Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1244

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 27                     Дугаар 1244                                        Улаанбаатар хот

 

ХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03641 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

Цалин хөлс 2.861.628 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ,

Нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь 2011 оны 04 дүгээр сараас эхлэн ХХХХ-т гадна талбайн үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын хууль бус шийдвэрээр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан юм. Дээрх шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/315 тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан бөгөөд үүнээс хойш намайг ажилд авахгүй байж байгаад 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажилд эгүүлэн авсан юм. Миний бие энэ хугацаанд ажил орлогогүй байсан бөгөөд Дүүргийн Засаг даргын тамгын газарт ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг гаргуулахыг хүсэхэд чамайг ажилд авсан нь их юм гэж хэл амаар доромжилдог болсон. Иймд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх нийт 10 сарын цалин 3.710.000 төгрөгөөс олгосон 848.372 төгрөгийг хасаж, нийт 2.861.628 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны Б/315 дугаар тушаалаар ажлаас халагдсан ба дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4889 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, ХХХХ-аас 848.372 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг хариуцагч нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд Иргэний хэргийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 71 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч тал энэ магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 120 дугаар зүйлийн 120.1.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3/14605 дугаар албан бичгээр дээрх шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 05-ны дотор биелүүлж хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Иймд хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар ХХ-ныг ажилд эгүүлэн томилж, 848.372 төгрөгийн олговрыг олгосон байна. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/306 дугаар тушаалаар ХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд иргэн нь амьдралын хүнд хэцүү байдалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн тул 500.000 төгрөгийн тэтгэмжийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар олгосон. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр 2.861.628 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаагаа дурдаагүй, түүнчлэн нэгэнт шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй хэрэгт нэхэмжлэл гаргаж буй нь Иргэний хууль болоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Тухайлбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-д шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн шаардаад байгаа зүйл нь хөөн хэлэлцэх хугацаагаар тасалдсан бөгөөд ажилгүй байсан хугацааны олговортой холбоотой асуудлыг шүүх нэгэнт шийдсэн, тэрхүү шийдвэрийг биелүүлсэн байх тул нэхэмжлэгч 2.861.628 төгрөгийг ХХХХ-аас шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХХХ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.277.865 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 583.763 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХХХ-аас 51.395 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ХХ нь дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4889 дүгээр шийдвэр нь Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Гэтэл ХХ-ны гаргасан нэхэмжлэлийн хувьд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 аны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж заасан байхад анхан шатны шүүхээс зохигчоос давж заалдсан, хяналтын журмаар гомдсон хугацааг нэхэмжлэлийн шаардлагад тооцож олгосон нь буруу байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны олговрыг яагаад тооцож байгаа талаараа дүгнэлт өгөөгүй. Иргэний хууль, хөдөлмөрийн тухай хуульд шаардах эрхийн үндэслэлийг тодорхой заасан байдаг бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр тус мөнгийг нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаагүй атлаа зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс иргэн ХХ нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд өндөр насны тэтгэвэр авч байсан эсэх талаарх лавлагааг авах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх зөвлөлдөөд шийдвэрлэхдээ хүсэлтийг хангаагүй бөгөөд тус захирамжид гомдол гаргах эрхтэй, эрхгүй гэдэг талаар юу ч дурьдалгүй, шүүх хурлыг үргэлжлүүлсэн.

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардаж авахад, шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байсан. Харин хүсэлт хангаагүй шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай дурдсан байна. Мөн хариу тайлбарт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргасан байтал энэ талаар ямар ч захирамж гараагүй. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг шууд хязгаарласан, шүүхийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.3охигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байтал анхан шатны шүүхээс гомдол гаргах эрхийг тайлбарлаагүй, шууд гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байгаа нь процесс алдаа болж байна. Тус хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой буюу нэхэмжлэгч тухайн хугацаанд өндөр насны тэтгэвэр авч байсан байдаг тул тухайн үед ажил орлогогогүй байсан гэдэг нь нотлогддоггүй.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид 500000 төгрөгийг тусламж болгон өгснийг шүүх анхаарч үзээгүй. Хэдийгээр 500000 төгрөгийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, түүний нөхцөл байдлыг харгалзан өгсөн гэх боловч түүнд олгосон нөхөн олговор байсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн дүнгийн тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХХ-т холбогдуулан цалин хөлс 2 861 628 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4889 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч ХХ-ныг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг хариуцагч байгууллага 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр биелүүлж, Б/114 тоот тушаал гаргасан байна.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш дээрх тушаал гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардсан ба шүүх Б/114 тоот тушаалд заасан цалингийн хэмжээгээр тооцон, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь “...4889 дүгээр шийдвэр нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улсын Дээд шүүхийн 154 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болсон байхад энэ хугацааг анхаараагүй, ХХ 2015 оны 10 дугаар сарын 31-нээс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл өндөр насны тэтгэвэр авч байсан эсэх лавлагаа авах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид олгосон 500 000 төгрөг нь түүнд олгосон нөхөн олговор байсан...” гэж давж заалдсаныг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь хариуцагч байгууллага нь ХХ-ныг ажлаас үндэслэлгүй халсан болохыг 4889 дүгээр шийдвэрээр тогтоосон, ХХ төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр хариуцагч байгууллагын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн хүсэлтэд заасан хугацаанд тэрээр өндөр насны тэтгэвэр авсан байх боломжгүйгээс гадна шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахдаа 2014 оны 10 дугаар сарын 31-нээс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон учир лавлагаа гаргуулах тухай хариуцагчийн хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж шүүх үзсэн нь зөв байна.

Хариуцагч нь ХХ-ны амьдралд дэмжлэг үзүүлэхээр 500 000 төгрөгийг буцалтгүй тусламж болгон олгосныг /хх 20 дугаар хуудас/ түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03641 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ

 

                     ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

                                                                                 М.НАРАНЦЭЦЭГ