Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01514

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01533 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1682 дугаар магадлалтай,

           Б.Бийн нэхэмжлэлтэй,

           “К ББСБ” ХХК-д холбогдох           

           Хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох, эзэмшилд хууль бусаар халдсаны төлбөрт 20 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

          Б.Б нэхэмжлэлдээ: Миний бие “К ББСБ” ХХК-д 2003 оны 12 дугаар сараас эхлэн хуульчаар ажиллаж байгаад 2006 оноос Тамгын газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм. 2005 оны 5 дугаар сараас миний бие Мобиком корпорацийн 99116055 дугаарыг эзэмшиж эхэлсэн. Тухайн үед “К ББСБ” ХХК-ийн журмын дагуу өөрийн эзэмшиж байсан 99116055 дугаарыг компанийн нэр дээр бүртгүүлж, компаниас ярианы төлбөрийг нь төлдөг байсан. 2015-11-18-ны өдөр “К ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 15/65 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Ажлаас халагдсан гэх шалтгаанаар “Мобиком корпораци” ХХК-д 2016-02-15-ны өдөр албан бичиг хүргүүлж, миний эзэмшиж байгаа 99116055 дугаарыг хаалгасан. Хууль ёсны дагуу өөрийн эзэмшдэг дугаарыг шилжүүлж өгөхийг хүсэхэд энэ бол манай компанийн өмч, өгөхгүй гэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-09-ний өдрийн 102/ШШ2016/04294 тоот шийдвэрээр “Мобиком кopпораци” ХХК-ийн 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Б.Б намайг болохыг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу 2016-08-30-ны өдөр дугаараа нээлгэсэн. “К ББСБ” ХХК нь миний эзэмшдэг “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг авах зорилгоор 2016-02-15-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж, ярианы эрхийг 2016-08-30-ныг хүртэл хаалгасан.Иймд Б.Б миний  эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, миний хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 492.1, 495.1-г үндэслэн  нөхөн төлбөрт 20 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийг 99116055 тоот дугаарын эзэмшигчээр тогтоосон 2016-06-09-ний өдрийн 4294 тоот шүүхийн шийдвэртэй маргаагүй. Гэтэл нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох мэтээр нэхэмжлэл гаргасан нь хууль бус. ИХШХШТХ-ийн 40.4-р хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Б.Б нь 2015 онд манай компаниас халагдсан, “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаар нь манай компанийн нэр дээр байх бөгөөд утасны төлбөр манай компани дээр гараад байсан тул “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж, үйлчилгээг хаалгасан. Гэтэл нэхэмжлэгч “эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан гэдэг” нь хариуцагчийн ажилтан биш атлаа ярианы эрхийг нь хаалгахгүй, төлбөрийг хариуцагч төлөөд яваад байх ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа эрх тэгш, шударга ёсны зарчимыг алдагдуулж байна. Ажлаас халагдсан ажилтны хэрэглэсэн үйлчилгээний төлбөрийг ажил олгогч үргэлжлүүлэн төлөхгүйн үүднээс түр хаалгасан явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн зах зээл дээр 9911-тэй дугаар 20 сая төгрөгөөр зарагдаж байгаа нь хохирлын хэмжээг тогтоох үндэслэл болохгүй. Иймд  нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01533 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг эзэмших эрхэд хууль бусаар халдсаны төлбөрт “К ББСБ” ХХК-аас 20 сая төгрөг гаргуулахыг хүссэн Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 328 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 24-ний өдрийн 1682 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч Б.Б хяналтын гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  04294-р шийдвэрээр 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Б.Б болохыг тогтоосон. “К ББСБ” ХХК 2016-02-15-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж,  99116055 дугаарыг хаалгаж, эзэмшилд халдсан. Халдлага нь бодит үйлдлээр хийгдсэн, энэхүү бодит үйлдэл нь санаатай байсан, үүнийг санамсаргүйгээр хийгээгүй, халдлагын улмаас миний эзэмшиж байсан 99116055 дугаарын ярианы төлбөрт олгогдож байсан бүх хөнгөлөлт, урамшуулал байхгүй болсон. 2016-02-15-ны өдрөөс 99116055 дугаар байхгүй болсон, устсан гэж үзнэ.  Нягтлан бодогч Самааранзаа “КББСБ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй атлаа албан тушаалаа хэтрүүлэн дураараа аашлаж, байгууллагадаа гэм хор учруулсан, 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчтэй зөвшилцөөгүй, нэхэмжлэгч намайг энэ дугаарын хууль ёсны эзэмшигч гэдгийг мэдсээр атлаа зориудаар эзэмшилд халдсан, энэ үйл баримтыг хууль ёсны дагуу хийсэн гэдгээ шүүхэд нотлоогүй, нотлох баримтыг гаргаагүй. 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоосон шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчаас миний хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох шаардлагатай андууран хольж ойлгосон учир нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болсонгүй. Учир нь уг дугаарын эзэмшлийг тогтоосон үйл баримт нь эзэмших эрхэд халдсан үйл баримтаас дараах байдлаар ялгаатай гэж үзэж байна. Анхан шатны шүүх Б.Бийн шударгаар эзэмшиж байсан 99116055 дугаарын үйлчилгээ мөн өдрөөс 2016.06.30-ны өдөр хүртэл хязгаарлагдсан болох нь тогтоогдсон”, “...К нь 2016.02.15-ны өдөр өөрийн эзэмшилд байгаа гэж үзсэн шударга эзэмшигч нэхэмжлэгч Б.Бийн 99116055 дугаарын хэрэглээг хүсэлт гаргаж хаалгасны улмаас ИХ-ийн 83.1-д заасан хөрөнгө олж авсан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан “К ББСБ” ХХК-иас Мобиком компанийн үйлчилгээний албанд 2015.05.21-ний өдөр явуулсан 05/104 тоот албан бичигт: “Тус компанийн хуулийн зөвлөх албан тушаалтай Б.Б нь 99116055 дугаарыг хууль ёсны дагуу эзэмшдэг бөгөөд танай байгууллагын үйлчилгээний 49.900 төгрөгийн багцад хамаардаг... ” гэж миний эрхийг хүлээн зөвшөөрч байсан атлаа эзэмшилд халдсаныг нь санаатай үйлдэл гэж үзнэ. Мөн хэрэгт авагдсан, шүүхээр шинжлэн судлагдсан гэрч Н.Будбаяр, Б.Бямбажав нарын мэдүүлгээр ажилтнууд өөрийнхөө дугаарыг компанид ажиллаж байх хугацаандаа “К” ХХК-ийн нэр дээр байлгадаг, “К” ХХК ажилтнуудынхаа ярианы төлбөрийг гүйцэтгэх захирлын тушаалын дагуу төлдөг, үүгээрээ Мобикомоос хөнгөлөлт, урамшуулал эдэлдэг, ажлаас гарахдаа өөрийнхөө нэр дээрээ шилжүүлэн авдаг гэх үйл баримт, мөн гэрч н.Самааранзагийн мэдүүлэгт дурдсанаар 99116055 дугаарыг Б.Б өмнө нь эзэмшиж байсан, н.Самааранзааг 2014 онд ажилд орох үед ч эзэмшдэг гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон. “Иргэний хууль”-ийн 83.1-д заахдаа: “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж хуульчилсан. Мөн “Иргэний хууль”-ийн 492.1 зүйлд: “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй ”гэж хуульчилсан. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гагцхүү хуулиар хориглоогүй, зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүй арга замаар хөрөнгөжих нь зүй ёсны асуудал гэж ойлгоно. Миний бие хэн нэгний өмнө үүрэг хүлээгээгүй, тэр тусмаа “К” ХХК өөрийн 99116055 дугаараа шилжүүлээгүй байтал намайг хариуцагч “К ББСБ” ХХК-д хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсонгүй. “Мобиком корпораци” ХХК-иас 2017.03.29-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичиг /хх-ийн 91 тал/-т: “... хэрэглэгчийн гэрээ шилжилт хийгдсэн тохиолдолд хэрэглэгч дээр шинээр гэрээ үүсдэг тул өмнөх гэрээн дээрх хөнгөлөлт, урамшуулал шинэ гэрээ үрүү шилжихгүй болно” гэж тодорхойлсон. Дээрх нотлох баримт болон “Иргэний хууль”-ийн 493.2, 493.6, 493.7 зүйлд заасан зохицуулалтаар 99116055 дугаар 2016.02.15-ны өдрөөс биетээр байхгүй болсон, түүнд хамаарч байсан үр шим байхгүй болсныг давхар нотолж байна. Хөнгөлөлт, урамшуулал бүхий өмнөх дугаарыг сэргээх боломжгүй болгосон субъект нь тодорхой, тэрээр энэ халдлагыг санаатай үйлдсэн гэдэг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул миний эзэмшилд халдлага болсон гэдгийг нотолж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  25557 дугаартай захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дүгээрт: “Б.Бийн нэхэмжлэлтэй “К” ХХК-д холбогдох хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй” гэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэхүү анхдагч, бие даасан, тусдаа утга агуулга, үндэслэл бүхий шаардлагыг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсэгт энэ тухай ямар ч шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэлийн энэ шаардлагыг бие даасан шаардлага бус, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна гэж дүгнэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Энэхүү шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус, шаардлагын үндэслэл юм бол ямар нотлох баримт болон үйл баримтад тулгуурлаж ингэж дүгнэсэн болохоо, энэ талаарх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэснээ тогтоох нь хэсэгтээ шийдвэрлэх ёстой гэж үзнэ. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэгч миний уг дугаарыг эзэмших болсон шалтгаан, дугаарыг хууль ёсны дагуу эзэмших эрх үүссэн үйл баримт, дугаарын эзэмшил, ашиглалт хууль ёсны байсан эсэхийг дүгнэж, маргалдагч талуудын хэн нь хууль ёсны эзэмшигч вэ гэдгийг эцэслэн тогтоож, шийдвэрлэсэн үйл баримт юм. Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг андууран буруу ойлгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу тайлбарласан ба хариуцагчийн зүгээс хийсэн санаатай ч халдлага, халдлага хийх зорилго, халдлага хийсэн үйл баримт, халдагч этгээдийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн шунахай сэдэлтийг дүгнэлгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзнэ. Хариуцагч халдлага хийснээ үгүйсгэх нотлох баримтыг гаргаагүй, энэ шаардлагыг үгүйсгэж чадаагүй үйл баримт ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “шийдвэрлээгүй” үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай үндэслэл гэж үзэж байна. Учир нь халдлагын улмаас миний бие 99116055 дугаарыг 2016 -02- 15-ны өдрөөс 2016-08-30 -ны өдөр хүртэл эзэмшиж, ашиглаж чадаагүйд ийм бололцоогүй байсан гэдэг үйл баримт нь нэгэнт тогтоогдсон ба үүнд хүргэсэн этгээд нь хариуцагч “К ББСБ” ХХК гэдэг нь тогтоогдсон. Иймд иргэн намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, мөн миний хууль ёсны эзэмшлийн 99116055 дугаарт дураараа халдаж, хууль бус арга замаар аливаа эд хөрөнгө, эрхийг эзэмших гэж дээрэлхсэн, миний хөрөнгийг надаас асуулгүйгээр захиран зарцуулсан үйл баримтыг "Иргэний хууль”-ийн 495.1-р зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа явдал гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Б.Б нь нэхэмжлэлдээ хоёр шаардлага тавьсан байхад шүүх нэгийг нь шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчсөн байна.

        Түүнчлэн, 20 сая төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл ойлгомжгүй байхад шүүх энэ талаар тодруулаалгүй нь дутагдалтай болжээ.

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын  шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, шаардлагын хэмжээнд хэрэгт байгаа баримтыг үнэлж дүгнэлт хийвэл зохино.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1682 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 257.950 төгрөгийг Б.Бид захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ