| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/05799/И |
| Дугаар | 210/МА2024/01892 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01892
2024 10 14 210/МА2024/01892
З.З ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч З.З ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Т.Б.Гт холбогдох
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр MV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анастасия, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Цогтбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 689 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/00853 дугаар тогтоолоор О.О.Г " ХХК-аас 45,491,354,932 төгрөг гаргуулж Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу О.О.Г ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны өр барагдуулах газар нийт 8 тусгай зөвшөөрлийг төлбөр авагчид шилжүүлэх үйл ажиллагааг явуулахдаа манай компанийн МV-019336 дугаар тусгай зөвшөөрлийг хамтад нь шилжүүлэх шийдвэр гаргасан нь З.З ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.
1.2. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1711 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Э.С нэхэмжилсэн 11,505,619 ам.доллар 34 цент төлбөрт хариуцагч О.О.Г ХХК нь өөрийн эзэмшлийн МV-017172 /одоогийн МV-019336/ дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр төлж барагдуулсанд тооцохоор харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх тусгай зөвшөөрлийг З.З ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн холбогдох бүртгэлийг Ашигт малтмалын газарт хийлгэсэн байдаг.
Иймд манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан манай компанийн МV-019336 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу шилжүүлэхийг даалгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Мөн тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.О.Г ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Алтанд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санаачилга гаргадаггүй. Төлбөр төлөгч Г.Алтан нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нас барсан байх тул төлбөр төлөгч Г.А өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 156/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагчид үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргасан хүсэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар нэхэмжлэгч З.З ХХК-ийн хариуцагч Б.Т.Б.Гт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд.
а. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1711 дүгээр захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/24181, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1/26117 дугаартай албан бичгүүдээр MV-017172 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнд тавьсан бүх хоригийг цуцалсан. Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/6923, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6/7116 дугаартай албан бичгүүдээр MV-017172 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг З.З ХХК-д шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. З.З ХХК-д тусгай зөвшөөрөл нь барьцаанд байгаа талаар мөн О.О.Г ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд тооцон Хадгаламж банкинд шилжүүлэх гэж байгаа талаар аль ч байгууллага мэдэгдээгүй. З.З ХХК тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн баримтыг бүртгүүлж явахдаа 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олж мэдээд Б.Т.Б.Гт гомдол гаргасан. З.З ХХК-ийн MV-019336 дугаар тусгай зөвшөөрөл нь барьцаанд байгаа эсэх талаар дэлгэрэнгүй лавлагааг Ашигт малтмал, газрын тосны газраас хүссэн боловч ямар ч хариу өгөөгүй. О.О.Г ХХК-ийн холбогдолтой аль ч шүүхийн шийдвэрт З.З ХХК үүрэг хүлээсэн, MV-017172 /одоогийн MV-019336/ дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлээгүй. З.З ХХК нь Хадгаламж, Зоос, А.Б уудаас зээл аваагүй, эдгээр банкуудтай зээл болон барьцааны гэрээ хийгээгүй, тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэх хүсэлт гаргаагүй, хамааралгүй байсаар байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүнийг нягталж шалгаж тогтоолгүй зөвхөн Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э ийн хүсэлтийг үндэслэн бусдын хөрөнгийг шилжүүлэхээр даалгасан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.6, 159 дүгээр зүйлийн 159.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу З.З ХХК нь өөрийн эрхийг хамгаалах, хамгаалуулах эрхтэй.
б. Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 655 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хариу хүргүүлэхдээ: ....дурдсан нэхэмжлэлийн шаардлагад Х.Б барьцаанд бүртгэлтэй О.О.Г ХХК-ийн эзэмшлийн MV-017172 /XV-015281-ээс үүсмэл/ дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага багтсан гэж дурдсан ба 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 017172А /одоогийн MV-019336/ дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагч шаардах эрхтэй гэж тодорхойлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байсныг шүүхийн шийдвэр, магадлалд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн, зардал гаргаж ашигт малтмалын нөөцийг илрүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн нөөцийг олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй байна.
в. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э MV-019336 тусгай зөвшөөрөл нь Х.Б барьцаанд бүртгэлтэй байгаа гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1711 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүгч хянаад .... ашигт малтмалын MV-017172 дугаар тусгай зөвшөөрөл нь хүсэлтэд дурдсанчлан 2009 оны 012, 033 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах барьцаа хөрөнгө эсэх нь илэрхийлэгдэхгүй байна гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхисон.
г. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0390 дугаар шийдвэрээр О.О.Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын нөөцөд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусд тооцож, XV-015276, XV-015284, XV-016777 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбайд тогтоогдож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр баталгаажсан нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгаж шийдвэрлэсэн.
д. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан байх бөгөөд хэрэв хангаагүй бол мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт Энэ хуулийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгаа нь шүүгчийн дүгнэсэн шиг X /хайгуулын/ тусгай зөвшөөрлөөс шинээр үүссэн А /ашиглалтын/ тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ үргэлжлүүлэн хүчинтэй байна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна.
4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн тухайд.
а. Шүүхээс төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.6-д заасны дагуу шийдвэрийг биелүүлэх арга журмаа тодорхойлсон байх бөгөөд тусгай зөвшөөрлүүдийг худалдан борлуулж түүнээс төлбөрийг барагдуулахыг даалгасан байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч худалдан борлуулах ажиллагаа явуулалгүйгээр шууд төлбөр авагчид шилжүүлсэн нь өөрөө хүний эд хөрөнгийг дээрэмдэж авсантай ялгаагүй үйлдэл болсон.
б. Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/5462 дугаартай хариуг үндэслэн З.З ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг даалгасан гэж Банкны төлбөр барагдуулах газрын албан хаагч шүүх дээр хэлсэн байдаг. Гэтэл тус албан бичигт Харин албан тоотод дурдсан ашиглалтын MV-019336 дугаар тусгай зөвшөөрөл З.З ХХК-ийн эзэмшилд байна, 2. З.З ХХК-ийн эзэмшилд ашигт малтмалын MV-019336 /MR-017172/ тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бөгөөд Х.Б зээлийн барьцаанд бүртгэлтэй байна гэж бичсэн хэдий ч ямар зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байгаа талаар тодорхойлж дурдаагүй байхад Б.Т.Б.Г үүнийг О.О.Г ХХК-ийн өр төлбөрийн барьцаанд байна гэж дур мэдэн дүгнэлт хийж шилжүүлсэн нь ашиг сонирхол орсон илт дээрмийн шинж чанартай байна. З.З ХХК О.О.Г ХХК-ийн өмнөөс өр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Мөн ... Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газрын тодорхойлолтыг зайлшгүй хавсаргана, Иймд тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан бичиг баримтуудыг бүрэн хавсарган ирүүлсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтойг үүгээр мэдэгдэж байна гэсэн нь нэгдүгээрт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байсаар байтал Шүүх болон шүүхийн шийдвэр манайд хамааралгүй бид өөрийн хуулиа л барьж шилжүүлнэ" гэсэн төрийн байгууллагуудын эрх мэдлийн хязгаараа мэдэхээ байсан, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлах зүйл байж болдог гэдгийн тод жишээ энэ хэрэгт илэрхий харагдаж байна. Хоёрдугаарт, Татварын хууль болон Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл татвар төлснөөр шилжих зохицуулалттай. Гэтэл О.О.Г ХХК-ийн өмнөөс Том татвар төлөгчийн газрын албан хаагч хуурамч бичилт хийж татвар төлсөн мэт болгон татварын тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн нь илчлэгдэн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгааг дурдах нь зүйтэй. Үүнээс дүгнэхэд О.О.Г ХХК-ийн бүх тусгай зөвшөөрлүүдийг мөн З.З ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э ийн өмчлөлийн компанид шилжүүлж өгөхдөө тусгай зөвшөөрөл бүрийн үнэ цэнийг тогтоогоогүй, О.О.Г ХХК болон З.З ХХК өөрийн тусгай зөвшөөрлөө шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад хүчээр мөн татваргүй шилжүүлсэн нь ноцтой асуудал болсон. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 159.2 дахь хэсэгт Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна гэж заасан байгаа нь хөрөнгийн үнэлгээг тогтоох шаардлагыг хуульчилсан. Гэтэл тусгай зөвшөөрлүүдийг тус бүр нь хэдэн төгрөгт тооцон төлбөр авагчид шилжүүлсэн эсэх нь тодорхой бус байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-аар худалдан борлуулна гэж заасан байхад шүүгч хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсгийг дурдаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ заалт нь худалдан борлуулахад тусгай зөвшөөрөл шаардагддаг галт зэвсэг, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодистой холбогдсон заалт буюу шийдвэр гүйцэтгэх байгууллагад тийм эрх байдаггүй бөгөөд тэдгээрийг худалдан борлуулахдаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд худалдуулахаар шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан заалтыг буруу ойлгож хэрэглэсэн. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад эхлээд барьцаа хөрөнгийн үнийг тогтоож дараа нь худалдан борлуулахаар байна.
в. Мөн шүүгч үндэслэх хэсгийн 11-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 52, 49 дүгээр зүйлд нийцсэн, энэ хууль нь илүү нарийвчлан зохицуулсан хууль тул хуульд нийцжээ гэж дүгнэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үргэлжлэл гэж тодорхойлогддог энэ ч утгаараа Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Иргэний хуулийг баримтлах байсаар байхад хуулийг бас л буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Үнэхээр би буруу ойлгоод Ашигт малтмалын тухай хуулийг барих байлаа гэж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно гэж заасан байхад тусгай зөвшөөрлийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шилжүүлсэн үйл баримт байсаар байхад нэг талыг хэтэрхий барьж асуудлыг дүгнэлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөв гэж дүгнэсэн нь өөрөө хэтэрхий алдаатай шийдвэр болсон гэж үзэхээр байна.
4.3. Барьцааны гэрээгээр илэрхийлэгдэх хэдэн төгрөгийн зээл авсан тухайд.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/00853 дугаар тогтоолоор О.О.Г ХХК-аас 45,491,354,932 төгрөг гаргуулж Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэхдээ ...бусад банкнаас авсан зээлтэй холбоотойгоор хэд хэдэн банкны хооронд дундын барьцааны гэрээ байгуулагдсан энэ журмаар үүргээ хангуулна гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбар гаргасан тул энэ талаар шийдвэр, магадлалд дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдсан байдаг. Тус тогтоолын 12 дахь хуудаст Хэрэгт цугларсан баримтаас үзвэл О.О.Г ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 033-003 тоот зээлийн гэрээний дагуу авсан 10,194,255,000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 012/005 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр авсан 18,610,605 ам.доллар, 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр авсан 2,200,000,000 төгрөг бүгд 45,491,354,932 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ" гэжээ. Мөн тогтоолд дурдсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ООГ/155 дугаар барьцааны гэрээний Нэгд Хадгаламж банктай холбоотой үүрэг 29, 11, 19, 28, 18, 27, 23, 57, 33, 12 тоот гэрээгээр хүлээсэн үүрэг 20,962,187,880 төгрөгийн мөнгөн төлбөр үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан энэ гэрээний 2.1-т заасан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх (цаашид Барьцааны зүйл гэх)-ийг барьцаалах... гэж гэрээ болон хүлээх үүргийн үнийн дүнг тодорхой дурдсан байна. Эдгээрээс дүгнэхэд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор 45,491,354,932 төгрөг төлөхөөр гарснаас барьцааны гэрээний дагуу хүлээсэн үүрэг 20,962,187,880 төгрөгийн гэрээнүүдээс зөвхөн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр авсан 2,200,000,000 төгрөгийг зээл авсан байна гэж дүгнэсэн нь барьцааны гэрээнд хамааралтай ба бусад зээлүүдийг аваагүй гэж дүгнэсэн.
4.4. Х.Б XXK дахь Банкны эрх хүлээн авагчийн Анод, З.Б уудаас авсан итгэмжлэлээр тэдгээрийн өмнөөс хөрөнгө захиран зарцуулсан үйлдэл нь хүчин төгөлдөр бус тухайд.
Анод болон З.Б наас Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э д олгосон итгэмжлэлд Төлбөр төлөгч О.О.Г ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, иргэнтэй харилцах, тэдгээрээс төлбөр төлөхийг шаардах, нэхэмжлэх; төрийн байгууллагуудад хандах, тэдгээртэй харилцах, шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн харилцаанд төлөөлөх эрхтэй гэжээ. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.1, 64.2.2, 64.3 дахь хэсэгт зааснаар хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Иймд Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э нь өөрийн хамаарал бүхий Минерал эксплорейшн фандинг ХХК дээр Анод, З.Б ны өр төлбөрийг шилжүүлж авах хүсэлт гаргах эрхгүй этгээд байсаар байтал Б.Т.Б.Г түүний хүсэлтийг шийдвэрлэсэн.
4.5. Хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд.
З.З ХХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/Ш32023/21266 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл хэргийн оролцогч биш этгээд болох Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Э ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/Ш32024/01310 дугаар захирамжаар шүүгчийн 181/Ш32023/21266 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Бид удаа дараа хүсэлт тавьсан боловч шалтаг шалтгаан тоочсоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй байтал 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Банкны төлбөр барагдуулах газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан бөгөөд шүүгч А.Цэлмэг өөрийн буруутай үйл ажиллагаагаа хамгаалах зорилгоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч З.З ХХК нь хариуцагч Б.Т.Б.Гт холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр MV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 689 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/00853 дугаар тогтоолоор О.О.Г ХХК-аас 45,491,354,932 төгрөг гаргуулж, Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. (2хх 94-142 дахь тал)
Уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр олгогдсон 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 254 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Б.Т.Б.Г нь албадан гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. (1хх 124 дэх тал)
4. Анхан шатны шүүх MV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл баримтыг бүрэн дүгнээгүйг давж заалдах шатны шатны шүүхээс нэмж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
4.1. Шүүхийн шийдвэрт заасан 45,491,354,932 төгрөг нь О.О.Г ХХК, Х.Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 012 тоот, 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 033 тоот зээлийн гэрээнүүд, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 012/003, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 012/005, 033-003 тоот гэрээнүүдийн нийт үүрэг болохыг шүүх дүгнэсэн.
Талууд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 012/033 тоот барьцааны гэрээ, 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 012/033-01 тоот барьцааны нэмэлт гэрээгээр 15281Х дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг барьцаалсан, уг тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн шинээр авсан ашигт малтмалын MV-017172 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан болох нь шүүхийн шийдвэрт бичигдсэн нэхэмжлэгч Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн талаарх тайлбарт тусгагджээ.
4.2. О.О.Г ХХК-д 15281Х дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн 1773.74 га талбайд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр МV-017172 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. (2хх 58-60 дахь тал)
4.3. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1711 дүгээр захирамжаар хариуцагч О.О.Г ХХК нь өөрийн эзэмшлийн МV-017172 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч Э.С эзэмшилд шилжүүлснээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11,505,619.34 ам.долларыг төлж барагдуулсанд тооцохоор зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (1хх 6-7 дахь тал)
а. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 710 дугаар шийдвэрээр О.О.Г ХХК-аас MV-017172 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг З.З ХХК-д шилжүүлж бүртгэжээ. Мөн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 779 дүгээр шийдвэрээр З.З ХХК MV-017172 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг гээгдүүлсэн тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцож, MV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон байна. (2хх 137-138 дахь тал)
б. Дээрх ажиллагааны хүрээнд Ашигт малтмалын газар нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6/6229 дугаартай албан бичгийг Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид хүргүүлж, О.О.Г ХХК-ийн эзэмшлийн МV-017172 /ХV-015281-ээс үүсмэл/ дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг ШШГЕГ-ын НШГА-ны 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1/26117 тоот, 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1711 тоот шүүгчийн захирамжийн дагуу иргэн Э.С /З.З ХХК/-д шилжүүлэх шийдвэр гарсны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг хүлээн авч, хянаж байгаа талаар мэдэгдэж, ГУУКХ-ийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1010 дугаар шийдвэрээр Хадгаламж банкинд барьцаалсныг бүртгэсэн уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой саналаа ирүүлэхийг мэдэгджээ. (2хх 51 дэх тал)
в. Уг албан бичгийн хариуд Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 655 дугаартай албан бичгээр О.О.Г ХХК-аас нийт 68.2 тэрбум төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд болон бусад барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, нэхэмжлэлийн шаардлагад түүний барьцаанд бүртгэлтэй О.О.Г ХХК-ийн эзэмшлийн МV-017172 /ХV-015281-ээс үүсмэл/ дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага багтсан, тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар мэдэгджээ. Өөрөөр хэлбэл Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь барьцааны эрх бүхий тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байна. (2хх 188-189 дэх тал)
г. Үүнээс гадна шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан О.О.Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.А өв залгамжлалтай холбоотой баримтуудад дурдсанаар Э.С нь Г.А хүү буюу нэгдмэл сонирхолтой этгээд байх тул тэрээр О.О.Г ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулахдаа МV-017172 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд барьцаа бүртгэлтэйг мэдэх боломжтой, шүүгчийн захирамжид тусгагдсан түүний тайлбарт энэ агуулга илэрхийлэгдсэн байна.
д. Дээрх баримтуудыг харьцуулж дүгнэхэд, О.О.Г ХХК-аас МV-017172 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл З.З ХХК-д шилжиж, барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн хэдий ч барьцааны эрх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хүчинтэй хэвээр байна.
е. Нэхэмжлэгч нь 2009 онд хамаарах барьцааны гэрээ болох 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗБГ/142 тоот барьцааны гэрээг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусд тооцсон гэж тайлбарласан нь дор дурдсанаар үндэслэлгүй.
- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2022/Ч дугаар шийдвэрээр М.Ш банк, О.О.Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ЗБГ/142 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцааны эрх дуусгавар болсныг нотолсон баримтыг Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид даалгаж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрээс үзэхэд, Г.Б ХХК нь О.О.Г ХХК-ийн эзэмшлийн XV-15276 дугаар тусгай зөвшөөрлөөс 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэсэгчлэн олгосон MV-016759, XV-016777 дугаар тусгай зөвшөөрлүүдийг өөрийн өр төлбөрт тооцож шилжүүлэн авах зорилгоор тухайн нэхэмжлэлийг гаргасан байх ба эдгээр тусгай зөвшөөрөл нь талуудын маргаанд хамааралгүй байна.
- Мөн ЗБГ/142 тоот барьцааны гэрээнд тусгагдсан 7 тусгай зөвшөөрлийн нэг нь 15281Х дугаар тусгай зөвшөөрөл байх хэдий ч албадан биелүүлж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дугаар шийдвэрт өөр барьцааны гэрээ буюу 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 012/033 тоот барьцааны гэрээ, 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 012/033-01 тоот барьцааны нэмэлт гэрээ хамаарахыг дурдах нь зүйтэй. (2хх 197-204 дэх тал)
4.4. О.О.Г ХХК болон нэр бүхий банкуудын байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ООГ/155 тоот барьцааны гэрээний хавсралт №1-д тусгагдсан О.О.Г ХХК болон бусад этгээдийн 44 тусгай зөвшөөрлийн жагсаалтад 15281Х дугаар тусгай зөвшөөрөл бичигдсэн боловч MV-017172, XV-015281 дугаар тусгай зөвшөөрлүүд дангаараа Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн барьцаанд, харин О.О.Г ХХК-ийн өөр 11 тусгай зөвшөөрөл банкуудын дундын барьцаанд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 6-5034 дугаартай албан бичгээр тогтоогджээ. (2хх 181 дэх тал)
5. Банкны өр барагдуулах газарт МV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь З.З ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, хүчин төгөлдөр бөгөөд Х.Б зээлийн барьцаанд бүртгэлтэй талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/5462 дугаартай албан бичгээр мэдэгджээ. (2хх 137-138 дахь тал)
Уг албан бичигт маргаан бүхий МV-019336 дугаар тусгай зөвшөөрлөөс гадна О.О.Г ХХК-ийн эзэмшлийн МV-015274, МV-015275, МV-015282, МV-015283, МV-020764, МV-021489, МV-021490 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд Голомт, Хадгаламж, Зоос, А.Б ны барьцаанд бүртгэлтэй талаар тусгасан байх бөгөөд хариуцагч нь хүчин төгөлдөр 18 шүүхийн шийдвэрээр О.О.Г ХХК-аас А.Б ХК дахь Банкны эрх хүлээн авагч, З.Б ХК дахь Банкны эрх хүлээн авагч, Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид тус тус олгохоор шийдвэрлэсэн нийт 148,534,984,060 төгрөгийн өр төлбөрт Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан барьцааг хэрэгжүүлэх журмын дагуу эдгээр 8 тусгай зөвшөөрлийг Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн охин компани болох М.А.У.К ХХК, М.Э.Ф ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
6. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч Б.Т.Б.Г нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дугаар шийдвэр болон 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 254 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн О.О.Г ХХК-аас гаргуулж Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох 45,491,354,932 төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч З.З ХХК-ийн эзэмшлийн МV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хангуулахаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, уг тусгай зөвшөөрлийг төлбөр авагч Х.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн охин компани болох М.А.У.К ХХК, М.Э.Ф ХХК-д шилжүүлэхийг даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.18, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эрх бүхий захиргааны байгууллагын эрхэлдэг тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэл үнэн зөв эсэхийг тогтоохгүй тул З.З ХХК нь MV-019336 дугаар тусгай зөвшөөрөлд барьцааны гэрээ хийгээгүй, барьцаагаар шаардагдах үүргийн гүйцэтгэлийг шилжүүлэн аваагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааг хэрэгжүүлэх журмыг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд тусгайлан тогтоосон тул тусгай зөвшөөрлийг албадан худалдан борлуулаагүй гэх гомдол мөн хангагдахгүй.
Иймд хариуцагчид холбогдуулан гаргасан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр MV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
7. Нэхэмжлэгч нь MV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах шаардлагын үндэслэлээ хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичигт үндэслэн тайлбарлажээ.
Уг албан бичигт тусгай зөвшөөрлийг төлбөр авагчийн заасан этгээдэд шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэхдээ хариуцагч байгууллагын 2016 оны 3/1569, 2017 оны 3/141, 2018 оны 3/7350, 2020 оны 3/2565 дугаартай албан бичгүүдээр өмнө нь эрх түдгэлзүүлснийг сэргээхээр заасан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/5462 дугаартай албан бичгээс үзэхэд, З.З ХХК-ийн эзэмшлийн MV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг 2016 оны 3/1569 дугаартай албан бичгээр түдгэлзүүлснийг дээрх 1/4071 дугаартай албан бичгийн дагуу чөлөөлөх бүртгэл хийгджээ. Харин 2017 оны 3/141, 2018 оны 3/7350, 2020 оны 3/2565 дугаартай албан бичгүүд нь уг тусгай зөвшөөрөлд хамааралгүй байна. (1хх 137-139 дэх тал)
Иймээс Ашигт малтмал, газрын тосны газарт MV-019336 дугаар тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлснийг сэргээсэн байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэх эсэх нь шүүгчийн эрх хэмжээнд хамаарах тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
9. Анхан шатны хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүйг залруулж найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т.Б.Гт холбогдуулан гаргасан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр MV-019336 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч З.З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА