| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/03598/И |
| Дугаар | 210/МА2024/01908 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/01908
2024 10 18 210/МА2024/01908
М.Н ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/03613 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч М.Н ы нэхэмжлэлтэй
Хариуцагч О.Д д холбогдох
Гэм хорын хохирол 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 25 дугаар эмийн сангийн уулзварын гэрлэн дохио, явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарч байхад намайг Mitsubishi Lancer тээврийн хэрэгсэлтэй жолооч О.Д мөргөсөн. Өвдөгний мрай шинжилгээгээр урд чагтан холбоо хавагнасан, интерсубстанцийн урагдалтай суналттай гэсэн хариу гарсан. Одоогоор хагалгаанд орох шаардлагагүй гэж үзсэн учраас гэмтлийн хөнгөн зэрэгт оруулсан. Би бүтэн биеийн шинжилгээнд ороогүй учраас бие маань эрүүл үгүйг мэдэхгүй байна. Эмч бүтэн биеийн мрай шинжилгээ зөвлөсөн. Намайг мөргөсөн жолооч тархи болон өвдөгний мрайны төлбөрийг төлсөн, бүтэн биеийн мрай шинжилгээний төлбөрийг төлөөгүй. Миний бие тогтмол өвдөлттэй байгаа. Үе мөчний үрэвслийн тариа хийлгэж байгаа учир эмчилгээний төлбөрөөс гадна шинжилгээний төлбөр төлөх мөнгө алга. Бүтэн биеийн мрай шинжилгээний төлбөр Асралт мед эмнэлэгт 2,500,000 төгрөг байна. Энэ төлбөр надад үнэтэй тусч байгаа болохоор шинжилгээнд орох боломжгүй байна. Тиймээс бүтэн биеийн мрай шинжилгээний төлбөр болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд явган зорчигч М.Н ыг тээврийн хэрэгслээр мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гаргасан. Осол гарсан даруйд М.Н ыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэгт оруулсан, Мед траума эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мрай (соронзон резонанст томографи) шинжилгээгээр өвдөгний чагтан холбоо сунасан гэсэн дүгнэлт гарсан. Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3857 тоот дүгнэлтээр М.Н ы биед зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон, тус гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг түр хугацаанд сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй гэж дүгнэсэн. М.Н нь мөн зам тээврийн хэргийг мөрдөн шалгах явцад мэдүүлсэн мэдүүлэгтээ эмнэлэг дээр очиж биеийн байдлыг үзүүлэхэд биеийн байдал хэвийн гээд эд эсийн нөхөн төлжилтийн эмчилгээ бичиж өгсөн гэсэн байдаг.
Иргэний хуульд зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг тул би зам тээврийн осол гаргаснаас хойш М.Н ы эмчлэгч эмчийн заавраар түүний эрүүл мэндийг сэргээхэд шаардагдах тодорхой шинжилгээнүүдийг хийлгэх, эм тариануудыг авч өгөх зэрэг арга хэмжээг авсан. М.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын талаар зөрүүтэй мэдээлэл өгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэвийн гэсэн атлаа миний бие тогтмол өвдөлттэй байна, эмч бүтэн биеийн мрай шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Асралт мед эмнэлэгт бүтэн биеийн мрай шинжилгээ хийлгэх шаардлагатай байх тул 2 500 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэх мэт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас яг юу тодорхой гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй буюу мөнгөн хөрөнгө гаргуулах гэж байгаа эсэх, эсвэл бүтэн биеийн мрай шинжилгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй, биеийн байдал хэвийн гэж мэдүүлсэн атлаа хохирол учирсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, заавал Асралт мед эмнэлгийн бүтэн биеийн соронзон резонанст томографийн шинжилгээнд орох шаардлагатай гэсэн эмчийн зөвлөмж, дүгнэлтээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н ы хариуцагч О.Д д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.Н ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Надад бүтэн биеийн мрай шинжилгээний төлбөр төлөх мөнгө байхгүй тул хариуцагчаас нэхэмжилсэн. Шинжилгээд яаралтай орох ёстой байсан ч шүүгч 3 сар хүртэл хугацаанд ээлжийн амралтаа авсан байсан тул шүүхэд өгөх ёстой байсан эмчийн бичиг байгаагүй тул хэргийг хаасан байсан. Өвдөгний мрай хийлгэсэн баримтыг банкны хуулга, нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай хавсаргав. Шинжилгээнд орох эмчийн бичиг чухал хэрэгтэй гэж мэдээгүй. Тиймээс одоо эмчийн бичгээ өгч байна. Үе мөчний үрэвсэл хөлөнд ачаалал авах, даарч хөрөхөд амархан үрэвсэл сэдэрдэг. Би эмчилгээний зардалд зарцуулсан 3,600,000 төгрөгийг О.Д гөөс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ бүрдүүлээд өгсөн тул шинжилгээнд зарцуулах мөнгө байхгүй. Өмнө нь миний зүрх пульс ихэссэн тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд очиж чадаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч О.Д д холбогдуулан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ мөргөж өвдөгний чагтан холбоо сунасан гэмтэл учруулсан, бүтэн биеийн мрай (соронзон резонанст томографи) шинжилгээ хийхэд шаардагдах 2,500,000 төгрөгийг урьдчилан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, осол гарсан даруйд шаардлагатай шинжилгээнүүд хийлгэх, эм тариа авч өгөх зэрэг арга хэмжээг авсан, бүтэн биеийн соронзон резонанст томографийн шинжилгээнд зайлшгүй орох шаардлагатай гэсэн эмчийн зөвлөмж, дүгнэлтийг баримтаар өгөөгүй учир зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.
4. О.Д нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 дугаар эмийн сангийн уулзварт Mitsubishi Lancer маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар гарч яваа явган зорчигч -д зам тавьж өгнө гэж заасныг зөрчиж, явган зорчигч М.Н ыг мөргөсөн, үүний улмаас М.Н д хоёр өвдөгний үеийн суналт, зөөлөн эдийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хохирогч нь мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.
5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Асралт мед эмнэлгийн MRI шинжилгээний үнийн мэдээлэл гэх баримтыг хавсаргасан байх ба уг баримт нь тухайн байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээний талаарх мэдээллийг агуулсан, нэхэмжлэгчийг бүтэн биеийн соронзон резонанст томографи шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байдлыг нотлоогүй байна. Иймээс анхан шатны шүүх зам тээврийн ослын улмаас гэмтэл учирсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь дээрх шинжилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх байдал баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.
5.2. Мөн шүүх зохигчдод эрх, үүрэг тайлбарласан, нэхэмжлэлийг татгалзсан тухай хариуцагчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тайлбар хэрэгт авагдсан, нэхэмжлэгч хэргийн материалтай 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр танилцсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шинжилгээнд орох эмчийн бичиг чухал хэрэгтэй гэж мэдээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж шүүх зөв дүгнэжээ.
5.3. Үүнээс гадна нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ЕМ hospital эмчийн үзлэгийн баримт, өвдөгний мрай хийлгэсэн төлбөрийн баримт, дансны хуулгыг хавсаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн баримтуудыг үнэлэх боломжгүй.
6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тухай дүгнэлтийг харгалзсан нь хуульд нийцжээ.
7. Шүүх хариуцагч О.Д д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Н ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/03613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА