй болчихсон байна. Яс нь тархи руугаа зоогдоод цөмрөөд орчихсон байна. Тархин дотроо цус алдаж байх магадлалтай” гээд явуулсан. Одоо намайг тархины даралттай болчихсон байна гэсэн. Долоо хоногийн өмнө хоёр удаа гэртээ ухаан алдаж унасан.

Миний найз учраас надад гомдол, санал байхгүй гэж байсан. Би цагдаад ч гомдолгүй гэж бичиг хийж өгсөн. Тэгээд гомдолгүй гэж хэлье дээ гэж бодож байсан чинь тэрнээс хойш Эрдэнэболд над руу 4, 5-хан удаа залгасан. Хагалгаанд орчхоод байхад хүний урамд найз гээд бие нь яаж байна гээд нэг ч удаа над руу яриагүй. Тэрэнд нь би гомдсон. Өнөөдрийн гаргаж өгсөн хүсэлт, баримтуудыг өгөөд байх бодол байгаагүй. Өөрөө над руу хүний мөс гаргаад залгаад ярьсан бол ингэх шаардлагагүй байсан. Гомдсон учраас бичиг өгсөн. Хүн намайг бодохгүй байхад би бодоод байх шаардлага байхгүй гэж үзсэн. Тухайн үед ч гэсэн найз нь машинд нь ухаан алдчихсан байхад орхиод явчихсан. Тэр үед би ухаан орохгүй хөлдөөд үхчихсэн бол би ч энд ингээд зогсохгүй, энэ хүн ч энд суухгүй байх байсан. Тэр үед туслаагүй ч гэсэн яаж байна гээд залгаагүй. Осол болсон өдрөөс хойш над руу 5 удаа л дуудлага хийснээс 3-д нь дандаа машинаа яриад “Машин эвдэрсэн. 6, 7 сая төгрөгийг төлбөр төлнө” гээд байдаг байсан. “Бие нь яаж байна” гэж асуухгүй машинаа л яриад байдаг байсан. Тийм хүнтэй би юу ярих вэ дээ. Би хагалгаанд ороод 3 өдөр өвчин намдаах тариа 4 цагийн зайтай гуяндаа бөгсөндөө хийлгээд, толгой янгинаад өвдөөд байсан. Одоо би толгой дээрээ төмөр тавиулчихсан, 10 шүрүүптэй байгаа. Ээж нь ирээд мөнгө шилжүүлчихээд би ухаантай, ухаангүй байхад манай эхнэрт үхэхээс нь өмнө гэж байгаа юм шиг гарын үсэг зуруулна, нотариат орно гэсэн байсан. Үхэхээс нь өмнө ингэж авъя гэсэн байр суурьтай байсан юм шиг байсан. Би энэ талаар мартъя гэж бодож байсан чинь Эрдэнэболд өөрөө хүн чанаргүй зан гаргасан. Ядаж ярьж болно шүү дээ. 5 алим аваад ирж болох байсан. Тийм юм байхгүй ерөөсөө таг болоод өнөөдөр л уулзаж байна. Нэг удаа байцаагч хүчээр дуудаж Эрдэнэболдыг надтай уулзуулсан. Тэгэхэд мөнгө өгөх гэхээр нь хүүхдэдээ памперс авч өг гэсэн. Тэгээд бүр манай ганц нэг найзуудад “Эрдэнээ надаас өдөр шөнөгүй мөнгө нэхэж байна” гэж худлаа ярьж нэр хүндэд халдсан. Утсаар ч ярихгүй байгаа хүнээс яаж мөнгө нэхэх юм бэ? Миний нөлөө бүхий найзуудад мөнгө нэхэж байна гэж худлаа ярьж нэр хүндэд халдсанд нь их гомдсон. Тэгээд би өнөөдөр баримтууд гаргаж өгсөн. Найзынхаа амьдралыг бодож байхад өөрөө муухай зан гаргасан.

Иймд шүүгдэгчээс 28.678.756 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 6’918’896 төгрөг нь хагалгаа хийлгэснээс хойш эмчилгээтэй холбогдон гарсан зардал, 21.759.860 төгрөг нь хөдөлдмөр эрхлэх чарваргүй болсны улмаас 9 болон 6 настай охидуудад  маань 16 нас хүртэл нь олгох нөхөн төлбөр юм. Миний гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Найзынхаа мууг үзэлтэй нь биш дээ.  Ялын тухайд өмгөөлөгчтэй нь санал нэг байна. Гаргасан зардлаа гаргуулаад авбал өөр хэлээд байх санал байхгүй.  гэв.

 

3. Гэрч С.Пүрэвдоржийн: “...2019 оны 01 сарын 01-ний өдөр Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 18-20 тоотод гэртээ байхад 20 цаг өнгөрч байхад Эрдэнэболд орж ирээд ойрд уулзаагүй гарчихаад ирье гэхээр нь тэгье гээд гарсан. Гадаа машинд Эрдэнэзаяа сууж байсан. Тэгээд машиныг Эрдэнэболд унаад Эрдэнэболдын гэрт очоод бид гурав 0.75 литрийн “Хараа” архи бас пиво байсан. Би пиво уугаагүй харин архийг  нь хувааж ууж дуусаад Эрдэнэболдын гэрээс Эрдэнэзаяа, Эрдэнэболд бид гурав гараад би машины ард талд суусан. Машиныг Эрдэнэболд Эрдэнэзаяа хоёрын хэн унасныг мэдэхгүй байна. Хөдлөөд явж байхад эргээд юм мөргөчих шиг болсон, нэг  мэдэхэд “Номгон” дэлгүүрийн урдуур алхаж байсан, тэгээд л алхаад гэртээ харьсан. Осол болох үед би машины ар талын суудал дээр сууж явсан, урд талд Эрдэнэзаяа, Эрдэнэболд хоёрын хэн хаана сууж явсныг  мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  13-14/

4. Дундговь аймгийн  Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.01.07-ны өдрийн 01 дугаартай: “...Жолооч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. Осол гарах  болсон гол шалтгаан  нь жолооч Д.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн  хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан  тээврийн хэрэгслийн хурдыг энэ  дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарсан байна.  Мөн  3.7...жолоочид дараах зүйлийг  хориглоно. а/ тухайн  ангиллын тээврийн  хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн  байна...” гэсэн дүгнэлт  /хх –ийн 20/

5. Дундговь аймгийн  шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019.01.23-ны өдрийн  190200047 дугаартай: “...Л.Эгийн  биед дух ясны цөмөрсөн хугарал, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн  нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн  хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/

6. 2019.01.01-ний өдрийн 03.32 цагт Д.Э 1.77 хувийн согтолттой байсан” гэсэн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 8/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

8.Хохирогч Л.Эгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол нэхэмжлэлтэй холбоотой баримтууд

9. Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтууд болон хэрэгт хураагдаж ирсэн CD-г  шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө  Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын  7 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ,  согтуугаар 82-49 УНУ улсын  дугаартай “Тоёото приус-20” маркийн тээврийн  хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийн 12.1...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн  хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Эгийн эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э нь эрх хасагдсан үедээ буюу эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь хохирогч Л.Э, гэрч Пүрэвдорж нарын мэдүүлэг болон согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, жолоочийн мэдээлэл /хх-ийн 31/ зэргээр тогтоогдож байгаа болно.

 

Шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн нь осол гарах нөхцөл болсон бөгөөд мөн эрхийн үнэмлэхгүй буюу эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  3.7-ийн  а-д заасныг зөрчсөн байна.

Дээрхи баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Эод холбогдуулан Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн 2-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  болох ба эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Эын болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2-ын 2.1, 2.2  2.3 дахь хэсэгт заасан  хорих  ялыг шүүгдэгчид оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан  байх  тул шүүгдэгчид  2 жилийн хугацаагаар тээврийн  хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэхүү ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь хохирогчид 3.400.000 төгрөг төлсөн болохыг дурдав.

 

Хохирогч Л.Э нь шүүгдэгчээс эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал 6’918’896 төгрөг, хөдөлмөр эрхлэх чадваргүйн улмаас үр хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй байгаа тул 9 настай  том охиноо 16 нас хүртэл  тул 8’959’940 төгрөгийн, 6 настай бага охиноо 16 нас хүртэл нь 12’799’920 төгрөгийн нөхөн төлбөр буюу нийт 28.678.756 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна.

Хохирогч Л.Э нь өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдээс гэм хорын талаархи  нөхөн төлбөрийг шаардах эрхтэй боловч өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн нэхэмжлэлийн талаархи холбогдох баримтыг ирүүлээгүй тул  эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал: хохирогч Л.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаархи шинжээчийн  дүгнэлт хэрэгт  авагдсан байгаа боловч уг хохирол /гэмтэл/ нь түүний энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй, хөдөлмөрийн чадвар алдсан талаархи эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр байхгүй байна.

Иймд хохирогч Л.Эгийн нэхэмжлэлээс насанд хүрээгүй хүүхдүүддээ нөхөн төлбөр гаргуулах тухай 21.759.860 төгрөгийн хохирол, нэхэмжлэлийн  шаардлагыг бүгдийг нь хэлэлцээгүй орхисон болно.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээ хийлгэхтэй холбогдох гарсан зардал 6’918’896 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Мөн хохирогч Л.Э нь БНХАУ-д эмчлүүлсэн 3.471.462 төгрөгийн гэх 2 ширхэг хятад хэлээр бичигдсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр  баримтжуулна” гэж заасан  бөгөөд хохирогч нь гадаад хэл дээрхи 2 баримтын албан ёсны  орчуулгыг хийлгээгүй, гадаад вальютаар хийсэн тооцоог төгрөгт шилжүүлэн мөнгөн дүнг гаргасан боловч  вальютын ханшийн талаархи лавлагааг тус тус ирүүлээгүй байна.

Мөн хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 6’918’896 төгрөгийн баримтанд  2019 оны 01 сарын 03-ны өдөр “Мөнгөн гүүр ” эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөгийн  2 баримт давхардаж байх тул 1 баримтын үнэ болох 120.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

Иймд хохирогчийн эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан  гэх 6’918’896 төгрөгийн нэхэмжлэлээс 3591462 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж 3.327.434 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн эмчилгээний зардалд 3.400.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Л.Э нь шүүгдэгчийн  төлсөн 3.400.000 төгрөгийг нэхэмжилж байгаа хохирлоос хасч тооцохгүй, эмчид өгөөд таарсан гэж байгаа боловч энэ талаархи баримтыг ирүүлээгүй байх тул 3.400.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байна гэж шүүхээс үзлээ.

Иймд хохирогчийн нэхэмжилсэн 28.678.756 төгрөгийн хохирлоос 3.400.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна гэж үзээд хасч, 25.278.756 төгрөгийн хохирол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

Хохирогч Л.Э нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Эоос нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Эод  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан хорих  ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн, хохирогчийн зарим хохирол нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн тул  шүүгдэгчид тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэх нь зүйтэй гэж  үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.3, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4,  36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Д.Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн  хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар  зүйлийн 2-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн  хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн  хуулийн  6.7 дугаар  зүйлийн 1,  7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар  тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Э нь шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн  хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч  нь энэ хэргийн  улмаас цагдан  хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 3400,000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Эгийн нэхэмжлэлээс 25.278.756 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон болон цаашид гаргах  эмчилгээний зардлын талаарх  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Эоос нэхэмжлэх эрхтэйг  заасугай.

7. Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн  үүргийг  биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг  хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг  шүүгдэгч Д.Эод мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн камерын  бичлэг бүхий СД-г  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эод урьд авсан  хувийн баталгаа гаргах  таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ