Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2023/0341/з |
Дугаар | 001/ХТ2024/0032 |
Огноо | 2024-03-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2024/0032
“Д...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын
улсын бүртгэгч Н.Э-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0719 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0731 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0043 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Н.Э, гуравдагч этгээд “А...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “У...” ХХК-ийн итгэмжлэгдсэн Г.М, Д.Н нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: ““А...” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Э-гийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1.“... “А...” ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд болон “У...” ХХК-ийн үүсгэн байгуулагч нар нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг удаа дараа зарлаж хууль бус шийдвэрүүд гаргасаар байгаа бөгөөд “Д...” ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцуулахгүйгээр хийж, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х/22/04 тоот хууль бус тогтоолыг гаргаж, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлж, “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Д...” ХХК-ийн А банкны хувьцааг хууль бусаар бууруулж, 28.22% болгон бүртгүүлсэн байна.
2.2.“Д...” ХХК-ийг мэдээллээр хангах үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд дээрх шинэчилсэн бүртгэлийн талаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олж сонссон ба мөн өдрийнхөө 351 дугаартай албан бичгээр мэдээлэл хүссэний дагуу “А...” ХХК-ийн ТУЗ гэх газраас шинэчлэн бүртгүүлсэн гэх банкны дүрмийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Д...” ХХК-д нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн.
2.3.“А...” ХХК-ийн удирдлага гэх хүмүүс нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т заасныг зөрчиж хувьцаа эзэмшигчийг огт мэдээллээр хангаагүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-17, А-21 тоот тушаалуудаар “А...” ХХК-нд банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлж тус банканд нэг жилийн хугацаатай бүрэн эрхт төлөөлөгч томилсны дараа улмаар банканд хянагч томилон ажиллуулж, банкны бүхий л үйл ажиллагааг хязгаарлаж байсан.
2.4 Эдгээр хүмүүсийг банканд хууль бусаар томилогдсон гэж байгаагийн учир бол Банкны тухай хуулийн 31.3.2-т Төлөөлөн удирдах зөвлөл нь “Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох, мөн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох", Компанийн дүрмийн 9-р зүйлийн 9.6.11-д ТУЗ нь “Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Гүйцэтгэх захирлыг томилно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ”, 10.2-т “Гүйцэтгэх захирал нь Банкны тухай хууль, холбогдох журамд заасан шалгуурыг хангасан байна”, 10.3-т “Гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, энэ дүрэм, ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана” гэх зэргээр гүйцэтгэх удирдлагыг зөвхөн банкны ТУЗ томилох эрхтэй байдаг.
2.5.Гэтэл бодит байдал дээр банканд ТУЗ байхгүй, гишүүд нь бүрдээгүй байсаар байхад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч хууль зөрчиж өөрт олгогдоогүй эрх эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Банкны тухай хуулийн 34.2.2, 34.2.3-т заасан хуулийн шалгуурыг зөрчиж, Гүйцэтгэх захирлыг томилох тухай хууль бус зөвшөөрлийг тухайн үед Бүрэн эрхт төлөөлөгч Б.О-д өгч, улмаар Б.О нь мөн л Банкны тухай хуулийн заалтыг зөрчиж, “У...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, банкны хувьцаа эзэмшигчтэй холбогдох этгээд болох Б.А гэж хүнийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
2.6.Энэ нь Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэрэг бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч нь хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох хууль зүйн боломжгүй. Мөн “А...” ХХК-ийн ТУЗ гээд байгаа хүмүүс нь Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.2-т заасныг илтэд зөрчиж, ТУЗ-ийн хараат бус гишүүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах замаар нэр дэвшүүлэн сонгох зарчмыг баримтлалгүйгээр Монголбанкны оролцоотойгоор хууль бусаар “А...” ХХК-нд томилогдсон эрх зүйн чадвар, чадамжгүй этгээдүүд юм. “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн ба уг хурал нь хүчин төгөлдөр бус, тухайн хурлаас гаргасан Х/22/04тоот тогтоол нь хууль бус.
2.7.Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай” зөвшөөрлөөр “Д...” ХХК-ийн аж ахуйн нэгж, хувь хүний дээрх хувьцаа, хүчин төгөлдөр өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/29 дугаартай “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичгээр нийслэлийн Прокурорын 4613 дугаартай зөвшөөрөл хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэн.
2.8.Мөн нийслэлийн Прокурорын газраас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/776 дугаартай “Гомдлын хариу өгөх тухай” албан бичигт нийслэлийн Прокурорын 4613 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосныг мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байхад, А банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл. “Д...” ХХК нь “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохын хувьд “А...” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаас Х/22/04 тоот хууль бус тогтоол гарснаар бидний хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн.
2.9.Хууль бус хурлаас гаргасан, хууль бус шийдвэрийг үндэслэж буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3-т улсын бүртгэлийн байгууллага тухайн банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу уг хуулийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зайлшгүй үүргээ биелүүлээгүй. ...” гэжээ.
3.Хариуцагчийн хариу тайлбар:
3.1.“... Улсын бүртгэгч миний бие 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн Мишээл цэгийн үйлчилгээний төвд ажиллаж байсан. “А...” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай өргөдлийг хүлээн авч, холбогдох материалуудыг шалган Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг хангасан байсан тул тус өдөр бүртгэлийг хийж мэдээллийн санд бүртгэсэн.
3.2. ... Нийслэлийн прокурорын газрын 2019 оны11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл нь “А...” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд хамаарахгүй.
3.3.Хуулийн этгээдийн бүртгэл хийгддэг программ нь тухайн бүртгэлийн мэдээлэл өөрчлөх гэж байгаа хуулийн этгээдэд хориг тавигдсан тохиолдолд улсын бүртгэгч бүртгэл хийх ямар ч боломжгүй программ байдаг. “А...” ХХК дээр ямар нэг хориг байгаагүй учир бүртгэл хийгдсэн. ...” гэх агуулгатай тайлбар гаргана.
4. Гуравдагч этгээд “А...” ХХК-ийн тайлбар:
4.1. “... Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Тодруулбал, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль тогтоомжид заасан хугацаанд нэмэгдүүлээгүй тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад заасан нөхцөл бүрдэж, банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл үүсэхийг Монголбанкны зүгээс удаа дараа “А...” ХХК-нд анхааруулж байсан. Үүний үндсэн дээр 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд “А...” ХХК-ийн 42.32 хувийн хувьцаа эзэмшигч “Д...” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57.68 хувийн хувьцаа эзэмшигч “У...” ХХК шийдвэр гаргаж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан. Тус тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,363 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж банкны дүрмийн 4.2 дахь заалтад Банк нь нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4726 (дөрвөн мянга долоон зуун хорин зургаа) ширхэг энгийн хувьцаатай байх ба зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн.
4.2.А банк нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж байгаа үйлдэл биш бөгөөд Монголбанкны “А...” ХХК нь сайн дурын үндсэн дээр хувьцаа нэмж гаргаж, А банкны 40 мянга гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, сонирхлыг Монголбанк хамгаалж, банкны үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэн явуулах, тогтворжуулах үүднээс банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн тушаалыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах зорилготой хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулахаар гаргасан шийдвэр юм.
4.3.Дээрх шийдвэрийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/48 тоот тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1184 (нэг мянга нэг зуун наян дөрөв) ширхэг энгийн хувьцааг эргэлтэд гаргаж, хууль тогтоомжид заасны дагуу хувьцаа эзэмшигч “Д...” ХХК-д 500 ширхэг, хувьцаа эзэмшигч “У...” ХХК-д 681 ширхэг энгийн хувьцааг тус тус тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгох, саналын хариуг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор ирүүлэх, хэрвээ тогтоосон хугацаанд санал ирүүлээгүй тохиолдолд тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсанд тооцохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу талуудад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТБ-14, ТБ-15 тоотуудаар “Хувьцаа худалдах тухай мэдэгдэл”-ийг хувьцаа эзэмшигч “Д...” ХХК-д, “У...” ХХК нарт тус тус хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигч “У...” ХХК нь банкнаас санал болгосон 681 ширхэг энгийн хувьцааг худалдан авах саналаа бичиг баримтын хамт тогтоолд заасан хугацаанд ирүүлсэн.
4.4.Үүний ч дагуу хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдэж, улсын бүртгэлд бүртгэл хийлгэсэн ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. Харин “Д...” ХХК нь аливаа хариу, санал ирүүлээгүй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Т/55 тоот тогтоолоор “Д...” ХХК-ийг нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах саналаа хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцсон бөгөөд энэ тухай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТБ-17 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хувьцаа эзэмшигч “Д...” ХХК-д мэдэгдэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хавсарган хүргүүлсэн байдаг. “У...” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4-15-48 тоот албан бичгээр санал болгосон 500 ширхэг хувьцааг худалдан авахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, хувьцааны төлбөрийг байршуулсан баримт болон холбогдох бусад баримтуудыг “А...” ХХК-нд ирүүлсэн.
4.5.Иймээс “А...” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ТБ/22/08 тоот “Зөвшөөрөл хүсэх тухай” албан тоотоор Монголбанкнаас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг хүссэн. Монголбанк дээрх хүсэлтийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хянаж үзээд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н/53 дугаар “Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай” албан бичгээр Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3, 36.15, 36.19.1-36. 19.6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.7, 20.3 дахь хэсэгт заасан шаардлага, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын 3.1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байгаа тул А банкны хувьцаа эзэмшигч “У...” ХХК-д банкны 10,583,282,950.00 /Арван тэрбум таван зуун наян гурван сая хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавин төгрөг/-өөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн.
4.6.Тус зөвшөөрлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “А...” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Тус хойшлогдсон хуралд 67.15 хувийн хувьцаа эзэмшигч “У...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд 32.85 хувийн хувьцаа эзэмшигч “Д...” ХХК-ийн төлөөлөн хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 А банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт заасны дагуу хурлын ирц бүрдэж, хурал хүчин төгөлдөр болсон бөгөөд тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/04 тоот тогтоолоор “А...” ХХК-ийн дүрмийн 4.3 дахь заалтад дараах байдлаар өөрчлөн баталсан. Үүнд: “А...” ХХК-ийн дүрмийн 4.3-д Банкны гаргасан хувьцаа нь 75,014,309,549.60 (Далан таван тэрбум арван дөрвөн сая гурван есөн мянга таван зуун дөчин есөн төгрөг жаран мөнгө) төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3544 ширхэг энгийн хувьцаа байна.
4.7.Улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журам”-ын дагуу А банкны хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлын Х/22/04 тоот тогтоолоор А банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2818 дугаарт бүртгэсэн. Үүнийг үндэслэн “А...” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Н.Э хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэх үүргээ хэрэгжүүлсэн байх тул 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй.
4.8.Нэхэмжлэгч “хувь эзэмшлийг хууль бусаар бууруулсан, хувьцаа эзэмшигчийг мэдээллээр хангаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлгүй” гэжээ. “А...” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын хувь хэмжээ өөрчлөгдөнө. Харин хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд огт өөрчлөлт ороогүй, хохирол учруулсан зүйл огт байхгүй бөгөөд энэ нь хуулийн этгээдийн дүрэм болон лавлагаагаар нотлогдоно. “А...” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн, Банкны тухай хуульд зааснаар ээлжит болон ээлжит бус хурлуудыг тухай бүр зарлаж холбогдох зар, материалыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлдэг боловч Хувьцаа эзэмшигч “Д...” ХХК нь хуралд хүндэтгэсэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй нь энэхүү тайлбарт хавсаргасан хурлын зар хүргүүлсэн шуудангийн баримтууд, аливаа хувьцаа эзэмшигчдийн хурал тус бүрийн тооллогын комиссын акт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ нотариатаар батлуулж хавсаргасан өгсөн баримтуудаар нотлогдоно. ...” гэв.
5. Гуравдагч этгээд “У...” ХХК-ийн тайлбар:
5.1.“... Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг үндэслэн Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 тушаалаар 50,0 тэрбум төгрөгт, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар 100,0 тэрбум төгрөгт хүргэхийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудад үүрэг болгосон байдаг. Улмаар тус тушаалын дагуу А банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг удаа дараа хуралдуулсан боловч “Д...” ХХК нь тус хуралдаанд нэг ч удаа хүрэлцэн ирж оролцдоггүй байсан учир Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу буюу тус хуулийг үндэслэж хойшилсон хурлын ирц 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хүчин төгөлдөр болсон.
5.2.Хэрвээ Монголбанкны тушаалыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт зааснаар банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор маш тодорхой заасан. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Д...” ХХК нь хүрэлцэн ирээгүй учир “У...” ХХК дангаар шийдвэр гаргаж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан.
5.3.Тус тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,363 энгийн хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж банкны дүрмийн 4.2 дахь заалтад Банк нь нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4.726 ширхэг энгийн хувьцаатай байх ба зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн.2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т/48 тоот тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1184 (нэг мянга нэг зуун наян дөрөв) ширхэг энгийн хувьцааг эргэлтэд гаргаж, хууль тогтоомжид заасны дагуу хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-д 500 ширхэг, хувьцаа эзэмшигч “У...” ХХК-д 681 ширхэг энгийн хувьцааг тус тус тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгосныг “Улаанбаатар -Импекс” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 139 тоот албан бичгээр худалдан авахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, хувьцааны төлбөрийг байршуулсан баримт болон холбогдох бусад баримтуудыг “А...” ХХК-д хүргүүлсэн.
5.4.Гэтэл нийт гаргасан 1181 ширхэг энгийн хувьцааны үлдэх 500 ширхэг хувьцааг мөн тэргүүн ээлжид худалдан авах санал “А...” ХХК-аас ирүүлснийг “У...” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4-15-48 тоот албан бичгээр санал болгосон 500 ширхэг хувьцааг худалдан авахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, хувьцааны төлбөрийг байршуулсан баримт болон холбогдох бусад баримтуудыг “А...” ХХК-нд ирүүлсэн. Иймээс “А...” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ТБ/22/08 тоот “Зөвшөөрөл хүсэх тухай” албан тоотоор Монголбанкнаас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг хүссэн.
5.5.Монголбанк дээрх хүсэлтийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хянаж үзээд А банкны хувьцаа эзэмшигч “У...” ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 10,583,282,950.00 Арван тэрбум таван зуун наян гурван сая хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавин төгрөг/-өөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Тус зөвшөөрлийн дагуу 2022 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “А...” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн баталсныг Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2818 дугаарт бүртгэсэн байдаг. ...” гэв.
6. Хэргийн нөхцөл байдал:
6.2.Үүний дараа “А...” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын Т/22/16 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/04 дугаар тогтоолоор “А...” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, “А...” ХХК-ийн санал болгосон 500 ширхэг хувьцааг гуравдагч этгээд “У...” ХХК худалдан авсан гэж өөрчлөлт оруулсан, уг хуралдаанд “А...” ХХК-ийн 32.85 хувийн хувьцаа эзэмшигч, нэхэмжлэгч “Дэмсангүүгийн нэгдэл” ХХК оролцоогүй байна.
6.3.Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирлын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А-10/472 дугаар албан бичгээр “А...” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаар тогтоолоор оруулсан дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийг 2978 дугаарт бүртгэснийг “А банк” ХХК-нд мэдэгджээ.
6.4.Дээрх дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр “А банк” ХХК-ийг төлөөлж - 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл гаргасан, өргөдөлдөө дээр дурдсан хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, “У...” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05/22 хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, “А банк” ХХК-аас олгосон итгэмжлэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн Н/53 дугаар “Хувь нийлүүлсэн хөрөнгийн нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай” болон банкны эрх зүйн актын бүртгэлд бүртгэсэн талаарх А-10/472 дугаар албан бичгүүд, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, “А банк” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, 2022 оны 04 дүгээр сарын баталгаажуулсан санхүүгийн тайлан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг материалуудыг хавсаргасан, эдгээр баримтыг үндэслэж, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий бүртгэл хийгдсэн байна.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
7.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
7.2.“ ... Гуравдагч этгээдээс гаргаж өгсөн /бүртгэл хийх үндэслэл болсон/ баримтууд хуульд заасан шаардлага хангасан, бүрэн байх ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.2, 18.1.3-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул хариуцагч улсын бүртгэгчийн бүртгэл хуульд нийцсэн.
7.3.Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, эрх шилжүүлэх бодитой үндэслэл байх тул Дэм санхүүгийн нэгдэл ХХК /РД: 5857015/... нарын буюу аж ахуйн нэгж, хувь хүний нэр дээрх хувьцаа, хүчин төгөлдөр өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна. ... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл олгожээ. Тус зөвшөөрлөөс үзвэл “Д...” ХХК-ийн хувьцаа шилжилт хөдөлгөөний хязгаарласан бөгөөд А банк ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд хамааралгүй” гэжээ.
8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ, дараах дүгнэлтийг хийсэн:
8.1. ... Маргаан бүхий улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн улсын бүртгэлийн зарчимд нийцсэн. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, нэхэмжлэгч “Д...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
8.2.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ... “А...” ХХК-ийн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд буюу компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан бүртгэлийг бүртгэсэн улсын байцаагчийн бүртгэлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8.3.Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3-д заасны дагуу хүсэлт гаргагчийн өгсөн баримт материал өөр хоорондоо зөрчилтэй эсэх, хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан эсэхийг шалгаж, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд бүртгэхээс татгалзахаар зохицуулсан болохоос аливаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурал хэрхэн явагдсан, хурлын шийдвэр, тогтоол нь хуульд нийцсэн үндэслэлтэй эсэх талаар захиргааны хэргийн шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй.
8.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хуурамчаар үйлдсэн, шаардлага хангаагүй, хуульд заасан бүрдүүлбэр дутуу зүйл байхгүй, улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч улсын бүртгэгч Н.Э-гийн “А...” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан бүртгэсэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байна.
8.5.Энэ талаар нэхэмжлэгч “Д...” ХХК-ийн “Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/776 дугаар албан бичгээр хүчингүй болсныг мэдэгдэж, хүчингүй болгосон байхад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу 4613 дугаар хязгаарлалт хүчинтэй байх үед Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийсэн нь хууль бус юм.” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй” гэжээ.
9.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
9.2.Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа “нийслэлийн Прокурорын газрын 2019.11.29-ний өдрийн 4613 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл нь “А банк” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд хамаарахгүй”, мөн хуулийн этгээдийн бүртгэл хийгддэг программд хориг тавигдсан тохиолдолд бүртгэл хийх боломжгүй байдаг, хориг байгаагүй тул бүртгэл хийгдсэн гэж тайлбарладаг.
9.3.Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 8/2529 дугаар албан бичгээр “А банк” ХХК-д “нийслэлийн Прокурорын газрын 2019.11.29-ний өдрийн 4613 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлөөр тус компанийн шинэчилсэн дүрэм, өөрчлөлтийн бүртгэлийг хязгаарласныг үндэслэн хоригийн бүртгэл бүртгэгдсэн” талаар мэдэгдэж, бүртгэл хийхээс татгалзсан хариу ирүүлсэн байдаг.
9.4.“А банк” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан ба нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1148 дугаар прокурорын зөвшөөрлөөр уг дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх зөвшөөрлийг олгож, цаашид 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай зөвшөөрлийг цаашид хэвээр үргэлжлүүлэхээр заасан.
9.5.Иймд нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн хариу тайлбартай танилцсаны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдох байгууллагаас буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 8/2529 дүгээр хариу өгөх тухай албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/234 дүгээр хариу өгөх тухай албан бичиг, нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1148 дугаар прокурорын зөвшөөрөл, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай прокурорын зөвшөөрөл зэргийг нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан хэдий ч хангаж шийдвэрлэхээс татгалзсан.
9.6.Гэтэл дээрх баримтууд нь нотолгооны чухал ач холбогдол бүхий баримт буюу Улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэл хийснийг нотлох нотолгооны ач холбогдол бүхий баримтыг нотлох баримтаар гаргуулан авч, хавтаст хэрэгт бэхжүүлж, үнэлээгүйгээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн юм.
9.7.Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр “Д...” ХХК болон нэр бүхий зарим этгээдийн өмчлөл дэх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
9.8.Энэхүү хязгаарлалтыг нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/776 дугаар албан бичгээр хүчингүй болсныг мэдэгдэж, хүчингүй болгосон байхад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу 4613 дугаар хязгаарлалт хүчинтэй байх үед Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийсэн нь хууль бус юм.
9.9.Гэсэн ч шүүхээс “Тус зөвшөөрлөөс үзвэл “Д...” ХХК-ийн хувьцаа шилжилт хөдөлгөөний хязгаарласан бөгөөд “А банк” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд хамааралгүй байна” гэж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
9.10.Учир нь “Д...” ХХК нь “А банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 8/2529 дүгээр “А банк” ХХК-ийн компанийн шинэчилсэн дүрэм, өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан баримтыг нотлох баримтаар гаргуулан авч, үнэлэхээс татгалзсан атлаа гуравдагч этгээдээс нотлох баримтаар гарган өгсөн баримтыг үнэлэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан болно.
9.11.Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0731 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
10.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0043 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагч улсын бүртгэгч Н.Э, гуравдагч этгээд “А...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарт 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус цахимаар танилцуулсан байна. Харин гуравдагч этгээд “У...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-т мөн өдөр зурвас илгээжээ. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
13. Энэ маргааны тухайд, “А...” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэл хуульд нийцсэн эсэх талаар талууд маргаж буй агуулга нь тухайн бүртгэл хийгдэх үндэслэл болсон “хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр эсэх”-тэй холбоотой болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийж, зохих баримтууд цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
14. Арилжааны банк нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, тусгайлсан статустай хуулийн этгээд бөгөөд банк байгуулах, өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчийг өөрчлөх тохиолдолд Монголбанкнаас зөвшөөрөл авах, хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл зэрэг банкны удирдлагын үйл ажиллагаа нь Банкны тухай хуулиар тусгайлан зохицуулагджээ.
15. Тухайлбал, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11-д “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуулийн 36.3-т заасны дагуу тогтоосон шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах ...”-аар заасан, үүний дагуу “А...” ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ТБ/22/08 дугаар албан бичгээр Монголбанкинд хандаж “... банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд А банкны хувьцаа эзэмшигч “У...” ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 10,583,282,900 төгрөгөөр нэмэгдүүлж, банканд 71.78 хувийг эзэмших ... өөрчлөлт оруулах” зөвшөөрөл хүссэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Н/53 дугаар албан бичгээр тус банкны хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгосон байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн уг “зөвшөөрөл” нь “А...” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, энэ талаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, уг дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болжээ.
16. “Д...” ХХК-иас Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн “Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай” Н/53 дугаар “А банк” ХХК-д олгосон дээрх зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж захиргааны хэргийн шүүхэд маргасан, Улсын дээд шүүхийн давж заалдах шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2023/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасан, уг тогтоолд “... хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... магадлалаас үзэхэд, “Д...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А банк” ХХК, Монголбанк ТБАГУТҮГ-т тус тус холбогдох 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас гаргасан дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах болон үүнээс өмнө хийгдсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал, тухайн хурлаас гарсан тогтоолуудтай холбоотой иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь тогтоогдож /байна/ ..., шүүх тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргаан байгаа эсэхийг хэргийн оролцогчийн тайлбар, баримтын хүрээнд, эсхүл шүүх нотлох зарчмын хүрээнд өөрөө тухайн хэргийг шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодорхойлж, ийм нөхцөл байдал тогтоогдвол заавал хэргийн оролцогчийн хүсэлтээр бус, шүүх өөрөө хуульд заасны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан байна.
17. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой шийдвэрүүд хүчинтэй эсэх талаар маргаан үүсэж захиргааны, иргэний болон эрүүгийн журмаар хянагдаж байгаа”, “... хувьцаа эзэмшигчдийн хуралд “Д...” ХХК-ийг оролцуулаагүй”, “2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр X/22/04 тоот хууль бус тогтоол гаргасан” гэх зэргээр маргасан, талууд иргэний хэргийн шүүхэд “хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр эсэх” талаар маргаж байгаа, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх “А...” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн бүртгэл үнэн зөв, хуульд нийцсэн эсэхийг дүгнэх нь учир дутагдалтай.
18. Шүүхүүд “...Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3-д заасны дагуу хүсэлт гаргагчийн өгсөн баримт материал өөр хоорондоо зөрчилтэй эсэх, хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан эсэхийг шалгаж, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд бүртгэхээс татгалзахаар зохицуулсан болохоос аливаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурал хэрхэн явагдсан, хурлын шийдвэр, тогтоол нь хуульд нийцсэн үндэслэлтэй эсэх талаар захиргааны хэргийн шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй” гэх агуулгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь энэ тохиолдолд буруу, бүртгэл хийх үндэслэл болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл зэрэг актуудтай иргэний болон захиргааны хэргийн шүүхэд маргаж байгаа, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй нь илэрхий байхад маргааны үйл баримтыг эцэслэн дүгнэж шийдвэрлэсэн нь “бүртгэл үнэн, зөв байх” зарчимд нийцэхгүй.
19. Шүүх тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргаан байгаа эсэхийг хэргийн оролцогчийн тайлбар, баримтын хүрээнд, эсхүл шүүх нотлох зарчмын хүрээнд өөрөө тухайн хэргийг шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодорхойлж, ийм нөхцөл байдал тогтоогдвол заавал хэргийн оролцогчийн хүсэлтээр бус, шүүх өөрөө хуульд заасны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.
20. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын гаргасан тайлбар, баримтад үндэслэн шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг байгаа эсэх, хэрэв байгаа бол уг хэрэг нь хэнд холбогдох ямар хэрэг байгаа, эдгээр хэрэг нь ямар шатанд явж байгаа болон энэхүү захиргааны хэрэгт ямар хамааралтай болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл түдгэлзүүлэхгүй шийдвэрлэх боломжтой эсэх талаар холбогдох баримт цуглуулж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн уг алдааг засалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...нотолгооны ач холбогдол бүхий баримтыг нотлох баримтаар гаргуулан авч, хавтаст хэрэгт бэхжүүлж, үнэлээгүйгээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
21. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0731 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ