| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00034/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигин овогт Ганхуягийн Гантулгад холбогдох эрүүгийн 1922000780043 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ‘’Бласт’’ ХХК-д салбарын дарга ажилтай, ............................... тоотод оршин суудаг гэх, Г.Г
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 99 57 УБГ улсын дугаартай ‘’Ланд крузер-70’’ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Л.Бийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах ажил руугаа явахаар 08 цагийн үед Налайх дүүрэг орж С.Анхбадрах, Т.Санчир, Л.Б гурвыг аваад Төв аймгаар дайрч Дундговь аймгийн засмал замд нийлж явсан. Төв аймгаас гарахад зам халтиргаа гулгаатай байсан ба би хурдаа тохируулаад 70-80 километрын цагийн хурдтай явсан. Тэгээд Дэлгэрцогт сум орохын наах нь машин шарваж, гулгаж эхлээд зогсоох үйлдэл хийсэн боловч машин осолдсон. Машин осолдоод 4 дугуй дээрээ буусан, хүмүүсийг ‘’зүгээр үү’’ гэж асуутал С.Анхбадрах, Т.Санчир нар ‘’зүгээр’’ гэж хэлсэн. Гэтэл Т.Санчир ‘’Л.Б ах байхгүй байна, гадаа унасан байна’’ гэж хэлсэн. Машинаас буугаад Л.Б дээр очоод үзэхэд нуруу нугасандаа гэмтэл байна уу гэж өөрөөр нь гар, хөлийг нь хөдөлгөж үзсэн чинь зүгээр байсан болохоор эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна ...гэжээ. /хх-ийн 69-73/
- Хохирогч Л.Бийн: ...Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүгээс Өмнөговь аймгийн Гурвантэс орох гээд 09 цагийн үед Г.Г, Т.Санчир, С.Анхбадрах нарын хамт гарч явсан. ...Тэгээд замаар явж байгаад урд талд явсан приус 20 маркийн машиныг Г.Г гүйцэж түрүүлэх гэж ортол гулгаад тэгээд л юу болсныг сайн мэдэхгүй байна. Манараад машины гадаа хэвтэж байсан. ...Машиныг Г.Г бариад хажууд нь урд талын суудал дээр С.Анхбадрах жолоочийн ар талд Т.Санчир, би Т.Санчирын баруун гар талд сууж явсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-рт/
- Иргэний нэхэмжлэгч Д.Содномжамцын: ....Зам тээврийн ослоос болж манай албаны 99 57 УБГ улсын дугаартай машинд эвдрэл учирсан. Манай компаний ажилчид ажлаар Өмнөговь аймгийн Гурвантэс орох гэж яваад осолд орсон учир машины хохирлыг нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/
- Гэрч Т.Санчирын: ...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргээс Л.Б, Г.Г, С.Анхбадрах нарын хамт 08 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс орох гээд гарч явсан. Би Налайхаас гараад унтсан, нэг мэдэхэд тачигнаж түчигнээд байхаар нь сэрсэн чинь машин эргэж байгаад л дугуйн дээрээ зогссон. ...Буугаад харсан чинь Л.Б машины хажуу талд хэвтэж байсан. ...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/
- Гэрч С.Анхбадрахын: ...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 40 минутын үед Налайх дүүрэгт байдаг ‘’Бласт’’ ХХК-аас Л.Б, Г.Г, Т.Санчир нарын хамт 08 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс орох гээд гарч явсан. Налайхаас гараад Төв аймгаар тойроод Улаанбаатар Дундговь аймгийн засмалд нийлээд явсан. ...Тэгээд замдаа Г.Г урд талд явсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь ортол гулгаад нөгөө машинруу дөхөөд ирэхээр нь Г.Г зүүн гар талруугаа дараад застал замаас гараад өнхөрсөн, эргээд дугуйн дээрээ буусан. ....гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-рт/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 08 шэ/181 дугаартай дүгнэлтэд:
- Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Т.Санчир, С.Анхбадрах нарын бие махбодид гэмтэл тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33, 36-рт/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-рт/
- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-рт/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-рт/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-рт/
- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 74-86-рт/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Г 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Бласт ХХК-ийн эзэмшлийн 99 57 УБГ улсын дугаартай “Ланд крузер-70’’ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутагт зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Л.Бийн биед хүндэвтэр хохирол учирсан үйл явдал болсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи зам тээврийн осол нь 99 57 УБГ улсын дугаартай “Ланд крузер-70’’ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Гантулгын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 ‘’жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна’’ гэсэн заалт зөрчсөн үйлдлийн улмаас гарсан болох нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гд холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Гантулгыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Гантулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид 650 нэгжээр буюу 650.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г нь Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Хохирогч Л.Б хэрэгтэй танилцсан баримтад ‘’ гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй’’ /хх-ийн 96-рт/, мөн иргэний нэхэмжлэгч ‘’Бласт’’ ХХК-аас ‘’...Манай компанийн зүгээс дээрх тээврийн хэрэгсэлд үүссэн хохирлыг нэхэмжлэхгүй бөгөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү’’ /хх-ийн 93-рт/ гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Уг ослын улмаас хохирогч Л.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул хохирогч нь эмчилгээтэй холбогдон гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлын талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Гас нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Ганхуягийн Гантулгыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гд 650 /зургаан зуун тавь/ нэгжээр буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Гас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүхэлд нь, ирэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ